Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

С.Молор-Эрдэнэ: Монголчууд бол шилжилтийн нас руугаа очиж чадаагүй хүүхдээрээ хүмүүс DNN.mn

>> Төгсгөл. Түрүүч нь №075(7195) дугаарт >>

Философич С.Молор-Эрдэнэтэй ярилцлаа.


-Хэзээ монголчууд нэгдэх юм бэ?

-Манай төр философийг хүлээн авч, хүлээн зөвшөөрч сонсдог болсон үед. Дэлхийн хүн төрөлхтний түүхийг харахад ямар ч хаан, ямар ч төр хажуудаа дандаа философитой явж байгаа шүү дээ. Хятад Күнзтэй, Орос, Герман өнөө том философичид, философитой. Грек, Энэтхэгийн том философичид байна. Дандаа хажуудаа философичидтой явж байгаа. Манайд тийм юм байхгүй.
-Манайд бол философичдын орон тоонд инфлүүсер, цүнх баригчид байдаг биш үү?
-Инфлүүсер гэж дээ, хөөрхий зайлуул. Яагаад төрийн дэргэд философи, философичид хэрэгтэй гэвэл философи хамгийн түрүүнд “Хүний ухаан гэж юу юм бэ” гэж асуудаг. Дараа нь “Хүн гэж юу юм бэ” гэж асуудаг. Энэ хоёрыг л асуудаг. Дээр дурдсан ард түмнүүд энэ хоёр асуултыг асуугаад философи, шашин болоод явчихсан юм.
Өнөөдөр би Монгол Улсад юу асуугаад байгаа юм. Хүн гэж эцсийн эцэст хэн юм бэ гэдгийг гаргаж ирж байна шүү дээ, философийн түвшинд. Номуудад бүгдийг нь бичсэн. Хүн гэж ийм юм байдаг юм, энийг хүн гэдэг юм байна, хүн гэдэг бэлэн биш. Төрөөд л хүн болчихдоггүй. Бүх философичид “Хүн бол хүн биш шүү, төрөнгүүт нь хүн гэж ойлгож болохгүй шүү. Хүн болгохын тулд маш их ажил хэрэгтэй” гэдэг.
-Тийм.
-Шууд хүн болохгүй. Ихэнх нь бүтэлгүйтнэ. Нөгөө талдаа “Хүн болоход ийм ийм юм хэрэгтэй” гээд жагсаалт гаргачихсан байна шүү дээ. Барууны орнуудын Библь, Арабуудын Коран, Хятадын Даозм. Бүх ард түмнүүд өөр өөрийн хүн болгодог том том материалуудтай, дэвтэр номуудтай. Тэрнээс биш шашин шүтлэг, мухар сүсгийн юм биш. Бүхэл бүтэн олон зуун жилийн үйл ажиллагаа. Тэр чинь бидэнд байхгүй.

-Одоо бид яах ёстой вэ?
-Хүн гэдэг бол бүтэхгүй ээ. Хүн болох ёстой. Монгол хүн гэж хэн бэ. Монгол хүний таван онцлогийг би гаргаж ирчихээд байгаа. Монгол хүнийг яаж хүн болгох юм. Тэр патент хаана байна вэ.
-Хаана байгаа вэ?
-Байхгүй шүү дээ. Яг л хүүхэд насных шиг уурласан бол уурласан, баярласан бол баярласан тэр бүх сэтгэл хөдлөл нь хэвээрээ. Засагдаагүй. Залруулагдаагүй. Яг хэвээрээ. Уурлавал уурлачихна. Баярлавал баярлачихна. Уйлбал уйлчихна, хүн цохиод авбал цохиод авчихна. Дур тачаал нь хөдөлбөл хөдөлчихнө.
-Монгол хүн чинь хүүхэд шиг юм биш үү?
-Хүүхдээрээ. Шилжилтийн нас руугаа очиж чадаагүй. Шилжилтийн нас руугаа очих нь бүтэлгүйтсэн. Тийм учраас насанд хүрсэн хойно нь шилжилтийн нас нь явагддаг. Дөч хүрээд, тавь хүрээд. Одоо л нэг 15, 16 нас хүрч байгаа байхгүй юу.
-Санал нэг байна.
-Энэ олон философичдын номыг олон жил уншаад өдөр болгон уншаад, өдөр болгон энэ тухай бодож байгаа шүү дээ. Хэнээс ч цалин авахгүйгээр. Тэгээд бод доо чи. Хэнээс ч цалин авахгүйгээр шүү. Зөвхөн энэ улс орон, ард түмэнд ямар философи хэрэгтэй вэ гэдгийг бодоод байна. Өнөөдөр, маргааш гаргаад ирчихдэг математикийн томьёо биш байхгүй юу.
-Та “Хүн стресстэй байх тусмаа сайн” гэсэн?
-Маш сайн. Стресстэй байх тусмаа их ажил бүтээдэг. Тайван, амар амгалан байна гэвэл XXI зуунд баларна. Нэг өдөр гэрээсээ гарахгүй тайван байя гэвэл баларна шүү дээ. Сайндаа үдээс өмнө байж болох юм. Уул нь юу ч хийхгүй, бүх юмаа унтраагаад тайван суух хэрэгтэй л дээ. Тэрийг чинь бид бясалгал гэж нэрлээд байгаа шүү дээ. Уг нь хэрэгтэй. Энэ их хурдтай ч юм шиг явагдаад байгаа хурднаас хажуу тийш гараад амсхийгээд паузлаад буцаад хөдөлгөөн рүү орж байвал их хэрэгтэй. Тэгэхдээ боломжгүй. Яаж эвийг нь олох вэ. Би бол ороод гараад, ороод гараад байдаг. Надад асуудал байхгүй. Би чинь философич хүн. Би ямар улстөрч биш, компанийн босс биш, лам биш.
-Монголчууд оюуны дархлаагүй болохоороо сошиалд живчихлээ. Фэйсбүүк дотор амьдарч байна?
-Сошиал яг архитай адил донтуулдаг.
-Таны номд ч энэ талаар дурдсан байдаг. Монголчууд фэйсбүүкийн группүүдийн хэмжээнд л сэтгэж байна?
-Bubble буюу бөмбөлөг гэдэг чинь явж байгаа байхгүй юу. Зөвхөн бөмбөлөг дотор, бөмбөлгөөсөө гарч чаддаггүй. Бөмбөлөгт нь интернэтээс л мэдээлэл ордог, бодит амьдралаас мэдээлэл орохыг хаачихсан. Тэгэхээр монголчууд бодит амьдралаас тасарчихсан. Бодит амьдрал чинь хүнд амтагдана, сонсогдоно, харагдана. Сошиал медиа зөвхөн харах эрхтэн дээр л ажиллаж байгаа байхгүй юу. Өглөөнөөс орой болтол нүд чинь зогсоо зайгүй зураг харж байна. Ямар зураг харж байна вэ, өглөөнөөс орой хүртэл. Харсан зургуудынх нь сэдэв юу вэ тэрийг нь гаргаж ирэх хэрэгтэй. Тэр хүмүүс ямар сэдвээр зураг хараад байна вэ. Хүний зураг уу, юуны зураг вэ, юу хараад байна вэ. Үүнийг судалдаг социологи, нийгэм судлал, психологи, сэтгэл судлалын салбар байхгүй.

-Монголчуудын шэйрлэж, чухал гэж тоож байгаа юмсыг ерөнхийд нь харахаар хэний ч юм хэлсэн “Бүсгүй хүнийг хайрла, бурхан хүртэл шунадаг” ч гэх шиг. Эсхүл “Эмэгтэй хүнийг л хайрла”, “Эр сайн бол эм сайн зүстэй”, “Эр хүн гэж…”, “…тийм л хүнийг эр хүн гэнэ”, “Ээжийгээ л хайрла”… гэсэн үгс байх юм?
-Би хэлж байна шүү дээ. Монголчууд чинь хүүхэд насгүй, хүүхэд нас нь бүтэн бүрэн явагддаггүй байхгүй юу. Хүүхэд насны сэтгэлийн маш их зүсэлт, цууралттай, сорвитой учраас тэрийгээ үргэлж үгүйлж, сошиал медиад тэрийгээ дандаа илэрхийлж явдаг. Өөрөөр хэлбэл, маш их эрт гэр орон, ээж аав, хүүхэд насандаа ээжтэйгээ харьцаж байсан жинхэнэ харьцаа явагдахгүйгээр гэрээсээ гараад амьдрал руу чулуудагддаг. Тэгэхээр хүүхэд байхдаа харьцах ёстой байсан ээж, тэр бүх нутаг ус, тэр бүгдээсээ зүй ёсоор хагацаагүй байхгүй юу. Ээж нь “За, одоо яв. Юм үз. Намайг март” гэх ёстой. Тэгэхгүй яагаад ч юм явчихсан. “Үгүй ээ, би ээждээ баяртай гэж хэлээгүй юм байна шүү дээ”, “Би чинь аавтайгаа юм ярьж үзээгүй юм байна шүү дээ” гэдэг. Тэр бүгд нь дотор нь яваад байгаа учраас караоке руу ороод л нэл ээж, аавын тухай дуу дуулчихдаг. Тэр чинь хүүхэд нас нь олигтой, бүтэлтэй явагдаагүйн шинж байхгүй юу. Хүүхэд нас нь бүтэлтэй явсан хүмүүс хэзээ ч караокед аав, ээжийн тухай дуулахгүй.
-Тийм учиртай байжээ.
-Өө тийм. Психологи нь ямар ч асуудалгүй хүмүүс тэгж уул муул, нутаг мутаг, нуур муурын тухай хачин хачин дуу дуулдаггүй. Тэр чинь дандаа психологийн юмнууд нь ил гарч ирээд байгаа байхгүй юу. Чи караокед хэн нэгэн аавын тухай дуулаад эхэлбэл “Хөөрхий амьтан, аавын асуудалтай байжээ”, ээжийн тухай дуулаад байвал “Хөөрхий дөө, ээжтэйгээ хэцүү байж дээ. Тэрийгээ л санагалзаад байгаа юм байна” гэж бод. Хүн чинь тэр чигээрээ психологийн сав шүү дээ (инээв).
-Төрийн гурван өндөрлөг ч бил үү, тэр хавийнхан. Эсвэл соёл боловсрол хариуцдаг яамныхан тантай нэг удаа ч болов уулзаж, ярилцаж зөвлөгөө авч байсан уу?
-Зөвлөгөө авч, уулзах түвшинд очих арай болоогүй. Философи гэдэг юмыг, намайг үнэлнэ гэдэг бол бас нэг жаахан юм уншсан, жаахан сүрхий болчихсон байх ёстой. Надаас доогуур хүн намайг магтаж үнэлж чадахгүй. Надаас дээгүүр хүн эсвэл надтай ойролцоо хүн л миний юу чаддагийг үнэлж чадна (инээв).
-Уншигчдаас сүүлийн нэг жилийн хугацаанд “Философич Молор-Эрдэнэтэй дахиж ярилцлага хийж өгнө үү” гэсэн хүсэлт хэд хэд ирсэн. Хүмүүс та бид хоёрын өмнөх ярилцлагуудыг ухаж гаргаж ирээд уншаад байдаг бололтой. Энэ яаж байна гэсэн үг вэ?
-Гэгээрч байна, боловсорч байна. Тэр хүнд хөгжил, дэвшил явагдаж байна. Өөрийгөө өөрчлөх гэсэн зоригтой байна. Ямар ч байсан дутагдаж явсан, хэлчихмээр санагдсан, сэтгэлд нь явдаг тэр бүгдийг үг болгоод, өгүүлбэр болгоод хэлчихэж байна шүү дээ. Ер нь философич хүний онцлог тэр байдаг. Тэр их асуудлуудыг хүн хэлэх гээд чаддаггүй, үг болгох гээд чаддаггүй, өгүүлбэр болгох гээд чаддаггүй, хэлэхээсээ жаахан айдаг юм уу, ичдэг юм уу. Тэр юмыг чинь философич хүн сайхан багцлаад өгүүлбэр болгоод “Май уншина уу” гээд өгөөд байна шүү дээ. “Энэ л байсан байхгүй юу, чиний асуудал. Май”. Олон мянган жил энэ философичид ийм л ажил хийж ирсэн.

-Анх тантай уулзахдаа “Монголчууд бид Чингисийн үеэс мөнх хөх тэнгэрийн шүтлэгтэй, аугаа философитой ард түмэн” гэж асуутал та “Монголчууд философигүй” гэсэн нь тухайн үедээ нийгмийг бухимдуулж, маш их шүүмжлэл сонссон л доо.

-Тэгсэн шүү дээ.

-Бодоод байсан чинь философигүй л ард түмэн юм билээ?
-Байхгүй. Zero.
-Гэтэл нутаг нутагт нэг тийм өндөр хөх өвгөд байдаг даа. Гэрийнхээ гадаа гаансаа нэрээд л алсын барааг ширтээд суудаг. Нэг нүдний дурангаар юуг ч юм дурандаад л. Барагтай бол юм дуугарахгүй. Харин дуугарахаар бол жинтэй, цөөн үг унагана. Тэд л философичид байсан юм биш үү?
-Амьдралын эцэст оччихсон. Ерөнхийдөө бас нэг дүгнэлт явж байгаа юм. Би амьдарчихав уу даа, миний амьдрал ямар байв, эцсийн эцэст амьдрал гэж юу юм, үнэн худал, зөв буруу, сайн муу гэх мэтчилэн бодож, амьдралын эцэст цэцэн болж эхэлж байгаа юм. Wisdom гэдэг шүү дээ. Wiseman гэдэг шиг цэцэн болж эхэлж байгаа юм.

Грекийн “Минерва” буюу шар шувуу гэдэг үг байдаг л даа. Шар шувуу орой нисдэг. Өдөр бүх юм дууссан хойно шар шувуу нисээд юу болчихов, яачихав гэдэг. Яг тэрэнтэй адилхан. Зөв л дөө. Тэгж бодож суухдаа харамсах ч юм уу, тэгдэг байж, ингэдэг байж гэвэл ёстой тэнэглэл. Өнгөрсөн бол өнгөрсөн. Өнгөрсөнтэй зууралдаад хэрэггүй юм байгаа юм. Хувь хүн бол өнгөрсөнтэй зууралдах хэрэггүй. Яагаад вэ гэвэл хувь хүний амьдрал зөвхөн өөрөөс хамаардаггүй. 50 хувь л өөрөөс хамаардаг. 50 хувь нь гаднаас хамааралтай. Гадны юмыг хувь хүн зохицуулж янзлах боломжгүй. Ямар нэгэн байдлаар гаднаас хамааралтайгаар амьдрахаас өөр аргагүй. Нийгмээс бид хамааралтай. Нийгмээс болж бид дургүй юмаа хийдэг. Өөр арга байхгүй. Хүний нийгэм чинь ийм байдаг. Тийм учраас ёс суртахуун гэдэг юм чинь байдаг. Өөрөөр хэлбэл, чи сэтгэлзүйн асуудалтай байж болно. Гэхдээ нийгмээс болоод сэтгэлзүйгээ дараад ёс суртахууныг урдуураа тавихгүй бол болохгүй ээ. Энэ чинь малчин, бөх барилддаг, нум сум харвадаг, морь унадаг бидэнд хэцүү шүү дээ, тэрийгээ дарж ёс суртахуундана гэдэг чинь. Наадмаар хөвгүүд барилдаж байгааг харахад жинхэнэ эмоциор барилдаж байгаа шүү дээ. Тэнд ямар ч ёс суртахуун явагддаггүй. Японы сумод ёс суртахуун явагдаад байгаа. Эмоцио дараад байгаа. Бид малчин ард түмэн. Тэгэх чадвар, гэрийн хүмүүжил, сурган хүмүүжил, боловсрол байхгүй.
-Сумаараа, аймгаараа талцаж наадаад, улсын наадмын түрүү бөхийн төлөө нутаг нутгаараа ялгараад түрүү бөх төрсөн аймгийнхан нь нутгийнхаа дууг дуулаад байдаг. Яагаад ингэдэг вэ гэхээр таны хэлсэн холимог ард түмэнтэй холбоотой ажээ?
-Нөгөө талдаа бид бүгдээрээ, Монгол гэсэн ард түмэн нэгэн Бурхан байхгүй. Нэгэнлэг Бурхан байхгүй. Бүгдэд нь хүчинтэй ганц шүтдэг Бурхан байхгүй.
-Оюун санаагаараа нэгдэх юм байхгүй гэж үү?
-Тийм, Бурхан байхгүй. Европын тэр олон хүн Есүсийн дор нэгдэж байна. Энэтхэгийн тэрбум хүн Хиндигийнхээ дор явчихаж байна. Хятадуудын тэрбум хүн Күнзийнхээ дор явчихдаг. 125 сая Япон бас нэгдээд явчихдаг. Нийтээрээ, нийтлэг нэг үнэнтэй байх ёстой. Тэр нь God. Бидэнд тийм God буюу Бурхан байхгүй. Тийм учраас айл айл хоорондоо хэрэлдэж зодолддог. Зөвхөн сумаараа ч биш. Хашааныхаа хөрштэй хэрэлдэнэ. Японд хөрштэйгөө хэрэлдэнэ гэдэг ойлголтыг мэдэхгүй. Ер нь хүнтэй хэрэлдэх гэдэг ойлголт мэдэхгүй. Хүнийг цохиж авдаг гэдэг ойлголтыг ч мэдэхгүй. Орос, Хятадад ч тэр. Бид асар том ёс суртахуунтай хоёр том ард түмний дунд ёс суртахуунгүй байж байна шүү дээ. Энэ өрөөнд байгаа таван хүнд нэгэн Бурхан байна уу. Тавуулаа хачин хачин юм ярина. Нэг нь Будда ярина, нэг нь Христ ярина, нэг нь Пастор ярина, нөгөөх нь Исламын шашин ярина. Тэгээд л нэг сайхан архидаж, зодолдож уйлалдаж аваад л нэг дуу дуулаад тал тал тийш тараад явчихна. Гар утсаа хараад л өөр нэг найзууд нь дуудангуут “За би энэ хэдийг хурдхан шиг аргалчихаад одоо очлоо, за юу” гэж биччихээд дэргэд байгаа нөгөө хэддээ “Та нартайгаа байх ямар сайхан юм бэ. Байгаад л баймаар байна” гэж нэг сайхан худлаа ярьчихаад гараад явчихна.
Монгол хүний амьдрал эхнээсээ авахуулаад дуусан дуустлаа худал явсаар дуусч байгаа. Амьдралыг худал гэж ойлгодог. Үнэн гэж байдаггүй гэж багаасаа хүмүүжээд өсчихсөн байдаг. Үнэнгүй өсчихсөн. Яагаад вэ гэвэл ээж аав нь үнэнд итгэдэг болгож сургаагүй байдаг. Хүнд итгэдэг болгож бас сургаагүй байдаг. Тийм учраас монгол хүн хэзээ ч нэг нэгэндээ, хэнд ч сайхан итгэж чаддаггүй. Итгэл гэдэг чинь том боловсрол.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *