Categories
мэдээ цаг-үе

С.Оюунтуяа: Сонгуулиар сонгогчдын идэвх нэмэгдэнэ гэсэн баталгаа алга

Сонгогчдын боловсрол төвийн гүйцэтгэх захирал С.Оюунтуяатай ярилцлаа.

УИХ дахь эмэгтэй гишүүдийн квотын асуудал сүүлийн үед олны анхаарлыг татаж байна. Олон улсад амласан амлалтаасаа буцаж мэдэхээр байдал үүсч байна уу?

-Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцооны асуудал одоо хэр нь бэрхшээлтэй хэвээр байна. Яагаад вэ гэвэл бид улс төрийн оролцоо нь бага байдаг Азийн тивийнхээ дунджаас доогуур байгаад байна. Ази тивийн парламентад байгаа эмэгтэйчүүдийн дундаж 19-20 хувьтай байхад манайх одоогоор 14 хувьтай байна. Тэгэхээр квотын асуудлаар дамжуулж эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэх хэрэгцээ шаардлага яах аргагүй байгаа. Гэхдээ 2015 оны арванхоёрдугаар сарын 25-нд Сонгуулийн тухай хуулийг шинэчилж батлахдаа парламентын буюу үндэсний түвшин дэх сонгуулийн системийн хувьд л квотыг хэрэглэж байгаа. Тэгэхээр энэ квотын асуудлыг орон нутаг, нийслэлийн түвшинд хэрэгжүүлэх шаардлага байгаа гэдэг нь харагдаад байгаа юм. Өмнөх ээлжит сонгуулиудын ерөнхий дүр зургийг хараад байхад орон нутгийн хурал дахь эмэгтэйчүүдийн сонгогдох түвшин харьцангуй гайгүй байсан. Ялангуяа сумдын түвшинд 30 гаруй хувьтай байсан бол сүүлийн хоёр удаагийн сонгуулийн статистикийг харж байхад төлөөлөгч эмэгтэйчүүдийн тоо буурах хандлагатай байна. Тийм болохоор УИХ-д тавигдаж байгаа эмэгтэйчүүдийн квотыг орон нутгийн сонгууль дээр ч аваачиж тавих шаардлага байгаа гэдэг нь харагдаж байна.

Сонгуулийн хуулийг батлах үеэр сонгууль болохоос зургаан сарын дотор хөндөж болохгүй гэх заалтыг орхисон нь маргаан дагуулж байна. Тэгтэл одоо Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулахаар болж байх шиг байна?

-Судлаачийнхаа хувьд үүнийг харвал энэ чинь нэг талаасаа бол ёсзүйн асуудал байхгүй юу. Сонгуулийн хуульд сонгууль болохоос зургаан сарын дотор гар хүрч болдоггүй гэдэг чинь өөрөө маш өндөр ёс суртахууны ёсзүйн асуудал болж ирж байгаа юм. Тэр заалтыг аваад хаячихаараа хуульд гар хүрэх боломжтой болсон гэсэн үг биш шүү дээ. Сонгууль ойртох тусам сонгуулийн хуульдаа гар хүрч байна гэдэг чинь өөрөө сонирхлын зөрчилтэй л шийдвэр болж хувирна шүү дээ. Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөр одоо хүртэл хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа. 2003 онд батлагдсан тэр хөтөлбөрт ээлжит сонгууль болохоос зургаан сарын өмнө Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулж болохгүй гэсэн тэр заалт бий. Энэ бол УИХ-ын өөрийнх нь баталсан шийдвэр. Тийм болохоор тэр шийдвэрээ зөрчиж Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах нь эргэлзээтэй л дээ. Бас нэг өөр байр суурь байна л даа. УИХ-ын тогтоол бол нэг хэрэг, хууль бас өөр хэрэг. Тиймээс Сонгуулийн хуулийг өөрчлөх боломж байна гэж хэлээд байгаа юм. Сонгууль дөхсөн үед ялангуяа сонгуулийн хуулийн процедуртай холбоотой асуудалд өөрчлөлт оруулна гэдэг эмзэг асуудал. Харин процессыг сайжруулж байгаа бол өөр хэрэг.

Сонгуулийн санал тоолох үйл явцад үл итгэх хандлага ч бий?

-2012 оны сонгуулийн үйл явцыг автоматжуулснаараа маш олон асуудлыг шийдэж чадсан. 2008 оны сонгуулийн үр дүнг санаж байгаа байх. Санал тооллогын дүн гажуудсанаас болж сонгуулийн үр дүнг эсэргүүцсэн иргэд жагсаал цуглаан хийж байсан. Санал тооллогын дүнд нөлөөлөх явц манай улсад тахлын хэмжээний аюултай дүр зурагтай болчихсон байсан. Энэ бүгдийг халж технологийн шинэчлэлтэй уялдуулж сонгуулийн санал тоолох, дүнг гаргах үйл явц автоматчлагдсанаараа нааштай шинэчлэлийг бидэнд авчирч өгсөн. Улс төрийн намууд сонгогчдын сэтгэлзүйгээр тоглоод байна л даа. Сонгогчдыг сонгуулийн үр дүнд итгэхгүй байхыг уриалж байна. Судлаачийн хувьд энэ бүхнийг харахаар бидний энэ хэрэглээд байгаа сонгуулийн автомат систем нь бусад улс орнуудад асуудалтай болоод байгаа электрон систем биш байхгүй юу. Олон улсын стандартаараа бол бидний хэрэглэж байгаа энэ автоматжуулсан систем буюу тоолж, үр дүн гаргаж байгаа процедур, хар машин чинь үнэндээ гар тооллогын систем юм.

Хар машиныг 2012 оноос хойш хэрэглээгүй. Тэрийг хэн нэгэн хакер ч юм уу, аль нэг улс төрийн хүчин оролдоод тохиргоог нь өөрчилчихдөг гэж тайлбарлаж буй хүмүүс байна шүү дээ?

-Мэдээж техникийн нарийн асуудал л даа. Тэр машины программ хангамжийн аюулгүй байдлыг шалгаж баталгаажуулдаг олон үйл явц хуульд байгаа шүү дээ. Баталгаажуулах, сертификатжуулах тэр ажиллагаанд цагдаа, тагнуулын байгууллага, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөгчид гэсэн маш олон хөндлөнгийн хяналтын субьектүүд оролцож байгаа. Улс төрийн намуудын энэ хянан баталгаажуулах ажиллагаанд оролцож байгаа шүү дээ, хуулиараа. Ийм олон боломж байхад сонгогчдын сэтгэлзүйгээр тоглох гэж хэн ч тэр машиныг тохируулчихдаг юм, дүнг нь луйвардчихдаг юм гэсэн яриа гаргадаг. Эсвэл тэр машиныг хэрэглэхгүй байх нь тодорхой нэг улс төрийн намуудад ашигтай байна гэсэн хардах өнцөг үүсч болно шүү дээ.

Иргэдийн сонгуулийн ирц буурсаар байгаа. Өнөө жилийн сонгуулиар иргэдийн оролцоо ямар байх бол. Үүн дээр хийсэн судалгаанаасаа сонирхуулбал?

-Энэ бол бидний санааг зовоосон асуудал л даа. Сүүлийн гурав, дөрвөн сонгууль дараалан сонгогчдын ирц дандаа буурч байгаа. Сонгуулийн үр дүнд сонгуулиар бий болж байгаа институциүдэд итгэх сонгогчдын итгэл тааруу байгаагаас сонгуулийн ирц нь ингэж асуудалтай болж ирж байна. 2012 онд саналаа өгсөн сонгогчдын дөнгөж 10 хувь нь 18-25 насны залуучууд, 25 хувь нь 18-35 насны залуус байсан. Залуучуудын сонгуулийн идэвх оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр дор бүрнээ л ажиллах хэрэгтэй байна. Залуучуудыг зургадугаар сарын 29-нд саналын байранд очиж заавал саналаа өгөөрэй гэж уриалъя. Сонгогчдын идэвх нэмэгдэнэ гэсэн баталгаа алга л даа. Тийм учраас залуучуудад хандсан маш олон ажлыг манай төвөөс хийхээр бэлтгэл ажилдаа орчихсон байна. 2012 онд саналаа өгсөн иргэдэд гар утасны нэгж тарааж байсан. Сонгуулийн хуульд сонгогчдын идэвх ирц, оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр тусгай арга хэмжээ авч хэрэгжүүлэх бүрэн эрх Сонгуулийн ерөнхий хороонд байгаа. Гэхдээ бид гар утасны нэгж, тодорхой урамшуулал харахгүйгээр санал өгөх байр руу очиж засгийн эрх барих эрхээ эдэлж байгаа хамгийн том баярын онцгой чухал өдөр гэж ойлгох нь зүйтэй л дээ.

-“Жудагтай МонголхөдөлгөөнийхөнМонголчууд хамгийн жудаггүй хүмүүсээ төрд гаргачихсан. Яагаад гэвэл сонгогчийн боловсролгүй болохоор тэргэж байсан л даа?

-Төр засаг ийм хариуцлагагүй, сул, хүчгүй байгаа нь нэг талаасаа сонгогчдын боловсролын асуудалтай, тэдний сонголттой холбоотой. Гэхдээ сонгогчдын боловсрол олгох асуудлыг шийдэх ёстой төрийн байгууллага, төр нь энэ ажлаа хийхгүй байж сонгогчид руугаа буруу чихээд байж болохгүй. Тэр утгаараа сонгогчдын боловсролын асуудалд цогц байдлаар шинэчлэл хийх хэрэгтэй байна. Үнэндээ сонгогчдын боловсролын асуудлыг төрийн бус байгууллагын нуруун дээр л үүрүүлчихээд яваад байна ш дээ. Сонгогчид боловсролгүй, мэдээлэлгүй байх тусмаа сонгогдож байгаа албан тушаалтнууд нь төдий чинээ сул, хариуцлагагүй магадгүй жудаггүй байх боломжууд бүрдэнэ. Төр засаг хүчтэй байхын тулд сонгогчдын боловсролдоо хөрөнгө оруулах нь зайлшгүй шаардлагатай байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *