Categories
мэдээ улс-төр

С.Ганбаатар гишүүн Үндсэн хуулийн цэцэд хандана

УИХ дахь бие даагчдын зөвлөл энэ долоо хоногт нэгдсэн чуулганаар хэлэлцэх асуудлуудын талаар байр сууриа нэгтгэж, мэдээлэл хийлээ.

Бие даагч гишүүд Ашигт малтмалын тухай болон Газрын тосны тухай хуулийн төсөл түүнчлэн Боловсролын талаар төрөөс баримтлах бодлогод байр сууриа нэгтгэжээ.

Тухайлбал, Ашигт малталын тухай хуулийн хөрөнгө оруулалтын гэрээнд орон нутаг дахь иргэдийн оролцоо, баялгийг үнэлэх зэрэг асуудлуудыг тусгасан байх ёстой гэж үзэж буйгаа илэрхийлсэн. Түүнчлэн Ашигт малтмалын тухай хуулийн төслийн ажлын хэсэгт Стратегийн орд газрыг байхгүй болгох талаар яригдаж байгаа талаар хэллээ. Манай улсын хөрөнгө оруулалтаар хайгуулыг нь хийгээд орд газрыг нь тогтоосон бол манай талын эзэмших хувь 50-иас доошгүй байх ёстой. Гэтэл ингэж стратегийн орд газруудыг хувьд шилжүүлбэл тэрхүү хувь иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудаас дамжаад цаашлаад гадаадын аль нэг улсын өмч болох магадлалтай гэж үзэж буй ажээ. Өөрөөр хэлбэл, ашигт малтмалын Монголын талын эзэмших хувийг гадаадын аль нэг улс эзэмшинэ гэсэн үг аж.

Үүнээс гадна бие даагч гишүүд боловсролын талаар төрөөс баримтлах бодлогыг хүүхэд бүрийн авьяасыг нээхэд чиглэсэн байх ёстой бөгөөд гадаадын аль нэг улсын боловсролын бодлогыг хуулах бус харин уламжлалт тогтолцоог шинэчлэх ёстой гэсэн байр суурьтай байгаа ажээ.

Харин Газрын тухай хуулийг газрыг эргэлтэд оруулъя гэдэг нэрийдлээр УИХ-д оруулж ирэн хэлэлцүүлэх гэж байгаа нь ард иргэдийг луйвардах гэж байгаа хэрэг гэж УИХ-ын бие даагч гишүүн С.Ганбаатар онцлоод уг хуулийн төслөө эргүүлэн татахыг хүсч буйгаа хэлсэн. Тэрээр мөн баяр наадам дөхөөд хүмүүсийн анхаарал суларсан ийм үед эрх баригч нөлөө бүхий зарим гишүүд өөрсдөдөө ашигтай Газрын тухай хууль зэрэг хуулиудыг батлуулахаар улайрч байна гэдгийг хэлсэн юм.

Бие даагч гишүүдийн зүгээс хоёр долоо хоногийн өмнө УИХ-ын даргад валютын ханшийг тогтвортой барьж чадаагүй, эдийн засгийн байдалд нөлөө үзүүлж чадаагүй зэрэг шалтгааны улмаас Монголбанкны Ерөнхийлөгчийн огцруулах санал тавьсан. Гэвч УИХ-ын дарга энэ талаар тодорхой хариулт өгөхгүй байсан юм. Харин өнөө өглөө УИХ-ын дарга З.Энхболд С.Ганбаатар гишүүнд УИХ-ын гишүүн УИХ-аас томилогддог байгууллагуудын ажилтны талаар байр сууриа илэрхийлэх эрхтэй боловч, Монголбанкны Ерөнхийлөгчийг халах, солих тухайд эрх байхгүй гэсэн тайлбарыг хүргүүлсэн байна. Энэ талаар С.Ганбаатар гишүүн Үндсэн хуулийн цэцэд хандана гэлээ.