Соёлын гавьяат зүтгэлтэн, шог зураач С.Цогтбаяртай Монголын төр, нийгмийн зүтгэлтнүүдийн нэгдэж байгуулсан, УИХ-д нэр дэвших зөв хүнийг тодруулах зорилготой “Электорат” хөдөлгөөний талаар ярилцлаа.
-Таны уран бүтээлийн талаар яриагаа эхлэх нь зүйтэй байх. Таны зурсан шог зураг тухайн үеийн нийгмийн нөхцөл байдлын тусгал болж явдаг. Сүүлийн үед нийгмийн ямар сэдэв таны уран бүтээлд илүүтэй тусгалаа олж байна вэ?
-Шог зураг олон төрөлтэй. Сүүлийн үед Монголын улс төр, нийгмийн амьдралд болж байгаа үйл явдлыг хошин шогоор тоймлон үзүүлж байна гэж хэлж болно. Мэдээж улс төрийн амьдрал баян. Нэг талаас хэт хошин болчихсон гэж хэлж болохоор байна. Амьдрал дээр байгаа үйл явдлыг зүгээр зурахад л шог зураг болох жишээтэй тийм нөхцөл байдал үүсээд байна шүү дээ. Тийм болохоор өдөр тутам болж буй үйл явдлуудыг хэвлэл мэдээлэлтэй ойр байдаг хүний хувьд мэдэрч байгаа болохоор сэдэв мундахгүй байна. Технологийн дэвшил бидэн шиг хэвлэл мэдээлэлтэй ойр, энэ салбарын хүмүүст цаг үетэйгээ хамт байх боломжийг олгож байна. Тийм учраас ямар нэг асуудлыг хөндсөн шог зургаа зураад, бусдын хүртээл болгоход надад хэдхэн минутын хугацаа хангалттай. Хуучин уламжлалт хэвлэлийн үед коллегийн хурлаар батлуулах, хэл утга зохиол хянах газар очих, хэвлэлийн эхээ бэлдэх, хэвлэх, тэрийг нь шуудангийн дамжлагаар сум орон нутагт хүргэх зэрэг бүх үйл явц сар үргэлжилдэг байлаа. Одоо бол 10 минутад л бүтээлээ олон нийтэд хүргэх цаг үе ирсэн.
-Та “Электорат” хөдөлгөөний идэвхитэй гишүүн. Уг хөдөлгөөн зөв хүнийг олж, дэмжиж, улс орны жолоо атгуулахад зорилгоо чиглүүлж байна. Энэ талаар тодруулахгүй юу?
-Бид нийгмийн байгуулалт, тогтолцоо, системдээ буруу өгөөд байна. Систем бол амьд организм биш шүү дээ. Энэ чинь хүмүүсээс бүрдэж байгаа юм. Тэгэхээр хүмүүсийн ёс зүй, боловсрол, шударга байдал зэрэг нь чухал гэсэн үг. Бид сонголт дээр анхаарахгүй байна. Зөв хүмүүсээ сонгочихвол бидний өдий хүртэл байгуулсан ардчилсан нийгэм, одоогийн хүрсэн өндөрлөг маань тийм ч муудсан зүйл биш. Дэлхийн маш олон оронтой харьцуулахад бид харьцангуй ардчилсан, үг хэлэх эрх чөлөөтэй нийгэмд амьдарч байна шүү дээ. Бас боломж нь байгаад байна. Гэтэл энэ системийг бүрдүүлж байгаа шийдвэр гаргах түвшний хүмүүсийн ёс зүй, боловсрол зэрэг нь хангалттай биш учир систем маань бүрэн утгаараа ажиллахгүй байна. Хамаг гол шалтгаан нь хүндээ байгаа юм. Тиймээс бид хүнээ боловсруулах ёстой. Үнэт зүйлээ эргүүлэн тогтоож, ёс зүй, соёл уламжлал, боловсрол, мэдлэгээ сайжруулахад анхаарахгүй бол үндсэн хуулиа хэчнээн засаад хувь хүнээс бүрдэж байгаа энэ дутагдлыг засч чадахгүй. Тиймээс хувь хүний сонголт дээр анхаарах хэрэгтэй. Энэ үүднээс хөдөлгөөнийг дэмжиж байгаа юм.
-“Электорат” хөдөлгөөн бие даагчийг түлхүү дэмжинэ гэж ойлгосон. Улс төрийн намын гишүүдээс бүрэн татгалзах уу?
-Аль ч намд байгаа шилдэг залуу боловсон хүчнүүдийг бид дэмжих бүрэн бололцоотой. Зөвхөн бие даагч гэж ялгасан зүйл байхгүй. Улс төрийн хүчнүүдэд өөр өөрийн гэсэн шилдэг боловсон хүчин бий шүү дээ. Нам дотроо шилдэг, эрүүл саруул дуу хоолойтой залуус байлгүй яахав. Бидний гол концевц бол зөв хүнээ л дэмжье гэж байгаа юм. Зөв хүнээ гаргаж чадвал ийм хүмүүсээс бүрдсэн систем нь өөрөө зөв болно. Зөв системээр удирдагдсан улс орны хөгжил зөв тийшээ явах нь гарцаагүй.
-Зөв хүнийг ямар шалгуураар гаргаж ирэх вэ?
-Зөв хүн гэдгийг маш олон үзүүлэлтээр шүүнэ. Мэдлэг боловсролтой, эх орноо гэсэн чин сэтгэлтэй, ёс зүйтэй. Хүлээлгэх үнэт зүйлтэй. Тийм хүмүүсийг л олж сонгох юмсан гэж зорьж байна. Тийм зөв хүн олон байгаа мөртлөө улс төрийг сонирхож ороогүй. Ямар нэг намд элсээгүй. Намд ороогүй учир улс төрийн дэмжлэггүй байна. Гэтэл нөгөө талд нам дагасан, цүнх барьсан төлөөллүүдийг хэт их сонгоод, буруу яваад байна. Тийм болохоор зөв хүнээс бүрдсэн оюуны болон боловсон хүчний нөөцөө ашиглах хэрэгтэй.
Магадгүй бид энэ сонгуулиар хангалттай үр дүнд хүрч чадахгүй байж мэднэ. Гэхдээ энэ бол эхлэл. Сэхээтнүүд дуугүй байна, амиа бодсон, бэртэгчин гэж ярьдаг. Тэгвэл үүний эсрэг үгүй юм гэж хариулж байна. Бид эх орныхоо төлөө бодож, сэтгэж, үүний төлөө цаг заваа зарцуулж байдаг. Хоорондоо нэгдэж нийлдэг. Үйл зорилгоо нэгтгэж хөдөлж байна гэдгийг харуулсан чухал хөдөлгөөн гэж дэмжиж байгаа.
-УИХ-ын гишүүд тойргийнхоо иргэдэд илүүтэй анхаарч, улс орны ирээдүйн хөгжилтэй холбоотой томоохон асуудлуудад гар бие оролцох нь бага байна гэж шүүмжилдэг. Харин “Электорат” хөдөлгөөний дэмжиж гаргаж ирсэн залуус бодлогын томоохон өөрчлөлтүүдэд төвлөрч ажиллах уу. Ард нь эрдэмтэн судлаачид, сэхээтнүүдээс бүрдсэн зааж зөвлөх том баг байна шүү дээ?
-Гишүүд гарч ирээд зөвхөн орон нутагтаа зам тавих, сонгогч нартаа таалагдахын тулд жижиг сажиг зүйлээр хөөцөлдөөд улс орны хэмжээний бодлогод оролцох, хууль санаачлах зэрэг нь хэдхэн идэвхитэй гишүүдээр хязгаарлагдаж байна. Тийм учраас УИХ эрхзүйн хэмжээнд үүргээ гүйцэтгэж чадахгүй байна. Зүгээр нэг орон нутгийн удирдах байгууллагын иргэдийн хурлын төлөөлөгчдийн ажлыг УИХ-ын гишүүд хийгээд байх нь утгагүй. Тийм учраас улс орны хөгжлийн чиг хандлагыг тодорхойлж, бодлогоо хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлж, хууль санаачилж, түүн дээрээ нэгдэж чаддаг гишүүдийг олноор бий болговол УИХ жинхэнэ утгаараа ажиллана.
“Электорат” хөдөлгөөний дэмжлэгтэйгээр гарч ирсэн гишүүдэд өгөх үүрэг даалгавар нь улс орны эрх ашигт нийцсэн бодлого байх юм. Тийм хэмжээний мэдлэг чадвартай хүмүүс ард нь бий. Эх орондоо өөр өөрийн салбартаа олон зүйл хийсэн эрдэмтэн, судлаач, дипломатч, нийгмийн амьдралд идэвхитэй оролцдог сэтгүүлчид хүртэл байгаа. Тийм болохоор эргэлзэх хэрэггүй гэж хэлмээр байна.
-Та бүхний дэмжлэгтэйгээр ирэх оны сонгуульд гарч ирсэн төлөөллүүд улс орны нийгэм, эдийн засгийн хөгжлийн төлөө ямар томоохон алхамуудыг хамгийн түрүүн хэрэгжүүлээсэй гэж та хүсч байна вэ?
-Үр дүнг одоо тааварлаж хэлж чадахгүй. Магадгүй нэг бус нэлээн хэдэн хүн гарч ирэхийг үгүйсгэхгүй. Аль нэг намтай хамтраад засаг байгуулах хэмжээний улс төрийн хүчин болоод гараад ирж болно. Мэдээж зөв хүмүүсээ сонгож чадвал зөв үр дүн л гарна. Надад онцгойлон дэмжиж байгаа мундаг залуус бий. Тэр хүмүүсийг шийдвэр гаргах түвшинд аваачихын төлөө өөрөөсөө болон найз нөхдийн хүрээнд чадах юмаа хийнэ. Энэ бол миний улстөрд идэвхитэй оролцож байгаагийн хэлбэр. Түүнээс биш би өөрийгөө улстөрд шууд оролцох хэмжээний мэдлэг боловсролтой, төлөвшиж тогтсон хүн гэж үздэггүй. Миний оролцож байгаа улс төр бол миний уран бүтээл, “Электорат” хөдөлгөөн. Энэ надад хангалттай.
-Та бүхний шүүлтүүрээр гарч ирсэн хүмүүсийг хэзээнээс ард иргэдийн дунд хэлэлцүүлэх вэ?
-Маш олон хүний нэр ирсэн. Эдгээрээс өмнө нь улс төрийн албан тушаал эрхэлж, сайд дарга, УИХ-ын гишүүн байсан, том бизнес эрхэлж буй хүмүүсээс эхний шүүлтүүрээр татгалзаж байгаа. Дараа нь үлдсэн хүмүүсээс судалж, итгэл даах, бидний шаардлагыг хангах хүмүүсийг сонгосон эхний хүмүүс намар гэхэд танилцуулагдаад явчих байх. Мэдээж нийт олноор чөлөөтэй хэлэлцэнэ. Онлайнаар санал авна. Тийм болохоор хүн болгон оролцох боломжтой гэсэн үг.
-Мэдээж эцсийн сонголтыг ард түмэн хийнэ?
-Тэгэлгүй яахав. Бид зохих шүүлтүүрт оруулж, зөв гэсэн хүмүүсээ ард түмэнд санал болгож батлан дааж байгаа юм. Бид энэ хүн таны итгэлийг дааж сонгогдвол хувийн эрх ашгаа бодохгүйгээр улс орныхоо төлөө зөв, шударга ажиллаж чадах хүн гэж батлан дааж, нэр төрөөрөө дэнчин тавиад санал болгож байна.
Г.БАТЗОРИГ