Categories
мэдээ улс-төр

С.Г.Левченко эрчим хүч, аялал жуулчлалын хамтын ажиллагааг онцоллоо

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд ОХУ-ын Эрхүү мужийн амбан захирагч Сергей Георгиевич Левченког хүлээн авч уулзлаа.

УИХ-ын дарга М.Энхболд түүний Монгол Улсад хийж буй айлчлалд амжилт хүсээд энэ оны намар болох Эрхүү мужийн 80 жилийн ойн баярын мэндчилгээг дэвшүүлэв.-Манай хоёр орны харилцаа сүүлийн жилүүдэд бүхий л салбарт идэвхжиж, өндөр дээд хэмжээний харилцан айлчлал тогтмолжлоо. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Монгол Улсад айлчилж, 2016 онд хоёр улсын Гадаад хэргийн сайд нар Улаанбаатар хотноо Стратегийн түншлэлийг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөрт гарын үсэг зурсан. Энэ ажлын хүрээнд 2016 оны 10-р сарын сүүлчээр ОХУ-ын Новосибирск хотноо “Монгол, Оросын хамтын ажиллагаа-2016” эдийн засгийн чуулга уулзалтыг хоёр улсын парламентын гишүүдийн идэвхтэй оролцоотойгоор амжилттай зохион байгуулсан билээ. Би өнгөрсөн оны 12-р сард ОХУ-д айлчлахдаа Холбооны хурлын Холбооны зөвлөлийн дарга В.И.Матвиенко, Төрийн Думын дарга В.В.Володин нартай уулзаж, хоёр улсын парламент хоорондын болон бусад салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх олон асуудал хөндөж ярилцсаны дотор хоёр улсын хил залгаа бүс нутгийн харилцааг бүхий л түвшинд өргөжүүлэх асуудал чухал байр суурь эзэлсэн.

Цаашид бид худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаагаа илүү идэвхтэй, өргөн хүрээнд хөгжүүлэхийн зэрэгцээ, хамтарсан томоохон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх нь чухал. Энэ үйл ажиллагаанд газар нутгийн хувьд ойр, харилцааны баялаг сайхан уламжлалтай Эрхүү муж чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт эргэлзэхгүй байна хэмээн УИХ-ын дарга М.Энхболд уулзалтын эхэнд тэмдэглэж хэлэв.

Тэрбээр 10-аад жилийн өмнө Улаанбаатар хотын Мэрээр ажиллаж байхдаа Улаанбаатар, Эрхүү хотын харилцаа олон салбарт, амжилттай хөгжиж, урлаг соёлын олон сайхан арга хэмжээг хамтран зохион байгуулж байснаа дурсаад “Ноён С.Г.Левченко Таны энэ удаагийн айлчлал ах дүүсэг, найрсаг сайхан харилцааг сэргээн идэвхжүүлж, шинэ агуулгаар баяуулахад чухал түлхэц үзүүлнэ гэдэгт итгэж байна” гэлээ.

-Бид төр засгийн болон орон нутгийн ажлын өргөн баялаг туршлагатай, манай хоёр орны харилцааны өв уламжлалыг гүнээ хүндэтгэдэг Л.Амарсанааг Эрхүү мужийн Консулаар томилсон нь санаандгүй хэрэг биш юм. Түүнийг маш сайн ажиллаж, хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргахад чухал хувь нэмэр оруулна гэдэгт огт эргэлзэхгүй байна гэж М.Энхболд онцоллоо.

Ноён С.Г.Левченко хүлээн авч уулзаж буйд нь УИХ-ын дарга М.Энхболдод талархал илэрхийлээд, Эрхүү мужийн 80 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдах олон төрлийн арга хэмжээнд монгол нөхдөө хүлээн авахад бэлэн байна гээд УИХ-ын даргыг Эрхүүд хүрэлцэн очихыг урилаа.

Тэрбээр Улаанбаатар хотод саяхан байгуулагдсан ОХУ-ын Худалдааны төлөөлөгчийн газрын дэргэд “Эрхүү мужийн хөрөнгө оруулалтын агентлаг” буюу төлөөлөгчийн газар үүдээ нээж байгааг мэдээлэв.

Ноён С.Г.Левченко “Манай төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Эрхүүгийн 25 томоохон аж ахуйн нэгжийн удирдлагууд багтаж яваа. Тэд монгол түншүүдтэйгээ хамтын ажиллагааны олон гэрээ, хэлцэл хийж байна. Эрхүүгийн Зам, тээврийн их сургууль монгол оюутныхаа тоог нэмж, ирэх намраас жил бүр 105 оюутан сургах гэрээ байгуулсныг жишээ нь, дурдаж болно.

Би Ерөнхий сайд Ж.Эрдэнэбаттай уулзахдаа монгол, орос “Оюутны отряд”-ыг Эрхүү болон Монгол Улсад харилцан ажиллуулах санал тавьсан. Манай залуу үеийнхэн ийнхүү хамтран сурч, ажилласнаар ахмад үеийнхнийхээ нөхөрлөл, найрамдалт харилцаа, үлгэр дуурайлыг өвлөн авах боломж нээгдэнэ. Манай Эрхүүгийнхэн Монгол Улсын хүүхдийн байгууллагуудтай нягт хамтран ажиллаж, солилцооны хөтөлбөр хэрэгжүүлдэг. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд манай Боловсролын сайд яваа. Тиймээс боловсролын харилцааг өргөжүүлэх олон асуудал хөндөж ярьж байгаа нь тодорхой.

Энэ оны 4-р сард Эрхүүд Монголын бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа болно. Энэ арга хэмжээ хоёр орны бараа эргэлт, худалдаанд чухал нөлөө үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна гэлээ.

Тэрбээр хоёр гол асуудалд УИХ-ын дарга М.Энхболдын анхаарлыг хандуулахыг хүсч байна гэв. Нэгдүгээрт, Монгол Улсын эрчим хүчний системийг барьж байгуулахад Эрхүүгийн болон ЗХУ, ОХУ-ын инженер, техникийн ажилтнууд томоохон хувь нэмэр оруулсан билээ. Манай Эрхүү муж эрчим хүчний үйлдвэрлэлийн баялаг туршлагатай, шилдэг мэргэжилтэнтэй, хамгийн хямд эрчим хүч үйлдвэрлэдэг. Эдгээр үзүүлэлтээр Оростоо тэргүүлдэг. Дэлхийн II дайны дараа Братскийн, Иркутскийн, Усть-Илимскийн гээд олон томоохон усан цахилгаан станцууд барьж байгуулсан нь одоо ч амжилттай ажилласаар байна. Монгол Улс эрчим хүчний томоохон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөж байгааг бид мэднэ. Энэ бүтээн байгуулалтын үйл ажиллагаанд бид оролцож, тусалж дэмжихэд бэлэн байна.

Хоёрдугаарт, аялал жуучлал бол манай хоёр орны хамтын ажиллагааны нэг чухал чиглэл мөн. Хөвсгөл-Байгал нуурын аялал жуулчлалын томоохон маршрут нээхээр хоёр тал тохиролцсон. Гэвч Хөвсгөлөөс ОХУ-ын хил, Байгал нуур хүртэл сайн чанарын зам байхгүй учраас энэ төсөл урагшлахгүй байна. ОХУ-ын Засгийн газар Байгаль нуурын бүс нутагт тусгайлан анхаарлаа хандуулж, эрэг орчмын үйлдвэрүүдийг хаах, дэд бүтэц, экологийг хамгаалахад илүү анхаарал тавьж байгаа. Тиймээс замын асуудалд хоёр орны Засгийн газар хоорондын комиссын анхаарлыг хандуулах шаардлагатай гэж бид үзэж байна. 2017 оны Комиссын хуралдааныг Эрхүү хотод зохион байгуулж өгнө үү гэж миний бие Засгийн газраасаа хүсэх бодолтой байна. Таныг Монгол талаас энэ үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэхийг хүсье гэлээ.

Ноён С.Г.Левченко Эрхүүд хоёр орны хамтарсан мод боловсруулах үйлдвэр байгуулах талаар Ерөнхий сайд Ж.Эрдэнэбаттай санал солилцсоноо дурдаад УИХ-ын дарга М.Энхболдод “Эрхүү мужийн хөрөнгө оруулалтын паспорт” гардуулав. “Энэхүү паспортод ойрын жилүүдэд хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа томоохон төсөл хөтөлбөрүүдийн жагсаалт байгаа. Жагсаалтад Монголын төсөл хөтөлбөрүүд ч багтана гэдэгт итгэлтэй байна. Хөрөнгө оруулалтын болон эдийн засгийн форум, уулзалт, арга хэмжээ зохион байгуулах нь худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны өргөжилтөд нөлөө үзүүлнэ гэдэгт итгэж байна. Манай муж эдийн засаг, нийгмийн олон үзүүлэлтээр ОХУ-даа тэргүүлж байна. Манай муж Монгол Улстай хамтын ажиллагаагаа өргөжүүлснээр хоёр орны болон бүс нутгийн хамтын ажиллагаанд илүү амжилт олох болно” гэж тэрбээр хэллээ.

УИХ-ын дарга М.Энхболд Улаанбаатарт Худалдааны төлөөлөгчийн газраа байгуулсанд нь баяр хүргээд дэвшүүлсэн санал болон хамтарсан үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтын төсөл, үйл ажиллагааг дэмжихээ илэрхийллээ гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээсмэдээлэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *