Categories
мэдээ цаг-үе

С.Мөнхбат: Хөшигийн хөндийд шинжлэх ухааны парк байгуулна

БСШУСЯ-ны Шинжлэх ухаан, технологийн бодлогын газрын дарга С.Мөнхбаттай ярилцлаа.


-Инноваци гэдгийг хүний тархины бүтээгдэхүүн гэж ойлгодог. Монголчууд бид байгалийн баялаг зэрэг бэлэн бүтээгдэхүүнээр улс орны хөгжлийг тодорхойлж ирсэн үе өнгөрч, инновацийн салбарыг хөгжүүлэхийг зорих болжээ.

-Инноваци гэдэг шинэ мэдлэг бүтээж, шинэ онол гаргах асуудал биш юм. Харин аливаа нэг зүйлийг шинэ арга барилаар хийхийг хэлж байгаа юм. Өөрөөр хэлбэл хуучин уламжлалт аргаар хийж ирсэн юмыг илүү хялбаршуулаад, цаг хуагцаа хөрөнгө мөнгө хэмнэх шинэ санаа шийдлийг олохыг инноваци гэдэг. Хуучин бол “шбос” буюу шинэ бүтээл оновчтой санал шүү дээ.Инновацийн тухай ойлголтыг нийгэм даяар мэддэг болж.

Үүний илрэл бол жил бүр зохион байгуулагддаг “Инновацийн долоо хоног” юм. Энэ ажил нь Монгол Улсад инновацийн тогтолцоог хөгжүүлэх эрх зүйн бодлого баримтуудыг хэрэгжүүлэх, үр дүнг нийтэд хүргэх сурталчлах зорилготой. Сүүлийн жилүүдэд УИХ, Засгийн газраас Монгол Улсад инновацийн тогтолцоог хөгжүүлэх, инновацийн тэргүүлэх чиглэлийг тодорхойлох чиглэлээр бодлогын томоохон алхмуудыг хийж эхэлсэн. Хууль, эрх зүйн орчны хувьд Шинжлэх ухааны технологийн тухай хууль, Инновацийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар хэлэлцэж байна. Засгийн газраас инновацийн тэргүүлэх чиглэлийг тодорхойлох журам, төрөөс шинжлэх ухаан технологи, инновацийн салбарын хүний нөөцийг хөгжүүлэх хөтөлбөр гээд томоохон бодлогын зорилтууд гаргачихсан ажиллаж байна.

-“Инновоцийн долоо хоног” арга хэмжээг хэрэгжүүлж эхлээд таван жил болжээ. Энэ хугацаанд инновацийн салбарт нэвтрүүлсэн шинэ бүтээл юу байв?

-Тухайлбал, өнгөрсөн онд шилдэг инновацийн бүтээгдэхүүн шалгаруулах журмыг БСШУСЯ-наас боловсруулж Засгийн газраар батлуулсан. Энэ журмын хүрээнд Монгол Улсын хамгийн шилдэг инновацийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, инновацийн шилдэг үйлчилгээ гэсэн хоёр номинацид шалгаруулалт явуулсан. Шилдэг бүтээгдэхүүнээр Мал эмнэлгийн хүрээлэнгийн малын шимэгч хорхойг устгадаг бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлснээр хүртсэн. Үйлчилгээний салбарын шилдэг бүтээгдэхүүнээр“Ай Түүлс” компанийн дата сервис шалгарсан. Өөрөөр хэлбэл, үндэсний хэмжээнд IT –гийн үйлчилгээ үзүүлдэг компани.

-Инноваци гэдэг нь заавал бүтээгдэхүүнийг нэрлэж байна уу?

-Инноваци гэхээр заавал бүтээгдэхүүн биш юм. Үйлчилгээ ч байж болно. Жишээ нь, төрийн үйлчмилгээг цахим хэлбэрт нэвтрүүлж байна. Энэ бол инноваци. Гаргаж байгаа бүтээгдэхүүнээ иргэдэд ойр болгох шинэ хэлбэрийг л хэлж байгаа юм. Одоо гэхэд Засгийн газар иргэн төвтэй үйлчилгээг зарлачихсан. Энэ хүрээнд төрийн үйлчилгээг иргэнд ойр, гэрээсээ сууж байгаад төрийн үйлчилгээг авчихдаг боломжуудыг олгох чиглэлд инновацийн шилдэг үйлчилгээ нэвтрүүлэхэд анхаарч ажиллана.

-Шинжлэх ухаан технологийн тухай хууль, Инновацийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл УИХ-аар хэлэлцэх шатандаа явж байна. Энэ хуулиудын гол үзэл санаа, энэ салбарт нэвтрэх шинэ ажил нь юу байгаа вэ?

-Нэмэлт өөрчлөлтийн гол зүйл бол нэгдүгээрт, инновацийн харилцааг бэхжүүлэхэд олон улсын түвшинд хэрэглэгддэг нэр томьёоны ойлголтыг нэг мөр энэ хуулиар цэгцэлж өгсөн. Хоёрт,инновацийн тогтолцоог бэхжүүлэхэд зөвхөн төр бодлого гаргаад зогсохгүй их дээд сургууль, хувийн хэвшлийн байгууллагуудын бодит оролцоог нэмэгдүүлнэ. Жишээ нь,инновацийг үйлдвэрлэж байгаа хувийн байгууллага гарааны компаниараа дамжуулаад бараа бүтээгдэхүүнээ зах зээлд гаргахдаа өөрсдөө хувьцааг гаргаад IPO босгож, санхүүжилт олох боломжийг энэ хуулиар зохицуулж өгч байна. Энэ мэтчлэн инновацийн тогтолцоонд оролцож байгаа талуудыг өргөн хэмжээнд оролцуулах тусам энэ тогтолцоо бэхжинэ гэж үзэж байгаа. Ингэснээр нийгэм эдийн засагт шинжлэх ухаан технологийн салбараас оруулах хувь нэмэр өсөн нэмэгдэнэ гэж харж байгаа.

-Энэ салбарыг хөгжилд хувь нэмэр оруулах бас нэг зүйл нь гадаад харилцаа болов уу. Инновацийн өндөр хөгжилтэй улс орнуудаас туршлага хуримтлуулахад хэр анхаарч байна вэ?

-Бид шинжлэх ухааныг инновациас салгах аргагүй, инновацийг шинжлэх ухаанаас салгаж болохгүй юм. Тэгэхээр хамтад нь авч үздэг. Шинжлэх ухаан технологи, инновацийн салбарын гадаад харилцаа хамтын ажиллагаа сүүлийн үед эрчимжиж байна. Бидний амьдарч байгаа эрин үед аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгалын тухай ярьж байна. Хүн төрөлхтөн хиймэл оюун бүтээж эхэлж байна. Шинжлэх ухаан технологийн ололт амжилт минут секундээр хэмжигдэж байна. Монголчууд энэ цаг үед хэрэглэгч эдийн засгаас бүтээгч эдийн засаг руу явахын тулд өрсөлдөх чадвартай капитал буюу хүний нөөцийг бий болгох явдал юм. Мэдлэг эзэмшэн,инновацийг амьдралд нэвтрүүлэх мэдлэгээрээ шинэ инноваци бүтээдэг хүнийг бий болгож байж Монгол Улсын өрсөлдөх чадвар дээшилнэ. Тэгэхээр энэ чиглэл рүү бид анхаарах ёстой. Энэ хүрээнд сүүлийн үед Засгийн газар шинжлэх ухаан технологи инновацийн салбарт зарцуулах төрийн дэмжлэгийг 2020 оноос нэмэгдүүлэх талаар Ерөнхий сайд Засгийн газрын гишүүд илэрхийлж байгаа. 2020 оноос төсвийн санхүүжилт нэмэгдвэл энэ салбарт ажиллаж байгаа эрдэм шинжилгээний байгууллага, эрдэмтэд маань илүү үр бүтээлтэй ажиллаж эхэлнэ. Үүнийг хөгжүүлэхэд хамгийн том хөшүүрэг нь санхүү байдаг. Гадаад хамтын ажиллагааны хүрээнд Японы Засгийн газар, Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк гээд олон улсын донор байгууллага, Засгийн газар хоорондын Оросын шинжлэх ухааны суурь шинжлэх ухааны сан, Хятадын шинжлэх ухааны сан, Солонгос, Японы сангуудтай хамтарч ажиллаж байна. Тэдэнтэй хамтарсан төсөл хэрэгжүүлж байна гэдэг хөгжингүй орнуудын шинэ төсөл шинэ инновацийг Монголд нутагшуулах, хамтарсан инноваци гаргах чиглэлээр манай эрдэмтэд амжилттай ажиллаж байгаа. Тийм ч учраас манай эрдэмтдийн олон улсад хэвлүүлсэн бүтээлийн тоо өсч байгаа.

-Тэгвэл энэ салбарт тулгамдаж байгаа асуудал юу байна вэ?

-Эрдэм шинжилгээ, судалгааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа судалгааны хүрээлэнгүүд, их дээд сургуулиуд, хувийн хэвшлийн дэргэдэх гарааны компаниуд, шинэ мэдлэг инновациудыг бий болгодог. Тэр шинэ мэдлэг, инновацийг хамгийн гол нь үйлдвэрлэлд нэвтрүүлэх асуудал тулгарч байна. Их дээд сургууль, эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдэд шинэ мэдлэг шинэ патент бойжиж бий болж байна. Түүнийг яаж үйлдвэрлэлд нэвтрүүлэх вэ гэдэг асуудал хамгийн тулгамдсан асуудал. Энэ дэд бүтцийг бий болгоход төр засаг, хувийн хэвшил, их дээд сургууль эрдэм шинжилгээний байгууллага яаж хамтарч ажиллах вэ гэдгийг энэ долоо хоногийн үйл ажиллагаа тодорхойлох юм.

-Тэгвэл энэ салбарын цаашдын хөгжлийг хэрхэн харж байгаа вэ?

-Бид нарт шинжлэх ухаан технологи инновацийн салбарыг хөгжүүлэх бодит төлөвлөгөө байгаа. Нэгд, эрх зүйн орчныг таатай болгочихъё. Ингэхээр манай эрдэм шинжилгээний байгууллага, гарааны компаниуд ажиллах таатай орчинтой болно. Монголчуудын потенциал өндөр. Тиймээс ирэх жилүүдэд шинжлэх ухааны паркийг байгуулахаар төлөвлөсөн. Паркийн тухай хууль санаачлан боловсруулж байна. Хууль батлагдчихвал шинжлэх ухааны парк байгуулах нөхцөл бүрдэнэ. Эхний ээлжинд парк байгуулах газраа БХБЯ, Төв аймгийн захиргаа, ЗТХЯ-тай ярьж байгаа. Шинээр баригдаж байгаа Хөшигийн хөндийд 500 га газрыг товлочихоод байна.БНХАУ-аас паркийн ТЭЗҮ боловсруулахад дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн. ГХЯ-аар дамжуулаад Хятадын тал руу хүсэлтээ хүргүүлчихсэн. Паркийг хөдөлгөчих юм бол Монгол Улсын шинжлэх ухаан инновацийн салбарт хамгийн том жинхэнэ оюунлаг бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхлэх юм.

-Хэр хэмжээний хөрөнгө шаардагдах вэ?

-ТЭЗҮ боловсруулах зардалд хоёр тэрбум орчим төгрөг орно. Том парк байгуулах ажилд 60 сая ам.долларын санхүүжилт шаардлагатай байгаа.

-Салбар бүрт парк байгуулах тухай манайхан ярьдаг. Ажил хэрэг болсон тохиолдол өнөөдөр хүртэл алга. Тэгэхээр ийм хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагатай паркийг барьж ашиглалтад оруулна гэдэгт эргэлзэж байна?

-Бидэнд ажиллах таатай орчин, хөшүүрэг хэрэгтэй байна. Манай эрдэмтэд чадалтай. Шинжлэх ухаан технологийн салбарт зарцуулах хөрөнгийг Засгийн газар болон УИХ-аас гаргасан тогтоолд ДНБ-ий нэг хувьд хүргэх зорилготой. Одоо бол 0.16 хувь л байгаа.

Б.ЭНХЗАЯА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *