Categories
мэдээ цаг-үе

С.Молор-Эрдэнэ: Эрх чөлөө бол хайрын шинэ дайсан

Image result for С.Молор-ЭрдэнэФилософич С.Молор-Эрдэнэ өнгөрсөн баасан гаригт “UB art” галерейд болсон “Ном унших орой” уулзалтад Эрих Фроммын “Хайрлах урлаг-Монголоор” номын тухай оюутан залууст ярьж өглөө. Уг уншлага ярилцлагын зорилго нь хайр гэгч зүйлийг монголоор хэрхэн ойлгож нэгдсэн нэг ойлголтод хүрэх вэ гэсэн асуултад хариулах явдал байлаа. Ингээд эл уншлага ярилцлагыг тоймлон хүргэж байна.


Одоогоос дөрвөөс таван мянган жилийн өмнө хайрын бурхад эмэгтэй байдаг гэж үздэг байсан. Бурхад бол эзэд. Хүн бол тэднээс суралцана. Тэдний заасан дүрэм, журмаар хэн нэгэнд хайртай болно. Үүний дараа эрэгтэй бурхад гарч ирсэн. Бас хайрын бурхад. Эмэгтэй бурхад эмэгтэй хүн, хүүхэд гаргах, гоо үзэсгэлэн тал руугаа байсан бол эрэгтэй бурхадтай болсноор дур тачаал, эмэгтэй хүнийг шүтэн бишрэх, араас нь гүйх гэсэн ойлголт гарч ирсэн. Ромд Аморе, Грект Эрос зэрэг хайрын бурхад, хайрын илэрхийлэлтэй байсан. Хүн тэр үед хайр ярьдаггүй байв. Бурхны даалгавраар хэн нэгэнд хайртай болж сууж байсан. Тэр үед хүнд хайр байхгүй. Бурханд л хайр байдаг гэсэн ийм ойлголтууд анх явж байж. Ингээд байж байтал модерн эхэлсэн. XV, XVI зуунаас Европ, барууны орнуудад модерн гэсэн ойлголт гарч ирсэн. Уран зураг, сонгодог хөгжмүүд, суутнууд гарч ирсэн. Бурхан байхгүй болж, Бурхнаас салж эхэлсэн. Хүн өөрийгөө хараад “Би нээрээ яасан сүрхий юм бэ” гэдгээ мэдэрч эхэлсэн. Бурхны хэрэг байна уу, хэзээ бидэнд бурхны хэрэг гарч байлаа гэх асуултууд гарч ирлээ. Ингээд humanism-ийн үед human үүсч эхэлж байгаа юм. God (бурхан)-оос салж эхэлж байна шүү дээ. Леонардо Да Винчигийн Мона Лиза бол хүнийг зурсан анхны хөргүүдийн нэг. Түүнээс өмнө дандаа бурхан зурдаг байсан. Дуу дуулж, бүжиглэвэл дандаа бурханд зориулдаг байсан. Харин энэ үеэс хүнд зориулж эхэлсэн. Хүнийг зурж, хүнд зориулж зураг зурж байгаа нь хүн гэдэг зүйл анхаарлын төвд ирж байгаагийн илрэл. Ингээд янз бүрийн зохиолууд бичиж эхэлсэн. Өмнө нь дандаа бурхан, баатар, хааны тухай үлгэр бичдэг байсан. Энгийн хүн, энгийн амьдралын тухай бичдэггүй байсан. Энэ үеэс хамгийн анхны романууд бичигдэж эхэлсэн юм. Романуудад өнөө хайрууд гарч ирсэн. Хайраас болж анх удаа гэрлэсэн. Би хайртай учраас гэрлэнэ гэх болов. Өмнө нь “Юу яриад байна аа. Чамтай тэдний хүүхэд сүй тавьчихсан. Ээж аавтай нь ярьчихсан. Чи чинь одоо баллах нь уу. Нутаг усанд нэр хүнд баллах нь, бизнес зогсоох нь” гэх мэтээр янз бүрийн тохиролцоогоор хурим хийлгэж гэр бүлүүдийг бий болгодог байсан. Харин модерн үед “Үгүй ээ, би хайртай хүнтэйгээ сууна” гэхэд эцэг эх нь ойлгоогүй.

ХАЙР ГЭЖ ЮУГ ХЭЛЭЭД БАЙНА ВЭ?

Хайр үнэртэх үү, амтагдах уу, харагдах уу, баригдах уу, яг юуг хэлээд байна вэ, ямар үед энэ бол хайр гээд байгаа юм. Хэн мэдээд байгаа юм?

Хэн эхлээд мэдчихсэн юм.

Хайрыг сэтгэлийн хөдөлгөөний дээд түвшин гэж ярьдаг. Сэтгэлийн үндсэн дөрвөн хөдөлгөөн байдгийн нэг нь. Сэтгэлийн хөдөлгөөн буюу эмо. Эмодож байна гэвэл сэтгэл нь хөдөлж байна гэсэн үг. Тэгэхээр өнөө орой хэдүүлээ нэлээд сайн эморох нь байна шүү. Сэтгэлийн хөдөлгөөнөөс бодол үүснэ, хайрын тухай. Бодол нь биед нөлөөлнө. Гар нь салганаж өвдөг нь чичирнэ. Шууд хайртай болчихгүй. Өчнөөн юм болно. Гэнэт л нэг их сайхан болоод, гэнэт хайртай болчихгүй. Янз бүрийн сэтгэлийн хөдөлгөөнүүд хамт явна. Үзэн ядах, айх, баясах, гуниглах, атаархах. Урдуур нь орно. Бүтэх байх, бүтчихвэл гоё оо гэж найдна. Өчнөөн юм болно. Хачин хачин юм болно. Энэ бүгд явсаар сэтгэл нь мэдрэмжтэй холбогдож эхэлнэ. Таван мэдрэхүйн эрхтэнд очно. Харсан-атаархсан. Энэ хоёр холилдоно. Гоёор харах, сайхнаар харах, дэндүүлэн харах, хэтрүүлэн харах, дэндүүлэн сонсох янз бүрийн юм болно. Мэдрэмж нь ингэж савална. Сэтгэл нь дээш, доош хөөрнө.

Энэ үед хэрэглэсэн үг бүр, сэтгэлийн хөдөлгөөн, яриа бүр, бодол бүр, бүх юм гар руу дамжина. Тохой, хөл рүү дамжина. Нуруу руу дамжина (инээв. сурв) Ходоод руу дамжина. Энэ үед хоол идэж чадахгүй, их сонин болж эхэлнэ. Тэгээд сексийн эрхтэн рүү дамжина. Иймэрхүү юмнууд болно. Хайр гэдэг маш том ойлголт. Маш хүнд. Энэ бүхэн зэрэгцэнэ. Юу болоод байгаа нь мэдэгдэхгүй. Өнөөдөр хүртэл хайрын тухай ном бичсээр, хайрын тухай дуулсаар л байна. Хайрын тухай кинонууд цуварсаар байна. Хайр хүн бүрт янз бүр явагдана. Хөл гар руу нь, ходоод руу нь шууд явдаг хүн байна. Илүү дутуу эрхтэн рүү нь явагддаг хүмүүс ч байна. Тийм амар биш.

ХАЙРЫН ТӨРЛҮҮД

Хайр мэдээж олон төрөлтэй. Фромм ч гэсэн үүнийг гаргаж ирсэн. Би ч гэсэн үүнтэй санал нэг байгаа. Гэр бүлийн шалтгаантай хайрууд. Яагаад вэ гэвэл гэр бүл учраас аав, ээж байна. “Манай ах ш дээ, манай ээж ш дээ. Тийм болохоор хайртай”, “Манай ах, манай эгч. Би ахдаа, эгчдээ хайртай”, “Манай дүү өөлкөн. Дүүдээ хайртай” гэдэг. Энэ бол дандаа гэр бүлийн шалтгаантай хайрууд.

Хүний ухаан шаардсан хайр. Сэтгэлийн хөдөлгөөн, бодол, мэдрэмж. Энэ бол найзуудын хайр. Хосуудын хайр.

Гурав дахь нь эросийн хайр. Хүсэл тачаалын хайр юм. Бусад хэн ч юм. Өдөр нь танихгүй байж байгаад орой нь бааранд танилцаад тэндээс гарахдаа үнсэлцээд зогсч байх. Шүдний ямар өвчинтэй эсэхийг нь мэдэхгүй. Шүдээ ломбодуулсан ч юм уу, үгүй ч юм уу. “Маргааш шүдний эмчид очихгүй бол, наад шүд чинь ёстой болохгүй болчихсон байна аа” гэсэн хүнтэй үнсэлцэж байгаа юм уу бүү мэд.

Биеийн хайр. Үүнд секс эцсийн зорилго биш. Хамгийн сүүлд секс хийх биш. Үүнийг Платоны хайр гэдэг. Сексгүй хайр. Леонардо Да Винчийг сексгүй хайрыг эрхэмлэдэг хүн байсан гэдэг. Секс хийж үзээгүй ч хөөрхөн охид, хөвгүүдийг хажуудаа байлгах дуртай. Гомо гэдэг байсан нь үгүй юм билээ. Тийм юм юу ч болоогүй юм билээ, хөөрхий.

ХАЙР БА ДАЙСАН

Хайр дайснуудтай. Дайсан гэдэг нь саад болох гэсэн үг. Хаших, хориглох, зогсоох, занах. Ээж аав нь “Хэн гэнэ ээ. Хэний хүүхэд гэнэ ээ, хаанахынх гэнэ ээ, за ёстой тийм юм байхгүй шүү. Очиж очиж тийм юманд хайртай болоод байхдаа яадаг байна аа”. Шашин байна. “Ээ хайр гэж байдаггүй юм. Зүгээр л чиний дур тачаал чинь л хөдөлж байхгүй юу. Хайр гэдэг чинь хоосон. Бурхны хайрыг хүндэл. Бурхан чамд хайрыг чинь сонгож өгнө” гэдэг. Гурав дахь дайсан нь зан заншил. “Манай зан заншлаар чамайг хүлээн зөвшөөрөхгүй ээ” гэдэг. Уламжлалт ёсоор болохгүй. Гарал, удам угсаа, ээж аав нь тийм юм байна, өвөө эмээ нь тийм хүн байна. “Тэр чинь ямар жилтэй гэнэ ээ. Бар жилтэй гэнэ ээ, хулгана жилтэй гэв үү” гэж жилийг нь хүртэл асууна. Жилээс болж нэг хүний хайр баларч байна шүү дээ. Гай болж байна. Муу муухай жилүүдийг өөрчилж монгол болгоё гээд байгаа ш дээ, би. Та нар сонссон биз дээ. Тэртээ тэргүй луу гэж байхгүй юм чинь луу жилийг тэмээ жил болгоё. Бид өөрийн гэсэн тэмээтэй юм чинь гоё ш дээ. Бидэнд бич сармагчин байхгүй. Тэрийг тарваган жил болгочихъё. Мичин жилийн өвөл гэхгүй “Тарваган жилийн өвөл, тостой өвөл” гэх нь байна шүү (инээв.сурв). Өөрсдөдөө байгаа юмаараа жилүүдээ нэрлэж болно. Зарим Азийн орнуудад муур жил гэж байдаг гэсэн. Би цочсон шүү.

Өнөөдөр, XXI зуунд хайр дурлалд эрх чөлөө гэдэг шинэ дайсан гарч ирсэн. Сонирхол, хязгааргүй сонирхол, юунд ч баригдахгүй эрх чөлөө. Энэ дайсантай нэлээд үзэлцэнэ дээ.

ХАЙР БА СОНГОЛТ

Хэнийг яаж, юугаар сонгоод байгаа юм. Сэтгэл, мэдрэмж, бодол гурав нь биетэйгээ нийлээд сонголт хийдэг. Биеийн хэлбэрээр нь сонгоод байгаа юм уу. Бүсэлхийнээс дээш, бүсэлхийнээс доош хэсгийг нь үү. Хөл, гарыг нь хараад байна уу. Юунд нь дуртай юм. Мэнгэнд нь дуртай юм уу. Заавал нүүрэнд нь биш өөр газарт нь мэнгэ байж болно шүү дээ. Клаудиа Шиппер, Синди Кроуфорд хоёр уралдсан чинь Синди Кроуфорд нь түрүүлсэн гэсэн. Яагаад вэ гэсэн чинь уруул дээрээ мэнгэтэй байсан учраас.

Үнэрт нь дуртай юм уу. Эсхүл хоолойд нь юм уу. Сонирхол нь чухал. Хөгжим, зураг, ном юунд дуртай юм. Фэйсбүүк рүү нь ороод дуртай юмнуудыг нь мэдээд авчихдаг. Тэрийг нь мэдэж авчихаад “Би бас наадахыг чинь сонирхдог ш дээ” гэнэ. Сонсдог хөгжмүүдийг нь бас сонсдог юм шиг фэйсбүүк дээрээ тавиад л. Ингэж сонирхлоо тааруулах гэж оролддог. Алиа хошин, дандаа инээлгэх гэнэ. Инээлгэдэггүй, дандаа л улстөрч царай гаргасан, дарга төрхтэй байвал зохимжгүй. Онигоо сонсоод л инээгээд байх дуртай.

ХАЙР БА ШАШИН

Энэ хоёрын харилцаа анхнаасаа маш хэцүү явж ирсэн. Үүнийг гаргаж ирэх гэж би нэлээд үзсэн. Ерөөсөө гарч ирэхгүй юм билээ. Христийн шашинд Ертөнцийн эзэн гэдэг. Хайр=бурхан гэчихдэг юм билээ, Христийн шашинд. Бурхны хайр л яваад байгаа юм билээ. Хурим хийхээр бурхныхаа өмнө хийнэ. Бурхны хайраас хүн хүртээд бурхны нэг хэсэг болж байгаа юм. Түүнээс биш надаас, өөрөөс минь гаралтай хайр биш байгаа юм. Тэд хурим хийхээрээ бөгж зүүдэг шүү дээ. Тэр чинь гинж юм байна билээ. Гинжлэгдэж байгаа юм билээ. Түүнээс биш “Энийг хар аа, миний хуримын бөгж. Гоё байгаа биз” гэхгүй “Энэ хар даа, миний хуримын гинж. Аягүй гоё гинжээр гинжлэгдчихсэн байгаа биз дээ” гэж ярих юм билээ. Хоёр бөгж нэг нэгэндээ угсрагдаад хэзээ ч салахааргүйгээр гинжлэгдэж байгаа гэсэн утгатай. Тийм болохоор дараа нь гэр бүлээ салгах маш хэцүү байдаг нь тийм учиртай. Зүгээр л хоёр тийшээ явчихгүй бөөн юм болдог нь тийм утгатай юм билээ.

Буддизм бол бурхан биш дүрснүүд. Зурчихсан зураг, баримал. Христ бол Есүс энэ тэр гээд хүн болоод явчихаж байгаа юм. Буддизмд тийм Есүс шиг хүн байхгүй ш дээ. Будда гэж байгаа. Тэр чинь Энэтхэг залуу ш дээ.

Адилхан шашин шүтэж байгаагаараа хайртай болох юм билээ. Хоёр өөр шашин бол их хэцүү. “Би Христч хүнтэйгээ л гэрлэнэ”, “Би лалынхаа л хүнтэй сууна” гэдэг. Солонгост жил бүр хэдэн мянган хүн бурхны тааллаар хурим хийж байна. Хэнтэй суухаа мэддэггүй. Хурим хийх өдрөө л нөхрөө, эхнэрээ хардаг. Цаанаас нь л сонгоод өгчихдөг. Ямар ч хүн, ямар ч үндэстэн таарч болно. Цаана нь компьютерийн ард суудаг тусгай баг ажиллана. Тусгай алгоритмаар тааруулдаг юм билээ.

Хосуудын хайр хаанаас үүсэлтэй вэ гэвэл гэр бүлээс үүсэлтэй. Гэр бүл, ээж аавын хайр, хүүхдүүдийн хайр эрүүл зөв байвал хосуудын хайр руу орсон цагт зөв үргэлжлээд явчихдаг. Хосуудын хайр бол гэр бүлийн хайрын үргэлжлэл. Хосуудын хайр гэнэт нэг өдөр гарч ирсэн юм биш шүү. Гэр бүлийн хайр олигтой байгаагүй бол хосуудын хайр яг тэрэн шиг л явна. Гэр бүлийн үнэ цэнэ гэдэг чинь тэр. Гэр бүлийн хүмүүжил гэдэг чинь нэг их айхавтар хүмүүжил биш шүү дээ. Нэг л айхавтар сурган хүмүүжүүлэх тухай яриад байдаг. Тийм юм байхгүй. Ерөнхийдөө л хүүхдийг жаахан чөлөөтэй байлгах, өөрийнхөөр нь байлгах. Тэгээд л боллоо. “Онц сур ” гэж битгий хүүхдэдээ хэлээрэй. Тэгж хэлэв дээ. Тэр чинь хүүхдийг алж байгаа байхгүй юу. “Олимпиадад түрүүл” гэж битгий хэлээрэй. Зүгээр л чи юу хүсч байна. Ном уншмаар байвал унш, чөлөөтэй байвал бай. Тогловол тогло. Хоолоо идвэл ид. Гэхдээ тэр гэр бүлийн тодорхой дүрэм, зарчмыг дагана шүү. Худлаа ярихгүй, компьютер дээр хачин хачин кино үзэхгүй, тоглож болно гэхдээ үргэлж биш. Гэр орны ажилд оролцоно. Биднийг жаахан хүндэтгэнэ гэсэн ийм нэг их хүнд биш. Энэ нь дараа хос болоод явахад хэрэг болно. Ийм л замаар дамжиж хосын харилцаанд орохоос биш хостой болонгуут л гэнэт дугтуй, хайрцаг задлахаар цоо шинэ хүн гарч ирж байгаа юм шиг байна гэж хэзээ ч байхгүй. Үүнийг мартаж болохгүй.

Хүнтэй үерхэж байгаа бол гэр бүлийг нь хурдхан шиг мэдэж авах хэрэгтэй. Ямар гэрээс гаралтай вэ гэдгийг нь мэдэж аваад анхаарах ёстой. Аав ээж нь ийм асуудалтай юм байна, тэгэхээр ингэж харьцах хэрэгтэй юм байна гэж төлөвлө. Тэгэхгүй мэдэж авангуутаа зугтчихаж болохгүй. Ийм гэр бүлээс гаралтай болохоор би энэ хүнтэй ингэж ингэж харилцах ёстой юм байна, энэ тал дээр нь илүү ажиллах юм байна гэж бод.

ХАЙР БА ХҮЛЭЭЛТ

Өнөөдөр хайрын тал дээр хэтэрхий их хүлээлт үүсээд байна. Нэг л их хүлээлт. Нэг л их олон янзын юм шаарддаг. Бас хэтэрхий их нээлттэй байх нь асуудалтай. Ер нь жаахан барих ёстой. Үргэлжийн бэлэн, ногоон гэрэл асаалттай байж болохгүй. Хайргүй ч гэсэн хэн нэгэн, бусдад, гэр бүлийнхэндээ хостой болж харагдах. Энэ үзэгдэл маш их байна. Хайрыг бараг л тоохгүй байна. Судлаачид “Хайр устчихаад байгаа юм биш биз дээ” гэж ярьж байна. “Хамтдаа байя. Би чамд нэг их хайртай биш. Гэхдээ хамтдаа байж байхад зүгээр. Дулаахан. Хүмүүст найзтай байж харагдъя” гэдэг. Цагаан сар ойртлоо. Хятадад оюутан залуучууд, найзууд нэгнээ эртнээс захиалж “Би чамайг гэр рүүгээ авч явна шүү. Тэгэхгүй бол манай ээж аав, эмээ өвөө эхнэр авч ирсэнгүй, ганцаараа ирлээ гээд уурлана. Би төдөн юань өгье” гэдэг болчихсон.

Хүмүүс үргэлж дараагийн шинийг эрж хайж, хүлээж байдаг. Дахиад заавал байгаа. Энэ бол их осолтой. Яагаад вэ гэвэл хэтэрхий их эрх чөлөөтэй болчихсон учраас “Дараа нь дахиад цаана нь байгаа” гэж бодоод байдаг. Хэн нэгэнтэй тааралдах байх гэж хүлээдэг. Бас нэг хүлээлт нь хурим хийнэ гэж найдлага үүсгэж хүлээлгэдэг. Худлаа хурим хийнэ гэж найдлага үүсгэн хажуудаа байлгах. Хэзээ хуримаа хийх вэ гэхээр “Удахгүй хийнэ ээ. Мөнгөтэй болоод зав гарахаар хийнэ ээ” гэдэг.

НАЙДЛАГА НАЙДВАРГҮЙ

Хүмүүс маш их найдлага тавьдаг. Найдлага өөрөө их найдваргүй шүү. Их найдаад байх хэрэггүй. Найдаж байгаад л хүмүүс балардаг. “Би найдаж байгаа, найдлага тавиад л байгаа” гэж найдлага тавьсаар байтал арван жил болчихсон байдаг (инээв.сурв). Найдсаар байгаад тэр шүү дээ. Америк, Япон, Солонгосоос ирнэ гэж найдаад л хүлээгээд л байдаг. Сөүлд байгаа, ирэх байх аа гэж найдаад л байдаг. Байдаггүй ээ. Тийм учраас хүн бүхий л амьдралдаа дандаа асуу, эргэлз, шалга, эрэгцүүлэн бод. Энэ чинь муу санаалаад байгаа юм биш шүү.

ХАЙР БА ЭРДЭМ

Хайр бол ерөнхийдөө эрдэм. Эрос, эротик, порно бол махан биеийн юмнууд. Хайр гэдэг чинь оюунлаг. Сэтгэлийн юм. Бүх эрдмийн хамгийн том нь хайрын эрдэм.

Ён Хагийн бичсэн “Би өөрөө шийдсэн” гэдэг ном бий. Үүн дээр ХХI зууны хайрыг харуулдаг. Өмнөд Солонгосын нийгмийг хараад хайр ерөнхийдөө хүнд байдалд орчихсон юм байна. Энэ хямралаас хайрыг яаж гаргах вэ гэж бодоод урлагаар л гаргах юм байна гэдгийг олж тогтоосон. Хүн өөрөө урлагийн хүн болох хэрэгтэй. Хүн бүр өөрийнхөө урлагийн авьяасыг нээгээд урлагийн мэдрэмжтэй, урлагийн боловсролтой болвол хайрыг өөрөө бүтээх юм байна гэсэн. Хайрыг хүлээх биш өөрөө бүтээх хэрэгтэй гэсэн. Гэхдээ бүгдээрээ гараад дуу дуул гэж байгаа юм биш л дээ. Уран зураг, дуурь, сонгодог урлагийг сонсоод тэндээс сэтгэлийн янз бүрийн хөдөлгөөн, мэдрэмжийг олж авбал хайрыг бид аварна гэсэн зүйлийг харуулсан тийм ном.

Хямрал үүсч байж, аврал гарч ирдэг. Ён Хагийн энэ номноос ХХI зууны шийдэл гарч ирсэн. Бид өөрсдөө ном уншиж, уран зураг харж, урлагийн боловсролтой болоод хайрыг аварна. Бурхнаас хайр гуйхгүй. Энэ хүний олон лекц youtube дээр байгаа даа. Ён Ха “Бид урлагийн, дуу хөгжмийн янз бүрийн нэвтрүүлгүүд үздэг. Тэрийг үзээд бид хүмүүсийг маш ихээр шүүмжилдэг. Гэхдээ бид тэдэнд атаархаад, тэднийг телевизээр гарч байгаад нь тэгээд байгаа юм биш ээ. Бидэнд өөрсдөд маань урлагийн ямар нэгэн чадвар авьяас байдаг. Тийм учраас тэр хүмүүс бидний сэтгэлд хүрдэггүй. Дотроо бид тийм авьяастай учраас. Одоо тэгэхээр дотор байгаа авьяасаа гарга” гэсэн. Урлагийн авьяас хүн бүрт байдаг. Хүүхэд байхад ээж аав нь ойр тойрныхон нь, багш нар нь дараад хаячихдаг. Зураад л юм хийх гээд оролдоод л суудаг нь урлагийн чадвараа эхлүүлж байгаа хэрэг. Ён Ха энийг байнга хэлдэг.

Хайр гэдгийг монголчууд бид өнөөдөр, ХХI зуунд юу гэж ойлгох юм. Цаашид бид хайрын тухай ямар ямар зүйл ойлгох юм гэдэг анхны уулзалт ярилцлагаа энд хүргээд өндөрлөе. Энэ маань эхний уулзалт байлаа.


One reply on “С.Молор-Эрдэнэ: Эрх чөлөө бол хайрын шинэ дайсан”

Үгийн ганц үсэг буруу болчихвол түүх худлаа болчихдог

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *