Оюуны өмчийн газрын Захиргаа удирдлагын хэлтсийн дарга С.Ганзоригтой ярилцлаа.
-Оюуны өмчийн тухай хууль уиХ-аар батлагдлаа. Энэ хууль батлагдахаас өмнө оюуны өмчийн салбарт ямар бэрхшээлүүд үүсдэг байв?
-Оюуны өмчийн газар нь одоо мөрдөгдөж буй Патентийн тухай хууль, Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хууль, Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хууль, хэрэгжүүлэн ажилладаг. Эдгээр хуулийн дагуу патент, гэрчилгээ олгож, зохиогчийн эрх үүсч байгаа боловч патент, гэрчилгээ болон зохиогчийн эрх эзэмшигч нь оюуны өмчийн үр шимийг тэр бүр хүртэж чаддаггүй. Оюуны өмч бүтээхийг урамшуулах, хамгаалах, үнэлэмжийг өсгөхийн зорилго нь түүнийг эдийн засгийн эргэлтэд оруулж, үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд оршдог. Монгол Улсын оюуны өмчийн салбарт мөрдөгдөж байгаа дээрх хуулиуд нь оюуны өмчийг төрөөс хамгаалах харилцааг голчлон зохицуулдаг ч хамгаалагдсан оюуны өмчийг хэрхэн эдийн засгийн эргэлтэд оруулж, үр шимийг нь хүртэхийг зохицуулаагүй байдаг. Энэ нь оюуны өмч нь патент, гэрчилгээ, хуулиар хамгаалагдсан ч эдийн засгийн үнэлэмж сул тул хуулийн этгээдэд оюуны өмчөөр хөрөнгө оруулах, оюуны өмчийн эрхээ барьцаалах, худалдах, тодорхой хугацаагаар бусдад ашиглуулах зэргээр иргэний эрх зүйн харилцаанд оролцоход эдийн хөрөнгөөс доогуур үнэлэгдэх бэрхшээлийг бий болгож байсан. Уг оюуны өмчийн эдийн засгийн эргэлтэд оруулах эрх зүйн зохицуулалтыг УИХ-ын гишүүн Н.Учрал санаачилж боловсруулаад УИХ-д өргөн барьж, батлууллаа. Энэ хууль батлагдсанаар оюуны өмчийн үр өгөөжийг хүртэх эрх зүйн хамгаалалттай болж байна гэсэн үг.
-Оюуны өмчийн тухай хуулийн гол зорилго нь юу вэ?
-Оюуны өмч буюу хамгаалагдчихсан патент, бүтээлийг эдийн засгийн эргэлтэд оруулах, оюуны өмчийн эрхээр хамгаалах бүтээлийг тодорхойлох, оюуны өмчийг хамгаалах зарчмыг энэ хуулиар бий болгож өгч байгаа. Мөн оюуны өмчийн байгууллагын бүтэц, чиг үүргийг тогтоосон. Одоо мөрдөгдөж байгаа патентийн хууль болон Зохиогчийн эрхийн хууль, Барааны тэмдэг, газарзүйн заалтын тухай хуулиудаар энэ байгууллагын чиг үүргийг тус тусад нь зохицуулсан байдаг. Түүнчлэн оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулахтай холбоотой харилцааг зөвхөн барьцаалах, даатгуулах гэх мэтийн харилцаагаар зохицуулсан. Яг яаж үнэлгээжүүлэх, хэрхэн эдийн засгийн эргэлтэд оруулах талаар байдаггүй. Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулахын тулд үнэлгээжүүлэх ёстой. Тэгэхээр бид тэр хөрөнгийг үнэлдэг арга, бүтэцтэй болох ёстой гэсэн үг. Энэ хуулийн гол зорилго нь оюуны өмчийг үнэ цэнэтэй болгоё, үр шимийг нь хүртээдэг, бодит үнэлгээг тогтоодог болгоё гэсэн зорилготой юм. Мэдээж энэ үнэлгээг тогтоосны дараа эдийн засгийн эргэлтэд орох процесс нь эхэлж байгаа. Барьцаалах, даатгуулах, мөн өөрсдийн бараа бүтээгдэхүүн, оюуны өмчийн патент, гэрчилгээнүүдийг үнэ цэнэтэй болгох, эргээд хэрэглэгчийн гар дээр очсон бүтээгдэхүүн болгон патент, оюуны өмчид шингэсэн үнэт зүйлүүд байдаг. Тэгэхээр тухайн компани болон иргэн аж ахуй нэгж, өөрсдийн оюуны өмчийг үнэлүүлж эхэлнэ гэсэн үг. Үнэлүүлж байна гэдэг нь барьцаанд тавьж, даатгалд хамруулж болно гэсэн үг.
-Оюуны өмчийг ямар аргачлалаар үнэлдэг юм бэ?
-Би А гэдэг бүтээгдэхүүнийг Б гэдэг компаниас авлаа гэхэд А гэх бүтээгдэхүүнд брэндийн үнэлгээг хийж өгнө гэсэн үг. Тэр үнэлгээг Хөрөнгийн үнэлгээний хуульд заасан аргачлалын дагуу Хөрөнгийн үнэлгээний институттэй хамтарч, хийхээр зохицуулж байгаа гэсэн үг. Мөн оюуны өмчийн газар дэргэдээ Оюуны өмчийн үндэсний зөвлөлтэй байхаар хуульд орж ирж байгаа. Үүнтэй холбоотой бүх дүрэм, журмыг Засгийн газар болон харьяалах сайдын дүрэм журмаар батлагдах зохицуулалт орж ирж байгаа. Түүнчлэн оюуны өмчийн мэдээллийн нэгдсэн санг үүсгэх гэж байгаа. Мөн өмнөх хуулиуд дээр оюуны өмч гэдэг тодорхойлолт байхгүй байсан. Оюуны өмч гэхээр зөвхөн олон улсын гэрээ, конвенцид дурдагдсан байсан болохоос үндэсний хууль тогтоомжид байгаагүй. Энэ хуулинд оюуны өмчийг товч тодорхой тодорхойлж өгсөн. Тэгэхдээ оюуны өмчийг аж үйлдвэр болон зохиогчийн эрх гэж хоёр хуваасан.
-Оюуны өмчийн салбарт хамгийн тулгамдсан асуудал нь юу вэ?
-Салбарт ажиллаж байгаа хүмүүсийн мэдлэг мэдээлэл аягүй дутмаг байна. Оюуны өмчийн талаарх ойлголт дутуу байна. Ер нь олон нийтийн оюуны өмчийн талаарх ойлголт маш дутмаг. Тиймээс манай байгууллагаас оюуны өмчийг сурталчлахаар өнгөрсөн онд 19 цагийн телевизийн мэдээлэл, 45 сургалт хийсэн. Байгууллага дотор боловсон хүчний асуудал тулгамдаж байгаа. Шинэ хуулиар оюуны өмчийн шинжээч, байцаагчдыг албан ёсоор хуульчилсан. Шинжээч нь салбартаа хоёр жилээс доошгүй ажилласан, хэлний болоод техникийн мэдлэгтэй байх ёстой. Тиймээс боловсон хүчин бэлтгэхэд тавигдах шаардлага. Мэдээж мэдлэгтэй хүмүүс их байгаа ч энэ нөхцөл, цалингийн хамаарлаас болоод боловсон хүчинг бэлтгэхэд хүндрэлтэй болох байх.
-Оюуны өмч дээр барааны тэмдэгт гэдэг нэлээд асуудалтай сэдэв. Жишээ нь, нэг том эмнэлгийн логог эмнэлгийн захирлаас нь өөр хүн эзэмшиж, зохиогчийн эрхийг нь авснаар өмчийн маргаан үүссэн тохиолдлыг мэдэх юм байна…
-Лого нь Барааны тэмдэг, газарзүйн заалтын тухай хуулиар зохицуулагддаг. Дан дүрсээр илэрхийлэгдэж байвал дүрсэн барааны тэмдэг гэж явдаг. Үг ороод эхэлбэл хосолмол бараан тэмдэг гэх мэтээр зохицуулагдаж байгаа. Таны дурдсан жишээг ярья. А гэдэг хүн Б гэдэг хүний логог эзэмшчихвэл энэ дээр маргаан гарч маргаан шийдвэрлэх комиссоор зохицуулагдаад явах боломжтой. Үүн дээр шүүхийн байгууллагууд ч маргаанд оролцоод явдаг. Нөгөө талдаа аж ахуйн нэгж байгууллагын эзэн нь өөрсдөө хувь хүний нэр дээр лого буюу бараан тэмдэгээ авчихдаг. Тэгээд эмнэлэгтээ хэрэглээд эхэлдэг. Хөрөнгө оруулагч нь өөрөө биш байдаг ч юм уу, эсвэл гүйцэтгэх удирдлагын түвшинд байж байгаад авчихсан тохиолдолд Компанийн тухай хуулиар зохицуулагдаад явах боломж бий.
-Цаг тооны бичиг, хуучны кинонууд гээд зохиогч нь байхгүй оюуны өмчийг төр авахаар боллоо. Үүнийг хэрхэн зохицуулж байна вэ?
-Төрийн өмчийн хорооны тогтоол байдаг. 1990 оноос өмнө бүтээгдсэн бүтээл бол төрийн өмч, 1990 оноос хойш бүтээгдсэн оюуны өмч бол хувь хүн буюу зохиогчдын өмч гэж үздэг. Үүгээр энэ асуудлыг зохицуулсан. Шинэ хуулинд энэ талаар зохицуулалт байхгүй.
-Оюуны өмчийн ойлголтын талаар манай шинжлэх ухааны салбарынхан мэддэг, хүндэлж, эрхэмлэдэг болсон. Жилд үйлчлүүлэгчдийн тоон өсөлтийг салбараар нь ангилбал манай шинжлэх ухааны салбарын эрдэмтдийн эзлэх хувь өндөр гарах болов уу?
-Монгол Улсад 1963 оноос өнөөг хүртэл шинэ бүтээлийн 4600 патент, ашигтай загварын 2792 гэрчилгээ, бүтээгдэхүүний загварын 3099 патент олгогдсон. Мөн үндэсний барааны тэмдгийн мэдүүлгээр 23887, Барааны тэмдгийн олон улсын бүртгэлийн тухай Мадридын хэлэлцээр, Протоколын дагуу 50298 барааны тэмдэг, зохиогчийн эрхийн 11110 бүтээл бүртгэгдэж, гэрчилгээ олгогджээ.
Өнгөрсөн онд шинжлэх ухаан, утга зохиолын салбарын 629 бичмэл бүтээлийг зохиогчийн эрхийн бүтээлийн санд бүртгэл хийсэн. Патентыг технологийн салбараар нь ангилан авч үзвэл хими-35.9 хувь, тоног төхөөрөмж-10.8 хувь, механик инженер-21.4 хувь бусад салбарт 31.9 хувийг тус тус эзэлж байна.