ШӨХТГ-ын дарга С.Мөнхчулуунтай ярилцлаа.
-Шатахууны импорт дээр шинэ зохицуулалт хийхээр хөдөлсөн гэж дууллаа. Зах зээлийн үнийн хувьд тогтворгүй байгаа. Ямар гарц зохицуулалт яригдчихав аа?
-Манайх хуулийн дагуу хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалж, шударга өрсөлдөөнийг дэмждэг, бий болгохын төлөө ажилладаг байгууллага. Шатахууны үнэ нэмэгдэж байгаа нөхцөл байдлыг харахаар импортлогч компаниуд нэг газраас оруулж ирдэг, нэг төмөр замаар тээвэрлэдэг. Энэ нь үнийн чөлөөт өрсөлдөөн бий болгох боломж хязгаарлагдмал. Тиймээс энэ салбарт лицензтэй байх ямар шаардлага байна вэ гэдэг үндэслэл гарч ирж байгаа юм. Мэдээж бид энэ асуудлаар нэг өдөр бодоод ярьчихаж байгаа зүйл биш. Бодлогын судалгааг хийж байна. Эцсийн судалгааны дүн хараахан гараагүй байна. Дүн гарсны дараа бид Засгийн газар болон бодлогын яаманд саналаа хүргүүлнэ.
Ер нь энэ салбарт өрсөлдөөнийг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай гэдэг нь харагдаж байгаа. Яахав, хэрэв тусгай зөвшөөрөл олгохгүй болчихвол хараа хяналтгүй болж, бүтээгдэхүүний чанар стандартын асуудал гэх мэтээр ярьж таарна. Гол нь судалгаагаар тусгай зөвшөөрөлгүй байх нь сөрөг үр дагаваргүй гэсэн дүгнэлт гарсан тохиолдолд саналаа хэлэлцүүлээд явна.
-Ямар хувилбарууд төлөвлөж байна вэ. Импортлогч компаниуд ОХУ-ын “Роснефть”-ээс шатахуунаа татдаг. Худалдан авагчаа олон болгох уу, импортлогчдоо нэмэх үү?
-Тусгай зөвшөөрөлгүй болж компаниуд өөрсдөө бизнесийнхээ зарчмаар оруулж ирдэг болчих юм бол дурын газраас авах боломжтой. Одоо ч гэсэн ингэж хэлдэг л дээ. Өрсөлдөөний орчин хязгаарлагдаагүй. 100 орчим аж ахуйн нэгжүүд лицензтэй байна гэх тайлбарыг мэргэжлийн яам болон бусад байгууллагууд ирүүлдэг. Яг судлаад үзэхээр тэр олон аж ахуйн нэгж нь 20, 30 болж үлддэг. Бүр цаашлаад тэдгээрийн зарим нь охин компаниуд болж, хоорондоо хамааралтай этгээдүүд болчихдог. Тэгэхээр энд чөлөөт өрсөлдөөн байх гэж харагдахгүй.
Түүнээс гадна “Роснефть”-ээс өөр газраас бензин шатахуун оруулж ирэхээр болдоггүй гэдэг. Энэ компаниуд урт хугацаандаа тухайн компанитай гэрээ байгуулчихсан, тэндээс аваад байдаг юм шиг байна. Гэтэл компаниуд хувийн хэрэгцээндээ юм уу худалдан борлуулахаар БНХАУ-аас болон ОХУ-ын наад талын захын хотуудаас авах боломж байгаа гэж харж байгаа. Дээр нь бензин шатахуун гэдэг бол мөнгөтэй компанийн хийдэг бизнес, тиймээс дурын хүн оруулж ирэх боломжгүй гэдэг яригддаг. Хэрэв бид лицензгүй болгочихвол ядаж л уул уурхайн томоохон компаниуд өөрсдийнхөө дотоодын хэрэгцээг шууд хангах боломж бүрдэнэ. Оюу толгой, Таван толгой гэх мэт. Бусад томоохон үйлдвэрүүд ч тэр, шууд өөрсдөө ОХУ, БНХАУ-тай гэрээ байгуулаад оруулаад ирэх юм бол тэдний үйл ажиллагааны зардал буурна. Тэр чинээгээрээ тэдний үйлдвэрлэж байгаа бараа бүтээгдэхүүний үнэ багасна. Тэгэхээр энэ шинэ зохицуулалт зөвхөн хэрэглээний шатахуунаар тогтохгүй үйлдвэрлэл, эдийн засагтаа ч тодорхой ач холбогдол үзүүлэх боломжтой гэж үзэж байгаа.
-Шатахуун импортлогчдын лоббиг та тооцоолж үзсэн үү. Тэд тийм ч амар байраа тавиад өгчихгүй болов уу?
-Тэд ч өмнө нь лицензгүй байгаад тусгай зөвшөөрөлтэй болчихсон. Тусгай зөвшөөрөл нь 50 сая төгрөгийн хураамжтай юм байна. Тэгэхээр тусгай зөвшөөрөлтэй хэдэн компани үйл ажиллагаа явуулаад тэр нь тодорхой үр дүнтэй биш байна гэдэг нь тодорхой байна. Үүнийгээ Засаг зохицуулж чадахгүй байна, зохицуулах боломжгүй байна. Нөхцөл байдал ч хүнд байна. Сая Засгийн газраас зохицуулах гэж нэлээд үзлээ. Онцгой албан татварыг нь тэглэлээ. Нэг түвшинд барих гэж үзлээ. Засгийн сайд нар хэлэлцээрүүд хийж байна. Тэгээд гарч байгаа үр дүн хангалттай биш. Гэтэл бензин шатахуун өргөн хэрэглээний барааны үнэд шууд нөлөөлдөг. Тиймээс энэ салбарт зайлшгүй өөрчлөлт хийх шаардлага байна.
-Эмээлт дээрх махны асуудал томоохон дуулиан тарилаа. Танайх ажилласан. Юу болоод өнгөрөв. Нэг мөр шийдэлтэй хариуг төр засгаас олон нийтэд өгөөгүй байх шүү?
-Махны асуудал дээр мэргэжлийн хяналтын байгууллага болон лабораториуд ажилласан. Ямар үр дүн гарсныг тэдгээр байгууллагууд олон нийтэд мэдээлэх болов уу.
Манай хувьд хэрэглэгчийн эрхийг хамгаалах үүднээс ажилласан. Гэтэл хэрэглэгч гэдэг субьект манай байгууллага, бидний мөрдлөг болгодог хуулин дээр тухайн бараа, ажил үйлчилгээ нь хэрэглэгч рүү очсон юм уу, хэрэглэгчийн гар дээр ирсэн, Монгол Улсад борлуулж худалдаалахаар бэлтгэсэн байх юм бол хамаардаг. Гэтэл тухайн асуудал дээр дулааны аргаар боловсруулсан махыг экспортод гаргахаар бэлтгэсэн байсан учраас манайд хамаарахгүй болж таарсан.
Гэхдээ үүний дараа Шадар сайдаар ахлуулсан ажлын хэсэг ажилласан. Махны эрүүл ахуй, аюулгүй байдал, мах боловсруулах тал дээр анхаарах, илүү сайжруулах ёстой гэдэг асуудал яригдаж мал, малын гаралтай бүтээгдэхүүний үйлдвэр үйлчилгээ, худалдан борлуулалтын техникийн зохицуулалт хийхийг Засгийн газраас даалгалаа. Энэ бол мах малчдын гар дээрээс хэрэглэгчдийн тавган дээр хүрэх хүртлээ эрүүл ахуйн ямар стандарт дарааллаар явах юм бэ гэдгийг зохицуулж өгөх техникийн зохицуулалт. Үүнийг ирэх есдүгээр сарын 1 гэхэд бэлэн болгож, мөрдүүл гэсэн үүргийг Шадар сайд холбогдох газруудад өгсөн. Муу зүйл сайн үр дагавартай гэдэг шиг сая өрнөсөн акцын үр дагавар гарч байна гэж ойлгож байгаа. Махны эрүүл, аюулгүй байдлын асуудал цэгцэрч байна гэсэн үг.
-Гэхдээ тухайн үед үйлдвэрт байсан махыг БНХАУ руу экспортлох зориулалттай байсан гэдэгт эргэлзээтэй байгаа. Сүүлийн гурван жил гадагшаа махны экспорт хийгдээгүй. Тэгэхээр энэ хугацаанд дотоодод нийлүүлж байсан юм биш үү гэх хардлага байна. Та бүхэн үүнийг эрх биш анхаарсан л байх?
-Хэрэглэгчийн эрхийг хамгаалах үүднээс яг л энэ ингэж хардаж шалгасан л даа. Гэхдээ шалгалтын дүнд үндэслэлгүй гэдэг тодорхой болсон. Учир нь хил гааль нээгдээд экспортын мах гарна гэдэг яриа гарснаар л тухайн үйлдвэрүүд махаа бэлтгэж эхэлсэн гэдэг нь тогтоогдсон. Ялангуяа дулааны аргаар болосвруулж байгаа ямааны махны өртөг гэхэд кг тутам нь 25-27 мянган төгрөг байсан.
Гэтэл манай дотоодод ямааны мах 8000-9000 төгрөгийн ханштай. Ийм ханштай махыг 28.000 төгрөгийн өртөг оруулж зарна гэдэг үндэслэлгүй. Түүнээс гадна Хятадын манайд тавьсан стандартын гэрээн дээр тэдэн градуст хөлдөөж хадгална гэснээс биш төдий хугацаанд хадгална гэсэн зүйл байгаагүй. Тэгээд л манайх бэлтгэсэн. Хил гааль хаагдсанаар махаа хөлдөөгчинд хадгалчихсан. Ингээд саяхнаас хил гааль нээгдэж, махны экспорт сэргэх шинжтэй болохоор бэлтгэж эхэлсэн юм байна. Дотоодод худалдаалагдаагүй гэдэгт бүрэн итгэлтэй байж болно.
– За ойлгомжтой. Нөөцийн махыг ч бас иймэрхүү байдлаар бэлтгэгддэг юм шиг нөхцөл байдал харагдаад явчихсан байх аа?
-Нөөцийн махан дээр хардах зүйл огт байхгүй. Зах дээр зарагдаж байгаа зоорины хөлдүү мах, нөөцийн мах хоёр яг ижил. Намар мал тарган, үнэ хямд байхад авч хадгалаад гүн хөлдөөгчинд хөлдөөн хавар гаргаж ирээд зарж байгаа л явдал. Нөөцийн гэдэг нэртэй л болохоос биш зооринд хадгалсан махнаас ялгаагүй.
-Хүнсний барааны үнийн өсөлт дээр танайх анхаарч байна уу. Нийгэмд бухимдал үүсгэж байгаа гол асуудлын нэг үнийн өсөлт болоод байна шүү дээ?
-Өнөөдөр /өчигдөр/ манайх хүнсний худалдааны бөөний төвүүд болон томоохон сүлжээ төвүүдийн эрхлэгчидтэй уулзлаа. Цагаан будаа, элсэн чихэр, есийн тос гэх мэт гол нэрийн барааны үнийн өсөлттэй холбоотой дүрэм журмыг танилцууллаа.
Импортын бараа бүтээгдэхүүн оруулж ирж байгаа аж ахуйн нэгжүүдтэй ХХААХҮЯ бодлогын гэрээ байгуулаад ажиллаж байгаа. Энэ гэрээгээр гаалийн татвараас чөлөөлж, хөнгөлөлттэй зээлийг олгож байгаа шүү дээ. Тийм учраас гэрээ байгуулснаас хойших хугацаанд аж ахуйн нэгжүүд үнэ өсгөхгүй байх ёстой. Энэ асуудлыг хүнсний худалдаа эрхлэгчдэд санууллаа. Мөн үнийн өсөлтийн цаана үгсэн хуйвалдах асуудал байгаа эсэхийг судалж байна.
Ер нь өнөөдрийн нөхцөл байдал бол захууд дээр бараа бүтээгдэхүүнийхээ үнэ ханшийг тодорхой тавьдаггүй. Энэ нь нэг талаас үнэ хаяг шошгыг тавих ёстой гэж хараад байдаг ч нөгөө талаасаа үнэ өсгөж байгаа өрсөлдөөний орчныг хяззгаарлаж байгаа хамгийн том асуудал. Та нэг зах руу орлоо гэхэд 10 худалдаачин зэрэгцээд суучихсан, барааны ижил үнэ тавьчихсан байвал хамгийн ойр, эсвэл хамгийн чанартайг нь харж байгаад аваад гарна. Гэтэл одоо бол бүгд үнэ тавьдаггүй, хүн очоод асуухад дурын үнэ хэлдэг. Иргэд маань зах бөөний төвүүд арай хямд гээд зорьж очиж худалдан авалт хийдэг. Гэтэл тэнд дураараа үнэ өсгөж тогтоогоод байвал эдийн засагт маш хортой.
Харин үнэ нь ил тод бол худалдаачид бараагаа хямдруулж эхэлнэ. Тэгж байж өрсөлдөөн үүсч, чөлөөт өрсөлдөөний орчин бий болно. Ийм орчныг заавал биелүүл гэдэг үүргийг өглөө. Хэрэв дараагийн удаа үнэ тавиагүй байвал шууд торгуулийн арга хэмжээ авна.
-Хамгийн сүүлд ариутгал нэрээр жолооч нараас мөнгө татдаг асуудал дээр танайх ажилласан гэсэн. Хэний ямар шийдвэрээр жолооч нараас мөнгө татдаг байсан хэрэг вэ?
-Манайд 22-ын товчооны цаана Эмээлт дээр Улаанбаатар хот руу орж ирж байгаа машинуудаас ариутгалын мөнгө гэж 1000 төгрөгийн хураамж аваад байна. Ариутгал нэртэй ч дугуй руу шүрсэн болоод л оруулаад байна гэх гомдол нэлээд их ирсэн. Нэг иргэн гэхэд гэр нь Эмээлтэд, ажил нь хотын төвд байдаг. Хот руу орж гарах бүрт хураамж төлдөг байсан гэх гомдол ч бий.
Би өөрөө Эмээлт дээр махны асуудлаар явж байхдаа ч харлаа. Ариутгагч манай машиныг ариутгаагүй, цайндаа орчихсон байж. Тэр хооронд нэлээд олон ачаатай, ачаагүй машин орж харагдана лээ. Ариутгагч нь хэзээ дуртай цагтаа гарч ирдэг юм байна. Гэтэл тэр хүнийг байхгүй байхад халдваргүйтэл хамаагүй болчихдог байж болохгүй.
Ингээд гомдлын дагуу шалгахад МЭЕГ-ын даргын ариутгал халдваргүйтэл хийх тушаалаар батлагдсан журамтай юм байна. Журамдаа мал болон малын гаралтай түүхий эд тээвэрлэж байгаа машиныг ариутгана гэсэн байсан. Гэтэл бүх машиныг ариутгадаг болж таарсан. Түүнээс гадна ХХААХҮ болон Сангийн сайдын хамтарсан тушаалаар 2021 онд баталсан халдвар хамгаалалтай холбоотойгоор ариутгал хийх журам байна. Малын гаралтай бараа бүтээгдэхүүн ачсан бараа, автомашиныг ариутгахдаа нэг м.кв-ыг 150 төгрөгөөр тооцно гэсэн байсан. Тэгэхээр жижиг тэрэг, том машиныг ариутгаж байгаа өртөг харилцан адилгүй гэсэн үг. Дээр нь ариутгалын зардлыг төр хариуцна гээд журамлачихсан. Ингээд улсаас гарах ёстой зардлыг иргэдийн халаасаас аваад байсан асуудал. Энэ бол шат шатандаа олон дүрэм журам зөрчсөн гэж үзсэн. Тиймээс МЭЕГ-т албан зөвлөмж хүргүүлээд байна. Хууль зөрчсөн албан тушаалтандаа хариуцлага тооцож, иргэдийг дахиж хохироохгүй байх талаар арга хэмжээ авахыг зөвлөсөн.
-Өрсөлдөөний тухай хуулийн төсөл боловсруулж байгаа гэв үү?
-Өрсөлдөөний тухай хуулинд орчин үеийн өөрчлөлтөд нийцсэн шинэчлэлт хийхээр ажиллаж байна. Түүнээс гадна Өрсөлдөөний хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллаж байхад үнийн өсөлттэй холбоотой тулгамдсан асуудлууд гарч байна л даа. Жишээ нь, Өрсөлдөөний тухай хуулийн 7.1.2-т давамгай байдалтай аж ахуйн нэгжүүд хэт өндөр үнэ тогтоохыг хориглоно гэсэн заалт байдаг. Гэтэл 7.2 дээр нь хэт өндөр үнийг тогтоох тухай журмыг олон улсын тэргүүн жишгийг баримтлан Засгийн газар батална гэчихсэн. Харамсалтай нь хууль батлагдсан 2010 оноос хойш өнөөдрийг хүртэл энэ журам нь батлагдаагүй. Яахав, тухайн үед төсөл боловсруулах оролдлого хийж байсан ч яваагүй. Тэгэхээр энэ журмыг зайлшгүй батлах шаардлагатай. Журам боловсруулах ажил үргэлжилж байна.
Сүүлд ломбардтай холбоотой гомдлууд олноор ирлээ. Ковидын тухай хуульд барьцаалан зээлдүүлэх байгууллагууд иргэдэд зээл олгохдоо гурван хувиас хэтрүүлэхгүй, алданги тооцохдоо 0.2 хувиас хэтрүүлэхгүй байна гэсэн заалттай. Гэтэл ломбардууд энэ хуулийг дагаж мөрдөөгүй. Шалгалт хийхэд 3.5-8 хувь хүртэл хүүтэй зээл олгодог, алдангиа өндөр тооцдог гэх зэргээр зөрчлүүд илэрсэн. Үүнтэй холбоотой албан шаардлагууд хүргүүлсэн. Давтан зөрчил гаргасанд нь торгуулийн арга хэмжээ авсан байгаа. Хэрэв зөрчлөө дахин гаргавал ломбардуудын үйл ажиллагааг зогсоох, тусгай зөвшөөрлийг цуцлуулах арга хэмжээ авна.