Categories
мэдээ цаг-үе

С.Одонтуяа: Надад дүүргээ болон улс орноо хөгжүүлэх олон хүсэл мөрөөдөл бий

Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяатай ярилцлаа.

-Ардчилсан нам УИХ-д цөөн суудал авсан ийм хүнд үед та орон нутгийн сонгуульд ялалт байгуулж, Баянгол дүүргийн Засаг даргаар сонгогдсонд баяр хүргэе.

– Баярлалаа. Энэ удаагийн сум, дүүргийн ИТХ-д манай баг Баянгол дүүрэгт үнэмлэхүй ялалт байгуулж чадлаа. Нийт 41 мандатаас 31-д нь АН олонхи боллоо. Арваннэгдүгээр сарын 2-ны өдөр дүүргийн ИТХ-ын анхдугаар хуралдаан болсон. Ингээд тус хуралдаанд намайг 100 хувийн саналаар Баянгол дүүргийн Засаг даргад сонголоо. Энэ бол ард иргэдээс өгч буй асар том итгэл. Үүнийг дагаад надад том хариуцлага оногдож байна. Том дүүрэгт мэдээж шийдэх асуудлууд их байгаа байх.

Би бол ээж хүн. Зөвхөн нэг өрхөд ямар олон асуудал байдаг билээ дээ. Гэр бүл, хүүхдийн сургууль соёл, хүмүүжил, эрүүл мэнд гээд олон асуудал байдаг. Ер нь асуудалгүй гэр бүл гэж байдаггүй. Манай Баянгол дүүрэг 57 мянган өрхийн 230 мянган хүн амтай. Бүхэл бүтэн хоёр, гурван аймгийг нийлүүлсний дайтай дүүрэг. Ер нь иргэдийн итгэлийг хүлээнэ гэдэг бол улстөрчийн, намын хувьд хамгийн чухал. Тиймээс бид их баяртай байгаа. Харамсалтай нь УИХ-ын сонгуульд Ардчилсан нам нийтээрээ нэлээд том ялагдал хүлээсэн. Хаа хаанаа гишүүд маань гундуу, сэтгэлээр унасан ийм үед АН ялалт байгуулсанд зөвхөн манай дүүргийн гэлтгүй нийт улсын хэмжээнд намын гишүүд, дэмжигчид баярласан. Баянзүрх мөн олонхи боллоо. Монгол орны өнцөг булан бүрээс бидэн рүү ярьж, баяр хүргэж байна.

-Таныг дүүргийн Засаг дарга болсонтой холбогдуулж янз бүрийн мэдээлэл гарах боллоо. Мэдээж туршлагатай улстөрч хүн дүүрэгт ач холбогдол өгч ирж байна гэж иргэд ам сайтай байгаа байх. Бас УИХ-ын гишүүн байсан хүн Засаг даргын суудалд суулаа гэсэн шүүмжлэлтэй хандах хэсэг ч байна лээ. Харин та ямар тайлбар өгөх вэ?

-Улстөрч хүн гэдэг бол ард түмнийхээ сайн сайхны төлөө юм хийнэ гэж гарч ирдэг. Улстөрчийн жинхэнэ сонгодог утга нь тэр болов уу. Харин зарим нь өөрийнхөө амьжиргааг сайжруулахын төлөө, эрх мэдэлтэй болохын төлөө улстөрч болдог л байх. Миний хувьд ард иргэдийнхээ төлөө юм хийе гэсэн зорилго, хүсэлтэй. Улстөрч хүнд ард түмний төлөө ажил хийх боломж олдож л байвал зүтгэх хэрэгтэй. Би УИХ-ын танхимд хамт сууж байсан нөхөд рүүгээ залгаад “Юу хийж байна” гэхээр “Гэртээ амарч байна” гэж зарим нь хэлдэг. Надад үнэхээр харамсалтай санагддаг. Тэр хүмүүсийн олон жилийн улс төрийн болон төрийн ажлын туршлага, бодлого Монгол Улсад хэрэгтэй. Гэтэл бид яагаад нэг сум, хороо эсвэл нэг аймаг дүүргийг барьж аваад хөгжүүлээд өөрчилье гэж ажиллаж болохгүй гэж. Тэгэхээр миний хувьд Баянгол дүүргийн төлөө өөрийгөө бүрэн дайчилж ажиллана. Олж авсан мэдлэг боловсролоо дүүрэгтээ зориулна.

2012 онд Э.Бат-Үүл дарга УИХ-ын гишүүн байж байхдаа Нийслэлийн Засаг дарга болсноор энэ нийслэл гэдэг айлын нэр хүндийг өсгөж өгсөн. Одоогийн хотын дарга С.Батболд өмнө УИХ-ын гишүүн байсан. Бид УИХ-ын гишүүн байж байгаад дүүргийн Засаг дарга болохоор дүүргийн хөгжилд ач холбогдол өгч байна гээд иргэд маань ам сайтай байгаа. Дэлхийн зарим улс оронд гэрийн хорионд 20 гаруй жил байгаа ч гэсэн улс төрийнхөө тэмцлийг үргэлжлүүлээд явдаг улстөрчид байдаг шүү дээ. Тиймээс боломж л олдвол сайхан зүйлийг хийхийн төлөө явах хэрэгтэй. Баянгол дүүрэгт хийх маш олон ажил байдаг. Би гишүүн байхаасаа мэднэ л дээ сайн хууль батлуулах нэг өөр, хуулийг орон нутагт хэрэгжүүлнэ гэдэг бас том асуудал байна. Байшин барилга барих нэг өөр. Энэ байшин барилгыг амилуулах, иргэдэд чанартай тусламж үйлчилгээг хүргэх нь өөрөө маш том менежмэнтийн асуудал. Би өөрөө их дэврүүн сэтгэлтэй хүн. Улс орноо, дүүргээ хөгжүүлэх олон сайхан мөрөөдөл надад бий. Тэрний нэг бол яах аргагүй эрүүл мэндийн салбарыг өөрчлөх хүсэл. Уйгагүй хөөцөлдлөгөө, тооцоо судалгаа, хүч хөдөлмөрөөр батлагдсан эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хууль нь яах аргагүй эрүүл мэндийн салбарыг эрх зүйн талаас нь хөгжлийн шинэ шатанд гаргаж өгсөнд баяртай байдаг. Мөн хүүхэд, залуучуудын төлөө хийх олон мөрөөдөл байна. УИХ-д байхдаа батлуулъя гэж бодож, төлөвлөсөн бүхий л хуулиа батлуулж амжсан. Тиймээс энэ чиглэлээр ажиллахад бэлэн байна.

-Та сая “Надад ард иргэдийн итгэлийг дагаад хариуцлага нэмэгдэж байна” гэлээ. Сошиал ертөнцөөс харахад “С.Одонтуяа дарга сайн ажиллаж чадна” гэсэн иргэдийн итгэл, хүлээлт байна. Ажлаа юунаас эхлэх вэ?

-Хүмүүс биднийг сайн ажиллаж чадна гэсэн өндөр хүлээлттэй байгаа. Тэдний маань энэ итгэл илүү их хариуцлагыг нэмэгдүүлж байна л даа. Харин одоо сайн ажиллах хэрэгтэй. Нөгөөтэйгүүр маш олон бэрхшээл байна. Эдийн засгийн хүндрэлтэй он жилүүд болж байна. Нийслэлийн удирдлага нь МАН байна. УИХ-ын олонхи нь МАН байна. Дүүрэгт байдаг маш олон босоо бүтэцтэй байгууллагуудад МАН-ын хүмүүс томилогдсон энэ хэцүү хүнд үед Засаг даргаар ажиллах үүрэг надад ногдож байна. Сэтгэл байхад шийдэл олдоно гэж боддог. Би 2008-2012 онд нийслэлийн ИТХ-д төлөөлөгчөөр ажиллаж байхдаа цөөнхийн төлөөлөл байсан. Өнгөрсөн дөрвөн жил УИХ-д олонхийн төлөөлөлд ажиллалаа. Улс төрийн хувьд тодорхой хэмжээний туршлага байна. Өмнө нь дүүрэг удирдаж байгаагүй болохоор нэлээд зүйлийг нухацтай судалж, анхааралтай хийж, сайн ажиллах шаардлага байгаа.

-Та гол анхаарлаа ямар ажлууд дээр хандуулж төлөвлөж байна вэ?

-Хүний хөгжил, жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх, гэр бүлийн сайн сайхны төлөө, төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх болно. Хараад байхад зөвхөн Баянгол дүүрэг гэлтгүй Монгол Улс хатуу дэд бүтэцдээ нэлээд анхаарч ирсэн юм байна. Байшин, барилга, зам гээд л бариад байдаг. Зөөлөн дэд бүтцээ хойш тавьсан. Яаж төрийн үйлчилгээг хүнд сурталгүй хүргэх үү, яаж иргэддээ эрүүл мэндийн боловсрол олгох уу, яаж хүүхэд залуучуудынхаа хүмүүжил төлөвшилд хөрөнгө оруулалт хийх үү гэдэгт Монгол Улс хоцронгуй явж байна. Тиймээс хүнээ хөгжүүлэхэд чиглэсэн маш олон ажил хийх хэрэгтэй. Өнөөдөр өрх гэр бүлийн хамгийн сэтгэл зовоож байгаа асуудал бол эрүүл мэнд. Хорт хавдар бараг айл бүрийн хаалгыг тогшиж байна. Өсвөр үеийнхэн, хүмүүжил, гэр бүлийн хүчирхийлэл, архидалт, хар тамхи гээд нийгэмд сэтгэл зовоосон олон асуудал байна. Хүний хөгжил рүү чиглэсэн асуудал руу маш сайн анхаарч ажиллах ёстой. Надаас эх хүн, эмэгтэй улстөрчийн маань хувьд иргэд энэ чиглэл рүү илүү анхаарч ажиллаасай гэж хүсч байгаагаа илэрхийлээд байна.

-Өнгөрсөн дөрвөн жилд та УИХ-д суухдаа дүүрэгтээ нэлээд олон бүтээн байгуулалтыг өрнүүлж чадсан. Харин одоо Засаг дарга болонгуут иргэд танаас дэд бүтцийн асуудалд юу хийгээсэй гэж хүсч байна вэ?

-Бүхий л судалгаагаар 2012-2016 онд Баянгол дүүрэг олон сайхан бүтээн байгуулалтыг хийсэн гэж онцолдог. Тодруулбал, үндсэн том магистрал бүтцүүдээ сайн хийж чадсан. Гудамж төслийн 11 уулзварыг хийлээ. Мөн дулаан, эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалт хийсэн. 50, 100 жилийн дараа ч ач холбогдолтой байх хөрөнгө оруулалтуудыг хийсэн. Дөрвөн жилд таван эмнэлгийг барьж байгууллаа. Урьд нь манай дүүрэг өөрийн гэсэн эмнэлэггүй, Сонгинохайрхан дүүрэг рүү явдаг байсан. Тэгвэл өнөөдөр хоёр хүүхдийн эмнэлэг, нэг өндөр настны эмнэлэг, 100 ортой эмнэлэг ашиглалтад ороод байна. Одоо иргэд хороод доторх зам, бичил цэцэрлэг, амьдрах орчинг сайжруулахыг хүсч байна. Бид ажлуудаа шат дараатай, эрэмбэтэй хийхгүй бол өнөө маргаашаа аргацаасан ажлуудаар хотын хөгжил урагшлахгүй.

-Дүүргийнхээ иргэдийн амьжиргааг сайжруулахад ямар менежмэнт хийх вэ?

-Хороо хорины ажиллаж байгаа байдалд шинэ менежмэнт хийж өөрчлөхөөр бодож төлөвлөсөн зүйлүүд их байна. Намайг хүүхэд байхад л хороод ийм бүтэцтэй байсан тэрүүгээр л яваад байна. Техник, технологи хөгжсөн энэ үед иргэдийн авах үйлчилгээг илүү түргэн хүргэх боломж асар их бий. Иргэд заавал өөрсдийн биеэр очиж дараалал үүсгэх биш, гэрээсээ, гар утаснаасаа шаардлагатай мэдээлэл, төрийн үйлчилгээг авчихдаг болох ёстой. Зөвхөн манай дүүрэг ч биш, нийслэлийн хэмжээнд, ялангуяа залуучуудын хамгийн тулгамдсан асуудал бол ажилгүйдал. Үүнийг шийдэх шаардлагатай байгаа. Ирэх дөрвөн жилд баянголчуудыг ажил орлоготой байлгаж, өрхийн болон бичил бизнесийг дэмжихэд нэлээд түлхүү ажиллая гэж бодож байна. Өнөөдөр ажлын байрны 90 гаруй хувийг жижиг дунд бизнесийнхэн бий болгож байгаа. Манай дүүрэг өөрөө их онцлогтой. Жижиг худалдаа, бизнес эрхлэгчид олон байдаг. Тиймээс хамгийн гол ажлаа тэдэнтэй уулзах, ажлын байрыг нь нэмэгдүүлэхэд чиглүүлнэ.

-Цэцэрлэг, сургуулиудын хүртээмжийн асуудал ямар байгаа вэ?

-Манай дүүрэгт энэ асуудал өнгөрсөн дөрвөн жилд маш сайн шийдэгдсэн. Цэцэрлэг гэхэд 94 хувийн хамрагдалттай байгаа. Шинээр сургууль барихад газар байхгүй. Иймд ихэнх сургуулиа давхарлаж өргөтгөсөн. Одоо дүүргийн хэмжээнд нэг л сургууль давхарлагдаагүй үлдсэн. Зарим сургууль өөрсдийнхөө авах ёстой хүчин чадлаас бага хүүхэдтэй байгаа. Ойрын жилүүдэд санаа зоволтгүй гэсэн үг. Харин шинээр баригдсан хорооллуудад сургууль, цэцэрлэгийн асуудлуудыг анхаарч ажиллана. Мөн тэнд хороод нэмж байгуулах ажлууд байгаа.

-МАН Засгийн эрхэнд гараад АН-ын иргэд рүү чиглүүлэн хийж хэрэгжүүлсэн ажлуудыг зогсоосон. Тухайлбал, гэр хорооллын дахин төлөвлөлтийн асуудал байна. Танай дүүргийн иргэдийн хувьд энэ ажлыг үргэлжлүүлэхийг танаас хүсч байна уу?

-Энэ асуудалд тухайн хорооныхоо иргэдтэй уулзаж, тэднийхээ санаачилга дээр хийх ажлууд байна. Гэр хорооллын дахин төлөвлөлт, “Сайн хашаа” хөтөлбөрүүдийг МАН зогсоосон. Шийдвэр гаргагчид нь МАН байгаа болохоор энэ асуудалд хүндрэл бэрхшээл тулгарна. Гэхдээ “Сайн хашаа” хөтөлбөрийг үргэлжлүүлэх зайлшгүй шаардлага бий. Энэ бол таван айл нийлээд өөрсдөө хашаагаа дахин төлөвлөх шийдэл юм. Тэд газар дээрээ амралт, тоглоомын талбай, дэлгүүр ч байгуулж болно. Хамгийн гол нь зээлийг нь шийдэж өгөх ёстой. АН-ын өнгөрсөн дөрвөн жилд хийсэн гол ажлын нэг нь зорилтот зээлийг олгож байв. Жишээлбэл, Монгол Улс зах зээлийн системд шилжээд 25 гаруй жил болж байна. Зах нь байгаад байдаг. Гэтэл зээл нь алга. Арилжааны зээлээр хүмүүс амьжиргаагаа залгуулах гэж, бизнесээ эрхлэх гэж, үйлдвэрээ байгуулах гэж ирсэн. АН үнэхээр үйлдвэржилтийн, оюутны, ипотекийн зээл олгоё гээд зорилтот зээлүүдийг бий болгосон. Ингэснээр зах зээлийн систем рүүгээ сонгодог утгаар шилжих үзэл санаагаар ажилласан. Харамсалтай нь энэ бүгд зогсчихлоо. Дахиад л зээлгүй, захтайгаа л үлдлээ.

-Засгийн газар 100 хоногийн ажлаа саяхан тайлагналаа. Эдийн засгийг гацаанаас гаргахад Хятадаас дөрвөн тэрбум ам.доллар зээлнэ гэж байна. Ер нь та улстөрч хүний хувьд ямар дүн тавих вэ?

-Энэ Засгийн газрыг өмнөх Засгийн газрын 100 хоногтой харьцуулахад юу ч хийсэнгүй. Сонин хэвлэлээс харахад энэ гурван сард тэрийг гацаалаа, энийг зогсоолоо гэсэн мэдээллүүд зонхилж байна. Шинэчлэлийн Засгийн газар маш том бүтээн байгуулалтаар эхэлж байсан. Үнэхээр энэ засгийн газар иргэдийн тэр их хүлээлт, итгэл найдварыг хөсөрдүүлчихлээ. Маш муу ажилласан гэж би хувьдаа харж байгаа.

Ер нь төрийн оролцоог багасгах ёстой. Төр өөрөө ажлын байр бий болгоно гэдэг бол буруу. Ажлын байрыг бизнес эрхлэгчид, ажил олгогчид бий болгох ёстой. Төр хувийн хэвшлийн зах зээлийг булаацалдаж, өрсөлдөх биш шинэ гадаад зах зээлийг бий болгоход төрийн оролцоо хэрэгтэй. Жишээлбэл, Япон улстай эдийн засгийн чухал гэрээ хэлэлцээрүүдийг хийсэн. Төр иргэдийн эдийн засгаа дээшлүүлэх сэдлийг нь өгөх ёстой. “Хашаа байшингаа сайжруулмаар байгаа бол зээлээ аваад өөрөө ажиллаад төл. Оюутнаа сургах гэж байна уу. Тэгвэл ээж, аавын тэтгэвэр биш оюутанд зориулсан хөнгөлөлттэй зээлээ ав”, үйлдвэрээ байгуулахад үйлдвэржилтийн зээлээ ав, гэх зэрэг төрөөс хамааралгүй байх шийдлүүдийг АН хийх гэж оролддог. МАН-ын бодлогыг хараад байхад эргээд төрийн хамааралтай байх зүйл рүү ороод байна л даа. Энэ өөрөө үндсээрээ буруу. Манай улс Зах зээл рүү хэзээ ч шилжиж чадахгүй байгаа нь үүнтэй холбоотой.

-Таны УИХ-ын гишүүн байхдаа сөрөг хүчний нэлээд эсэргүүцэлтэй тулгарч байж батлуулсан Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг их шүүмжлэх юм. Засгийн газар хэрэгжих хугацааг нь хойшлуулчихсан байснаа иргэдийн эсэргүүцэлтэй тулгараад үргэлжлүүлэхээр боллоо. Хүүхэд харах үйлчилгээ боловсрол олгох ёстой юу?

-Энэ үйлчилгээний гол зорилго бол хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол олгох биш. Зөвхөн хүүхдийн аюулгүй байдлыг хангах ёстой. Өнөөдөр хүүхэд гэртээ ганцаараа цоожлогдоод түймэрт өртчих вий, гадаа явж байгаад нохойд хазуулчих вий гэсэн болгоомж нийгэмд их бий. Ажил албатай эцэг, эхчүүд хүүхдүүдээ цоожлоод л явдаг. Хүүхдэдээ санаа зовсон аав, ээжүүд ажлаа амар тайван хийж чадахгүй. Энэ үйлчилгээнд 2-3 насны хүүхдүүд бүрэн хамрагдахад тохиромжтой юм. Харин дөрөв, таван настай хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулаад сургуулийн өмнөх боловсрол олгох нь зөв. Энэ хуулийн төслийг хойшлуулснаас болж нэлээд иргэдийн эсэргүүцэлтэй тулгарсан шүү. Ямартай ч төсөвт 5.8 тэрбум төгрөг суулгасан. Ер нь бол дэвшилттэй зүйлийг хэрэгжүүлж л байх ёстой.

-Хүүхдийн мөнгөний асуудлаар Үндсэн хуулийн Цэцэд хандсан гэл үү. Ямар үндэслэлээр гомдол гаргасан юм бэ?

-Манай үе үеийн Засгийн газар шийдвэр гаргагчид үнэт зүйлийнхээ дарааллыг буруу тогтоогоод байдаг. Хүний хөгжил рүүгээ хөрөнгө оруулалт хийхгүй бол Монгол Улсыг ирээдүйд хөгжинө гэж ярих ч хэрэггүй. Гэтэл гэр бүл, хүүхэд, тэдний эрүүл, аюулгүй байлгахад чиглэсэн хөрөнгө оруулалтуудыг хийдэггүй. Энэ бүгдийг хийхгүйгээр уул уурхай, байшин барилга бариад манай улс хөгжихгүй. Тиймээс би энэ байр сууриндаа хатуу зогсдог. МАН хүүхдийн мөнгийг ялгавартайгаар олгоно гээд шийдсэн. Хүүхдийн хорин мянга бол тэдний боловсрол, ирээдүйн хөгжилд зориулж анх олгож эхэлсэн Хүний хөгжил сангийн мөнгө. Тиймээс Хүний хөгжил сан бол өөрөө олговол бүх хүнд олгоно. Ингэхдээ бүгдэд тэгш олгоно гэсэн хуультай. Иймд МАН-ын шийдвэрийг эсэргүүцэж Үндсэн хуулийн Цэцэд хандсан.

Хүүхдийн мөнгийг ялгавартай олгох УИХ-ын 2016 оны есдүгээр сарын 7-ны өдрийн 38 дугаар тогтоол нь Үндсэн хуулийн 14, 16, 19 дүгээр зүйлийг тус тус зөрчсөн. Мөн Хүүхдийн эрхийн конвенцийн 1, хүүхдийн эрхийн тухай хуулийн 1 дүгээр бүлгийн гол гол заалтуудыг зөрчсөн. Энэ талаар ҮХЦ-д хандсан. УИХ-ын сонгуульд МАН “Хүүхдийн мөнгийг ялгаварлахгүй олгоно” гэж мөрийн хөтөлбөртөө тусгасан байсан. Гэтэл сонгууль дөнгөж өнгөрөөд амлалтаасаа ухарч байна. Нэгдүгээрт, ҮХ-д Монгол Улсын иргэнийг нас хүйс, шашин шүтлэг, үзэл бодлоор нь ялгаварлахыг хориглоно гэсэн байдаг. Хоёрдугаарт, Хүний хөгжил сангийн зорилго нь тэс өөр. Энэ бол халамжийн мөнгө биш. Халамжийн хууль ч биш. Уул уурхайн орлогоос иргэн бүрт тэгш хүртээх зорилгоор Хүний хөгжил сангийн хууль батлагдасан. Энэ хуульд амьжиргааны түвшний 1-10 дугаар түвшинд багтсан хүүхдүүдэд эхний ээлжинд мөнгө олгоно, дараагийнхад нь мөнгөтэй болохоороо олгоно гэсэн заалт байхгүй.

-МАН төрийн байгууллагад баруун, солгойгүй халаа сэлгээ хийж байна. Харин та дүүрэгтээ ямар байр суурийг баримтлах вэ?

-Сая Засгийн газар босоо бүтэцтэй байгууллагуудад халаа сэлгээ их хийж, олон хүнийг хоморголон халсан. Тэгэхээр Засаг дарга болоод энэ хүмүүсийг аль болох тогтвортой ажиллуулна. Төрийн алба бол тогтвортой мэргэшсэн байх ёстой. Тиймээс хүмүүсийнхээ ажлын байрыг тогтвортой хадгалж, тэднийг улам чадваржуулж, мэргэшүүлэх тал дээр ажиллана.

М.МӨНХЦЭЦЭГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *