Categories
мэдээ нийгэм

С.Гончигсүрэн: Үйлдвэрийн ажилтан орон сууц авах үед 12 сая төгрөгийг үйлдвэрээс дэмжлэг болгон үзүүлдэг. Энэ бол наад захын жишээ

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Хоёрдугаар сарын 3-ны өдөр ШИНЭ намын зөвлөл “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Үйлдвэрчний эвлэлийн холбоо үйл ажиллагаагаа явуулдаггүй, ажиллагсад нь хөдөлмөрийн дарамтад байгаа мэтээр худал тайлбар хийсэнд гүнээ харамсаж байна. Иймд нотолгоогүй ташаа, мэдээлэл зарим нэг улс төрийн хүчин, улстөрчдөөс гаргаж буй тул зөв мэдээллийг ард түмэнд хүргэхийг хүссэн гэдгээ “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ҮЭХ-ны дарга Б.Төгсбаяр мэдээллийн эхэнд онцоллоо.

Иймд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ҮЭХ-оос ШИНЭ намын дарга, УИХ-ын гишүүн Ж.Батзанданд мэдэгдэл хүргүүлж байгаа аж.

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ҮЭХ-ны дарга Б.Төгсбаяр “Түүхэн хугацаандаа “Эрдэнэт үйлдвэр”-ийн Үйлдвэрчний эвлэлийн холбоо “Эрдэнэт үйлдвэр”-ийн захиргаатай 12 удаагийн хамтын гэрээ хийж, үйлдвэрийн ажилчдынхаа эрх ашгийг төлөөлөн хамгаалсан. Сүүлд хийсэн хамтын гэрээ маань энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр мөрдөгдөөд явж байгаа ба нийт 12 бүлэг 108 заалтаас бүрддэг.

Орон нутгийн засаг захиргаа, улсын бүртгэлд бүртгэгдсэн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа гэрээг маань байхгүй ажил хийгээгүй мэтээр тайлбарлаж болохгүй. Бид энэ хамтын ажиллагааны гэрээгээрээ дамжуулан олон ажлыг хийж байгаа. Тухайлбал,

  • 2017 онд ажилчдынхаа цалинг 10 хувиар
  • 2018 онд 15 хүртэлх хувиар
  • 2019 оны тав, аравдугаар сард тус тус 10 хувиар гээд сүүлийн гурван жилийн хугацаанд гэхэд нийт 45 хувиар бид ажилчдынхаа цалинг нэмэгдүүлсэн.

Бид шинэ хамтын гэрээгээр энэ оны тавдугаар сараас цалингаа дахиад 20 хувиар нэмэгдүүлэх гэж байна. Өмнөх хамтын гэрээ маань 102.6 хувийн биелэлтэй хэрэгжиж, дүгнэгдсэн ба одоо шинэ гэрээ хэрэгжиж байгааг дахин хэлье.

  • Мөн “Эрдэнэт үйлдвэр”-т онц дэглэм тогтоосонтой холбоотой ажилчдыг дарамталж, хавчиж байна гэх яриа бас гарсан. Ийм зүйл огт байхгүй. Нэг удаа цомхтгол хийгээгүй, нэг ч хүнийг ажлаас нь халаагүй, бүгд хэвийн ажиллаж байна. Үүнд ҮЭ-ээс үргэлж хяналт тавьж ажилладаг.
  • Дараагийн нэг зүйл нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т Эв санааны нэгдэл гэх үйлдвэрчний эвлэл байгуулагдсан, тэр нь олон гишүүнтэй мэтээр Эрдэнэ гэж хүн мэдээлэл хийж байна. Ийм зүйл огт байхгүй. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т өнөөдөр хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа 6,700 ажилтан, гавьяаныхаа амралтанд суусан 2,200 гаруй ахмад, үйлдвэрийн осол мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан 400 ажилчны эрх ашгийг хамтын ажиллагааны гэрээгээр дамжуулж хамгаалдаг юм. Өөрөөр хэлбэл, Орхон аймгийн ард иргэдийн дөрөвний нэгд нь энэ гэрээ шууд болон шууд бус хамаарлаар үйлчилж байгаа.
  • Олон улсын хэм хэмжээг зөрчиж байгаа мэтээр Ж.Батзандан гишүүн хэлсэн. Бид Олон улсын 87 дугаар конвенцыг дагаж, мөрдөж ажилладаг. Үүний дагуу Үйлдвэрчний эвлэлийн холбоо ажлаа хийж байхад улс төрийн хүчин, төрийн бус байгууллага, ажил олгогчийн зүгээс гээд ямар нэгэн хөндлөнгийн оролцоо байхгүй.
  • Дараагийн нэг асуудал нь “Эрдэнэт үйлдвэр”-ийн 13 дахь сарын цалингийн талаар их ярьж байна. Энэ долоо хоногт 2019 оныхоо эдийн засгийн болон үйлдвэрийнхээ үзүүлэлтүүдийг гаргаж, балансын хурлаа хийж байгаа. Жил болгон ингэж хуралдаж, Цагаан сараас өмнө ажилчдад 13 дахь сарын цалинг олгодог.
    Ер нь сонгуулийн жил дөхөөд ирэхээр улстөрчид “Эрдэнэт үйлдвэр” рүү хараа, байгаа онилдгийг бүгд мэдэж байгаа байх. Жишээ нь, 2015 оны сүүлээр Ерөнхийлөгчийн зөвлөх байсан Батчимэг гэх хүн “13 дахь сарын цалинг би өгүүлсэн” гээд ярьж байсан. Оны дараа О.Баасанхүү гишүүн 13 дахь сарын цалин нь огт өгөгддөггүй болохоор би өгүүлэх гэж байна гэх мэтээр ярьсан.
    Тийм зүйл гэж байхгүй. Энэ 13 дахь сарын цалин бидний хамтын гэрээний 3.17 дугаар заалтаар зохицуулагдсан харилцаа. Үүнийг үйлдвэрийн захирал, ҮЭХ-ны дарга, тэр тусмаа аль нэг нам, улстөрч өгчихдөггүй юм. Энэ улс төржсөн ажлуудаа “Эрдэнэт үйлдвэр”-ээс холдуулаач. Урмыг нь хугалахаар ууцыг нь хугал гэдэг, мөрөөрөө ажлаа хийж яваа үйлдвэрийн ажилчдыг тайван орхихыг гуйж байна” гэлээ.

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ҮЭХ-ны дэд дарга Б.Наранбаатар “Эрдэнэт үйлдвэрт уурхайчдаас гадна багш, эмч, дуучин, жүжигчин, бүжигчин, оёдолчин гээд олон хүн ажилладаг. Энэ бүх хүнийхээ эрх ашгийг энэхүү хамтын гэрээгээрээ хамгаалдаг” гэдгийг тодотголоо.

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ДЦС-ын ҮЭХ-ны дарга С.Гончигсүрэн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ийн ЭҮ-ийн даргын сонгуульд жилийн өмнө Эрдэнэ гэх хүн ажлын хэсэг дээр бүртгүүлэхээр ирсэн. Энэ хүн тавьсан шаардлагаас наад захын гурван шалгуурыг хангаагүй учраас даргад өрсөлдөх боломжгүй гэж үзээд бид бүртгэж аваагүй. Бид хоёр жилд нэг удаа хамтын гэрээ байгуулдаг бөгөөд бүх гэрээ маш сайн болсон. Энэ жилийн хамтын гэрээгээний дүнг 53 тэрбум төгрөгөөр ахиулсан. Үүнийг юу ч хийгээгүй мэтээр зарлахыг эсэргүүцэж байна. Хамтын гэрээний заалтуудаас жишээ болгоход

  • “Эрдэнэт үйлдвэр”-ийн эмэгтэй ажилтан хүүхэд төрүүлээд, сар болгон 500 мянган төгрөг аваад, хүүхдээ 3 нас хүртэл нь гэртээ харах боломжтой.
  • Үйлдвэрийн ажилтан орон сууц авах үед 12 сая төгрөгийг үйлдвэрээс дэмжлэг болгон үзүүлдэг. Энэ бол наад захын жишээ“ гэв.

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ҮЭХ-ны ахмадын ҮЭ-ийн нэгдсэн хорооны дарга Ю.Тэрбиш “Эрдэнэт үйлдвэр ахмадуудтай холбоотой арав гаруй асуудлыг хамтын гэрээндээ тусгасан байдаг. Тухайлбал 2017, 2018 онд ахмадуудад олгогддог нэмэгдэл тэтгэврийг 20-50 хувиар нэмсэн. Энэ бол ахмадуудаа эргэн хардаг жишээ гэж бодож байна” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *