Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэллээ.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа “Саяхан их хэмжээний малын махыг химийн бодист хийж хадгалж байсан үйлдвэрийн тухай хэвлэл мэдээллийг хэрэгслээр мэдээлсэн. Ийм үйлдлийг Эрүүгийн хуулиар шийтгэдэг болмоор байна. Яг үүнтэй холбоотой үйлдлийг Зөрчлийн хуулиар шийддэг юм байна. Зөвхөн хүний амь нас хохирсон тохиолдолд Эрүүгийн хуулийн дагуу шийтгэдэг. Хүний бүтээгдэхүүнд химийн бодис хольсон энэ тохиолдолд тэр дороо хүний амь нас хохирохгүй байж болох ч олон жилийн дараа хорт хавдар болно, ямар нэгэн байдлаар эрүүл мэндээрээ хохирно. Тийм учраас ийм үйлдлийг Эрүүгийн хуулиар шийтгэдэг болох ёстой.
Малын махыг химийн бодист хийсэн хүмүүст ял оноох ёстой. Бусдад нь сургамж болно.
Хоёрдугаарт, Европоос тэр дундаа Германаас хугацаа нь дууссан хүнсний бүтээгдэхүүн оруулж ирээд хугацааг нь өөрчилдөг бүлэглэл байна. Хувь хүмүүс, аж ахуйн нэгжүүд ч байна. Нэг агуулахад тухайн бүтээгдэхүүний үйлдвэрлэсэн он, сарыг засдаг. Энэ хүмүүсийг ч Эрүүгийн хуулиар шийтгэх ёстой. Ийм зүйлд оролцсон хэн болгоныг хатуу шийтгэхгүй бол бидний ходоод руу хор орж байна. Энэ саналыг би өөрөө боловсруулж, УИХ-д оруулна” гэлээ.