Categories
мэдээ цаг-үе

С.Ламбаа: “Толгойгүй нам” болсон гэж байгаа бол манай намын лидерүүдийн тухай л ярьж байгаа хэрэг

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд асан, АН-ын ҮЗХ-ны гишүүн, Эдийн засгийн ухааны доктор, профессор С.Ламбаатай намын шинэчлэлийн асуудлаар ярилцлаа.

-Өнгөрсөн УИХ-ын сонгуулиар ард түмэн АН-д дүнгээ тавьсан гэж хүмүүс ярьж байна. Сая орон нутгийн сонгууль болж АН 100 гаруй сум, дүүрэгт ялалт байгуулсан. Улстөрч хүний хувьд ямар дүгнэлт хийж байна вэ?

-Судалгаанаас харахад 2016 оны УИХ-ын сонгуульд ард түмэн МАН-д 51, Ардчилсан намд 43, бусад нам, бие даагчдад зургаан хувийн санал өгсөн гэж байна. Ойрын хэдэн сонгуульд АН, МАН хоёр иймэрхүү харьцаатай л явж ирсэн, түүнээс нэг их өөрчлөгдөөгүй гэсэн үг. Энэ судалгаагаар хувь талаас нь харвал МАН хэдхэн хүнээр ялахаар байгаа юм. Гэтэл МАН-аас 65, АН-аас есөн хүн УИХ-ын гишүүнээр сонгогдсон.

-Сонгуулийн ялагдлын гол шалтгаан гэвэл та юуг нэрлэх вэ?

-МАН 2012 оны сонгуульд дөрвөн хүнээр ялагдчихаад хар машинаас боллоо гэж АН-аас сонгогдсон УИХ-ын гишүүдэд 37 онд хэлмэгдүүлсэн хүмүүс шигээ хувцас өмсүүлчихсэн талбай дээр жагсаал цуглаан хийж байсан санагдана. Одоо тэд 65 суудал авчихаад хар машины талаар таг чиг болж. Бодвол хар машинд хайртай болсон биз. Миний хувьд ард түмний сонголт иймэрхүү дүнтэй гарсан нь мажоритар тогтолцооны гажиг гэж үздэг. 2000 онд яалаа, АН 49 хувийн санал аваад МҮАН ганцхан суудалтай үлдсэн. Үүнээс болж 2012 оны сонгуульд мажоритар тогтолцооноос татгалзаж, холимог тогтолцоог хуульчилж, том тойргоор сонгууль явуулснаар манай нам УИХ-д хамгийн олон суудал авч, нийслэлд дийлэнх олонхийн суудал авч ялалт байгуулсан. Гэтэл 2016 оны сонгуульд 2012 онд ялалт авчирсан сонгуулийнхаа тогтолцооноос ухарч, өмнө нь ялагдал хүлээж байсан мажоритар тогтолцоогоор сонгууль явуулж ялагдал хүлээлээ. Энэ нь цэвэр манайхны улс төрийн бодлогын алдаа байсан. АН дөрвөн жилийн хугацаанд бидний амьдарч ирсэн зарчмыг өөрчилж, ирээдүйгээ харсан асар том бүтээн байгуулалтуудыг хийсэн. Харамсалтай нь мажоритар тогтолцооны мөн чанар нь бүтээн байгуулалт яриад үр дүнд хүрдэггүй.

-Холимог тогтолцоог үндсэн хууль зөрчсөн гэж Үндсэн хуулийн Цэц хүчингүй болгочихсон биз дээ?

-Цэцийн шийдвэрээр намын нэр дээр жагсаалтаар сонгож байсан тогтолцоог хүчингүй болгосон ч том тойргоор сонгууль явуулж болох байсан. Аймаг, дүүрэг нэг тойрог гээд хуучнаараа үзсэн бол арай ч ийм үр дүн гарахгүй байсан.

-Одоо АН-ыг шинэчлэх тухай асуудлыг танай намын залуучууд хөндөж, янз бүрийн хөдөлгөөн өрнүүлж байна. Үнэхээр агаар салхи энэ намд хэрэгтэй байгаа гэх юм…?

-Залуучууд гэлтгүй нийгмээрээ л АН-ын шинэчлэлийг хүсч, хүлээх болж. Намын шинэчлэлийн тухайд гэвэл АН 2000 онд УИХ-д ганц суудалтай үлдсэний дараа ардчилсан хүчний таван нам нэгдэж, эх эзэн Чингисийн төр улсаа төвхнүүлсэн цаг дор Их хурлаа хуралдуулж, шинэчлэлийн хөтөлбөрөө баталж урагшаа алхсан. Бидний хэдэн хүн цоо шинээр байгуулагдсан АН-ын удирдлагаар томилогдож таван намын нэгдлийг хангаж, намаа цоо шинээр сэргээхийн тулд гурван жил Монгол орныхоо өнцөг булан бүрт хүрч жирийн гишүүдтэйгээ уулзаж, нөр их хүчин чармайлтаар намаа босгож чадсан. Түүний үр шимийг АН-ынхан өнөөдрийг хүртэл хүртэж байгаа шүү дээ. Өөрөөр хэлбэл, 2004-2013 онд болсон бүх шатны сонгуульд АН амжилттай оролцож, УИХ-д хоёр удаа эвсэх түвшинд, нэг удаа эрх барих түвшинд суудал авч, Ерөнхийлөгчийн сонгуульд хоёр удаа ялсан. Орон нутгийн сонгуульд ч амжилттай оролцож ирсэн. Энэ бол манай нам хүчтэй байсныг илэрхийлэх чухал үзүүлэлт. Би хэлье гээд онцолж хэлж байгаа юм шүү. Хамгийн харамсалтай нь манай намын лидерүүдийн намын дүрэм журмаа зөрчиж, дур зоргоороо авирлах нь хэрээс хэтэрч, үүнээс улбаалсан албан тушаал, эрх мэдлийн төлөөх тэмцэл АН-ыг муухай харагдуулж, нам дотроо хагарсан бутарсан юм шиг сэтгэгдлийг нийгэмд төрүүлсэн. Энэ нь бусад улс төрийн хүчнүүдэд өгөөш болж ирсэн. Тэр ч бүү хэл манай зарим залуучууд цэцэн цэлмэг юм ярьж, залуу занднаараа гайхуулж, ахмад үеэ дайрч доромжилж, өнгөрсөн түүх уламжлалаа нулимах болж. Би үүнийг манай намын ахмад үеийн зарим төлөөлөл, лидерүүдийн чи, би дээ тулсан олхиогүй хэрүүл маргаан, шинэ үе рүүгээ дайрч давшилсан ёс зүйгүй авирлалаас үүдэлтэй гэж боддог. Ингэж болохгүй л дээ. Бид хамтын оюун ухаанаар үүссэн нөхцөл байдлын “учрыг нь олж, хужрыг тунгааж” асуудлаа зөв шийдвэрлэх ёстой. Манай нам бол 26 жилийн урт хугацааны дотор асар хүнд замыг туулж ирсэн хүчирхэг улс төрийн хүчин. Өнөөдрийг хүртэл тулгуур багана нь болж ирсэн ардчиллын, АН-ын хэнийг ч гэсэн ялгаварлан гадуурхаж хөөж туух, гомдоох эрх дархтан, өөрсдийгөө дөвийлгөсөн хэн нэгэнд байх ёсгүй. Тэгэх аваас энэ нам юу ч биш болж, зөрчил тэмцэл үргэлжилж, гарч ирсэн дараачийн “лидер”-үүд ч хэн ч биш болж хувирна.

-Тийм болохоор яах ёстой гэж?

-УИХ-д сонгогдсон цөөн ч гэсэн хэдэн гишүүд маань төрийн бодлогод оролцсон шиг оролцож, бусад нь нам дээрээ улс төрийн бодлогоо төвлөрүүлж ажиллах хэрэгтэй. Яг 2000 онд байгуулагдсан АН шиг. Одоо болох гэж байгаа намынхаа зургадугаар Их хуралд мянга мянган гишүүдээ төлөөлж ирэх төлөөлөгчид бол шинэ нам байгуулах гэж ирж байгаа юм биш шүү. Намынхаа удирдлага зохион байгуулалтын алдаа оноог засч залруулах зорилгоор хамтын оюун ухаанаа уралдуулан намын үзэл баримтлалын

үндсэн зарчим, дүрэм журмаа шинэчлэн батлахад оролцох гэж байгаа юм. Энэ бол маш хариуцлагатай, түүхэн үүрэг хүлээж байгаа хэрэг. Дараа нь намын хэрэг эрхлэх газар шинэ дүрмийнхээ дагуу хийх ажлыг ажлын хэсэг, хороодыг байгуулж эрэмбэ дараатай, ямар нэг фракц, бүлэглэлээс ангид, хатуу дэг журамтай зохион байгуулж, намын даргаа гишүүдийнхээ оролцоотойгоор сонгон шалгаруулж намын VII Их хурлаараа баталгаажуулаад арагшаа биш урагшаа хараад явах хэрэгтэй. Ингэж байж л манай нам зөв голдрилд орно.

-Сонгуульд ялагдал хүлээсэн нэг гол шалтгаан нь танайхан төрийн эрх мэдлийг булаацалдаж хоорондоо хэрэлдэж толхилцож ирсний үр дүн юм биш үү?

-Олон шалтгаан бий байх. Би хувьдаа Засгийн газраа өөрсдөө санаачлан огцруулсан нь манай намын “буруу замаар будаа тээх” нөхцөл бүрдсэн гэж үздэг. Энэ зовлонг бид 1996-2000 онд амсахаараа нэг болсон шүү дээ. Тэр үед гурван удаа Засгийн газраа огцруулж, улмаар ардчилсан хүчний эвсэл задарснаар бид 2000 оны УИХ-ын сонгуульд сонгогчдоосоо ямар шан хүртлээ. МҮАН л ганц суудалтай хоцорсон шүү дээ. Миний бодлоор өмнөх сургамжаа тооцож, манай нам Засгийн газрыг огцруулах асуудлыг АН-ын ҮЗХ-оор оруулж, улс төрийн шийдвэр гаргах ёстой байсан. Ийм шийдвэр гаргаагүй нөхцөлд өнөөдөр хэн нэгнийг буруутгаж, Засгийн газрынхаа эсрэг санал өгсөн, хуралдаа ирээгүй УИХ-ын гишүүдэд намаас арга хэмжээ авах тухай яриад ч хэрэггүй. Нөгөө талаар сөрөг хүчний зүгээс АН-ын засаг төрийн үйл ажиллагааг цаг мөч бүрт муулж, хийсэн ажлыг нь үгүйсгэсэн үзэл суртлын ажил сонгогчдын сонголтод нөлөөлсөн гэдгийг үгүйсгэхгүй байна. Таны хэлсэнчлэн өнгөрсөн дөрвөн жилд улс, аймаг, дүүрэгт төрийн эрх мэдэл авсан манай зарим нөхдийн “сагсуурал”, намынхаа хамт олноос салж “тэнгэрийн хүн” болсон арчаагүй авирлал, зөрчил тэмцэл, эрх баригч хүчний хувьд хийсэн зарим бодлогогүй, болчимгүй алхмууд ялагдлын үндэс болсон. Энэ бол хатуу ч гэсэн үнэн. Үүнд АН, түүний жирийн гишүүд, дэмжигчид ямар ч буруугүй. Тийм учраас би дарга нарт алдаагаа бусдаас биш өөрсдөөсөө эрж хайх нь зөв шүү гэж хэлдэг.

-Та АН-ыг засгийн эрх барьж байхад УИХ-ын даргын ахлах зөвлөх, ажлын албаны дарга, сүүлд АН-ын Бодлогын зөвлөлийн ажлын албаны дарга болсон. Бодлогын зөвлөлийн ажил хэр зэрэг явагдсан бэ?

-АН-ын дарга З.Энхболд АН-ыг фракцгүй нам болсныг зарлаад дараа нь бодлогын зөвлөл байгуулах тухай шийдвэр гарч намайг зөвлөлийн ажлын албыг хариуцаж ажилла гэсэн. Бид зөвлөлийн дүрмийг хийж батлуулаад маш богино хугацааны дотор ҮЗХ-ны гишүүдийн саналыг авч тэднийг 12 зөвлөлд хуваан байршуулаад гишүүд дэмжигчдээс оролцох хүмүүсийн саналыг хүлээн авч зөвлөлүүдийн хурлыг хийж эхлүүлсэн. Гэтэл намайг Эрүүл мэнд,спортын яамны төрийн нарийн бичгийн даргаар томилж, би УИХ-ын даргын ахлах зөвлөх, хоёр ч ажлын албаны даргаас чөлөөлөгдсөн. Түүнээс хойш намаас бодлогын зөвлөлүүдийг хуралдуулж, дарга нарыг нь сонгон салбар хурлуудаа хийж эхэлсэн. Бид эрүүл мэндийн асуудлыг нийгмийн бодлогын зөвлөлд оруулж хэлэлцүүлж байсан. Зөвлөл байгуулснаар ҮЗХ-ны болон намын идэвхтэй гишүүдээ намын бодлого боловсруулах ажилд татан оролцуулах боломж бүрдэж, намд хамгийн зөв тогтолцоо бүрдэж эхэлсэн. Харамсалтай нь сонгууль тулчихсан болохоор тийм хүчтэй үйл ажиллагаа явуулах түвшинд хүрч чадалгүй зогсонги байдалд орсон.

-АН-ын дарга, УИХ-ын дарга асан З.Энхболд АН фракцгүй боллоо гэж зарлахад танай намын фракцын дарга нар бүгд хүлээн зөвшөөрсөн мөртлөө тодорхой үр дүнд хүрээгүй. Цаашид яах ёстой вэ?

-Фракцгүй нам болохыг бүгд л уухайлан дэмжсэн. Гэвч хэрэг дээрээ тодорхой үр дүнд хүрч чадаагүй. З.Энхболд даргын өрөөнд Шонхорынхон цуглаад байна, Ардчилсан хүчний холбооныхон орон нутагт бүсийн зөвлөгөөн хийгээд байна, алтангадасынхан Н.Алтанхуягтай уулзаад байна, МҮДН-ийхэн Хэнтийн Биндэрт цугласан гэнэ гээд л бие биенээ хардаж сэрдэж, үйл ажиллагаа нь үргэлжлээд байхаар яаж фракцгүй нам болж чадах юм бэ. АН-ын тулгын чулуу гэвэл 1990 оны ардчилсан хувьсгалын галыг асааж, дөлийг бадраасан Монголын Ардчилсан холбоо, Ардчилсан социалист хөдөлгөөн, Шинэ дэвшилт холбоо гурав. Энэ суурин дээр анхны ардчилсан хүчний намууд болох Ардчилсан нам, Монголын Социал демократ нам, Монголын үндэсний дэвшлийн нам байгуулагдаж байсан. Түүнээс хойш манайхан дотроос хичнээн хүн “охин компани” гэдэг шиг намаас тасарч шинэ “нам” байгуулав. Хэд нь дахиад хөрсөн дээрээ бууж АН-даа нэгдэв. Түүхийн шар хуудсанд бүгд бичээстэй л байгаа шүү дээ. АН өөрөө ардчилсан гэх маш олон улс төрийн хүчнүүдийн нэгдэл, үзэл санааг тээгч болж байдгийн хувьд өнөөдрийн АН-ын суурь хөдөлгөгч хүч нь бидний мэддэг Монголын Ардчилсан холбоо, Ардчилсан социалист хөдөлгөөн, Шинэ дэвшилт холбооны гишүүд дэмжигчид хэвээрээ хадгалагдаж байна. АН өнөөдрийг хүртэл муу, сайнаараа дуудуулаад бат бөх байгаа нь зөвхөн үүнтэй холбоотой гэж би үздэг. Үнэндээ АН-ыг сульдуулаад байгаа хүчин зүйл нь тэд биш, тэдний оролцоогүй үүсдэг фракцууд. Би АН дахь энэ фракцуудыг тухайн цаг үеийн улс төрийн нөхцөл байдлыг харж өөрсдөө Их хуралд нэр дэвших квот олж авах, сайд даргын албан тушаал дээрээ үлдэх, эсвэл сайд дарга болох гэсэн амбицтай манай намын “лидер” гэгддэг хүмүүсийн санаачлан байгуулсан бүлэглэлүүд гэж хардаг. Тэд ҮЗХ-ны гишүүдийг тасдан бөөгнөрүүлж улмаар намын дотоод зөрчлийг бий болгосноос нам дүрэм журмынхаа дагуу хурлаа хийж чадахаа больсон. Намын нэр хүндийг олон түмний дунд унагаж, дүрэм журамгүй, үзэл баримтлалгүй мэт харагдуулж байгаа үндсэн суурь хүчин зүйл нь энд л байгаа. Мэдэж байгаа мөртлөө энэ бүлэглэлийг манай намын үе үеийн дарга нар, “лидер” хэмээн өргөмжлөгдсөн хүмүүс өөрсдөө тайван амгалан байхын тулд хүлээн зөвшөөрч, их хурлын квот өгч, сайд, даргын суудал хувааж өөгшүүлсээр ирсэн гэдгийг хэлэх хэрэгтэй. Одоо бүр залуучууд маань ч энэ замыг сонгож амар хялбар замаар албан тушаал, эрх мэдэл олж авах сонирхлоор элдэв хөдөлгөөн, фракц байгуулж байна.

-Танай нам чинь хамгийн мундаг дүрэм, журамтай гэдэг биз дээ?

-Байлгүй яахав, байх байхдаа манай намын дүрэм, журам тийм ч муу биш. Гол нь дүрмээ зөрчдөг, намын удирдлагууд дур зоргоороо авирладаг зүй бус тогтолцоо бүрдээд удлаа. Үүнийг л засах хэрэгтэй. Засахын тулд эхний ээлжинд одоо мөрдөж байгаа дүрэм, журмаа шинэчилж намын бүх шатанд дүрмээ хэрэгжүүлэх механизмыг тодорхой болгох, улмаар дүрэм зөрчсөн тохиолдолд бүх шатны намын удирдах байгууллага, намын дарга нарын хүлээх хариуцлагын тогтолцоог чангатгах гэж байгаа нь зөв. Манай нам гишүүд, дэмжигчдийнхээ оролцоог нэмэгдүүлж нээлттэй болох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, АН гишүүд, дэмжигчдийнхээ дунд орж ажилладаг, бүх шатны хурлаа дүрмийн дагуу зохион байгуулдаг, даргаа дүрмийн дагуу сонгодог, ҮЗХ-ныхоо ротацыг хугацаанд нь явуулж цусаа сэлбэдэг байх ёстой. Энэ удаагийн намын Их хурлын үндсэн зорилго, чиг үүрэг нь ийм дүрэм журам батлахад л чиглэгдэж байна. Үүний дараа нэгэнт хүлээн зөвшөөрөхөд хэцүү болчихсон одоогийн ҮЗХ, аймаг, нийслэл, сум, дүүргийн намын хороодын бүтэц бүрэлдэхүүн намын шинэ дүрмийн дагуу татан буугдаж дараагийн алхам руугаа орох хэрэгтэй.

-Дараагийн алхам гэдэг нь юу вэ?

-Намын даргаа сунгаагаар гаргаж, цагаан сарын өмнөхөн намын VII Их хурлаараа батламжлах. За тэгээд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ тодруулах гээд ажил ундарна шүү дээ. Энэ бүхэн ямар үр дүнд хүрэх нь одоо болох Их хурлаас батлах дүрмийн шинэчлэлтээс ихээхэн хамаарах учраас төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг журмын дагуу хариуцлагатай сонгож, хурлын бэлтгэлийг өндөр түвшинд хангахад ажлын хэсгүүд сэтгэл гаргаж ажиллах ёстой. Хугацааны хувьд ч маш шахуу байна.

-Танай залуучууд намынхаа ахмадуудыг зайл гэдэг болж. Ингэхэд та ямар замаар энэ намын лидер улстөрч болсон бэ. Зүгээр л залууст сургамжтай юм уу гэж асууж байгаа юм шүү?

-Их сайхан асуулт байна. Нэг зүйлийг хэлэхэд би өөрийгөө нэг их лидер, мидер гэж өргөмжилдөг хүн биш шүү. Миний хувьд 1990 оноос “Шинэ дэвшилт холбоо”-нд Д.Батсүх, Да.Ганболд, Р.Амаржаргал, Н.Батбаяр, Ш.Алтангэрэл Б.Мэдрээ, Д.Сүхэрдэнэ, О.Энхтуяа, Ү.Наранцэцэг, Д.Нэргүй гээд журмын нөхдийнхөө хамтаар туг далбаа барьж, бичиг цаасан дээр сууж байсан ч 1996 он хүртэл аль нэг шатны сонгуульд нэр дэвшиж байгаагүй. 1996 онд намайг сонгуульд орох тухай зүүдлээ ч үгүй Төв аймгийн Баянцогтод явж байхад Да.Ганболд маргааш өглөө бэлэн бай гэж дуудуулж, шөнө яаран сандран ирсэн. Өглөө нь Төрийн ордонд Ц.Элбэгдорж даргатай уулзахад олон таван үггүй “За Ламбаа гуай та УИХ-ын гуравдугаар тойрогт нэр дэвшинээ” л гэсэн. Ингээд Хүүхдийн ордонд тангараг өргөж, УИХ-д нэр дэвших гэрээнд гарын үсэг зурж улс төрд орсон. Шалтгаан нь дарга нар тухайн үед намайг Архангай аймгийн нутгийн зөвлөлийн даргын хувьд орон нутагтаа танигдсан хүн гэж, хоёрдугаарт, 1995 онд нийслэлийн багш нарын онц их хурлыг зохион байгуулж, улс орон даяар өрнөсөн багш нарын ажил хаялтыг дэмжиж, идэвхтэй оролцсон миний улс төрийн тэмцлийг үнэлж Их хуралд дэвшүүлсэн юм болов уу даа. Үнэндээ багш нарын 1995 оны ажил хаялт ардчилсан хүчний 1996 оны ялалтад чухал үүрэг гүйцэтгэсэн. Тэр цаг мөчөөс хойш өнөөдрийг хүртэл АН-ын үйл хэргийн төлөө үнэнчээр зүтгэж, архангайчуудынхаа итгэлийг хүлээж УИХ-д гурвантаа сонгогдож, намынхаа шийдвэрээр хоёр удаа Байнгын хорооны дарга, хоёр удаа төрийн сайдын алба хашсан. Үүнийг би өөрийнхөө сайнаар бус АН-ын нэр хүнд, гишүүд, дэмжигчдийн дэмжлэг, үе үеийн намын удирдах байгууллагаас хүлээлгэсэн итгэл, үүрэг даалгавар гэж үзэж ирсэн. Дарга, сайд болъё гэж хэзээ ч хэн нэгнийг ад үзэж, албан тушаалын төлөө арсалдаж явсангүй. Хий гэсэн ажлыг нь хийсэн шиг хийж, монгол түмнийхээ итгэлийг хүлээхийн төлөө зүтгэсэн.

-Бас нэрээ татаж байсан чинь хэдэн он билээ. Бусдадаа боломж олгоё гээд байсан санагдана…

-2012 онд АН-ын нэр дэвшигчид тойрог булаацалдаад хүндхэн байсан үед намын удирдлагад “Одоо би боллоо. УИХ-д залуучууд, эмэгтэйчүүдээ дэмжиж нэрээ татлаа” гэж хэлээд ҮЗХ-ны хуралд орж гишүүддээ амжилт хүсч, сэтгэлийн үгээ хэлээд УИХ-ын сонгуулиас нэрээ татсан. Миний энэ алхам тойрог булаацалдаж ширүүхэн болох гэж байсан хурлын уур амьсгалыг зөөллөж, эв зүйгээ олсон хурал болж дууссан. Гэхдээ би улстөрч хүний хувьд УИХ-аас нэрээ татаад санаа амраад явахыг хүсээгүй. Намайг байнга дэмжиж байсан архангайчуудынхаа итгэлийг зүтгэлээр хариулъя гэж бодоод 2012 оны орон нутгийн сонгуульд Архангай аймгийн Ардчилсан намыг орон нутагт ялуулахын тулд аймгийн АН-ын мөрийн хөтөлбөрийг бие даан боловсруулж, сонгуулийн сурталчилгааны сэтгүүлийг бэлтгэн 25 мянган хувь хэвлүүлж, “АН ялбал аймгийн Засаг дарга болно” гэж зарлаад сонгуульд орсон. Үүний үр дүнд Архангай аймгийн АН 12 жилийн дараа орон нутагт ялалт байгуулсан. Ялалтын дараа залуучууд маань “Бид орон нутгаа удирдана” гэсэн, би “Тэгээ” л гэсэн. Өнөөдөр бид ялагдчихаад л сууж байна. Тэгэхээр манай залуучууд эрх мэдлийг үг хэлээр дайрч давшилж “булааж авах” бус ажиллаж, зүтгэж намын үе үеийн лидерүүдийнхээ итгэлийг хүлээж, ард түмнийхээ дунд танигдаж, нэр хүндтэй нэгэн болох замаар улс төрийн “тавцанд” гарах хэрэгтэй. Тийм боломжийг олгоход нам залуучууддаа тусалж, тэднийг тууштай дэмжих хэрэгтэй. Бид чинь мөнх биш шүү дээ. Ирээдүйн залгамж холбоо болох залуучуудаа бэлтгэж, намынхаа хүч чадлыг бэхжүүлэх нь бидний үүрэг, хийх ёстой ажил.

-АН-ыг улстөрчид үнэт зүйл, үзэл бодлоо гээсэн, “толгойгүй нам” болсон гэх болж. Та үүнтэй санал нийлэх үү ?

-АН бол хэн нэг дарга биш. АН бол Монголын ардчиллын бамбарыг асааж, түүний гэрэл гэгээнд бий болсон асар их үнэт зүйлийг тээгч болж түүний төлөө сэтгэл зүрхээрээ шатаж яваа мянга мянган гишүүд, дэмжигчид. “Толгойгүй нам” болсон гэж байгаа бол толгойны тухай, манай намын лидерүүдийн тухай л ярьж байгаа хэрэг. Үүнд АН-ын мянга мянган гишүүд дэмжигчид огт хамаагүй. УИХ-ын сонгуульд АН ялагдсаныг жүжигчин Амраагийн “би юу хийчих вэ”-гээс боллоо гэж шуугьсан, түүнийг янз бүрээр “гоочилсон”. Гэтэл жүжигчин Амраа “Би ардчиллыг биш АН-ын удирдлагыг л шүүмжилсэн” гэж товч бөгөөд тов тодорхой хариулт өгсөн байна лээ. Бид иймдээ тултал сэтгэлгээний ядууралд орж болохгүй л дээ.

-Танай намын лидерүүд намын даргад өрсөлдөнө гэдгээ зарлаад эхэллээ. Та хэнийг намын дарга болоосой гэж хүсч байгаа вэ?

-Одоо хэн нэгнийг нэрлэх боломжгүй. Нэр дэвшилт албан ёсоор зарлагдаж эхлээгүй байна. Ямар ч байсан АН-ын гишүүд, дэмжигчид, тэр ч бүү хэл Монголын ард түмэнд танигдаж хүлээн зөвшөөрөгдсөн, АН-ын үйл хэрэгт үнэнчээр зүтгэсэн, ажил албандаа чин сэтгэлээсээ ханддаг, улс төрийн бодлогын алсын хараатай бай ёстой. Үнэнч шударга, авлигаас ангид, хүнээ дээдэлсэн харилцааны соёлтой, нийтэч, эх орон, ард түмэндээ хайртай, жудагтай улстөрч хүн байгаасай л гэж хүсч байна. Бас нэг зүйлийг нэмээд хэлчихэд манай намын эрхэм лидерүүд намын даргад өрсөлдөхдөө АН-аа л битгий муулаарай гэж хичээнгүйлэн гуйя. Яагаад гэвэл энэ намын ард түүнийг хүлээн зөвшөөрдөг монгол түмэн, АН-ын мянга мянган гишүүд дэмжигчид минь байгаа шүү.

-АН-ын ҮЗХ-ны хурал энэ сарын 16-нд чимээ анир багатай хуралдсан. Хүмүүсийн хүлээлтэд хариу өгсөн хурал болж чадсангүй гэсэн шүүмжлэл сонсогдож байна?

-ҮЗХ хуралдаад намын дүрэмд өөрчлөлт оруулах, ирэх сарын 06-нд товлосон АН-ын VI Их хурлыг зохион байгуулах ажлын хэсгийг тус тус байгуулаад завсарласан. Миний хувьд хуучин дүрмээр энэ ҮЗХ-оор ямар нэг асуудал хэлэлцээд улс төрийн шийдвэр гаргахад намын хамт олонд хүлээн зөвшөөрөгдөх эсэх нь эргэлзээтэй болсон гэж үздэг. Ийм уур амьсгал манай намын гишүүд, дэмжигчид төдийгүй нийгэмд тэр аяараа давалгаалж байна. Тийм болохоор ирэх сарын зургаанд VI Их хурлаа хийж АН-ын дүрмээ шинэчилье гэж шийдсэн. Дараа нь шинэ дүрмийнхээ дагуу бүх шатны намын удирдах байгууллагыг шинээр бүрдүүлж, намын даргыг бүх гишүүдийнхээ саналаар гаргаж цагаан сарын өмнө намын VII Их хурлаараа баталгаажуулах нь зөв гэж үзэж байгаа. Энэ талаас нь авч үзвэл энэ удаагийн ҮЗХ үүргээ гүйцэтгэсэн гэж бодож байна. ҮЗХ-ны хурлаас батлагдсан хоёр ажлын хэсэг шуурхай ажиллаж байна. УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат даргатай АН-ын VI Их хурлыг зохион байгуулах ажлын хэсгийн 60 гаруй хүн Бичиг баримт боловсруулах, Санхүүгийн асуудлыг зохицуулах, Хурал зохион байгуулах гэсэн гурван ажлын дэд хэсэгт хуваагдан ажилдаа орсон. Миний ахалсан бичиг баримт боловсруулах ажлын дэд хэсэг “Намын Их хурлын төлөөлөгч сонгох журам”-ын төслийг боловсруулж “Намын VI Их хурлыг зохион байгуулах ажлын хэсэг”-т оруулж батлуулаад манайхан зохион байгуулах ажилдаа орсон.

-Их хуралд төлөөлөгч сонгох журам ямар байх бол. Амралтын өдрүүдээр төлөөлөгчдөө сонгоно гэсэн. Төлөөлөгчдийнхөө зардал мөнгийг хэрхэн зохицуулж байгаа юм бол?

-Ардчилсан намын Үндсэн дүрэм батлах VI Их хуралд аймгийн төвөөс тус бүр гурав, нийт 57, Дорноговь аймгийн Замын-Үүд, Завхан аймгийн Тосонцэнгэл, Өвөрхангай аймгийн Хархорин, Сэлэнгэ аймгийн Мандал, Сайхан, Хэнтий аймгийн Бор-Өндөр сумаас тус бүр гурав, нийт 18, Дархан-Уул аймгийн Дархан сумын баг тус бүрээс нэг, бусад гурван сумаас тус бүр нэг, нийт 21, Орхон аймгийн Баян-Өндөр сумын баг тус бүрээс нэг, Жаргалан сумаас нэг нийт 23, үлдсэн 299 сумаас тус бүр нэг, нийт 299, Нийслэлийн хороо тус бүрээс нэг, нийт 152, Аймгийн ИТХ-д АН-аас сонгогдсон 211, НИТХ-д АН-аас сонгогдсон дөрөв, Дүүргийн ИТХ-д АН-аас сонгогдсон 92, ҮЗХ-ны 255, Хяналтын ерөнхий хорооны ес, Ардчилсан ахмадын, эмэгтэйчүүдийн, залуучуудын холбооноос тус бүр 23 төлөөлөгч нийт 1210 төлөөлөгч оролцоно.

Их хурлыг арванхоёрдугаар сарын 6, 7-ны өдрүүдэд “Соёлын төв өргөө”-нд зохион байгуулна. Орон нутгаас ирэх төлөөлөгчдийн аймгийн төвөөс Улаанбаатарт ирж, буцах унааны зардал болон байр, хоолны зардлыг нам хариуцах юм.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *