Монгол Улсын Филармони 49 дэх жилийн үзвэрийн нээлтээ Төрийн шагналт “Баян Монгол” чуулгын “Ганган Дагшаа” шинэ уран бүтээлийн концертоор энэ сарын 26-ны өдөр тайзнаа нээхээр болсон байна. Тус тоглолтод Монголын хөгжмийн зохиолчдын болон Монгол ардын дууны шилмэл бүтээлүүдийг түүвэрлэн авч шинэчлэн үзэгчиддээ хүргэх юм.
Монгол Улсын Филармонийн “Баян Монгол” чуулгын Удирдаач СТА С.Саруул-Одтой ярилцлаа.
-Монголын эстрад урлагийн гол төлөөлөгч яах аргагүй “Баян Монгол”, “Соёл Эрдэнэ” хамтлагуудыг нэрлэдэг. Төрийн шагналт “Баян Монгол” чуулга анх хэрхэн байгуулагдаж байсан юм бэ?
-Жазз хөгжим өөрийн өнгө аяс хөг хэмнэлээрээ дэлхийд гайхагддаг дахин давтагдашгүй эрх чөлөөг илэрхийлдэг. Анх 1969 оны долдугаар сарын 10-нд Урлагийн гавьяат зүтгэлтэн Т.Чимэддоржийн удирдлагаар анхны тоглолтоо хүргэж байсан нь Монгол Улсад эстрад, жазз урлаг хөгжих эхлэл тавигдсан гэж ойлгож болно. Тухайн үед ажиллаж байсан залуусыг мэргэжил дээшлүүлэх үүднээс Польш руу сургалтад явуулж байсан юм билээ. 1972 онд Төрийн шагналт, ардын жүжигчин Ц.Намсрайжавын санаачилгаар Улсын симфони найрал хөгжим, радиогийн дэргэдэх “Баян Монгол” чуулга, хуучнаар Улсын ардын дуу бүжгийн чуулгын “Соёл-Эрдэнэ” хамтлаг болон бусад дуучдыг нэгтгэн “Улсын филармони”-ийг байгуулсан. Ийнхүү Монгол Улсад анхны концертын жазз “Big band” буюу жазз найрал хөгжим бий болсон.
-“Баян Монгол” чуулга 50 жилийн хугацаанд олон сайхан уран бүтээлийг туурвижээ. Тухайн үеийн ахмад уран бүтээлчдийн талаар ярихгүй юу?
-“Баян Монгол” чуулга маань Монгол Улсад орчин үеийн дуу, хөгжмийн урсгалын үндсийг тавьж, түгээн дэлгэрүүлжээ . Манайчуулгад маш олон хүн уран бүтээлээ туурвиж, түүгээрээ олны хайр хүндэтгэлийг хүлээдэг байсан. Олон сайхан уран бүтээл туурвин түгээж, тайзыг эзэгнэж байжээ. Гавьяат Х.Төмөрбаатар, Л.Оюунчимэг, М.Янжиндулам зэрэг алдартнуудыг дурдахгүй байж болохгүй. Мөн одоо ч уран бүтээлээ хийсээр байгаа УГЗ ТШ Б.Нямдорж, УГЗ, төрийн шагналт Б.Ганбат, МУГЖ Ж.Уранчимэг, СТА Н.Оюунчимэг гэх мэт ахмадууд маань байна. Түүнчлэн, В.Оросоо, Ардын жүжигчин Б.Дамчаа гуай манай чуулгатай хамтарч уран бүтээл хийдэг байлаа. Тухайлбал, “Зам дээр гээгдсэн цэцэг”, “Таксийн цоохор машин” гээд ард түмний таашаалд хүрч, сэтгэл зүрхэнд хоногшсон олон арван бүтээлийг амилуулсан байдаг.
1970, 1980-аад оны үед театр, чуулгуудын дэргэдэх хамтлаг маш олон байсан. 1980-аад оны сүүлээр рок “Харанга”, “Хурд” хамтлагууд гарсан. Энэ бүхний суурь нь “Баян Монгол” чуулга, ахмад уран бүтээлчид маань билээ.
-“Ковид-19” цар тахлын хорио цээрийн дэглэмийн үед үзвэр үйлчилгээний газрууд үйл ажиллагаагаа явуулаагүй удсан байна. Тоглолтын бэлтгэл ажил хэр явагдаж байв?
-Өнгөрсөн онд манай чуулганы 50 жилийн ой тохиосон. Ойдоо зориулж ахмад үеийнхээ бүтээлүүдийг шинэчилж мөн ардын богино дуунуудыг жазз хэлбэрт найруулж түүгээрээ хос цомог гаргасан. Бүх уран бүтээлчид намар цагийн нээлт хийн үзэгчидтэйгээ уран бүтээлээрээ уулздаг. Манай улсын филармонийн 49 дэх жилийн үзвэрийг нээхээр болсон. Тэгээд бид 30,40 онд монгол хэлэнд орчуулагдаж байсан “дагшаа” гэдэг гуулин үлээвэр хөгжмийн нэрээр, мөн гоё дэгжин байдлаар “Ганган” гэдэг орчин үеийг хамтатган “Ганган Дагшаа” хэмээн нэрлэсэн.
-Өнгөрсөн онд “Баян Монгол-50 жил” гэсэн пянз гаргасан гэлээ. Энэ тухай тодруулахгүй юу?
-Энэ ажлуудын дундаас хамгийн чухал нь пянз, мөн хос цомог гаргасан явдал юм. “Баян Монгол” пянзыг 1981 онд гаргасан байдаг. 1980-аад он бол манай чуулга байгуулагдаад 10 гаруй жил болчихсон, нийгэм дэх үүрэг оролцоогоо ухамсарласан, уран бүтээлүүд нь амжилттай явагдаж, ард түмэнд хүрч байсан үе. Үнэхээр тэр цаг үе бол гайхамшигтай байсан гэж дүгнэх нь зүйтэй. Тэр үед гаргасан пянз Монголын ард түмэнд маш том соён гэгээрлийн үүрэг гүйцэтгэж байсан. Иймд пянзанд орсон бүтээлүүд бол “Баян Монгол” чуулгын хувьд хүн бүрийн сэтгэлд хүрсэн классик бүтээлүүд. Энэ бүтээлийг өнөө цагийн уран бүтээлчид бид найруулга, дуучдын чадвартай хоршуулж зарим дууг нэлээн өөрчилж гаргалаа. Мөн хос цомогт монгол ардын дуунууд, пянзанд ороогүй бүтээлүүд, мөн Монголын рок поп хөгжмийн шилдгүүдийг найруулж гаргалаа.
-Ингэхэд та хэзээ “Баян Монгол” чуулгатайхолбогдож байв?
-Би чинь багаасаа л цэргийн хөгжимд байсан. 2009 онд удирдаачийн мэргэжил эзэмшиж 2012 оны сүүл хүртэл цэргийн хөгжимд удирдаачаар ажиллаж байсан. Тэгээд 2013 оноос одоог хүртэл “Баян Монгол” чуулгад мэргэжлээрээ ажиллаж байна.
-Удирдаач хүн ямар байх ёстой вэ. Их хариуцлагатайажил уу?
-Хөгжимчин болгонд хувь нот гэж бий. Тухайн хөгжмийн зэмсэг бүрийн ааш араншин техникийн боломжид нь тохируулан зохиолынхоо утга санаа, уран дүрслэлийг хөгжмийн зохиолч хүн бичсэн байдаг. Тэр болгоныг нэгтгэн зангидаж эгшиглүүлдэг. Олон хүнтэй зэрэг ажиллана, маш хариуцлагатай мэргэжил.
-Улсын филармонийн үзвэрийг “Ганган Дагшаа” шинэ уран бүтээлээрээ нээнэ. Энэхүү уран бүтээлийн гол онцлогийн талаар яриач?
-Бидний энэ тоглолт Монголыхоо уран бүтээлүүдийг жазз хэлбэрт хөрвүүлж олон түмнийсанаанд хадаатай байдаг дуу эгшгүүдийг орчин үеийн хэв маягт хэрхэн нийцүүлсэн нь сонирхолтой сайхан тоглолт байх болно. Мөн бид тайз, гэрэл техниктээ бас сонирхолтой шийдлүүд хийсэн байгаа. Тоглолт болгон дээрээ аль болох шинэ, содон бүтээлүүдийг сонгон тоглохыг хичээдэг. Тоглолтод Улсын Филармонийн гоцлол дуучин МУГЖ Б.Мөнхбаатар, СТА Б.Дэлгэрбаяр, СТА Н.Наагий, Ц.Хулан, Л.Насанбуян болон дуучин СТА С.Сэрчмаа, нар оролцохоор болсон байгаа.
-Орчин үеийн залуусын хөгжмийн боловсрол, үзэгчдийн хандлага ямар түвшинд байгаа гэж харж байна вэ?
-Сүүлийн үеийн залуус жазз хөгжмийн тэр мэдрэмжийг илүү их ойлгож сонирхож байгаа. Хөгжмийг тоглож буй хүмүүс, сонсож буй үзэгчид нь нэгэн агаарт цугтаа сэтгэлийн таашаал эдлэх нь хүнийбас нэгэн аз жаргал юмуу даа.
Д.ОТГОНТУЯА