Categories
мэдээ цаг-үе

С.Жаргалан: Геологийн судалгаа болон, уул уурхайн ашиглалтын үйл ажиллагаагаа ялгаж салгаж чадахгүй байгаагаас энэ салбар уналтад орсон

Монгол Улсад Геологийн алба үүсэн байгуулагдсаны 80 жилийн ой тохиож байна. “Холидэй Инн” зочид буудалд геологийн эрдэмтдийн эрдэм шинжилгээний хурал 16-ны өдөр эхэлсэн. Маргааш энэ хурал үргэлжлэн явагдах ба Төрийн ордонд баярын хурлаа хийгээд 80 жилийн ойн хаалт болох юм. Эрдэм шинжилгээний хурлын үеэр ШУТИС-ийн Геологи уул уурхайн сургуулийн гидрогеологийн салбарын эрхлэгч С.Жаргалантай ярилцлаа.


-Геологийн салбар Монголд яаж үүссэн бэ. Анх үүсэхдээ ямаршуу байдлаар эхэлсэн юм бол?

-1939 онд Сайд нарын зөвлөлийн дэргэд “Геологи судлал шинжилгээний алба”-ыг байгуулсан. Улс орныг аж үйлдвэржүүлэх бодлогын хүрээнд Монгол орны геологийн тогтоцыг судалж, улмаар газрын хэвлийн ашигт малтмалыг олж илрүүлэх шаардлагатай болсон тул ийм шийдвэр гарсан. Энэ цаг мөчөөс Монголд геологийн алба байгуулагдан өнөөдөр 80 жилийн нүүрийг үзэж байна. Социалист нийгмийн үед Түлш эрчим хүч, геологи уул уурхайн яам гэж байсан. Тэр яам бодлогоо бариад тусгай төлөвлөгөөтэй геологийн зураглалыг 1 саятын машстаб, 500 мянганы машстаб 200 мянганы машстаб болон 50 мянганы машстабаар хийж Монгол орны геологийн тогтоцыг нэг бүрчлэн судалсан. Мөн тодорхой үе шат төлөвлөгөөтэйгөөр ашигт малтмалын ордуудын эрэл хайгуулын ажлуудыг хийсэн байдаг. 1940-өөд оны үед эх орны дайнтай холбоотойгоор дайны үед шаардлагатай түүхий эдийг илрүүлж эхэлсэн. Жишээ нь, вольфромыг судалсан. Хуягтын гадна талын бүрхүүлийг вольфрамтой хайлшаар хийхэд сум нэвтэрдэггүй хуяг үйлдвэрлэдэг. Тийм утгаараа вольфромын ордууд, цагаан тугалгын ордуудыг маш ихээр хайж илрүүлж, зарим нэг дээр нь ашиглалт явуулсан байдаг. Алтны хувьд өөрөө валютын түүхий эд. Хүн төрөлхтний хамгийн анх ашиглаж байсан металь нь алт. Яагаад гэвэл гоёмсог шар өнгөтэй. Сүүлдээ хоорондоо юм солилцохдоо алтаар солилцдог болсон. Тэр нь өнөөг хүртэл валютын үнэ цэнээ алдахгүй байгаа. Богд хаант засгийн үед “Монгол -Ор” нийгэмлэгийг байгуулаад Орос, Америк, Хятад улстай хамтраад хойд Хэнтийн бүсд Ерөө голын сав нутгаар алтны шороон ордыг ашиглаж байсан ба есөн тонн орчим алт олборлосон гэх сурвалж байдаг.

-Өнөөгийн геологи судлалын байдал ямар байгаа вэ?

-1990-ээд оны үед Монголын нийгэм эдийн засаг тэр чигтээ өөрчлөгдсөн. Түүнээс үүдэн маш том эдийн засгийн хямралд өртсөн. Энэ эдийн засгийн хямралаас гарах гол арга нь юу байсан гэхээр П.Очирбат Ерөнхийлөгч байх үедээ “Монгол алт” гэдэг хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Түүний үр дүнд алт олборлож, улс орон мөнгөтэй болж эхэлсэн. Тодорхой хэмжээний нэгэн үе шатыг давсан байдаг. 2015 оноос “Алт-2” хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн. “Алт-2” хөтөлбөр нь нэг хэсэг замбараагүй болсон зүйлийг цэгцлэх, цаашид алтны үйлдвэрлэлийг тогтвортой явуулахад хандсан хөтөлбөр гэж ойлгож байгаа. Зэсийн хувьд монголчууд маш эртнээс ашиглаж байсан. Энд тэнд зэсийн ордтой газар очиход заавал ч үгүй эртний ухмалууд байдаг. Зэс нь өөрөө байгаль дээр исэлдэхээр оюу, номин болдог. Тэр нь маш тод ногоон, тод хөх өнгөтэй. Тэгэхээр сүмийн будганд авч хэрэглэдэг байсан. Хамгийн наад захын өдөр тутмын хэрэгцээ нь тийм. Бүр дээр үеэс хүрэл гаргахад хэрэглэж байсан. Жишээлбэл, Оюу толгойн ордыг нээхэд 4600 жилийн өмнө зэс хайлуулж байсан олдворыг археологичид олсон. Зэсийг монголчууд маш эртнээс өдөр тутмынхаа амьжиргаанд хэрэглэж байсан нь тогтоогдсон. Бодлоготойгоор улс орны эдийн засагт нөлөөлөх хэмжээнд гэвэл 1960-аад онд Эрдэнэтийн овоон ордыг олсон явдал юм. 1970-аад онд нөөцийг нь тогтоогоод 1978 оноос үйлдвэрлэж эхэлсэн. Өнөөдрийг хүртэл Монгол орны эдийн засагт гол нөлөө үзүүлж байна. Улсын татварын тодорхой хэсгийг бүрдүүлдэг гэдэг. Дараагийн томоохон орд нь Оюу толгой орд юм. Дэлхийд нөөцөөрөө бол нэгдүгээрт орох хэмжээнд байна. 40 гаруй сая тонн зэсийн нөөцтэй. Зэсээс гадна 1800 тонн орчим алтны нөөцтэй гэж Монгол Улсын эрдэнэсийн баялгийн санд бүртгэгдсэн байдаг. Зэсийг ашиглангаа авахаас биш энгийн ардын яриад байгаа алт бөөн цулаараа байж байдаг зүйл байхгүй. Дээр нь бага хэмжээний мөнгөтэй, молибдентэй юм байна.

-Геологийн техник технологийн хувьд Монголд шинэчлэлт хэр хурдан явагдаж байна вэ?

-Маш их шинэчлэлттэй, маш хурдацтай байгаа. Монгол орны хувьд хараад байхад бүр эртний уул уурхайгаас эхлүүлээд хамгийн орчин үеийн дээд зэргийн технологи хүртэл бүх төрлийн уурхайнууд байна. Тухайн нөхцөлөөсөө хамаараад харилцан адилгүй байгаа. Жишээлбэл, гадны хөрөнгө оруулалттай томоохон компанийн хувьд бол дэлхийд хамгийн шинэлэг, шилдэг технологи юу байна, түүнийг авч хэрэглэж чадаж байна. Гэтэл хувийн хөрөнгө оруулалттай жижиг хэмжээний компаниуд бол өөртөө байгаа боломжоороо л геологийн судалгаагаа хийж байна. Хөрөнгө оруулалт, санхүүжилтээсээ шалтгаалаад өөр. Дээр нь тэнд ажиллаж байгаа хүмүүсийн оюуны потенциал, цар хүрээ нөлөөлнө.

-Сүүлийн үед геологийн салбар уналтад ороод байгаа. Үүнийг яаж сэргээх боломжтой вэ?

-Ер нь манайхан геологи, уул уурхай гэдэг хоёр өөр салбарыг ялгах хэрэгтэй байгаа юм л даа. Геологи нь эхлээд суурь судалгаагаа зургаа бариад хийж, суурь судалгааны үед ашигт малтмал байна уу, үгүй юу гэдгийг ерөнхийд нь мэднэ. Ашигт малтмал байгаа бол хайгуул орж ирнэ. Хайгуулыг дандаа хувийн компаниуд хийж байгаа. Геологийн суурь судалгаа буюу зураглалын судалгааг улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлж, хийж байна. Түүний дараагийн үе шат нь уул уурхай юм. Тухайн үе шатанд уурхайн ашиглалт явж байх үед хүдрээ хянах зорилгоор уурхайн геологи гэж бүлэг улсууд байдаг л даа. Ерөнхийдөө уул уурхайн шат руу ороод ирэхээр геологийн үүрэг маш багасдаг. Геологи бол зураглал хийдэг нэг хэсэг, хайгуул хийдэг гэсэн үндсэн хоёр төрөлтэй. Уурхай руу ороод ирвэл асуудал өөр. Бүтээгдэхүүн үйлдвэрлээд эхэлнэ. Тэгэхээр хүмүүс геологи, уул уурхайг хооронд нь холиод байгаа юм. Геологичид газрын хэвлийд юу байна, түүнийг судалдаг, гаргаж ирдэг л хүмүүс. Геологи, уул уурхайгаа ялгаж салгаж чадахгүй байгаагаас энэ салбар 2012 оноос хойш уналтад орчихлоо. Хээрийн судалгааг хийлгэхээ больсон. Бид алхаар цохиод л хуваасан жижиг чулуу аваад шинжилж байгаа шүү дээ. Түүнийг чулуу авсан гэж ойлгохгүй алт аваад явчихлаа гэж боддог хүмүүс ихэссэн. Дээр нь манай нийт ард түмний мэдлэг сул байна. Иймэрхүү нөлөөллүүд байна л гэж хараад байгаа.

-Тэгэхээр ард түмний мэдлэгийг яаж дээшлүүлэх вэ. Тэр талаар сургалт сурталчилгааны ажил олон нийтэд хийдэг үү?

-Ер нь бид хийдэг. Манай ШУТИС Геологи уул уурхайн сургууль дээр Геологийн эрдэс баялгийн музей гэж бий. Улаанбаатар хотын сургуулиудын сурагчид тогтмол жил бүр 2-3 удаа авчирч танин мэдэхүйн ажил хийдэг. Бид өөрсдөө сургуулиудаар явж, геологи гэдгийг сурталчлан таниулж ярьдаг. Ер нь бол геологи гэдэг шинжлэх ухаан. Ерөнхий массаараа телевизээр гарч байгаа мэдээлэл сөрөг нь их болохоор сайн нэвтэрч өгөхгүй байна л даа.

-Сүүлийн таван жилд геологийн хайгуул хийгдсэн үү?

-Хэд хэдэн хайгуулын ажил хийгдээд байгаа. Дорнодын алтны ордын хайгуул, шороон ордын хайгуулууд, Хармагтайн зэсийн ордын хайгуулын ажил гэх мэтээр тодорхой хэмжээгээр хайгуулууд хийгдэж байгаа. Гэхдээ өмнөх шигээ цар хүрээтэй биш. Геологийн судалгаа орон нутгийн эсэргүүцэл ихтэй. Орон нутгийнхан зөв ойлгож, дэмжин хамтран ажиллаасай.

-Тэгэхээр энэ уналтаас гарах гарц гаргалгаа нь юу вэ?

-Миний харж байгаагаар геологийн суурь судалгаагаа маш сайн хийгээд, хэвлий дор байгаа нөөцөө зөв тодорхойлчих юм бол дараа дараагийн төлөвлөлтүүдийг эдийн засагчид, улстөрчид, уурхайчид хийх болов уу. Бидний хувьд мэргэжлээ сурталчилах, орон нутгийнханд зөв ойлголттой болох, бүр нарийн гүнзгий судалгаа хийх чадвартай боловсон хүчин бэлтгэх зэрэг зүйлс дээр л анхаарч байна даа.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *