Мэргэжлийн социологичдын холбооны үүсгэн байгуулагч Н.Батзоригтой ярилцлаа.
-Хагархай цонхны онолын тухай нийгмээрээ ярьцгааж байна. Жижиг асуудлыг засч сайжруулахгүй орхивол улам томорсоор нийгмийн асуудал, эмх замбараагүй байдалд хүргэдэг агуулгатай. Энэ онолын үр дагавар манайд бодитоороо бий болчихоод байна уу даа?
-Социологид үүнтэй ижилхэн онолууд бас бий. Девиацийн онолууд, хамтын замналын онолууд дээр энэ тухай илүү чухалчилж авч үлдэг. Эдгээр онолд аливаа нийгмийн асуудал, үзэгдэл үйл явцыг тухайн үеийн төр болон нийгмийн харилцааг зохицуулж байгаа институт богино хугацаанд шийдвэрлэхгүй бол даамжирч нийгмийн өвчин, гажуудал болж хувирдаг гэсэн санаа. Тиймээс нийгэм гэсэн системийн оролцогч талууд болсон иргэд, олон нийт байгууллагад тулгамдаж байгаа асуудал, үйл явцуудыг хагархай цонхны онолын зарчмаар богино хугацаанд шийдвэрлэж явснаар нийгмийн хөгжил, зохион байгуулалттай системийг удаан хугацаанд хадгалах суурь болдог.
Монголын нийгэмд хулгай авлига, нүүрсний хулгай, хүүхдийн хүчирхийллийн асуудал, сошиал сүлжээнд гарч байгаа олон төрлийн хүчирхийллүүдийг шийдэхгүй удаан хугацаанд ужигруулж явж байгаа нь девиаци буюу нийгмийн хэм хэмжээг зөрчсөн суурь хүчин зүйл болж байгаа гэдэгтэй социологич хүний хувьд санал нэг байна
-Шийдэл гарц юу байж болох вэ. Шийдвэр гаргах түвшний хүмүүс ажиллаад л байх шиг байна. Гэвч засарч сайжрахаас илүү улам дордоод байгаа үзэгдэл олон талд байна. Нийгмийн сөрөг үзэгдлүүдэд нийгэм дасчихдаг болсон байна шүү дээ?
-Хүн хоорондын харилцан үйлчлэлийг судалдаг социологийн шинжлэх ухааны хувьд энэ асуудлууд яагаад үүсээд байна вэ гэхээр өнөөдөр хүртэл шалтгаантай биш үр дагавартай тэмцсэн бодлого шийдвэрүүдийг гаргаж, ийм процессоор л явж ирсэн. Үндсэн шалтгаан энэ. Нийгэм даяараа ийм болчихоод байна.
Уг нь үр дагавартай биш шалтгааныг арилгах тал дээр ажиллах ёстой. Жишээ нь, гэр бүлийн хүчирхийлэл, архидалт, авлигаас гарч байгаа үр дагаврыг ярьж, түүнд ач холбогдол өгсөөр байна. Гэр бүлийн хүчирхийлэл гараад байгаа шалтгаан юу байна вэ, хүчирхийлэл, авлига үйлдэгдээд байгаа шалтгаан юу юм бэ гэдэг системийнхээ үндсэн ойлголт, шинж чанарыг таних зүйлийг маш бага хийж байна. Хүүхэд хүчирхийлэлд өртүүлэхгүйн тулд сургууль хэр хүртээмжтэй байна вэ, сургууль дээр зааж байгаа зүйлс хүүхдүүдэд хүрдэг үү, эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ хэр харилцдаг, өрхүүдийн эдийн засгийн чадавхи ямар байна гэсэн суурь асуудлуудаа хамгийн түрүүнд ярьж, шийдэж байж эрсдэл гарахгүй байх суурь болдог. Нийгэм даяараа, ялангуяа шийдвэр гаргах түвшний хүмүүс үүнийг маш сайн ойлгох хэрэгтэй байгаа юм.
-Үр дагавартай тэмцдэг гэдгийг олон хүн ярьдаг. Замын түгжрэлийг шийдэхээр болоход дугаарын хязгаарлалт хүчээр хийж үр дагавартай нь тэмцдэг. Гэвч үр дүн өгдөггүй. Өнөөдөр хүнд ял шийтгэлийн тухай яригдаж байна. Яагаад манайх ингэж эсрэгээр нь ажилладаг юм бол оо?
-Манай улсад шинжлэх ухаанд ач холбогдол өгдөггүй, шинжлэх ухааны ажилчид, судлаачид, аналистуудаа тоодоггүйтэй холбоотой. Нөгөө талаасаа улстөрчдийн өөрсдийнх нь сонирхол ч байна. Сонгууль, улс төрийн ашиг сонирхлууд явж байгааг үгүйсгэхгүй. Уг нь бид анхнаасаа нийгэмд системтэй аливаа асуудалд хандах ёстой гэдгийг ойлгох ёстой. Хууль баталлаа гэхэд ял шийтгэлийг чангаруулах ёстой гэдэг эцсийн үр дагавар дээр ажиллах гээд байна. Үүнээс өмнө хууль хэр хэрэгжиж байна вэ гэж хэрэгжилтэд үнэлэлт дүгнэлт өгч, хэмжээд үнэлээд үүнийхээ дараа бодлогоо гаргах ёстой. Энэ хуулийг олон нийт ингэж үзэж байгаа, мэргэжлийн бүлгүүд ингэж үзэж байна гэх мэтчилэн маш олон удаагийн хэлэлцүүлэг процесс дээрээ үндэслэж хуулиа чангаруулах уу үгүй юу гэдгийг шийддэг байх хэрэгтэй.
Одоо бол хэн нэгэн улстөрч, шийдвэр гаргагч гарч ирээд л үр дагавартай тэмцэх бодлого ярьчихаж байна. Эсвэл сошиал дээр явж байгаа массын мэдээлэл дээр тулгуурлаад шууд шийдвэр гаргах гэж байна. Энэ бол асар буруу юм.
Ер нь хуулийн нэг хэсэг хариуцлагын механизм дээр ажилла гэдэг. Тэр хууль ямар зорилгоор гарсан юм, нийгмийн ямар харилцааг зохицуулдаг юм бэ, энэ асуудал маань нийгмийн ийм асуудлуудыг ингэж зохицуулж байгаа, бүхэл бүтэн механизм юм аа гэдэг талаас авч үзээд нийгмийн анхдагч нэгж болсон гэр бүлд яаж бууж байгаа дээр л системийн анализ, шинжилгээнүүдийг хийх ёстой юм. Харин манайд энэ талаарх судалгаа шинжилгээ огт хийгддэггүй. Асуудлыг цогцоор нь ул суурьтай авч үзэх, суурь судалгаанууд, бодлогын шинжилгээнүүд хийх тал дээр манай улстөрчид, УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүд ойлголтгүй, мэдлэггүй байгаатай л холбоотой асуудал.
-Энгийнээр ярья л даа. Гудамжинд гараад л харахад эргэн тойронд эвдэрч хэмхэрсэн хайс хашаанаас эхлээд л тулгардаг. Хэдэн сарын дараа ч засагдаггүй, улам л муудаж хотын өнгө зүсийг гутааж байдаг. Хүний сэтгэл зүйд ч сөргөөр нөлөөлдөг гэх юм?
-Тухайн нэг асуудлыг шийдэхгүй явсаар удаан хугацаанд даамжран хямралын түвшинд очдог гэсэн үг. Социологид үүнтэй төстэй толины тусгалын онол, өсөн нэмэгдэх үнэт зүйлсийн онол, ойртолтын онол гээд ижил төстэй онолууд бий. Эдгээр нэг л зүйлийн агуулгыг тайлбарладаг. Жишээ нь, хотод явган хүний зам эвдэрлээ гэхэд түүнийг богино хугацаанд засахгүй бол бордюурууд бутарч хагараад л байдаг. Удалгүй дээр нь машин тавьчихдаг. Тэр асуудлыг шийдэхгүйгээс болоод явган зорчигч явж чадахгүйд хүрч, жолооч нар машинаа тавьдаг болчихсон, хүүхэд түрээд явж байгаа, хөгжлийн бэрхшээлтэй иргэн нийгмийн эмзэг бүлгийн хүмүүс явах боломжууд хумигддаг. Явган хүний зам дээр гэхэд ийм олон асуудал үүсч байдаг. Тиймээс асуудал тулгарсан бол тэр талаар холбогдох байгууллагуудад яаралтай мэдэгдэх иргэдийн оролцоо чухал. Нөгөө талаар төрийн байгууллагууд буюу Нийслэлийн захирагчийн алба, барилга байгууламж, авто зам хариуцдаг газар нь маш богино хугацаанд шийдвэрлэх ёстой. Тэгж байж иргэд аз жаргалтай, сэтгэл ханамжтай байх, аюулгүй орчинд амьдрах эрхүүд хэрэгжиж эхэлнэ гэсэн үг.
Социологийн шинжлэх ухааны нэг салбар бол хотын социологи юм. Энэ нь нийгмийн дэд бүтцийн барилга байгууламж болох сургууль цэцэрлэг, эмнэлэг, цагдаагийн газар зэрэг нь иргэдэд хамгийн ойр, нөгөө талаасаа гэрэлтүүлэг, хяналтын камер зэрэг бусад аюулгүй байдлыг хангах бүтцүүдийг олноор бий болгосноор нийгмийн хэм хэмжээг барих боломжтой гэсэн санааг тайлбарладаг шинжлэх ухаан. Маш энгийнээр бол нийгмийн дэд бүтцүүдийг сайн хийж өгснөөр иргэдийн аюулгүй байдал хангагдаж байдаг.
-Харамсалтай нь өнөөдрийн нийгэмд эдгээр асуудал орхигдсон. Хамгийн түрүүнд ямар алхам хийх шаардлагатай вэ?
-Бидний байгаа өнөөгийн байдал дандаа үр дагавартай тэмцсээр байгаад жижиг асуудлуудыг тоохоо больчихсон. Энэ маань ужиграсаар байгаад нийгмийн гүнзгий хямралд хүргэх хэмжээний асуудал бий болчихоод байна гэж үзэж байна. Энэ нь олон асуудлаар илэрч байгаа. Жишээ нь, Монгол Улс авлигын индексээр жил бүр хойшилсоор дэлхийд 126-д явж байна. Ядуурлын үзүүлэлт гэхэд гурван хүн тутмын нэг нь ядууралтай гэдэг бүр хямралын түвшин. Боловсролын хүртээмжтэй байдлын үзүүлэлт бас л тааруу. Иймэрхүү үзүүлэлт суурь хам шинжтэй, ужиграх шинжтэй болчихсон байна гэдэг маш олон нийгмийн индикаторуудаар илэрч гарч ирж байгаа.
Тэгэхээр бид системийн хэмжээнд яаралтай эмчлэх оношлох шаарлдлага зүй ёсоор бий болчихсон байна гэсэн үг. Нөгөө талаас нийгэмд бий болоод байгаа криминологийн аюултай үзэгдлүүдийг иргэд олон нийттэй харилцдаг нийгмийн ажлын үйлчилгээг сайжруулах хэрэгтэй болно. Барууны орнуудад нийгмийн ажлын үйлчилгээг асар хүчтэй болгож байна. Үүндээ маш их хөрөнгө хаяж байдаг. Энэ нь зөвхөн баг хорооны нийгмийн ажилтнаар тогтохгүй гэмт хэрэгтнүүд, эмзэг бүлэгтэй ажилладаг нийгмийн ажлыг хэлж байна. Ингэснээр тэд нэг талаас тэдэнд сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлж, нөгөө талаасаа нийгэм дээр гараад хэрхэн нийгэмшиж ажил хөдөлмөртэй болгох вэ гэдэг дээр цогц сургалтуудыг зохион байгуулж байдаг. Ингэж тогтмол ажилласнаар зан үйлийн өөрчлөлтүүдийг илүү суулгаж өгдөг. Хүмүүс ярьдаг, бүр мэргэжлийн хүмүүс ч хэлж харагддаг зүйл бол гэмт хэрэгтнүүд нийгэмшихгүй гэдэг. Энэ бол буруу ойлголт. Хүн бол нийгэмшлийн бүтээгдэхүүн. Тэр хүмүүсийг нийгмийн ажлын үйлчилгээгээр дадал хандлагынх нь түвшинд өөрчлөх боломж бүрэн бий. Манайд гэхэд хорих анги дахь сэтгэлзүйчдийн үйлчилгээг сайжруулахаас эхлэх учиртай. Түүгээр зогсохгүй тэдгээр хүмүүс суллагдсаны дараа нийгэмд хэрхэн аж төрөх хөтөлбөрүүд бэлэн байх ёстой. Ингэснээр гэр бүл хамгаалагдах, энгийн иргэд, олон нийт хамгаалагдах суурь нөхцөл бүрддэж байдаг.
Б.ЭНХЗАЯА
One reply on “Социологич Н.Батзориг: Нийгмийн асуудлуудыг “хагархай цонхны онол”-оор шийдвэрлэж явбал зөв системийг удаан хугацаанд хадгална DNN.mn”
Чингис хаан ба түүний удмынхан гэж байгаагүй юм. Зүүн Европынхон ба Оросууд Хятадтай нийлж байгаад Монголчуудад хуурамч түүхийг буюу “вешать лапшу на уши” болсон юм. Европын жишээнээс үзэхэд хаад ноёдоос заавал балгас үлдэх ёстой юм. Монголчууд өөрсдийнхөө өвөг дээдсийг мэдэхгүй байхад яаж тэр хэдэн зуун жилийн өмнөх Монголын түүхийг мэдэх билээ.