Дуучин С.Хишигжаргалтай ярилцлаа.
–“Universe best songs” бол таны нэрийн өмнө явдаг бас нэг тодотгол. Уг уралдаанд хэдэн онд оролцож байлаа?
-2011 онд “Universe best songs” наадам гурав дахь удаагаа зохиогдоход орж байлаа. Миний өрсөлдсөн анхны тэмцээн байсан юм. Их амжилттай оролцож шилдэг 25-д үлдсэн.
-Уг уралдаанаас шилдэг дуучид төрдөг ч цөөхөн нь л урлагтаа үлддэг. Урлагаа цааш үргэлжлүүлж байгаа тэдгээр хүмүүсийн нэг нь та шүү?
-Гоё дуулдаг, авьяастай залуус олон бий л дээ. Харин уран бүтээл хийж байгаа нь гэвэл цөөхөн. Уран бүтээл дээр ажиллана гэдэг тэмцээнээс огт өөр. Илүү хариуцлагатай байж, өөрөө л зүтгэж байж уран бүтээлч болдог юм билээ.
-Та өмнө нь дуулдаг байсан уу, эсвэл энэ шоугаар гарч ирж олонд танигдав уу?
-Өмнө нь гэртээ, сургууль, ангийнхаа хүрээнд л дуулдаг байлаа. “Universe best songs” наадам бол намайг хүмүүст их таниулсан. Намайг дуулдгийг мэддэггүй байсан хүмүүс энэ уралдааныг телевизээр үзээд гайхсан шүү. Өмнө нь ямар ч тэмцээн уралдаанд орж дуулж байгаагүй юм. Энэ наадам намайг урлагт чи чадна шүү гэдэг итгэлийг төрүүлж өгсөн. 2011 онд “Universe best songs” наадамд 16-60 гаруй настай 800 гаруй хүн бүртгүүлж өрсөлдсөн. Тэгэхэд надтай хамт өрсөлдөж байсан хүмүүс дунд одоо амжилттай яваа уран бүтээлчид байна. Тийм мундаг авьяастнуудтай өрсөлдөөд шилдэг 25-д үлдсэн нь миний хувьд өндөр босго байсан. Тийм учраас энэ наадам намайг уран бүтээл хийгээд явахад маш том суурь болж өгсөн.
-Та дараа нь хөгжмийн зохиолч, продюсер Б.Ангирмаатай хамтарч ажиллах болсон. “Тал нутаг” гээд уянгалаг сайхан дууг нь хоршиж дуулсан шүү дээ?
-“Тал нутаг” дуу,
“Хөвсгөр цагаан цас нь хаялан орж
Хөндий тал нь цайран цэлийнэ
Хөдөө нутгийн хөгшнийгөө санан
Хөгжим болсоор сэтгэл хөдөлнө” гэж эхэлдэг. Их гоё дуу. Гоё дуу, гоё аялгуу хүний хоолойг гоё гаргаж ирдэг юм билээ. Гурав дахь дуугаа гаргачихаад байж байтал Б.Ангирмаа багш над руу залгасан юм. “Чиний хоолой надад таалагдаж байна. Надад “Angel” гэж дуу байдаг юм. Хэрвээ хүсвэл энэ дууг дуулж болно шүү” гэж санал болгосон. Ингэж л багштайгаа хамтарч ажиллах болсон доо. Хамтдаа олон дуун дээр ажиллаж байна. Миний анхны “I’m Khishgee” цомгийг багш минь продюсерлож гаргаж өгсөн. Би багшдаа маш их баярлаж явдаг.
-Продюсеруудын дундаас биеэ авч яваа байдал, өөрийгөө илэрхийлдэг зан чанар зэргээрээ ялгардаг нь Б.Ангирмаа. Тийм ч болохоор зарим залуу уран бүтээлчид түүнээс эмээх хандлагатай байдаг?
-Миний нэг сонин зан байдаг юм. Айж байгаа зүйл, айдсынхаа эсрэг сөрдөг зантай. Айж зугтдаггүй, заавал нүүр тулж байж тухайн зүйлийнхээ мөн чанарыг таних дуртай. Тийм болохоор би багшаасаа айж байгаагүй. Над руу ярихад нь маш их баярласан. Багштайгаа анхнаасаа тийм сэтгэгдлээр учирсан болохоор айхавтар айгаад бэмбэгнээд байдаггүй. Гэхдээ би багшийгаа маш их хүндэлдэг. Хүндэлнэ гэдэг хүн харахад айгаад ч байгаа юм шиг харагддаг байх. Надад анх эрэгтэй хөгжмийн зохиолчдоос хамтарч ажиллах санал их ирсэн юм. Тухайн үед нас залуу байсныг ч хэлэх үү, жаахан хаширлаад багшийгаа ярихад нь яагаад ч юм маш их баярлаж билээ (инээв). Би чамайг продюсерлоё гэхээсээ илүүтэй чи миний дууг дуулж болно оо гэж уран бүтээлчийнхээ хувиар ярихад нь өөрийн эрхгүй таатай санагдсан. Багшаасаа их ч зүйл сурсан. Цомгийг минь гаргаж өгчихөөд “За би хөлийг чинь дөрөөнд, гарыг чинь ганзаганд хүргэж өглөө. Чи соло дуучин. Багш нь одоо охидын хамтлаг байгуулна. Тэр хамтлагт орж дуулж болно шүү” гэж билээ. Багш минь ингэж л надад замыг минь зааж өгсөн дөө.
-Та гадаад төрхөө европжуу байдлаар тодорхойлсон. Үсээ шаргал болгодог?
-Би европ соёл, киног ихэд сонирхдог. Нөгөөтэйгүүр рок поп урсгал ч гэсэн тэр зүгээс гаралтай учраас яах аргагүй тийм хэв маяг, жанр барьдаг. Тухайн үедээ шаргал үстэй байлаа. Одоо бол бага зэргийн шаргалтай үстэй (инээв.) Зарим хүмүүс намайг өөр бусадтай жиших нь бий. Миний хувьд хүнтэй адилхан байя гэж боддоггүй. Аль болох өөрт байгаагаа тодруулж харуулахыг хичээдэг.
-Таны клипүүд цэвэр хотын шинжтэй байдаг л даа. Тийм болохоор хотын унаган хүүхэд байж мэднэ гэж таамаглаж болох ч таныг Архангайнх гэж дуулсан?
-Би Архангай аймгийн Хангай суманд төрсөн. Ингэж хэлэхээр хүмүүс намайг “Чи хөдөөнийх байсан юм байна ш дээ” гэдэг юм. Би яах аргагүй хөдөө төрсөн. Гэхдээ би хотод ухаан орох цагаасаа л эхэлж амьдарсан болохоор хотын соёлоо эрхэмлэдэг. Бусад залуусыг ч усыг нь уувал ёсыг нь дага гэгчээр энэ хотод хайртай байгаасай, энэ хотыг өнгө үзэмжтэй байлгаасай гэж хүсдэг. Тийм болохоор клип, уран бүтээлээрээ хүмүүст сөрөг юм харуулахгүй юмсан, хар сенсациар амьдрахгүй юмсан гэж боддог. Цэвэр уран бүтээлч байх сан. Эргээд хэдэн жилийн дараа клипүүдээ хараад “Ээ ямар аймаар байсан юм бэ” гэмээргүй, тухайн цаг үедээ эзэн нь байж гоё бүтээл хийх сэн гэж зорьдог. Анхныхаа тоглолтыг хийх гээд уран бүтээлийнхээ жагсаалтыг сонсч байхад дуунуудаа бүгдийг нь клипжүүлсэн байна. Клип болгон минь дурсамжтай, хөдөлмөр шингэсэн байсан учраас өөрийгөө хайрласан шүү.
-Дуучин хүний хувьд анхны тоглолт гэдэг үгээр илэрхийлэхийн аргагүй баяр жаргал, догдлол төрүүлсэн үйл явдал байдаг юм шиг байгаа юм. Яг одоо таны сэтгэл маш их хөдөлж байгаа?
-Энэ цаг хугацааг би мөрөөдөж байгаагүй мөртлөө цаанаа их хүсдэг байсан юм шиг байгаа юм. Хүнд хэлж зүрхлэхгүй тийм нандин зүйл байсан юм байж л дээ, одоо бодоход. Одоо тэр мэдрэмж ойртохын хэрээр маш их баярлаж байна, догдолж байна. Сандрах, айх гэхээс илүүтэй хайртай, хамгийн дотны хүнээ хол явуулчихаад уулзах өдөр, хоногоо хуруу даран хүлээж байгаа юм шиг тийм мэдрэмж төрж байна.
Анхны тоглолтоо VIP хийж байгаа. Б.Ангирмаа багш минь “Чи тоглолт хийгээч” гэхээр нь “Нээрэн тоглолт хийе” гэсэн бодол төрсөн. Тэгээд эхний, анхны тоглолтоо намайг чин сэтгэлээсээ сонсдог, намайг хайрладаг тийм хүмүүстэйгээ хамт нүүр нүүрээ харж байгаад жижигхэн ч гэсэн ая таатай, өндөр зэрэглэлийн орчинд, хөгжмийн сайн дуугаралттайгаар хийе гэж бодсон. Анхны гэдэг утгаар нь тоглолтоо их нандигнаж хийж байгаа. Түүнээс биш ашиг олж, өөрийгөө нийтэд шидэх гээд байгаа зүйл биш шүү. Би өөрийнхөө дуунуудыг тасралтгүй дуулахад хоёр цаг гаран болж байна билээ. Эхлээд хайртай хүмүүстээ тоглолтоо дээжилж хүргэе гэж зорьсон. Цаашид бие даасан томоохон тоглолтоо хийх бодол байгаа. 150-хан хүний суудалтай. Билет нь дуусчихсан.
-VIP тоглолт тань хаана болох юм?
-Үндэсний соёл, амралтын хүрээлэнгийн “Park Castle”-д болно. Нэмж хорин хүний тасалбарыг захиалгаар хэвлэсэн. 170-аад хүн цуглаж л тоглолтыг минь үзэх нь. Хүмүүсийг тэгж цуглана чинээ санаагүй. Маш их баярлаж байгаа. Найзууд маань тоглолтыг минь үзэх гээд Солонгос улс, Архангай аймгаас ирж байна. Урилгаар орохгүй, тасалбар худалдан авч үзнэ шүү гэцгээсэн. Тэгж хандаж байгаа нь үнэ цэнэтэй санагдаж байгаа.
-Таны хоолойг сонсоход байгалиасаа төрмөл байдаг л даа. Маш цэвэр дуугардаг цээл хоолой?
-Би өөрийгөө гоё хоолойтой гэж боддоггүй байсан. Би дуучин Т.Ариунаа шиг часхийсэн хоолойтой биш байх, Уитни Хьюстин шиг чадалтай хоолойтой биш байх гэж дандаа өөрийгөө дарж бодож явсан. Хэзээ өөрийнхөө хоолойг бас чиг аятайхан юм байна гэж бодож эхэлсэн бэ гэхээр “Angel”, “Чамд орхисон хайр”-ыг дуулчихаад өөртөө бага багаар дурлаж эхэлсэн. Хоолой минь надад таалагдсан. Би өөрийгөө эвдэх гэж үзсэн. Дээшээ, доошоо өнгөөр ч дуугарч үзсэн юм. Багш нар маань намайг “Өргөн диапазонтой байна. Аль ч өнгөн дээр ашигтай дуугарч болно” гэдэг байлаа. Гэхдээ надад хэт их цоглог дуу зохидоггүй, эсвэл хагацаж салсан тухай ганихралын дуу зохимжгүй юм билээ. Би юмыг гэгээлэг, хөнгөн гунигтай, романтик байдлаар хүлээж авдаг болохоор тэр нь миний хоолойд тохирдог. Хувцасны хувьд ч ялгаагүй. Яг одоо трэнд болж байгаа хувцас гэхээсээ өөртөө зохисон хувцсаа өмсчихөд л гоё харагддаг.
-Таны клипүүд их өнгөлөг шүү?
-Бодно л доо, клип хийх болгондоо. Яавал хүнд гоё сэтгэгдэл төрүүлэх вэ. Урлаг гэдэг гоо зүй. Гоо сайхан харагдахаасаа илүү тачаангуй харагдах гээд хүмүүсийн эгдүүцлийг төрүүлж хямдхан харагдах вий гэдэгт их анхаардаг. Коко Шанелийн “Эмэгтэй хүн битүү хувцас өмссөн ч дур булаам байж болдог. Нүцгэлж шалдлахыг дур булаам гэж ойлгож болохгүй” гэсэн үг бий. Тэрийг зарчим болгож явдаг.
-Таныг олон киноноос харсан. Хэд хэдэн кинонд тоглочихов уу?
-Гол дүрд нь тоглосон гэвэл цөөхөн л дөө. “Нэг өдрийн дайсан”, “Хоёулаа унтах уу”, “Universe best songs”-ийн шилдэг оролцогчдын тоглосон “Мартагдашгүй намар” кино байна. Харин сүүлийн үед гэвэл “Бүсгүйчүүд хайрыг хүснэ” кинонд Оюуны дүрд тоглосон. “NTV” телевизийн “Гэр дүүрэн охид” сериалд Оргилмаагийн дүрд тоглочихоод байна. Миний дүр бүтээнэ гэх нь хаашаа юм, өөрийнхөө чадлаар оролцон тоглосон гэх үү дээ. Кинонд тоглож өөрийгөө сорьсон. Их ч зүйлийг тэндээс сурсан.
-Тоглолт тань бямба гаригт болно. Хоёрхон хоног үлдэж дээ?
-Санаа зөв бол заяа зөв гэдэг. Их сайхан боломжууд надад олдож, олон сайхан хүмүүстэй танилцдаг. Төрж өссөн Архангай аймгийн Хангай сумын нийт ард түмэн, ахан дүүс, хамаатан садан, хайрт ээждээ, намайг хайрладаг миний ойр дотны бүх хүмүүст баярлалаа. Би энэ хорвоо дэлхий дээр байгаа бүх юманд талархаж амьдрах дуртай. Миний энэ тоглолт талархлын тоглолт юм л даа. Та бүхэндээ баярлалаа.
-Тоглолтын тань нэрийг сонирхвол?
-“Хатан зүрх”. Энэ тоглолтод маань миний хамгийн хайртай хүмүүс намайг зорьж ирж байгаа. Эдгээр хүмүүсээр дамжиж миний дуунууд бүр ч олон хүнд хүрнэ. Тиймээс их догдолж байна. Цаашдаа нийгэмдээ, урлагтаа муу нэр зүүхгүй юмсан, аль болох сайн сайхан зүйлийг бусдад түгээхсэн гэж хичээж байна.
-Та гэр бүлтэй юу?
-Найз залуутай.