Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

С.Хүрэлбаатар: Улсаа дэлхийн түвшинд хөгжүүлье гэвэл бөхчүүд, тулааны тамирчдад бус оюунлаг эрдэмтэн, судлаачиддаа хөрөнгө оруулж сурмаар байна


Манай сонинд бөхчүүд, тулааны тэр дундаа зодооны спортын хувь хүний амжилтыг алдаршуулахаас илүүтэйгээр дэлхийд Монголын нэрийг гаргаж чадах багийн спорт, шинжлэх ухааны эрдэмтэд, эрдэм боловсролтой хүмүүсээ төр засгаас дэмжих бодлого хэрэгтэй байгааг хөндсөн нийтлэл гарсан билээ. Нийтлэлийн дагуу маш олон хүн байр сууриа илэрхийлсээр байна. Энэ талаар Анагаах ухааны доктор, профессор (ОХУ)С.Хүрэлбаатартай ярилцлаа.


Хоёулаа хувийн амжилт, багийн амжилтын нийгэмд хэрхэн нөлөөлдөг, ач холбогдлын талаар яриагаа эхлэх нь зүйтэй болов уу?

-Ер нь хүний бие махбодоос гарах энергийн урсгал өөр өөр байдаг. Үүнийг дэлхий нийтэд чакра буюу энергийн хүрд гэдэг. Энэ энергийн хүрд хүний амьдралд янз бүрээр нөлөөлдөг. Энэ нөлөөллийг амьдралдаа бид байнга хэрэглэж явдаг. Энийг ямар ч эрдэмтэн ярихгүй юм. Жишээлбэл, сексийн асуудал бол хамгийн доод түвшний хөгжил муутай чакра.Сексийн чакра буюу үржлийн эрхтний үйл ажиллагаа явагддаг. Дараа нь биеийн энерги гээд дээшилнэ. Хамгийн дээд түвшний энерги бол хүний тархины бор давхраас гардаг энерги буюу чакра юм. Толгойн оройн хүрд гэж. Тэгэхээр юу хэлэх гээд байна вэ гэхээр орчин үеийн хүн төрөлхтөнд монголчууд бид бие организмаараа тэргүүлэх үү, оюун ухаанаараа тэргүүлэх үү гэдэг асуудал тавигдаж байна. Хүн байгалийн амьтан. Нөгөөтэйгүүр нийгмийн амьтан, хүн төрөлхтөнтэй харьцдаг. Тэгэхээр Монгол Улс яагаад хөгжихгүй байна гэхээр байгалийн буюу бие махбодын хөгжлийн онцлогийг өнөөдөр тэргүүлэх зэрэгт тавьчихсанд шалтгаан нь байгаа юм. Өөрөөр хэлбэл, хүй нэгдлийн, феодалын нийгмийн үед л амьдарч байна гэсэн үг. Өнөөдөр хүмүүс тийм ч том цолтой бөхчүүд, тийм ч бүстэй тулааны мастерууд гэж ярьж, шүтдэг. Суманд очоод захын айлд ороход тэр бөх, тулааны хүмүүсээ л “Та дээшээ суу” гэхээс “Эрдэмтэн та эхлээд дээшээ суу” гэж хэлэхгүй. Гэтэл хүн төрөлхтөн өөрөө оюуны спорт, оюуны бүтээл, судалгаа, ажил руу анхаарал хандуулаад эргэлт хийчихсэн. Сингапур яагаад хөгжсөн бэ? Спортоор хөгжөөгүй. Тэнд эрдэмтэн судлаач, оюунлаг хүмүүсийн нөлөөгөөр хурдтай хөгжиж байна.

Тэгэхээр спорт бол хувь хүний амжилт болохоос улсыг хөгжүүлэх арга зам биш юм байна. Тийм үү?

-Спорт гэдэг хувь хүний асуудал. Биеэс гарч байгаа хувь хүний биеийн хүчний энерги. Нийгэмд бүтээсэн юм байхгүй, энд зөвхөн хувь хүний үзүүлсэн амжилт яригдана. Гэтэл тархины энерги сайтай хүмүүс шинэ нээлт хийж, хүн төрөлхтний түүхэнд дуурсагдах шинжилгээ судалгаа хийж байна. Тэгэхээр бид нийгмийг бүтээж байгаа, авч явж байгаа, хөгжүүлж байгаа компанийн захирлууд, эрдэмтэд, шинжлэх ухаандаа хөрөнгө оруулах хэрэгтэй.

Таны яриад байгаа асуудал манайд эсрэгээрээ байдаг юм байна. Бөхчүүд, спортынхныгоо толгой дээрээ залчихаад эрдэмтдээ хөлдөө суулгаад байдаг юм уу даа?

-Ерөөсөө л тэр. Хүн нийгэмтэй харьцахгүй, гэртээ ганцаараа байгаад байхаар араатан болно. Биологийн шинж тэмдэг давамгайлаад араатан шинжтэй болж ирж байгаа байхгүй юу.Тэгэхээр бид аль болох хүний оюун санаа, хийсэн бүтээсэн нь үлддэг тэр нийгмийн төлөө явах ёстой. Монголын тэргүүлэх зэргийн эрдэмтдийг өнөөдөр хэн хүндэлж, ойлгож, дэмжиж байна. Байхгүй шүү дээ. Гэтэл тэр бидний шүтээд байдаг АНУ төдийгүй дэлхий дахинд эрдэмтдээ хүндлээд, тэдэн дээрээ тулгуурлаж хөгжиж байна. Эрдэм номтой хүмүүстээ гар таталгүй хөрөнгө мөнгө зарцуулж гаднаас эрдэмтэд, судлаачид урьж залаад хүн төрөлхтний хэмжээний нээлт хийгээд бүтээл гаргаад байна. Дэлхийн II дайны үед гэхэд л Америк Германы эрдэмтдийг авчраад туршлага судлаад пуужин хийлгээд сансарт нисээд явчих жишээтэй. Энэ чинь хүний оюун санааг дэмжиж буй тод жишээ. Гэтэл бид аль юм болгон овгийн толгойлогч шүтэж хүй нэгдэл рүү явах юм бэ.

Олимп дэлхийн аварга болсон энэ тамирчдад би нэг л зүйл хэлмээр байгаа юм. Энэ хүмүүс мундаг байна. Бие организмын хувьд монгол хүн дэлхийн хэмжээнд байна, бүр давуу байна гэсэн хувь хүний үзүүлэлтийг гаргаад ирлээ. Энэ бол хувь бие бялдрын талаас шүү дээ. Түүнээс оюунлаг талаас нь монгол хүнийг дэлхийд гаргаад ирсэн юм биш. Дайнд баатар, номонд мэргэн, нойронд сэргэг гэж ярьдаг шүү дээ. Өнөөдөр бид бие организмыг хөгжүүлэхдээ спорт, биеийн тамир хоёроор зэрэг хөгжүүлэх хэрэгтэй. Спорт, биеийн тамир хоёр чинь өөр. Биеэ чийрэгжүүлж хөгжүүлээд, оюун ухаанаа хөгжүүлээд явах ёстой юм. Спортын тамирчдын бие бялдар нь хөгжөөд оюун ухааны хөгжлөө орхигдуулчихаад байна. Гэтэл оюунлаг хүмүүс нь биеийн хөгжлөө орхиод оюун ухааны хөгжил нь давамгайлчих жишээтэй. Энэ хоёрыг зэрэг хөгжүүлэх л хэрэгтэй.

Манай төр бөхчүүдээр дүүрлээ. Бид оюунлаг хүмүүсээр бус бие бялдрын төлөөллөөр удирдуулж байгаа нь тэгээд нийгмээрээ мэдлэг боловсрол бас л дутуугийнх уу?

-Миний хувьд зэрэг хөгжүүлж чадсан бөх гэвэл Хорлоогийн Баянмөнх аваргыг л хэлнэ. Яагаад гэвэл бие бялдрын хувьд монгол хүн ямар байдгийг дэлхийн хэмжээнд харуулаад зогсохгүй ирээдүй хойчдоо үлдээх ном хүртэл биччихлээ. Бөхчүүд энэ аваргаас үлгэр жишээ авах хэрэгтэй. Бид нэгэнт дэлхийд бие бялдраараа гарчихлаа. Харин нэг ч гэсэн Нобелийн шагналтан манайхаас төрсөн бил үү. Манайд эрдэмтэй, мэдлэгтэй, чадвартай хүмүүс нь бол бий. Бусад улсууд оюунлаг хүмүүсийнхээ хийсэн бүтээл, судалгааг зөвөөр харж шүүж тунгаагаад дэмжээд явчихдаг юм байна. Оюунлаг хүндээ асар их хөрөнгө оруулалт хийдэг. Эргээд оюунлаг хүн нь улсаа хүн төрөлхтний хэмжээнд гаргаж ирж хөгжүүлдэг. Харин бид хэдэн бөхчүүдээ л хэдэн өрөө байр, хэдэн зуун сая төгрөг, хэдэн сая төгрөгийн үнэтэй машин гээд тэрбумаар яригдах шагнал өгдөг. Гэтэл энэ чинь олныг баясгаж хүч чадлаа гайхуулж байгаа хувь хүний амжилт болохоос улс нийгмийн амжилт биш. Өнөөдөр ямар ч сайн тамирчин байсан тав арван жил гялалзаад нийгмээс мартагддаг. Харин оюуны нээлт хийчихсэн хүмүүсийг хүн төрөлхтөн хэдэн зуунаараа мартдаггүй л байхгүй юу. Алберьт Эйнштейнийг одоо ч хүн төрөлхтөн ярьж байна. Тиймээс бид оюуны хувьд л дэлхийн тавцанд гарах ёстой юм байна. Үүнд Засгийн газар бодлогоор хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй. Х.Баттулга Ерөнхийлөгч ШУА-д хөрөнгө оруулалт хийнэ гээд ярьж байсан, одоо болтол хийгдээгүй л байна. Энэ хөрөнгө оруулалт хийгдчихсэн бол манай эрдэмтэд дээшээ гараад ноу хау гэдгээ бусад улсад худалдаад жинхэнэ хөгжлийн зам руу орж болно. Бид гадаадаас л хуулж, худалдаж авч байна. “Оюу толгой” гэхэд л дандаа гадаадад инженерүүдээ бэлтгэж авчирч байна. Одооноос л Монголдоо суурьшиж байна. Тэгвэл бид шинжлэх ухаан, эрдэмтэд, чадвартай инженерүүдээ бэлтгэж, тэдэндээ анхаарснаар 10, 20 жилийн дараа өөрсдийн бааз суурьтай болно. Ингэж байж бид хөгжинө. Монголын эрдэмтэд даруу, юм хэлэхгүй байна, инженерүүд нь ч дуугарахгүй байна. Бидний хоцрогдол өнөөдөр ямар байна. Ганц үйлдвэр өөрсдөө ашиглаж чадахгүй байна. Энэ чинь бүгд улсын оюуны давхаргатай л холбоотой байгаа юм.

Таны бодлоор бид шинжлэх ухаан, мэдлэг боловсролдоо хөрөнгө оруулахын тулд юунаас эхлэх хэрэгтэй гэж бодож байна вэ?

-Зарим сум аймгийн дарга нар чинь бөхчүүд л байна. Ийм аварга, тийм аварга гээд онгироод сууж байдаг. Энэ буруу. Шийдвэр гаргах түвшинд гэдгээс даваад би бүр томоор улстөржүүлж яримаар байна. Монголын төр яам, тамгын газраа нам харгалзахгүйгээр мэдлэг боловсролтой, оюуны чадамжтай хүнээ сайд, даргаар тавимаар байна. УИХ-ын гишүүд мөнгө идэж байна гээд ярьдаг. УИХ-д нэр дэвшиж байгаа хүмүүс чинь сонгуульдаа хувиасаа мөнгө зарцуулчихаад УИХ-ын суудалд оччихоор хэзээ ч Монголын ард түмний сайн сайхны төлөө явна гэж байхгүй ш дээ. Өөрийнхөө зарлагадсан мөнгөө олж авахын төлөө, илүү их эрх мэдлийн төлөө л явна. Тэгэхээр улс эх орноо авч явах төрийн тэргүүнээ сонгохын тулд сонгуулийн зардлыг нь улсаас гаргадаг болох нь зүйтэй. Ингэснээр яахав гэхээр улстөрчид нь дэвшинэ л биз. Мөнгө төлөх шаардлагагүй болчихоор тэр философийн байдаг ч юм уу том оюун санааны төлөөлөл болсон эрдэмтэд чинь нэр дэвших боломж нь үүсээд ороод ирэх юм. Монголыг аваад явах чадвартай хүмүүс нь нэр дэвшээд гараад ирнэ. Гэтэл өнөөдөр мөнгөтэй нь нэр дэвшиж байна. Энэ мөнгөтэй хүмүүс чинь гараад ирэхээр өөрсдийнхөө бизнесээ бодоод явчихна. Тэгэхээр бидний оюунлаг байдал орхигдоод явчихна. Яам тамгын газрын ч юм уу дарга дээр тэр улсын цолтой бөхчүүд нь орохоор хөөрхөн бөнжигнөж бөхөлздөг. Гэтэл ирээдүйд Монголыг тэжээх оюунлаг нэг эрдэмтэн орлоо гэхэд хүлээж авахгүй үүднээсээ буцаах жишээтэй. Намайг улс төрийн энэ өндөрлөгүүдэд чинь орж санаа оноогоо хуваалцъя гэхээр үнэнийг хэлэхэд оруулдаггүй шүү дээ. Тэгэхээр нийгэм талаас нь хүлээж авдаг хүн ховор болж.

Та бид хоёрын яриаг унших хүмүүсийн дотор бөхчүүд бол Монголын уламжлалт спортыг ганц авч яваа хүмүүс гэж үгүйсгэх нэгэн ч бий. Гэхдээ захын жишээ татахад сумод амжилт үзүүлсэн Япон бөхөө хэдэн зуун сая төгрөгөөр шагналаа, тэр нь тийм яамны дарга боллоо гэж ярихыг бид сонсоогүй болов уу. Бид бэлгэ тэмдэг, мэдлэг боловсролоо хольж хутгаад л явдаг байх нь?

-Тэр үнэн. Америкт олимпийн аварга болсон усан сэлэлтийн тамирчиндаа 26 мянган ам.доллар өгөөд л болчихдог юм байна. Хоккейчид дэлхийн аваргын алт, мөнгөн медаль аваад ирэхэд төр засаг нь талархлаа илэрхийлээд болоо. Тоодоггүй юм байна лээ. Тамирчид бол дэлхийд Монголыг сурталчилна гээд ярьдаг. Бид л таних болохоос тэр тамирчдыг чинь Монголоос гарахад хэн ч танихгүй шүү дээ. Хэнд, хаана, хэзээ хүртэл сурталчлах юм. Тэр аваргууд чинь бусад улс орнуудад ч бас байдаг л хүмүүс шүү дээ. Харин дэлхийд Монголыг жинхэнэ таниулах эрдэмтэд нь хаана байна. Яагаад тэднийг дэлхийд сурталчлахгүй байгаа юм.

Дэлхийд монголчууд биднийг новшийн хүмүүс л гэж харж байна. Үүний оронд бид гэгээрмээр байна. Тиймээс оюуныг, бие организмыг зэрэгцүүлж хөгжүүлж чадвал жинхэнэ дайнд баатар, номонд мэргэн болно. Цаана чинь биднээс илүү бэлтгэгдсэн тамирчид, биднээс илүү бэлтгэгдсэн эрдэмтэд байгаа. Аль ухаантай нь урагшилна, ялна. Монгол Улсаа дэлхийн түвшинд хөгжүүлье гэвэл бие бялдар, хүч чадалтай бөхчүүд, тулааны тамирчдад бус оюунлаг эрдэмтэн, судлаачиддаа хөрөнгө оруулмаар байна.

Хөөрхий хэдэн эрдэмтэд нь дарга нарын үүд сахиад судалгаа шинжилгээний ажил хийх хэдэн төгрөг гуйгаад явж байгаа улс орчин цагт манайхаас өөр байхгүй байх шүү.

Д.ДАВААСҮРЭН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *