Categories
мэдээ цаг-үе

С.Жаргал: Тоглолт зохион байгуулагч нь Олон улсын хөлбөмбөгийн холбоог төлөөлдөг элчин сайд юм

Монголын хөлбөмбөгийн холбооны тэмцээн зохион байгуулах хэлтсийн ахлах мэргэжилтэн С.Жаргалтай ярилцлаа.


Иран эмэгтэйчүүд 40 жилийн дараа цэнгэлдэх хүрээлэнд хөлбөмбөг үзсэн түүхэн тоглолтын зохион байгуулагчаар нь та ажилласан. Тоглолтын өмнөх томоохон үйл явдлууд сэтгэл нэлээн түгшээж байсан шүү дээ. Хоёулаа энэ талаар яриагаа эхлэх үү?

Эмэгтэй хүн хөлбөмбөг үзэхийг хориглодог дэлхийн сүүлийн улс Иран байлаа. Өмнө нь Саудын Арабад мөн эмэгтэйчүүдийг хөлбөмбөг үзэхийг хориглодог байсан ч 2018 оны ДАШТ-ий урьдчилсан шатны тоглолтуудаас эхэлж зөвшөөрсөн. Энэ оны гуравдугаар сард Азийн Аваргуудын лигийн хүрээнд явагдсан Эстеглалболон Аль-Айн ФС багуудын тоглолтын үеэр Сахар Ходаяари хэмээх эмэгтэй тоглолтыг нууцаар үзэх гэж байгаад хамгаалалтын албаныханд баригдаж Исламын хатуу шүүхээр орохдоо өөрийгөө шүүхийн өмнө шатаасан хэрэг гарсан. Энэ нь олон нийтийг цочроосон үйлдэл болж Олон улсын хөлбөмбөгийн холбоо болон Азийн хөлбөмбөгийн холбоо эмэгтэйчүүдийн хөлбөмбөг үзэх эрхийг сэргээхийн тулд Иранд ямар нэгэн өөрчлөлт хийх шаардлагатай гэж үзсэн юм. Ингээд Ираны Хөлбөмбөгийн холбоотой хамтран өөрчлөлтийн шинэ эхлэлийг тавихын тулд ихэд хичээн ажилласан байдаг. Ираны хөлбөмбөгийн холбоо “Засгийн газарэмэгтэйчүүдийн хөлбөмбөг үзэх эрхийг сэргээх асуудлыг дэмжиж байгаа” хэмээн мэдэгдсэн. Хамгийн гол нь Ираны иргэд, ялангуяа эрэгтэйчүүд энэхүү өөрчлөлтийг хэрхэн хүлээж авах бол гэдэг асуудал байлаа. Энэ тоглолтонд ОУХБХ-оос удирдах албан тушаалтай таван ажиглагч оролцсон. Мөн Азийн Хөлбөмбөгийн холбооны Эмэгтэйчүүдийн хөлбөмбөг хариуцсан мэргэжилтэн тухайн тоглолтыг ирж үзсэн.

2022 оны ДАШТ болон 2020 оны Азийн АШТ-ий урьдчилсан шатны хүрээнд явагдсан Иран болон Камбожийн тоглолтыг 4600 эмэгтэй хөгжөөн дэмжигч үзсэн. Тэднийг аюулгүй тоглолт үзүүлэхийн тулд ямар ажлуудыг зохион байгуулсан бэ?

Зөвхөн эмэгтэй хөгжөөн дэмжигчдэд зориулан 5-10 дугаар секторыг тусад нь бэлдэж, 4600 тасалбарыг тэдэнд зориулж онлайнаар худалдаалсан. Тоглолт болохоос хоёр өдрийн өмнө цагдаа болон армийнхантай уулзахад цагдаагийн дарга нь өөрийн биеэр хамгаалалтын ажлыг зохион байгуулахаар тохиролцсон юм. Тоглолтын өдөр 4600 эмэгтэйг зохион байгуулалттайгаар цэнгэлдэхэд авчрах асуудал гарсан л даа. Хүн болгон өөрийн хувийн унаатай стадионд ирж буй учраас эмэгтэйчүүдэд нь тусдаа зогсоол гаргаж өгсөн. Эмэгтэй хөгжөөн дэмжигчдийг цэнгэлдэх рүү явах замд нь эрчүүд дайрах магадлал өндөр байсан юм. Тиймээс машины зогсоолоос авахуулаад цэнгэлдэхийн хаалга хүртэл хамгаалалт гаргаж, тус бүр нь дөчин хүний суудалтай 80 ширхэг автобусаар үйлчилсэн. Арван минут тутамд автобус байнга явж, эмэгтэй хөгжөөн дэмжигчдийг стадионд аюулгүй авчрах ажлыг гүйцэтгэж байлаа. Эмэгтэйчүүдийн сектор дотор 100 эмэгтэй цагдааг тусгайлан байрлуулсан. Мөн тэдний секторт Олон улсын хөлбөмбөгийн холбооны таван эмэгтэй, Азийн хөлбөмбөгийн холбооны нэг эмэгтэй ажиглагч Ираны хувцас өмсөн үзэгчдийн дунд орж ажиглалт хийсэн байгаа.

Иран эрчүүд, эмэгтэй хүн 40 жилийн дараа цэнгэлдэх хүрээлэнд хөлбөмбөг үзэж буй түүхэн үйл явдлыг хэрхэн хүлээж авсан бэ?

Тухайн тоглолтыг 15823 хүн үзсэн. Үүнээс арван нэг мянга гаруй нь эрэгтэйчүүд байлаа. Тэд түүхэн өөрчлөлтийг эерэгээр хүлээж авсан төдийгүй зарим нь уйлж байсан. Эмэгтэйчүүдийн эсрэг янз бүрийн дуу авиа, хараалын үгс хашгирах байх хэмээн тоглолтын зохион байгуулагчид таамаглаж байсан хэдий ч ер тийм зүйл болоогүй. Энэ тоглолтын дараа Ираны хөлбөмбөгийн холбоо цаашид эмэгтэй хөгжөөн дэмжигчдэд худалдаалах тасалбарын тоогоо бага багаар нэмэгдүүлэх дүгнэлтэд хүрсэн.

Тоглолтын зохион байгуулагчдын зүгээс хоёр багийн тоглогчдод цэнгэлдэх хүрээлэнгийн уур амьсгалыг эерэг болгох ямар нэгэн зөвлөмжийг өгсөн үү?

Үгүй, тэгээгүй. Харин Ираны Хөлбөмбөгийн холбооноос тоглогчдодоо зөвлөгөө өгсөн ньтоглолтын өмнөх бие халаалтаа эхлэхдээ эмэгтэйчүүдийн секторт очиж тэдэнд тусгайлан баяр хүргэсэн мөн тоглолтын дараа эмэгтэй хөгжөөн дэмжигчдийнхээ секторт очин баяр хүргэсэн зэргээс харагдсан л даа. Тоглолт дуусаад хүмүүс бүгд явсны дараа эмэгтэй хөгжөөн дэмжигчдийг стадионоос гаргасан.

Иранд хөлбөмбөгөөс бусад спортын тэмцээнүүдийг эмэгтэй хүн үзэж болдог юм билээ. Яагаад ганц хөлбөмбөгийг л эмэгтэй хүн үзэх хориотой байсан юм бол?

Иранд бусад спортын тэмцээнүүдийг эхнэр нөхөр хоёр хамтдаа явж үздэг гэсэн. Ганцхан хөлбөмбөгт л “Эмэгтэй хүн үзэх эрхгүй. Хөмбөмбөг бол зөвхөн эрчүүдийн спорт” гэсэн нийтлэг тогтсон ойлголт байдаг юм билээ. Ираны эмэгтэй хөлбөмбөгийн шигшээ баг дэлхийн чансааны 71 дүгээр байрт (Олон улсын Хөлбөмбөгийн холбоо хамгийн сүүлд 2019 оны есдүгээр сарын 27-нд дэлхийн чансааг шинэчлэн танилцуулсан юм) эрэмбэлэгдэж байна. Футзалны хөлбөмбөгийн эмэгтэй шигтээ баг нь 2015, 2018 онд Азийн аварга шалгаруулах тэмцээнд хоёр удаа түрүүлсэн. ДАШТ-д гурван удаа оролцохдоо 2013 онд тавдугаар байрт, 2012, 2015 онуудад долоодугаар байрт шалгарч байсан шүү дээ.

Иран 14:0 Камбожийн тоглолт таны зохион байгуулсан олон улсын 119 дэх тоглолт байлаа. Эдгээр тоглолтуудад ямар ч асуудалгүй тоглолт ер нь байв уу?

Асуудалгүй тоглолт байгаагүй. Тоглолт зохион байгуулагч хүн бол Олон улсын хөлбөмбөгийн холбоо болон Азийн хөлбөмбөгийн холбоог төлөөлдөг Элчин сайд юм. Тоглолт зохион байгуулагчийн гол үүрэг нь тааварлашгүй, болзошгүй ямарваа нэгэн асуудал гарахаас урьдчилан сэргийлэх, хэрвээ асуудал гарсан тохиолдолд дүрэм журмын хүрээнд яаж зохицуулах вэ гэдэг дээр л тулгуурладаг. Хөлбөмбөгт ихэвчлэн дүрмийн бус асуудал гардаг онцлогтой. Дүрэм дээр байхгүй асуудал зөндөө гарна. Тухайн асуудлыг яаж шийдэх вэ гэдэг нь тоглолт зохион байгуулагчаас ур чадвар, мэдрэмж шаарддаг. Хэрвээ дүрмийн асуудал гарвал түүнд заасны дагуу шийднэ, харин дүрмийн бус асуудал гарсан тохиолдолд тухайн нөхцөл байдалд нь тохирсон арга хэмжээг авах ёстой. Гэхдээ ямар нэгэн байдлаар заавал тоглолтоо явуулах л үүрэгтэй.

Ямар тэмцээний үеэр хамгийн төвөгтэй асуудлуудтай тулгардаг бэ?

Азийн наадам болон Зүүн Азийн наадмын нэг онцлог нь тухайн улсын хөлбөмбөгийн холбоо бус Засгийн газар нь зохион байгуулдаг болохоор төсөвтөө баригдаад маш их хязгаарлалт хийдэг. Олон улсын хөлбөмбөгийн холбооны дүрмэнд тэмцээнд оролцож буй нэг тоглогч өдөрт зургаан литр ус, зургаан хувцасаа угаалгах эрхтэй байдаг ч Засгийн газраас зохион байгуулж буй тэмцээнүүдэд энэ тоог хязгаарлаж нэг тоглогчид хоёр литр ус, дөрвөн хувцас угаалгах эрх өгөх жишэээний олон асуудлууд тулгардаг юм. Иймэрхүү тохиолдол бүрт тоглолт зохион байгуулагчид л тэмцээний зохион байгуулагчидтай нь уулзаж энэ тоог нэмэх асуудлыг тохиролцдог. Баг бүрт заавал нэг том автобус гаргаж өгөх ёстой. Автобусыг нь дагаж ачааны машин явах шаардлагатай байдаг ч ихэнх тэмцээнүүдэд энэ журам зөрчигддөг. Албаны хүмүүст заавал машин гаргаж өгөхөөр дүрмэнд заасан ч мөрддөггүй гэх зэрэг олон асуудал бий.

Таныг Олон улсын хөлбөмбөгийн холбооноос ихэвчлэн “Улаан” ангилалтай тоглолтуудад томилдог. Энэ талаараа сонирхуулаач?

Олон улсын хөлбөмбөгийн холбоо улаан, шар, ногоон гэсэн гурван төрлөөр тоглолтуудаа ангилдаг. Иран болон Камбож, хоёр Солонгосын хоорондох тоглолт гэх мэт шашин шүтлэг, улс төртэй холбоотой асуудал гарах магадлал өндөр, аюултай тоглолтуудыг улаан ангилалд багтаадаг юм. Япон, Монголын тоглолт шар ангилалд багтаж байсан. Учир нь тоглолт явагдсан Сайтама цэнгэлдэх хүрээлэн нь Урава клубын талбай юм. Энэ багийн хөгжөөн дэмжигчид Азийн Аваргуудын лигийн тоглолтуудад дандаа асуудал гаргадаг, Урава клуб ч хөгжөөн дэмжигчдээсээ болж олон удаа торгуулж байсан. Олон улсын хөлбөмбөгийн холбооноос намайг ихэвчлэн улаан ангилалтай тоглолтонд томилдог. “Миний үнэлгээ яагаад сайн байдаг вэ” гэж хааяа боддог л юм. Монгол хүний онцлог нь хар ухаанаар аливаа асуудлыг хурдан шийддэг. Харин гадаад хүмүүс асуудал гарахад “энэ асуудал дүрмийн яг хаахна байна вэ” гэж бодоод хязгаарлагдмал орчинд сэтгэдэг юм шиг байналээ. Үүнтэй л холбоотойгоор намайг улаан ангиллын тэмцээнд хуваарилдаг байх.

2022 оны Дэлхийн АШТ болон 2020 оны Азийн АШТ-ий урьдчилсан шатны хүрээнд явагдах хуваарьтай байсан ч тодорхой шалтгааны улмаас цуцлагдсан Шри Ланк болон Макаогийн шигшээ багуудын тоглолтын ерөнхий зохион байгуулагчаар та томилогдож байсан. Шри Ланкад таны байрлах гэж байсан буудалд бөмбөг дэлбэрсэн гэсэн. Улмаар тоглолт явагдах хугацааг хойшлуулж гурван сарын дараа дахин товлосон ч Макаогийн шигшээ баг тухайн тоглолтонд очоогүй шүү дээ?

Би Хойд Солонгост хоёр удаа очиж байсан. Гэхдээ Шри Ланкийн тоглолт хамгийн аюултай нь байлаа. Шри Ланкад намайг онгоцноос буухад л хоёр машин дүүрэн цагдаа тосож авсан. Мөн хоёр хамгаалагч байнга дагадаг байлаа. Хоол идэхэд хүртэл нэг хамгаалагч хажууд суудаг байсан. Учир нь намайг очихоос гурван сарын өмнө Олон улсын хөлбөмбөгийн холбооноос томилогдсон Шри Ланк болон Макаогийн тоглолтыг зохион байгуулагчид байрлах ёстой байсан буудалд бөмбөг дэлбэрчихсэн байлаа. Тиймээс биднийг цагдаагийн ерөнхий газрын хажуугийн буудалд байрлуулсан. Миний гол үүрэг бол тоглолтын өмнө очоод тоглолт зохион байгуулахад шаардлагатай аюулгүй байдлыг хариуцах байсан юм. Би Шри Ланкад очоод Олон улсын хөлбөмбөгийн холбоо болон Азийн хөлбөмбөгийн холбоо руу “Энэ тоглолтыг явуулахад зохион байгуулалтын хувьд ямар нэгэн асуудалгүй. Мөн тухайн тоглолтыг ямар ч үзэгчгүй зохион байгуулахаар Шри Ланктай тохиролцсон. Тасалбар худалдаалахгүй, зөвхөн урилгаар үзэх зочдыг цэнгэлдэх хүрээлэн рүү нэвтрүүлэхээр ярилцсан” хэмээн бичиж маш том тайланг явуулсан. Тухайн тоглолтыг зохион байгуулахын тулд бэлтгэл ажлыг сайтар хангаж өгсөн хэдий ч харамсалтай нь Макаогийн шигшээ баг ирээгүй. Улмаар тэр тоглолт цуцлагдаж, Макао техникийн хожигдол хүлээсэн (Хоёр багийн эхний тоглолтонд Макао талбайдаа 1:0 гэсэн үр дүнгээр хожоод байсан ч хариу тоглолт цуцлагдсан тул Макао техникийн хожигдол буюу 3:0-ээр хожигдсонд тооцогдож, улмаар Шри Ланк нийлбэр дүн 3:1 харьцаатайгаар ялалт байгуулан дараагийн шатанд тоглох эрхээ авсан юм).

Таны ажлын хамгийн том үнэт зүйл юу вэ?

Тамирчин хүн эх орныхоо далбааг мандуулж, төрийн дууллаа эгшиглүүлснээр улсынхаа нэрийг алдаршуулдаг. Үүнтэй адилхан олон улсын тоглолтонд зохион байгуулагчаар ажиллаж байх үед Жаргал биш Монгол гэсэн нэр л гарч байдаг. Энэ л миний үнэт зүйл юм. Мөн монгол хүн хувийн үнэлгээгээрээ Зүүн Азид нэгт бичигдэж буйгаараа бахархдаг. Маш цөөхөн ази хүн Клубуудын ДАШТ-д тоглолт зохион байгуулагчаар ажилласан байдаг юм. Би тэдний нэг нь байснаараа бахархдаг. Ази хүний зохион байгуулах боломжтой тэмцээнүүдээс хоёр л тэмцээн надад үлдээд байлаа. Гэвч 12 дугаар сарын 10-18-нд Өмнөд Солонгосын Бусан хотноо явагдах Зүүн Азийн АШТ-ий финалын тоглолтуудад ажиллах урилга саяхан ирсэн.Одоо ДАШТ-д ажиллах л дутуу байна даа.

Та анх хэрхэн хөлбөмбөгтэй холбогдож байсан бэ?

Намайг Польшид сурч байхад манай дунд сургууль биднийг Чөлөөт бөх, волейбол, хөлбөмбөгөөр дагнан хичээллүүлдэг байсан.Би энэ гурван төрлөөр хэсэг хичээллэж байгаад волейбол, чөлөөт бөхөө орхиж харин хөлбөмбөгөөр довтлогчийн байрлалд тоглодог байлаа. Дараа нь би Ирландад очоод хөлбөмбөгийн баг байгуулсан. Манай баг сонирхогчдын хөлбөмбөгийн олон улсын тэмцээнд нэлээд олон жил оролцсон доо. Тухайн үедээ Ирландад ганцхан манай баг л ивээн тэтгэгч болон хөгжөөн дэмжигчидтэй сонирхогчийн хөлбөмбөгийн баг байлаа.

Таны үндсэн мэргэжил юу вэ?

Би Польшид дунд сургуулиа дүүргээд тэндээ Хүнсний технологийн дээд сургуульд сурч, төгссөн. Миний диплом Европын холбооны лицензтэй. Монголчуудын хүнсний гол бүтээгдэхүүн мах шүү дээ. Хоёрдугаарт Польш махны экспортоороо дэлхийд хоёрт ордог. Тиймээс энэ мэргэжлийг сонгосон юм.

Ирландад сурч байсан уу?

Ирландад Олон улсын бизнесийн менежмент болон төслийн менежмент гэсэн мэргэжлүүдээр хоёр сургууль төгссөн. Харин Монголдоо ирээд Олон улсын гадаад харилцааны чиглэлээр Хүмүүнлэгийн ухааны их сургуульд сурч, төгссөн.

Таныг Малайзад нэг жил амьдарсан гэж сонссон. Тэнд юу хийж байв?

Малайзад нэг жил байхдаа англи хэлээ сайжруулсан. Тухайн үед нэг юм уу хоёр жил Малайзад англи хэлээ сайжруулаад дараа нь мэргэжлээ сонгож аль нэг улс руу явж сурдаг хөтөлбөр байсан. Миний хувьд тэнд нэг жил болохдоо эхнэртэйгээ танилцаад бид хоёр хамтдаа Ирланд явсан.

Эхнэр тань ямар мэргэжилтэй вэ?

Манай эхнэр Англи-Орос-Монгол хэлний техникийн орчуулагч мэргэжилтэй. Барилгын чиглэлийн хүн л дээ.

Одоогийн Монголын хөлбөмбөгийн хөгжил таныг анх ажилдаж эхэлсэн үеийнхээс ямар ахиц дэвшилд хүрсэн гэж та дүгнэх вэ?

Би 2011 оны 12 дугаар сард Монголын хөлбөмбөгийн холбоонд ажилд орсон. Намайг анх ажилд орох үед Дээд лиг найман багтай нэг сар л үргэлжилдэг байлаа. Нэгдүгээр лиг болон хоёрдугаар лиг гэж байгаагүй. Хүүхдийн хөлбөмбөгийн тэмцээнүүд л гэхэд 13 наснаас дээш насныхан дунд зохиогддог байсан. Тухайн үед тэмцээн зохион байгуулахтай холбоотой таван л журам байлаа. Харин өнөөдөр маш олон журамтай болсон. Монголын хөлбөмбөгийн холбоо жилд 48 тэмцээн зохион байгуулж байна. Өмнө нь хөлбөмбөгчид тэмцээн байхгүй байна гэж гомдоллодог байсан бол одоо ачаалал ихдээд байна, тэмцээнийхээ тоог багасгаач гэж гуйдаг болсон. Таван жилийн өмнө Дээд лигт түрүүлсэн баг найман сая, хоёрт орсон баг таван сая, гуравт орсон баг гурван сая төгрөгийн шагнал авдаг байлаа. Харин одоо түрүүлсэн баг дөчин сая, хоёрдугаар байрт шалгарсан баг 30 сая, гуравдугаар байрт шалгарсан баг хорин сая төгрөг авдаг болж шагналын хэмжээ нэмэгдсэн.

Хөлбөмбөг сонирхогчид Олон улсын хөлбөмбөгийн холбооны дүрмийг Монголын хөлбөмбөгийн холбоо хэрэгжүүлэхгүй байна гэх шүүмжлэлтэй байдаг. Энэ талаар?

Хүмүүс биднийг Олон улсын хөлбөмбөгийн холбоо болон Азийн хөлбөмбөгийн холбооны дүрмийг шууд хэрэгжүүлэхгүй байна гэх буруушаасан ойлголттой байдаг. Олон улсын хөлбөмбөгийн холбоо болон Азийн хөлбөмбөгийн холбооны дүрэмд “Тухайн гишүүн холбоо нь Олон Улсын хөлбөмбөгийн холбоо болон Азийн хөлбөмбөгийн холбооны дүрмийг мөрдлөг болгох ёстой” хэмээн заасан байдаг. Энэ нь тухайн гишүүн холбоо нь Олон улсын хөлбөмбөгийн холбоо болон Азийн хөлбөмбөгийн холбооны бүх дүрмийг өөрийн дотоод дүрэмдээ тусгасан байх ёстой боловч зарим заалтуудыг өөрийн улсын онцлогтоо тохируулан өөрчлөх боломжтой гэсэн үг юм. Хэрвээ бид Олон улсын хөлбөмбөгийн холбоо болон Азийн хөлбөмбөгийн холбооны дүрмийг анхнаасаа л шууд хэрэгжүүлсэн бол дотоодын бүх тэмцээн дээр зөвхөн “А” болон “В” зэрэглэлтэй дасгалжуулагч л ажиллах ёстой байсан. Гэвч манайд ийм зэрэглэлтэй дасгалжуулагч байгаагүй шүү дээ.

Олон улсын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Жианни Инфантино Монголд айлчлах үеэрээ “ОУХБХ-ноос Монголд жил бүр 1.5 сая ам.долларын санхүүжилт хийдэг” хэмээн хэвлэлд ярилцлага өгсөн. МХБХ энэхүү санхүүжилтийг хэрхэн зарцуулдаг вэ?

ОУХБХ-ноос жил бүр 1,5 сая ам.долларын санхүүжилт өгдөг нь үнэн. Гэхдээ энэ мөнгөний 70-80 хувь нь төсөл хэлбэрээр орж ирдэг. Төв аймагт болон Яармагт баригдсан талбай гэх мэт төслөөр бүтээсэн байгууламжуудыг хэн ч очоод харсан нээлттэй. Мөн Монголын хөлбөмбөгийн холбооны ажилчдын цалин, унаж буй машин, цахилгаан хэрэглээ гэх зэрэг урсгал зардал болоод бүх тэмцээний шагналын сан, шүүгчдийн цалин, тоглолт зохион байгуулагчдын цалинд ОУХБХ-ы санхүүжилт зарцуулагддаг. МХБХ-нд ажиллаж буй хүмүүс сайн дурын ажилчид биш шүү дээ.

Андууд Сити болон ФС Улаанбаатар клубууд тоглогчдынхоо цалинг өгөхгүй байгаа гэсэн асуудал нэлээд шуугиан дэгдээгээд байна. Саяхан Андууд Ситигийн тоглогчид Улаанбаатар Сити клубтэй таарсан тоглолтын үеэр сүүлийн таван сарын хугацаанд цалингаа өгөөгүй багийн удирдлагуудаа эсэргүүцэн талбай дээр суулт зарласан. Энэ асуудлыг шийдвэрлэхэд Монголын хөлбөмбөгийн холбоо хэрхэн оролцож байгаа вэ?

Ихэнх клубууд тоглогчдынхоо цалинг тогтсон хугацаандаа өгөөд байж чаддаггүй. Гэхдээ л ямар нэгэн байдлаар өгдөг. Монголын хөлбөмбөгийн холбоо энэ асуудлаар клубуудэд ямарваа нэгэн шахалт, дарамтыг үзүүлээгүй. Эдгээр асуудал бол анхны тохиолдол. Холбооны зүгээс тухайн клубуудэд сануулга, зөвлөмж өгнө. Ийм төрлийн асуудал нь гэрээтэй холбоотой. Тэгэхээр тухайн гэрээнд заасны дагуу тоглогч болоод клуб хоорондын гэрээ нь цуцлагдах эрх зүйн орчин бүрдэж буй юм. Гэрээг цуцлах эрх нь Монголын хөлбөмбөгийн холбооны Тоглогчийн эрх зүйн байдлын хороонд байдаг. Би Андууд Сити клубын удирдлагууд болон тоглогчидтой уулзсан. Андууд Сити клуб зургаан эзэнтэй.Ямартай ч энэ улирлын лиг дуустал тэд тоглоно гэж тохиролцсон. Энэ тохиолдолд Монголын Хөлбөмбөгийн холбоо зуучлагчаар оролцож байгаа.

Спортыг хөгжүүлэхэд хамгийн чухал нь зөв систем юм шиг санагддаг?

Манай Дээд лигийн тоглогчдыг эхнээс нь зөв системээр хөгжүүлээгүй. Үүний нэг шалтгаан нь дасгалжуулагч маш цөөхөн байгаатай холбоотой л доо. Тиймээс ойрын хугацаанд бид дасгалжуулагчдын тоогоо нэмэх шаардлагатай. Монголд 800 гаруй дунд сургууль бий. Уг нь сургууль тус бүрт нэг багшийг бэлдээд ажиллуулахад ийм тооны хөлбөмбөгийн клубтэй болох боломжтой.

Ярилцсанд баярлалаа.

А.Мөнхзул

У.Чинзориг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *