Categories
мэдээ цаг-үе

С.Молор-Эрдэнэ: Ц.Гомбосүрэн та Чингис хааныг түүхийн ном, музейд нь үлдээгээд орчин үе, XXI зуунд хүрээд ир

Философич С.Молор-Эрдэнэтэй ярилцлаа.


-Манай сонинд нийтлэгдсэн “Чингис хаан эх орондоо юу ч бүтээгээгүй“ гэх гарчигтай ярилцлага тань шуугиан тарьсан шүү. Олон хүн үзэл бодлоо илэрхийлсэн?

-Тэгсэн үү.

-Тэгсэн.

-Би мэдээгүй шүү дээ. Фэйсбүүк хаягаас эхлүүлээд миний хамаг юм хаагдчихсан.

-Тэрэн дунд Ц.гомбосү-рэн гэдэг хүн таны ярилцлагатай санал нэгдэхгүй байгаагаа илэрхийлж манай сонинд томоохон нийтлэл хэвлүүлсэн. Та тэр нийтлэлийг харсан уу?

-Сая л гарчигласан төдий гүйлгэж харлаа. Ц.Гомбосүрэн гэж хэн юм бол. Санал гээд шууд тулгачихсан болохоор тэр нийтлэлийг унших ямар ч шаардлага байхгүй. Хоёрдугаарт, надад өөр чухал сайхан сайхан номууд байна. Миний амьдралын цаг бага. Тиймээс би цагаа хэрэгтэй, зөв, надад ухаан өгөх, оюуны таашаал өгөх тийм л зүйлсийг уншихад зориулна уу гэхээс ингэж санал нийлэхгүй байна, эсэргүүцэж байна гэж бичсэн нийтлэлийг унших ёстой ч биш. Хүн хэн нэгэнтэй санал нийлэхгүй байж болно. Надтай санал нийлэхгүй байгаа хүмүүс гадаа гудамжаар дүүрэн л алхаж байгаа. Тэр болгон ингэж Молор-Эрдэнэтэй санал нийлэхгүй байна гэж бичээд байх уу. Хэрвээ онол, философийн мэргэжлийн түвшинд надтай ярилцах гэж байгаа бол арай өөрөөр нэрлэх хэрэгтэй. Гарчиг нь ч өөр, бичиж байгаа хэлбэр нь ч өөр байх хэрэгтэй. Олон ургальч үзэлтэй ямар ч хамаагүй. Олон ургальч үзэл байж болохгүй юм байгаа юм. Хэрвээ монгол оронд бүгд олон ургальч үзэлтэй байвал бид хөгжихгүй. Бид нэгэнлэг үзэлтэй байж улс орон минь хөгжинө.

-Ц.гомбосүрэн гэх хүн таныг онол, түүх, улс төр, түүхийн талаар мэдлэггүйн дээр солиорч дэмийрч байна гэж бичсэн байна билээ. Тус бүрт нь дэд гарчиг өгч байгаад тодорхой жишээнүүд авч тайлбарласан байсан шүү?

-Би Германы Мюнхений их сургуульд философийн докторын цол хамгаалсан. Хэрвээ би дэмийрсэн бол Германы тэр их сургуулийг дэмийрсэн хүмүүсийг үйлдвэрлэдэг гэж хэлэх байх. Миний герман профессорыг бас дэмийрсэн гэх байх. Тэгэхээр би тэр хүмүүсийн нэрийг бодоод өөрийгөө хамгаална. Би дэмийрээгүй. Яагаад гэвэл би тэр хүмүүсийн заасан философийн докторын түвшиндээ номоо бичсэн. Би герман, англи хэл дээр ном уншдаг.

Би бүр хэд хэдэн удаа номуудаа тавьж байгаад you¬tube дээр ярилцлагаа оруулж байсан. Наад Ц.Гомбосүрэн гэдэг хүн чинь ямар хэлтэй юм, ямар ном уншсан юм. Англи хэл дээр ном уншдаг хүн юм уу, намайг шүүхээр, миний мэдлэгийг шалгахаар тийм олон гадаад хэл дээр өчнөөн мэргэжлийн ном уншсан олон улсын түвшинд ярьчихаар тийм хүн мөн үү, биш үү. Би олон улсын философийн хурал дээр илтгэл ч тавьдаг. Миний докторын ажил интернэтэд герман хэлээр байж л байгаа. Хэн ч ороод үзэж болно. Миний хоёр ч докторын ажил байгаа. Би чинь Германд хоёр ч докторын ажил хийсэн. Нөгөөтэйгүүр би чинь инженер техникийн мэргэжилтэй хүн. Тийм болохоор би яагаад ч дэмийрч чадахгүй л дээ. Дэмийрэх эрх ч байхгүй.

-Таныг Германчуудын “илгээлт”-ээр ирж энд Монголын үүх, түүх эзэн дээдсийг доромжилж байгаа. Тиймээс таныг ер нь Герман руу явж амьдар гэх утгатай зүйлийг бичсэн байна лээ?

-Ингэсэн бол энэ нийтлэлийг барьж аваачаад Гадаад харилцааны яаманд үзүүлэх хэрэгтэй. Германчууд бидэнд маш их тусалж байгаа, хоёр орны харилцаа сайжирч, манай маш олон залуус тэнд сурч байгаа. Доктор болох гээд олон залуу Германд байж байгаа. Энэ бүгдийг одоо тэгээд яахав. Энд байгаа германчуудыг яахав. Герман хүнтэй гэр болсон олон хүн байгаа. Германы Элчин сайдын яам, Германы олон байгууллага байна. Тэр бүгдийг үгүйсгэж байна шүү дээ. Энэ нийтлэлийг бичсэн хүн надаар далимдуулж Германы ард түмэн, Европын холбоог авч яваа, дэлхийн том том философичдыг төрүүлсэн Германыг доромжилж байна. Хэрвээ энэ хүн өөрөө филисофич хүн юм бол Германы Кант, Ницше нарыг хүндэтгэх ёстой. Тэгтэл тэгсэнгүй. Тэгэхээр наад хүн чинь философич хүн биш байна.

-Ер нь өвөг дээдсээ муухайгаар хэлж, үүх түүхээ дээдлээгүй хүнийг урвагч гэдэг. Тиймээс таныг урвагч гэж цохсон байна, уг нийтлэлд?

-Философич хүн ийм л байдаг. Философич хүн нийгмийг айхавтар гярхай харж, шүүмжилж бичдэг хүмүүс байхгүй юу. Ер нь аль ч улс оронд ийм хүмүүс байдаг л даа. Герман, Италийн алдартай философичид ийм замыг туулсан. Ярьсан хэлсэн нь таалагдаагүй хүмүүс гудамжинд чулуу шидэж, лекцийг нь сонссон оюутнууд нь шөнөөр очиж байшингийнх нь цонхийг хагалж дургүйцлээ илэрхийлж байсан гээд философичдод тохиолдсон хэцүү зүйл олон байдаг. Гэтэл одоо намайг тэгэхэд бэлэн болчихож. Миний фэйсбүүк сүүлдээ бүр болохоо байгаад тэгснээ ажиллагаагүй болчихсон. Цахим ертөнцөд над руу дайрсан хүмүүстэй ойрхон байвал намайг цохиод авахаар байсан шүү. Гэхдээ нөгөө талаар нэг зүйл байна. Би нэг найзтайгаа уулзахаар гудамжаар явахад над руу хүмүүс хараад байсан. Бүр айхавтар таньж байна. Хүмүүс над дээр ирээд үг хэлсэн. Хэлсэн үг нь нэг их айхавтар эсрэг байгаагүй шүү, “Ер нь л хэлэх хэрэгтэй шүү дээ”, “Чи харин ч зоригтой байгаарай” гэж намайг зоригжуулсан юм хэлж байсан. Би нийгэм, улс орныхоо эсрэг тийм ч их аюултай ноцтой буруу, эсрэг зүйл хэлээгүй л байхгүй юу, яг үнэнийг хэлэхэд. Яахав философичийн нүдээр харахад Улаанбаатар хот, өнөөдрийн Монгол орны хөгжил, эрх чөлөөт орчин үеийн амьдрал, бүгд байр, машинтай болчихлоо, гадаадад сурцгааж байна, олон улсын харилцаатай болчихлоо. Энэ сайхан орчин үеийн хөгжлийн суурийг хэн тавьсан юм бэ гэдгээ л асуух хэрэгтэй болчихсон байхгүй юу. Бид орчин үеийн амьдралд ороод ирчихсэн байж тэр 800 жилийн тэртээх Чингис хааныг яриад байвал эргээд бидэнд саад болж, биднийг хойшоо л татна. Бид урагш харж, улам л орчин үеийн болох ёстой байхгүй юу. Тэгтэл энэ мухар сүсэг, Чингис хаан, энэ шашны янз бүрийн юмнууд, ээж, аав, эмээ, өвөөгийн ламд очиж ном уншуулна гэдэг зүйл хэцүү болоод байна. Одоо шалгалт дөхөөд ирсэн чинь МУИС, ШУТИС-аар дүүрэн ламд ном уншуулсан оюутнууд. Ламаас “Би шалгалтдаа тэнцэх болов уу”, “Дипломын ажил маань сайн дүн авах нь уу” гээд л асуух нь өөрийнхөө хүчинд итгэхгүй , өөрийнхөө чадалд итгэхгүй, цаанаасаа зурсан хувь тавилан, зураг төөрөгтөө итгэхгүй, ламаар ном уншуулбал шалтгалтдаа тэнцчихнэ гэсэн ийм орчин үеийн биш өнөө л арчаагүй, эртний хоцрогдсон амьдралдаа хорогдоод байгааг нь харахаар философич хүний хувьд шүүмжлэлтэй л байдаг юм.

-Таныг Солонгост очоод тасалбартай лекц тавихад хүмүүс ирж үзээгүй учир түүнд бухимдаад монголчуудыг доромжилсон юм ярилаа гэсэн байна лээ?

-Би БНСУ-д очиж лекц тавьсан. Олон хүн ирж суусан. Интернэтэд уг лекцийн үеэр авсан зураг хөрөг дүүрэн байгаа. Харж болно.

-“Чингисийн этик” ном тань амжилтад хүрээгүй учир хорсож хонзогносондоо ингэж Чингис хаан, эх түүхээ доромжилдог гэжээ, бас?

-“Чингисийн этик” чинь 2012 оны ном байхгүй юу. Таван жилийн турш хорсож хонзогноно гэдэг чинь бас л удаан хугацаа биз. Энэ номд би юу гэж бичсэн бэ гэхээр “Ард түмнийг хоол ундтай, байр орон сууцтай, мэргэжил мэдлэгтэй болгож, авч явах тийм хүн чанартай, сэтгэлийн тэнхээтэй төрийн удирдагч хэрэгтэй” гэсэн. Бүр ингэж байгаа юм. “Ганзагын наймаанаас өгсүүлээд Өмнөд Солонгосын хар ажилчин болох хүртлээ монгол хүн эзэнгүй явна гэдэг ямар их түүхийн завхрал вэ” гэж. Намайг Солонгост очиход тэнд ажилладаг монголчууд надтай ирж уулзсан. Манай монголчууд хүнд ажил хийдэг. Тэр ажилд бараг монгол хүнийг л ажиллуулдаг гэсэн. Өөр орны хүмүүсийг ажиллуулахаар өнөөдүүл нь чаддаггүй гэж байгаа юм. Монголчууд минь ийм болчлоо, удирдагч маань хаана байна вэ гэж би асуугаад байгаа байхгүй юу. “Чингисийг шүтэхдээ эсвэл магтахдаа биш. Чингис шиг эрхэм хүн яаж болох вэ гэдэг л чухал” гээд эрхэм хүн болохын хэд хэдэн шинжийг уг номондоо дурдсан. Үүнд шулуун зан, гүргэр ааш, шударга ёс, хүн хүндээ тусч, нийтэч, шуналтай биш, эвтэй, тэгэхдээ амбийцтай, хатуужилтай байдаг ийм л удирдагч бидэнд хэрэгтэй гэдгийг бичсэн юм. Түүнээс биш энд математик, физикийн мэргэжилтэй хүн гэж бичээгүй. XXI зууны монголчуудад бүгдийг тунгаан бодох хариуцлагатай цаг ирсэн. Гэтэл миний ярилцлагын эсрэг нийтлэл бичсэн энэ хүн хариуцлагатай цаг ирчихээд байхад тэрийг ухаарахгүй байна шүү дээ. Хуучнаараа байгаад байна. Би бол шинэ үеийн сэхээтэн. Шинэ үеийн сэхээтнийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Шинэ үеийн сэхээтэн айхавтар хурц үг хэлнэ. Номтой, ардаа хамгаалах сургуультай. Өнөөдөр бидэнд нийгэм, улс төрийн онол хэрэгтэй болоод байна. Социализм гээд болсонгүй, ардчилал гээд бүр болсонгүй, баларлаа шүү дээ. Тэгэхээр одоо бид энэ дэлхийн бүх онолыг уншиж байгаад өөрсдөдөө таарсан изм-тэй болох хэрэгтэй байна. Тэр измээрээ явах хэрэгтэй гэдгийг л би яриад байгаа юм. Изм нь ямар ч байсан Чингис байхаас өөр аргагүй юм байна гэдэг рүү явсан. Гэхдээ нэг хүнийг бариад байх хэцүү гэдэг нь харагдсан. Гадны зарим оронд очиход Чингист дургүй байна ш дээ. Манай номын санг шатаасан гэж гомдоллодог. Эх орондоо номын сан барьж бүтээхийнхээ оронд хүний номын санг шатааж явсан тэр хүмүүсийг бид одоо улаан цайм хамгаалаад байж болохгүй шүү дээ. Дэлхийн түүх гэдэг чинь хоорондоо уялдаатай байдаг. Нэг ард түмний тусдаа түүх гэж байдаггүй байхгүй юу. Бид Монголын түүхийг ярихын тулд Хятад, Араб, Түвд, Оросын түүхийг ярихаас өөр аргагүй. Орос түүхээ яривал Монгол, Хятад, Европыг ярихаас өөр арга байхгүй. Хятад түүхээ яривал Азийн орнууд, Япон, Солонгосыг ярихаас өөр боломжгүй. Тиймээс ганцаараа түүхтэй орон гэж байхгүй.

-Сэтгэлгүй хүн л Чингис хаан, түүхээ муулдаг. Тиймээс таныг ямар ч сэтгэлгүй муу хүн гэсэн байна?

-Сэтгэлгүй байсан бол ийм юм бичихгүй, ингэж явах ч үгүй. Би маш их тэнхээтэй хүн. Энэ бүхний эсрэг бид хөгжих ёстой, урагшлах ёстой шүү. Дэмий, хоцрогдсон, хойно үлдсэн, мухар сүсгийн, түүх гэж нэрлэсэн зохиомол номноосоо салах ёстой. Шинэ замд гарах цаг нь болчихсон. Энэ зуунд бүгд ирэх ёстой. Гэтэл энэ хүн яагаад энэ зуунд ирэхгүй байгаа юм. Яагаад татгалзаад байгаа юм. Яагаад орчин үеэс татгалзаад байгаа юм.

Шинэ үеийн залуучууд энэ хүний нийтлэлийг уншаад дотор муухай оргино. Уг нь ийм хүмүүс шинэ үеийн хүмүүсээ, шинэ хөгжил рүү явж байгаа үеэ дэмжиж хамтарч хамт явах хэрэгтэй. Би энэ Ц.Гомбосүрэн гэдэг хүний бичсэн юмыг ойлгохгүй л байна. Яагаад ийм юм бичсэн юм бол. Би Чингисийг муулаагүй. Харин түүний талаар юу гэж бичсэн бэ гэхээр бүгд л Чингис, Чингис гэх юм. Хаа л бол хөшөө босгохоор Чингис, зураг зурахаараа Чингис, архи үйдвэрлэхээрээ Чингис. Нэг үндэстэн, тодорхой ард түмэн нэг л хүний нэрээр хоол олж идэх гээд байгаа юм уу. Өөрсдөө хоол олж идэж чадахгүй юу. Өөрсдөө хөгжөөд явчихаж чадахгүй юу. Чингисийг түүхийн ном, музейд нь үлдээчих. ХXI зууны монголчууд арай өөр. Энэ зуундаа хүрээд ирцгээ. Таны тэр үе тэр үедээ л байсан. Өнөөдөр цаг үе, шаардлага өөр. Тиймээс үүндээ нийцсэн, таарсан, ухаантай хөгжилтэй болох ёстой. Хүн бүр хөгжих ёстой. Бидэнд эзэн ч хэрэггүй.

-Бусдаас өөрөөр сэтгэж, өөрийгөө илэрхийлж, үзэл бодлоо хэнээс ч айлгүй хэлсэн рүүгээ ноход шиг боорлодог цаг үед бид амьдарч байна. Та үүнийг биеэрээ мэдэрч яваа?

-Үргэлж.

-Энэ бүхнийг та философи талаас нь тайлбарлахгүй юу. Нэгэн рүүгээ ингэж хайр найргүй дайрдаг нь сайн юмны илрэл биш болов уу. Яачихсан нийгэм юм бэ?

-Яачихсан нийгэм юм бэ гэдэгтээ ч биш. Бид ерөөсөө боловсрол гэдэг юмыг устгачихсан. Диплом авахад дэндүү амархан. Диплом өгч байгаа нь багш нь ч боловсролтой биш. Хэн нь мэдэгдэхгүй хүн надад зориулж доромжилсон нийтлэл бичээд сууж байна. Яг л ийм байна. Энэ бол Монгол. Өнөөдрийн Монгол яг л ийм байгаа. Хүн шинэ юм, хэрэгтэй юм, өөр юм ярихаар шууд л солиотой, галзуу өвчтэй гэдэг. Сүүл рүүгээ намайг урвагч гэж байна. Намайг Монголын нутгаас бараг хөөж гаргах нь байна шүү. Миний эх нутагтаа эрх чөлөөтэйгээр амьдрах эрх минь зөрчигдөж эхэлж байна. Ийм юм бичиж байгаа хүнийг би бараг шүүхэд өгөх нь байна шүү. Энэ хүн намайг урвагч гэлээ. Энэ үгийг чинь хүн болгон хэлээд байдаггүй. Энэ нийтлэлээр шүүхэд гомдол гаргах бүрэн боломжтой. Миний нэр төрд халдаж, дайрч доромжилсон байна. Хэрвээ намайг автобусанд хэн нэгэн ингэж доромжилсон бол хэцүү. Би гэрч хайгаад гүйнэ. Харин энэ нийтлэл бичсэн хүнийг олоод өгнө. Өөрийгөө бариад өгчихөж байна. Энэ бүхэн чинь боловсрол үгүйлэгдэж байгаагийн шинж. Боловсролыг социализмын юм гээд ойлгочихсон. Уул нь социализмын юм биш байхгүй юу.

Хүн төрөлхтөний юм. Дипломыг бид дэндүү амархан авчихдаг. Их сургуулиа төгслөө гээд талбай дээр баяраа тэмдэглэж байгаа залуус юу сурсан гэж баярлаж байгаа билээ. МУИС-ийг төгсч байгаа хүн сэхээтэн мөн үү. Уул нь энэ сургуулиас сэхээтэн төрөх ёстой, тийм биз дээ. Гэтэл манайд сэхээтэнтэй болох боломж алга. Сэхээтний давхарга байхгүй. 1960, 1970-аад оны үед хэдхэн сэхээтэнтэй байсан. Сэхээтэн, хэлж өгөх, зааж өгөх хүнгүй болчихсон. Юу нь болохгүй байна, бүтэхгүй байна гээд асуух гэхээр өнөө л хэд. Мухар сүсэгтэй, эсвэл худлаа яруу найрагчид, эсхүл улстөрийн намын лобби ч юм уу тийм л хүмүүсээс очиж асуугаад байгаа юм. Олон нийтийн сэхээтэн гэж гоё үг бий. Би чинь чөлөөт философич хүн учраас ардаа хэн ч байхгүй. Энэ чинь надаас авах нэг гоё юм байхгүй юу (инээв). Фиоософич хүн хэлэх ёстойгоо хэлнэ. Энэ миний үүрэг. Олон нийтийн сэхээтэн, нийгмийн сэхээтэн хүний үүрэг бол үргэлж хэлж байх ёстой. Хэлж бай гэж надад хэл заяасан. Тийм учраас би хэлэх л ёстой. Хэлэхдээ би онолтой, номтой л хэлнэ. Сэтгэлийн хөдлөлдөө автаад хашгирчихаж байгаа юм биш шүү дээ.

-Таныг эсэргүүцэж байгаа энэ мэт хэсэг байгаа ч эергээр хүлээж аваад дэмжиж байгаа хүмүүс байна. “Бид хэтэрхий туйлширчихсан байна. Энэ хүн юмыг арай өөрөөр хараасай гэсэндээ ингэж ухаалаг ярьж байна” гэж өмөөрөад “Ганц Молор-Эрдэнэ багадаад байна. Дахиад түүн шиг хоёр гурван хүн гарч ирээд монголчуудыг сэрээх хэрэгтэй” гэсэн сэтгэгдэл, пост их харагдлаа.

-Яг үнэн. Үүн шиг үнэн юм байхгүй. Би түрүүлж гарч ирсэнээрээ маш их эрсдэл үзэж байгаа. Дараагийн хүмүүс ийм юм үзэхгүй л дээ. Тэд бөөн баяр болно. Хамаг юмыг нь би цээжээрээ хамгаалчихсан юм чинь. Дараагийн үе, шинэ үеийн залуус ёстой азтай. Над шиг ийм юм үзэхгүй. Монголын нийгэмд голидролдоо орох гээд худлаа, буруу, сонин юм дуусч байгаа гэдэг нь энэ бүхнээс харагдаж байгаа юм. Хүмүүс намайг ухаалаг гэж харж, миний талд хүмүүс орж байна гэдэг чинь хүний үгийг даган гүйдэг, өөрийн гэсэн бодолгүй, айхавтар сэтгэлийн хөдөлгөөнтэй, юм л бол Чингис ярьдаг, нэг л их түүхээрээ бахархаад байдаг яг үнэндээ юугаараа ч бахархаад байгаагаа мэдэхгүй бахархлуудтай тэр үе үүгээр дуусгавар болж байгаа байхгүй юу. Та бүхэнд яваандаа мэдэгдэнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *