Монгол Улсын Хүний гавьяат эмч, “Ач” анагаах ухааны их сургуулийн тэнхимийн эрхлэгч С. Пүрэвсүхтэй ярилцлаа.
-Та Монгол Улсын Хүний гавьяат эмч цолоор шагнагдлаа. Сэтгэгдлээ хуваалцахгүй юу?
-Би эрүүл мэндийн салбарт 44 дэх жилдээ эх барих, эмэгтэйчүүдийн эмчээр ажиллаж байна. Энэ хугацаанд сумын хүний их эмчээс эхлээд аймгийн нэгдсэн эмнэлэгийн эмч, Нийслэлийн нэгдүгээр төрөх эмнэлэг буюу “Өргөө” амаржих газрын Ерөнхий эмч хүртэл бүх шатны байгууллагад ажиллажээ. Түүнээс гадна Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуульд 30 гаран жил багшилж, олон мянган шавь нар төрүүлсэндээ баярлаж явдаг. Миний шавь нар дундаас надтай адилхан Хүний гавьяат эмч цол авч байгаа шавь минь байна. Багш хүний хувьд энэ бол бахархууштай үйл явдал. Мэргэжил нэгт нөхөдтэйгөө, сургуулийнхаа багш нартайгаа, шавь нартайгаа, хамт ажилладаг эмч ажилчидтайгаа Монгол Улсын Ерөнхийлөгчөөс энэ том шагналыг авсандаа маш их баяртай байна. Та бүхэндээ баярлалаа.
– Эмч, сувилагч гэх мэргэжлийн онцлогийн талаар та юу хэлэх вэ?
-Манайд ч тэр, гадаадын бусад оронд ч тэр энэхүү цар тахалтай тулж ажиллаж байгаа гол хүмүүс нь эмч, сувилагч, асрагч нар юм. Тэр ч утгаараа хамгийн түрүүнд халдвар авах өндөр эрсдэлтэй. Эмч, сувилагч, асрагч нарыг цэрэгтэй зүйрлэвэл хилийн цэрэг гэсэн үг шүү дээ. Хилийн цэрэг үгүй бол тэр улс орон дайснууддаа эзлэгдэнэ. Эмнэлгийн эмч, ажилчид зөвхөн бусдын эрүүл мэндийг хамгаалахаас гадна өөрсдийгөө ч хамгаалах нь чухал.
-Манай улсад “Ковид-19” цар тахлын нөхцөл байдал хүндэрч, вирусийн халдвар эрчимтэй нэмэгдэж байна. Энэ үед хамгийн их ядарч, галын шугаманд тэмцэж байгаа хүмүүс бол та бүхэн?
-Одоогийн нөхцөл байдлыг харвал дэлхий нийтээрээ коронавируст цар тахалтай тэмцэж байна. Манай орны хувьд ч мөн ялгаагүй бид чадах чинээгээрээ тэмцэж, эрүүл мэндийн салбарынхан хүчээ дайчлан ажиллаж байна. Өвчлөлийн тархалт буурч байна гээд тайвширч огт болохгүй. Ямар ч байсан нийт хүн амаа 100 хувь биш юм аа гэхэд 80 хувьтай дархлаажуулж, зуны дэлгэр цагт дархлаагаа улам дэмжиж, эмнэлгийн байгууллага болон төр, засгаас гаргаж буй шийдвэрүүдийг дор бүрнээ биелүүлэх юм бол энэ өвчнийг дан ганц эрүүл мэндийн байгууллага биш нийт иргэдийнхээ оролцоотойгоор давж гарч чадна.
-Баярлалаа. Танд амжилт хүсье.
Эх сурвалж: President.mn