Categories
мэдээ улс-төр цаг-үе

С.Ламбаа: Вакцинд зориулсан мөнгийг улсын төсөвт тусгачихсан бол богино хугацаанд оруулж ирэх боломж байсан

Ерөнхийлөгчийн Соёл, нийгмийн хөгжлийн бодлогын зөвлөх С.Ламбаатай ярилцлаа.


-Юуны өмнө Монгол Улсын Ерөнхийлөгчийн Соёл, нийгмийн хөгжлийн бодлогын зөвлөхийн албанд томилогдсонд та нь баяр хүргэе.

-Баярлалаа.

-Та 2016 оны УИХ-ын сонгуулийн үр дүнгээр Эрүүл мэнд, спортын сайдаас чөлөөлөгдөөд чимээ аниргүй болчихсон. Юу хийж, юу амжуулж яваад ирэв ээ?

-2016 оны УИХ-ын сонгуулийн дараа төрийн сайдын албыг хүлээлгэж өгөөд амралтандаа гарсан. Миний амарна ч гэж юу байх вэ дээ, шинэ чуулган нээгдсэний дараа УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ажлын албанд ахлах зөвлөх нэртэй бичиг цаастай зууралдаж дөрвөн жил болсон. Энэ хугацаанд АН-ын даалгавраар Ардчиллын 30 жилийн ойд зориулсан зургаан ботийн нэг болох “Ардчилсан намаас төрсөн төр нийгмийн зүтгэлтнүүд” гэсэн намтарчилсан, зурагтай номыг бэлдсэн. 2020 оны УИХ-ын сонгуулийн дараа гэртээ амар тайван сууж, “Миний ертөнц” номоо дуусгах юм бодож байтал Монгол Улсын Ерөнхийлөгч дуудуулаад “Соёл, нийгмийн хөгжлийн бодлогын зөвлөхөөр ажиллаач” гэсэн. Би монгол төрийн тэргүүн урьж байхад ямар “үгүй” гэлтэй нь бишдээ. Хариуцах ажил нь өмнө нь миний хийж, оролдож байсан ажлууд байсан болохоор “Та болно гэж үзэж байгаа бол татгалзах юу байхав” л гэсэн. Үнэндээ манийгаа “тоож” байгаад нь баярласан, бас өөрөөрөө “бахархсан.

-Та зөвлөхийн хувьтай хүн юмаа даа. Өмнө нь УИХ-ын дарга З.Энхболдын зөвлөхөөр ажиллаж байсан биз дээ.

-Тийм л болчихоод байна. Та нар мэднэ дээ, миний хувьд төрийн албыг хаших үедээ хашаад, бүр 2012 онд УИХ-ын сонгуулиас нэрээ татаж залуучууд, эмэгтэйчүүдээ дэмжиж, Б.Болорыгоо Архангайд нэр дэвшүүлж, өөрөө сурталчилгаанд нь явж байсныг. Түүнээс хойш гурван ч удаа зөвлөхийн алба хашиж байна.

-Одоо та яг ямар асуудал хариуцаж Ерөнхийлөгчид зөвлөж байна вэ. Ажлаа юунаас эхлэв?

-Ерөнхийлөгчийн соёл, эрүүл мэнд, боловсрол, шинжлэх ухаан, нийгмийн хамгаалал, биеийн тамир спорт гээд нийгмийн хөгжлийн бодлогын нэлээд өргөн хүрээний асуудалд зөвлөхийн үүрэг гүйцэтгэж байна. Ажлаа шууд л тухайн салбаруудын УИХ-д өргөн баригдсан хуулиудтай танилцахаас эхэлсэн. Дараа нь салбарын удирдлагуудтай уулзаж ярилцсан. Бүгд л миний мэдэх хүмүүс байсан болохоор илэн далангүй сайхан ярилцсан.

-Сайдуудын хувьд улс төрөөс хол, мэргэжлийн хүмүүс л гэж ойлгогдож байгаа. Таны хувьд бол туршлагатай улстөрч хүн. Сайдуудтай ярилцаад ямар сэтгэгдэл төрөв?

-Ерөнхийдөө сайдуудын бодож, сэдэж байгаа санаанууд нь боломжийн санагдсан. Зарим нь “сайдын ажил чинь улс төр л ярьдаг юм байна ш дээ” гэж үнэнээ л хэлж байна лээ. Ихэнх нь улс төрөөс ангид явсан залуучууд болохоор арга ч үгүй биз. Энэ цагийн Засгийн газрын тэргүүн, гишүүд бол Үндсэн хуульд орсон нэмэлт, өөрчлөлтийн дагуу цоо шинэ тогтолцоогоор ажиллаж байгаа, нэгэн бодлын “азтай” хүмүүс шүү дээ. Хуучин бидний үед Засгийн газрын гишүүд УИХ-аас батлагддаг байсан бол өнөөдөр УИХ-аас зөвхөн Засгийн газрын тэргүүнийг томилж, Ерөнхий сайд гишүүдээ сонгож томилдог болсон. Ингэснээр харьцангуй бие даан, зоригтой ажиллах нөхцөл бүрдсэн.

-Эрүүл мэндийн сайдын хувьд мэргэжлийн хүн ирлээ гээд салбарынхан баяртай хүлээж авах шиг боллоо. Таны хувьд мэргэжлийн гэдгийг яаж ойлгодог вэ?

-Мэргэжлийн, мэргэшсэн улс төрч байх гэдэг хоёр өөр ойлголт. Би тэр өнцгөөс нь сайдын албан тушаалд ханддаг. Юу гэсэн үг вэ гэхээр сайд гэдэг бол хариуцсан салбарынхаа хөгжлийн бодлогыг тодорхойлогч байх ёстой. Эрүүл мэндийн сайд гэхэд зөвхөн эрүүл мэндийн асуудал биш, тэр салбарт тулгамдаж байгаа олон асуудлыг, тухайлбал, эмч, сувилагч, лаборант, инженер техникийн ажилтан гээд шаардлагатай хүний нөөцөө бэлтгэх, мэргэшүүлэх, салбарын хуулиудыг боловсруулж батлуулах, ажиллагсдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх, эрүүл мэндийн байгууллагуудыг тээврийн хэрэгслэл, барилга байгууламж, тоног төхөөрөмж, техник хэрэгслээр хангах, төсөв, хөрөнгө оруулалтаа тооцож, УИХ-аар батлуулах, гадаадын зээл тусламжид хамруулах, гээд тоо томшгүй асуудлаар бодлогын шийдвэр гаргадаг. Тийм учраас сайдын албан тушаал хуулиараа улс төрийн албан тушаал байдаг. Яг энэ өнцгөөс нь авч үзвэл Эрүүл мэндийн сайд заавал эмч байх албагүй. Т.Мөнхсайхан сайдын тухайд эмч төдийгүй эдийн засаг, бизнесийн ухаанд суралцсан хүн болохоор боломжийн гэж харж байгаа. Хөгжил гэдэг эдийн засгаас л хамаарна.

-Ингэхэд таныг чинь Эрүүл мэндийн сайдаар томилогдоход багш мэргэжилтэй хүн эмч хийх гэлээ гээд л шүүмжлээд байсан бил үү?

-Би багш биш, инженер эдийн засагч хүн. Сургуулиа төгсөөд МУИС-д эдийн засгийн онолын багшаар ажлын гараагаа эхэлсэн болохоор л багш гээд байдаг юм.

-Энэ намар Ерөнхийлөгч 21 аймаг, зарим сумаар явж орон нутгийн ажил байдалтай танилцан, ард түмэнтэйгээ нүүр тулан уулзаж, ээжүүдэд эхийн алдар одонг гардуулсан. Зарим хүмүүс Ерөнхийлөгчийг “Эхийн алдар” одон тарааж сонгуулийн сурталчилгаа хийлээ гэж шүүмжлээд байсан?

-Ерөнхийлөгчийн хувьд жил бүр бүх аймаг, нийслэлийн иргэдтэй уулзаж, амьдрал ахуйтай нь танилцаж илэн далангүй ярилцдаг уламжлалтай. Тэр л тогтсон уламжлалын дагуу орон нутагт явсан хэрэг. Энэ явцдаа ээжүүдэд “Эхийн алдар” одонг өөрийн биеэр гардуулсан. Яагаад гэвэл “Эхийн алдар” одонгийн зарлиг цаг хугацаандаа гарсан хэдий ч коронавирусийн халдварын улмаас удаан хугацаанд хөл хорио тогтоосон учир одон гардуулах ажил багагүй хугацаагаар хойшлогдож, ээжүүдэд хүлээлт үүсгэчихсэн байсан. Тиймээс хотын ээжүүдэд Төрийн ордонд, орон нутгийн ээжүүдэд аймаг бүрт нь зохион байгуулж, I зэргийн одон хүртсэн 720, II зэргийн одон хүртсэн 9957, нийт 10677 ээжүүдэд “Эхийн алдар” одонг нь гардуулсан. Төрийн тэргүүнээсээ одонгоо авч, зургаа татуулна гэдэг ээжүүдийн хувьд хамгийн баяртай мөч байсан. Зарим хүмүүс сонгуульд зориулж одон тараалаа гэж ярьж, бичиж байсан. Үнэндээ “Эхийн алдар” одон бол олон хүүхэд төрүүлж өсгөснийхөө төлөө төрийн тэргүүний зарлигаар хүлээн авдаг, уламжлалт хамгийн шударга, хамгийн хүндэтгэлтэй одон шүү дээ. Түүнийг тараалаа гэж хэлнэ гэдэг эх хүнээс төрж, эхийн хайраар өсч өндийсөн хүний амнаас унах үг яав ч биш.

-Саяхан Засгийн газар СУИС-ийн “Дүрслэх, дизайны урлагийн сургууль”-ийг “Дүрслэх урлагийн академи” болгож өөрчлөх тухай шийдвэр гаргахад таны оролцоо ихээхэн байсан гэж хүмүүс ярьж байсан. Энэ сургууль Академи болохын ач холбогдол нь юу вэ?

-Миний оролцоо гээд байх юу байх вэ дээ. Сургуулийн удирдлагын зүгээс академи байгуулах асуудлыг дэмжиж өгөөч гэж хүссэний дагуу ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, Боловсрол шинжлэх ухааны сайд Г.Цэдэвсүрэн, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нартай биечлэн уулзаж, хүсэлтийг уламжилж, ач холбогдлыг нь тайлбарласан. Бүгд л дэмжиж хүлээж авсан. Ялангуяа Ерөнхий сайд маш сайн дэмжсэн. Миний хувьд Хөгжим бүжгийн сургуулийг консерватори, Дүрслэх урлагийн сургуулийг академи болгох юмсан гэж олон жил мөрөөдөж, үе үеийн сайдуудад санал тавьж ирсэн. Харин ШУА-ийн дэд ерөнхийлөгч Г.Чулуунбаатар БСШУС-ын сайд болоод Хөгжим бүжгийн сургуулийг Засгийн газарт оруулж консерватори болгосон. Сая Л.Цэдэвсүрэн сайд маань академийн асуудлыг зохих журмын дагуу богино хугацаанд яамдаас санал авч Засгийн газарт оруулж шийдүүллээ. Ер нь энэ хоёр сургуулийн хувьд дэлхийн урлагийн сургуулиудын тогтсон статусын түвшинд ажиллах цаг болсон. Дүрслэх урлагийн сургууль гэхэд удахгүй 75 нас хүрч байна. Ийм сургууль гадаад ертөнцөд Академи гэдэг нэрээр дэлхийн дүрслэх урлагийн академиудтай мөр зэрэгцэн ажиллах боломжтой болж байна гэдэг нэр төрийн хэрэг шүү дээ.

-Хоёрхон хоногийн өмнө СУИС-ийн санаачилгаар бүтээсэн “Эрдэнийн судар”-ыг Төрийн ордонд залах тухай Ерөнхийлөгчийн зарлиг гарлаа. Энэ ямар учиртай эд вэ?

-Соёл урлагийн их сургуулийн хамт олон төслийг санаачилж, Шинжлэх ухааны академи, Монгол Улсын их, дээд сургуулиудын консорциуми дэмжин долоон жилийн туршид олон арван эрдэмтэн судлаач, уран бүтээлчид оролцож, монголчуудын эрхэмлэн дээдлэх үнэт зүйлсийг судалж тодорхойлсон юм билээ. Ингээд монголчуудын эрхэмлэн дээдлэх үнэт зүйлсийг монгол хүн, гэр бүл, төрт ёс, эх нутаг, монгол хэл, өв соёл, нүүдэлчний ухаан, эрдэм боловсрол, ёс суртахуун гэж есөн зүйлээр томьёолж, СУИС-ийн дархчууд алт, мөнгө, эрдэнэсийн чулуу оруулан эх сайхан монгол бичгээрээ урлан бүтээсэн “Эрдэнийн судар”-ыг СУИС-ын удирдлага, дархчууд Ерөнхийлөгчид танилцуулж, өргөн барьсан. Ерөнхийлөгч энэ судрыг хүлээж аваад монголчуудын үндэсний бахархлын эрх дархтайгаар даяар олноороо мөнхөд эрхэмлэн дээдлэх есөн үнэт зүйл хэмээн үзэж, төрийн хүндэтгэлийн өргөөнд залах тухай зарлиг гаргасан. Зарлигт монголчуудын эрхэмлэн дээдлэх үнэт зүйлийг хүүхдэд бага балчраас нь ойлгуулах, сургалт явуулах, хувьсал өөрчлөлтийн зүй тогтлыг нь тодорхойлох, судлан шинжлэх, сурталчлан таниулах талаар олон талт ажлыг зохион байгуулахыг багш, сурган хүмүүжүүлэгчид, эрдэмтэн судлаачид, хэвлэл мэдээллийн бүх байгууллага, нийт уран бүтээлч, сэтгүүлчдэд даалгаж, үүсгэл санаачилгыг хөхиүлэн дэмжихийг бүх төрийн болон төрийн бус байгууллагуудад уриалсан байгаа. Ерөнхийлөгч өөрийн биеэр үндэсний монгол бичгээ телевизээр зааж байгааг харж байгаа байх. Энэ бол “Эрдэнийн сударт” товчоологдсон өв соёлоо дээдэлж, монгол бичгээрээ бичиж сурахыг нийт ард түмэндээ уриалж, үлгэр жишээ үзүүлж байгаа хэрэг шүү дээ. Энэ судрыг залах ёслол энэ сарын 22-ны билэгт сайн өдөр болохоор төлөвлөсөн байсан ч коронавирусийн хөл хорионоос болж хойшлогдлоо.

-Үнэхээр “Ковид-19” цар тахал бүх ажлыг гацааж байна шүү. Монгол Улс жил шахуу коронавирусийн цар тахалтай тэмцэж байна. Сарын өмнөхөн дотооддоо коронавирусийн халдварыг алдлаа. Одоо ер нь яавал дээр вэ?

-Энэ салбарт тодорхой хугацаанд ажиллаж, H1N1, улаанбурхан гээд халдварт өвчинтэй тэмцэж байсан хүний хувьд дотооддоо халдвар тархсанд үнэхээр харамсаж, сэтгэл зовж байна. Манай улс өргөн уудам нутагтай, хүн ам нь сийрэг, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмж хүндрэлтэй орон шүү дээ. Үнэндээ цар тахлын хэмжээнд хүрч, дэлхийн 80 шахам сая хүн халдвар авч, сая гаруй хүн нас бараад байгаа коронавирусийн халдвар манайд орж ирэх нь цаг хугацааны л асуудал байсан. Хаанаас, хэзээ, хэн оруулаад ирэв гэдэг бол миний хувьд хоёрдугаар асуудал. Нэгэнт цар тахлыг дотооддоо алдчихсан болохоор одоо эрүүл мэндийн салбар хавьтлуудыг илрүүлэх, оношилгоо хийх, халдвар авсан хүмүүсээ эмчлэх гээд хамгийн хүнд ачааг үүрч байна. Миний бодлоор бүх шатны эрүүл мэндийн байгууллагууд ЭМЯ, ХӨСҮТ-ийн удирдамж, зааврын дагуу онцгой байдал, цагдаа, тагнуулын байгууллагын тусламжтайгаар хавьтлуудын зам мөрийг хөөж тогтоох, оношлох ажлыг эрчимтэй хийж байна. Эмчилгээнд орсон хүмүүс ч эрүүл болж, нас баралтгүй явж байгаа нь Монголын эмч, сувилагчдын уйгагүй, цаг наргүй ажиллаж байгаагийн бодит үр дүн мөн. Гэхдээ л байдал маш хүнд байна. Сүүлийн үед эмнэлгүүдэд халдвар тархаж эмч, сувилагчид олноороо халдвар авч, оношилгооны үед халдвар илэрсэнтэй холбоотойгоор зарим ӨЭМТ-үүд хаагдаж, эмч, сувилагч, ажиллагсад тусгаарлалтад орж байна. Тусгаарлах байрны хүрэлцээ ч муудаж байна. Одоо вакцины асуудлыг яаралтай шийдэх хэрэгтэй болж байна.

-УИХ-ын чуулганаар хориг хэлэлцэх үед таныг вакцин худалдан авах зардлыг төсөвт суулгасангүй гэж ярихаар гишүүд суулгасан гээд маргалдаад байсан. Энэ ямар учиртай юм бэ?

-Би коронавирусийн вакцин худалдан авахад зориулсан зардлыг төсөвт суулгалгүй, гадны зээл тусламжид найдаад сууж байж болохгүй гэдгийг хатуухан хэлсэн. Гэтэл гишүүд болохоор вакцинд 20 тэрбум, сүүлдээ 40,50 тэрбумыг тусгасан, ЭМД-ын эрсдэлийн сангаас ч гаргах боломжтой гээд гүрийгээд байна лээ. Үнэндээ 20 тэрбум бол жилийн жилд л төсөвт суудаг хүүхдийн товлолын болон ханиад томууны вакциныг дагалдах хэрэгслийн хамт худалдан авах, тээвэрлэх зардал шүү дээ.

-Олон улсын байгууллагуудын зээлээр хөнгөлөлттэй вакцин авчихдаг юм биш үү?

-Яах вэ дээ, ДЭМБ гишүүн орнууддаа тодорхой хэмжээний вакциныг тусламжаар болон хөнгөлөлттэй үнээр хүн амын 10-20 хувьд олгодог тал бий. Гэхдээ энэ бол юу ч биш. Туршигдаад байгаа вакцинуудын үнэ нэг тун нь 25-37 ам.доллар байна. Нэг хүнд хоёр тунг хийхэд 50-74 ам.доллар буюу ойролцоогоор 130-200 мянган төгрөг хэрэгтэй болно. Хүн амын 60 хувийг хамруулна гэхэд 300-400 тэрбум төгрөг шаардлагатай. Тийм учраас энэ аймшигт халдвараас ард түмнээ хамгаалахад зориулсан хөрөнгийг улсын төсөвт хангалттай тусгах ёстой байсан. Хэрвээ тусгачихсан байсан бол аль хэдийнэ захиалгаа өгч хөөцөлдөөд богино хугацаанд оруулаад ирэх боломж байсан. АНУ гэхэд 600 мянган хүнээ вакцинд хамруулаад эхэлчихлээ. Сингапур Pfizer вакциныг худалдан авсан анхны орон болчихлоо. Тэгэхэд УОК-ын мэдээллээс үзэхэд манайх ирэх оны I улиралд багтаан вакцин оруулж ирж магадгүй бололтой. Ийм байж болохгүй л дээ. Мөн коронавирус мутацид орж байгаа нь вакцины асуудлыг улам л төвөгтэй байдалд оруулна.

-Вакцины туршилт, зөвшөөрөл, үйлдвэрлэлт, хуваарилалт гээд цаг хугацаа их шаарддаг юм аа даа. ОХУ, БНХАУ-ын эрдэмтэд өөрсдөө вакцинаа үйлдвэрлээд, туршаад, иргэддээ хийгээд эхэллээ. Манай орны хувьд энэ хоёр хөршийнхөө вакциныг худалдаж аваад вакцинжуулалтаа эхлүүлж болохгүй юу?

-Вакцин үйлдвэрлэгчид вакцинаа үйлдвэрлээд туршилтын хугацааг дуусгаад үр дүнг нь тогтоосны дараа ДЭМБ-д бүртгүүлж, худалдах эрхээ авдаг. Одоогоор зуу гаруй үйлдвэрт вакцин хийж байгаа гэх боловч тоотой хэдхэн том компаниуд вакцины туршилтаа хийгээд ДЭМБ-д бүртгүүлэхээр өрсөлдөж, зарим нь худалдаалж эхэллээ. Манай орны хувьд хөрш хоёр орноосоо авч бололгүй яахав. Гэсэн ч гишүүн орны хувьд ДЭМБ-ын өмнө хүлээсэн үүрэг, хариуцлага гэж бий. Өөрөөр хэлбэл, ДЭМБ-ын гишүүн орнууд бүртгэгдээгүй вакциныг худалдан авч иргэддээ хийх боломжгүй. Өөрсдөө зохион бүтээгээд, өөрсдөө үйлдвэрлээд иргэдээ вакцинжуулах бол асуудалгүй.

-Ер нь эрүүл мэндийн салбарт вакцинаас гадна оношилгооны тоног төхөөрөмж, хэрэгсэл ч дутагдалтай байгаа талаар яригдаж байна?

-Уг нь өнгөрсөн хугацаанд “Ковид-19”-тэй холбоотой олон улсын байгууллага, донор орнуудын зээл тусламж, ард түмний хандив, төсвийн хөрөнгийг үр ашигтай ил тод зарцуулсан бол төв орон нутгийн эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдээ орчин үеийн тоног төхөөрөмж, машин тэрэг, хүн хүчээр бүрэн хангах, наад зах нь ХӨСҮТ-ийн барилга байшинг одоо биш, аль эрт засч янзлаад бэлэн байдалд оруулах, найман жилийн өмнө ХӨСҮТ-ийн хашаанд эхлүүлсэн “Био аюулгүйн лабаротори”-ийг ашиглалтад оруулчих боломж байсан. Өнөөдөр Архангай аймагт коронавирусийн халдвар илэрч, олон мянган хавьтлуудад оношилгоо хийж тодруурлах болоход аймагт ганц ч PCR-ын аппарат байхгүй, сорьцоо хот руу илгээж хариугаа авч байна.

-Ерөнхийлөгч 2021 оны улсын төсөвт хориг тавьж, багагүй маргаан мэтгэлцээн болсны эцэст УИХ хоригийг хүлээж аваагүй. Гэхдээ Засгийн газар саяхан цахилгаан, уур, усны зардлыг тэглэх тухай шийдвэр гаргасан нь хоригтой холбоотой гэх хүмүүс ч байна?

-Үнэндээ 2020 онд анх коронавирусийн халдвар гарах үеэс үүсч болох хүндрэл бэрхшээлийн талаар Ерөнхийлөгч байнга сануулж, төсвийн тодотгол хийхийг хэд хэдэн удаа шаардаж, тодорхой саналуудыг хүргүүлсэн байдаг. Харамсалтай нь УИХ өнгөрөгч аравдугаар сард 4.8 их наядын алдагдалтай төсвийн тодотгол хийж, 2021 оны төсөвтөө нөгөө л ач холбогдол багатай, хөрөнгө оруулалтуудаа тэр чигээр нь баталсан учраас Ерөнхийлөгч арга буюу хориг тавьж, төсвийн үр ашиггүй зардал, хөрөнгө оруулалтыг танаж, өрх бүрт нэг сая төгрөг олгох, коронавирусийн халдварын эсрэг вакцин худалдан авах зардлыг тусгах, аж ахуйн нэгжүүдийг дэмжих санал тавьсан. УИХ хоригийг хүлээж аваагүй ч Засгийн газар хоригт тавигдсан асуудлыг анхааралдаа авч, ирэх оны долдугаар сарын 1 хүртэлх хугацаанд иргэд, үйлдвэр, аж ахуйн нэгж байгууллагуудын цахилгаан, дулаан, ус, түлшний хэрэглээний зардлыг тэглэх, хөнгөлөх шийдвэр гаргасан нь үнэн. Үүнд Ерөнхийлөгч талархал илэрхийлж, гаргасан шийдвэрийнхээ алдаа оноог цэгнэж, засч залруулах, ард иргэд ч энэ асуудалд ухамсартай, хэмнэлттэй хандахыг зөвлөж, уриалга гаргасан.

-Алдаа гэдэг нь юу билээ?

-Тухайлбал, эрчим хүчний үнийг ямар ч тооцоо судалгаагүйгээр 100 хувь тэглэснийг алдаа гэж үзсэн. Тогтоол гарсны дараа эрчим хүчний салбарт хүндрэл үүсч, Засгийн газар гаргасан шийдвэрээсээ арга буюу ухралт хийж байгаа биз дээ. Ийм эргэж буцсан шийдвэр гаргаж болохгүй.

-Ер нь коронавирусийн халдварын хорио цээрээс болж үйлдвэр, аж ахуйн нэгжүүд үүд хаалгаа барьж, ард түмний амьдрал туйлын хүнд байдалд орж байна?

-Өнөөдөр хүнснийбус үйлдвэрлэл, аялал жуулчлал, үйлчилгээний салбарын аж ахуйн нэгжийн 80 орчим хувь, барилгын салбарын бизнес эрхлэгчдийн 75 хувь, худалдаа, дотоод тээвэр, боловсролын салбарын бизнес эрхлэгчдийн 60 орчим хувь нь бизнесээ бүрэн зогсоож, үйл ажиллагаа явуулахгүй байна. Үүнтэй холбоотойгоор хүн амын амьдрал туйлын хүнд байдалд орж байгаа. Манай аж ахуйн нэгж байгууллагуудын дийлэнх хувь нь өдөр тутмынхаа амьдралын хэрэгцээг хангах жижиг хувийн аж ахуйнууд л голлож байдаг. Тэр нь хэдэн сараар зогсчихоор ямарч орлогогүй болж байна. Ядахад энэ жилийн төсөвт бид авахгүй юм бол та нарт өгөхгүй гэсэн шиг ЖДҮХС-д нэг ч төгрөг тусгаагүй.

-Хүүхдийн мөнгө л аврал болж байх шиг. Гэтэл зарим гишүүд хүүхдийн мөнгөнөөс татгалзахыг уриалж байх юм. Та үүнтэй санал нийлэх үү?

-Хараад байхад манай УИХ-ын гишүүд хүүхдийн мөнгийг халамжийн бодлого мэтээр ойлгоод байна. Хүүхдийн мөнгө бол халамж биш, анхнаасаа “Хүүхэд нь эцэг эх, асран халамжлагчийн гар дээр өсч байгаа, сургууль завсардаагүй, товлолын вакцинд заавал хамрагдсан байх” гэсэн хатуу шалгуураар олгож эхэлсэн, Монголын ирээдүй-хүүхэд багачуудаа хамгаалах, хүн амаа өсгөх төрийн том бодлого байсан юм. Ардчилсан нам өнөөдрийг хүртэл энэ бодлогоосоо ухралгүй, 20 гаруй жил хүүхдийн мөнгийг хамгаалж ирсэн. Хүүхдийн мөнгө бол хүнд хэцүү цаг үед иргэдэд очсон хамгийн шударга, одоо ч ач холбогдлоо алдаагүй байгаа хөрөнгө оруулалт. Монгол Улсын 897 мянган өрхийн 531,0 мянга нь хүүхэдтэй болохоор хүүхдийн мөнгө яах аргагүй нэмэр болж байгаа. Гэтэл цаана нь 366.0 мянган хүүхэдгүй өрх байна. Тийм л учраас Ерөнхийлөгч өрх бүрт сая төгрөг олгож, үүссэн хүнд нөхцөлөөс түр ч болох нь ээ гарахыг зорьсон.

-Эцэст нь нэг зүйлийг тодруулахад Ардчилсан нам сая их хурлаа цахимаар хуралдуулж намын дүрэмдээ нэмэлт, өөрчлөлт орууллаа. Таны хувьд намынхаа ирээдүйг хэрхэн харж байна вэ?

-Ардчилсан нам бол үүссэн цагаасаа хойш ардчилсан хүчний 20 шахам намыг эгнээндээ нэгтгэсэн, ардчиллын 30 жилийн түүхэнд намын гишүүдийнхээ дотроос гурван Ерөнхийлөгч, давхардсан тоогоор 194 Улсын Их, Бага хурлын гишүүн, долоон Ерөнхий сайд, аймаг нийслэл, сум, дүүрэгт хэдэн зуун ИТХ-ын төлөөлөгч, 100 гаруй Засаг дарга нарыг төрүүлсэн хүчирхэг улс төрийн хүчин. Харамсалтай нь бид шинэ залуу боловсон хүчин, хойч үеэ бэлтгэх, өсгөж өндийлгөх тал дээр учир дутагдалтай явж ирсэн. Тухайлбал, өнөөдрийг хүртэл намын удирдлага, Төрийн өндөр албан тушаалд 90-ээд оны хэдхэн “лидер”-үүд л эргэлдсэн байх жишээтэй. Одоо энэ “лидер”-үүд маань залуучуудаараа түлхүүлж бүгдийг эзэгнэх биш, өөрсдөө ард нь гарч залуучуудаа түрж, эрч хүчтэй урагшлах хэрэгтэй болчихоод байгаа юм. Энэ бол Ардчилсан намын амин чухал зорилт. Яагаад үүнийг хэлж байна гэхээр АН сүүлийн хоёр удаагийн сонгуульд үнэмлэхүй ялагдал хүлээлээ шүү дээ.

-Үүний хор нөлөө гэж байх уу?

-Байхаар барах уу. Одоо байдлыг хар л даа. 2020 оны УИХ-ын сонгуульд МАН нийт сонгогчдын 45 хувийн саналыг авсан хэрнээ 62 суудал авч, үнэмлэхүй олонх болчихоод нийт сонгогчдын 55 хувь буюу олонхын төлөөлөл болсон Ардчилсан нам, МАХН, “Зөв хүн электорат эвсэл”, бие даагчдын саналыг огтхон ч харгалзан үзэхгүй дураараа тонгочиж байна. Үүнээс болж Монголд нэг намын дарангуйлал тогтож, монголчуудын 30 жилд олж авсан ардчиллын үнэт зүйл устах аюулд орж байгаа биз дээ. Энэ бол маш хор нөлөөтэй, аюултай үйл явц.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *