Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгч С.Эрдэнэболдтой ярилцлаа.
-АН-ын залуучууд намын дотоод асуудалд байр сууриа илэрхийлцгээж байна. Намын удирдлагуудаа нэгдэхийг уриалж шаардлага хүргүүлсэн. Та бүхний тэмцэлд үр дүн гарч байна уу?
-АН-ын залуучууд намын удирдлагуудаа нэгдэхийг уриалж байна. Бид маргалдагч талуудад шаардлага хүргүүлсэн. Улмаар “Нэгд” уулзалтыг зохион байгуулж, АН-ын дарга асан С.Эрдэнэ, мөн намын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Туваан нарыг урьсан ч тэд ирсэнгүй. Талууд өөр өөрийн үндэслэл, асуудлаа нээлттэй ярилцаж, нүүр нүүрээ харж уулзах талбарыг НЭГД уулзалт санал болгосон.
АН-д үүсээд буй дүрмийн болон удирдлагын дотоод хямрал нь намын гишүүд, дэмжигчид болон олон нийтийг төөрөгдүүлсэн эргэлзээтэй байдлыг үүсгээд байгаа. Иймд шийдэл болгож, дотоод эв нэгдэл, зохион байгуулалтаа дүрмийн хүрээнд хийж, нэгдэхийг шаардаж, мөн намын удирдлагуудаар ажиллаж байсан нэр бүхий гишүүдийг харилцан ойлголцолд хүрч, дотоод асуудлаа нүүр тулж шийдвэрлэх шаардлага тавилаа. АН-ын дотоод асуудлыг шуурхай дүрмийн хүрээнд яаралтай шийдэх нь нэн чухал байна.
-Одоо маргалдагч талуудад эвлэрэх шинж байна уу. Ямар гарц гаргалгаа харагдаж байна вэ?
-Бид ямартай ч маргаад байгаа талуудад шаардлага тавьсан. Ардчилсан хувьсгалын удирдагч Санжаасүрэнгийн Зориг агсны хөшөөний урд АН-ын гишүүд дэмжигчдийн төлөөлөл болсон залуучууд цугларцгааж, хувь хүмүүсийнх нь хувьд биш АН-ын үйл ажиллагаа дүрэм журамдаа нийцэх ёстой гэдэг шаардлага тавьсан. Нам дотооддоо хагаралгүй, эвтэй байх ёстой. Нэгд уулзалтад маргалдагч талууд ирээгүй ч, намын залуучууд, ахмад үеийн төлөөлөл, жирийн гишүүдийн төлөөллүүд оролцлоо. Ахмад үеийн төлөөлөл маш даацтай гаргалгааг хэлж байна. Нам дотооддоо нэгдэхийн тулд Ардчилсан намын дараагийн их хурлыг хуралдуулах нь зүйтэй юм гэдэг санал гаргаж байна. Бид нар энэ санаачлагыг дэмжиж байна.
Намын үзэл баримтлал дээр маргалдаж байгаа талууд байхгүй. Үзэл баримтлалын хүрээнд гарсан үндсэн дүрэм бий. Энэ дүрмийн заалтуудыг өөр, өөрийнхөөрөө тайлбарлаж байгаа, мөн намын X их хурлыг хүчинтэй, хүчингүй гэж маргаж байгаа талууд байгаа. Бидний хувьд маргалдагч талуудын зөв, бурууг шүүхгүйгээр дундаа ойлголцолд хүрэхийг шаардаж байна. Ойлголцох гарц нь дараагийн их хурлаа дахин хуралдуулах юм байна гэдэг дээр намын залуучууд, ахмад үеийн төлөөллүүд нэгдмэл байр суурьтай байна.
-Саяхан Ардчилсан нам X их хурлаа хийсэн. Дахиад хурал зарлах нь хэр оновчтой гэж харж байна вэ?
-“Ковид -19” цар тахлын үед цахим хурлыг хийж болно. Одоо АН хоёр талд ҮБХ хуралдуулж байна, Үндсэн дүрмийн хороогоо мөн хоёр талд зохион байгуулж байна. Ийм үед нам их хурлаа хийж, нийтээрээ асуудлаа шийдэх нь чухал байна. Тиймээс талууд харилцан буулт хийж, дүрмэндээ нийцсэн их хурлыг хийх зайлшгүй шаардлагатай.
-АН-ын дүрмийг дээд шүүх бүртгэж авсангүй. Дээд шүүхийн шийдвэр дээр та юу хэлэх вэ?
-Дээд шүүхийн шийдвэрийг Дээд шүүх өөрөө тайлбарлах ёстой. АН-ын дүрмийг Дээд шүүх баталдаггүй. Үүнийг АН-ын гишүүд их хурлаараа баталж байгаа. Харин АН-ын дүрмийг бүртгэж авах тал дээр тодорхой асуудал гарсан гэж ойлгож байгаа. Бүртгэж авах эсэх нь цаг хугацааны асуудал. Дээд шүүхийн тайлбарыг хүмүүс үзэмжээрээ тайлбарлах боломжгүй.
-Цар тахлын үед нийгэм, эдийн засаг хүндэрсэн энэ үед АН сөрөг хүчнийхээ үүргийг гүйцэтгэхийн оронд дотооддоо маргалдаж байгаад иргэд шүүмжлэлтэй хандаж байна. Энэ нам цаашид хэрхэн шинэчлэгдэх ёстой гэж харж байна вэ?
-АН сөрөг хүчнийхээ үүргийг гүйцэтгэх ёстой. Нийгэм, эдийн засгийн байдал хүнд байна. Улс орны өмнө шийдвэрлэх олон асуудал тулгамдаж байна. Эрх баригч Ардын намд “Ковид -19” цар тахлын үед энэ хямралыг даван туулах ойлгомжтой төлөвлөгөө байсангүй. Иргэд төрөөс гарсан шийдвэрүүдүүдийг маш хүлээцтэй биелүүлснээр ирсэн. Гэвч дотооддоо алдаагүй гэх хоосон бахархлын ард бэлтгэлгүй, хариуцлагагүй, ойлгомжгүй, хүний эрх зөрчсөн маш олон асуудал гарсаар ирсэн нь үнэн. Өнөөдөр ажлын байраа хамгаалж чадахгүй Засгийн газар, ард түмнээ ковидын аманд өлбөрүүлэн тавьж өглөө. Ээж, хүү хоёрын өмнөөс хариуцлага нэхэж ард иргэд Сүхбаатарын талбай дээр жагссан ч Ардын намын зүгээс Засгийн газар огцорсноор халхавчилж асуудлыг аргалах гэж оролдсон. Энэ бол арчаагүй үйлдэл. Цар тахалд зарцуулагдах ёстой хандив зээл тусламж хэрхэн яаж зарцуулагдсан нь одоо ч нууц хэвээрээ байна. МАН тун удахгүй 100 жилийнхээ ойг сүр дуулиантай тэмдэглэх гэж байна. Намын 100 жилээс илүү иргэдийнхээ эрхийг хангасан хүний эрхийг дээдэлсэн, эдийн засгийн уналтаас гаргасан бодлого Монгол Улсад хэрэгтэй байна. Монгол Улс хүчирхэг байхад олон ургалч үзлийн илэрхийлэл болсон улс төрийн намуудын тэнцвэртэй үйл ажиллагаа ус агаар мэт хэрэгтэй байгаа өнөө үед Ардчилсан нам нэн яаралтай дотооддоо цэгцэрч, сөрөг хүчний дуу хоолойгоо чанга тодоор илэрхийлэх шаардлагатай байна. Үүний тулд АН дотооддоо үүсээд байгаа асуудлаа нэн яаралтай шийдвэрлэж, дүрмийнхээ дагуу үйл ажиллагаа явуулах шаардлагатай.
АН-ын шинэчлэл бол ардчиллыг өмчлөхөө болихоос эхэлнэ. Намын үйл ажиллагааны сэргэлтийн цэг бол зорилгоо зөв тодорхойлж, ардчиллын суурь, зарчмуудыг хамгаалахаас эхэлнэ.
-Ардчилсан нам X их хурлаа хийж дүрмэндээ өөрчлөлт оруулсан. Дүрмийн шинэчлэлийг хэр болсон гэж та бодож байна вэ?
-Дүрмийг өөр өөрийнхөө тайлбарлаж байна. Гол зөрчил нь юу байна гэхээр, хуучин бол намын даргаа бүх гишүүдийнхээ оролцоотойгоор эхэлж сонгочихоод дараа нь шат шатны нэгжүүдийг бүрдүүлдэг байсан. Харин шинэчилсэн дүрмийн уруу ойлголт нь, эхлээд анхан, дунд шатны намын хорооны гишүүд, мөн ҮБХ гишүүдээ ямар нэг даргын нөлөөлөлгүйгээр сонгоод, хамгийн сүүлд нь намын даргын сонгуулийг хийх өөрчлөлт оруулсан. Энэ өөрчлөлт дээр намын гишүүд янз бүрийн байр суурьтай байна. Сунгаагаар хуучин дүрмээрээ даргаа сонгоё, эсвэл ҮБХ, Их хурал дээрээ шийдье гэсэн хувилбарууд байгаа. Миний хувьд, цар тахлын нөхцөл байдлыг харгалзан үзэж аль болох зөв шийдвэрийг хоорондоо ярилцаж байгаад шийдэх ёстой гэж бодож байна.
-АН-ын дүрмэнд их хурал дээр яригдаагүй заалтыг нэмж оруулсан гэж яриад байгаа. Тийм зүйл байгаа юм уу?
-Тэр заалтын тухайд би тодорхой байр суурь илэрхийлэхэд хэцүү байна. Ардчилсан Ерөнхийлөгч Х.Баттулгыг нам дотроо өрсөлдөгчгүйгээр сонгуульд нэр дэвшүүлэх тухай заалт орсон тухай мэдээлэл яваад байгаа. Нэг хэсэг нь тийм заалт Дээд шүүх рүү яваагүй, зарим нь явуулсан гэдэг зүйл яриад байгаа. Үүнийг шалгах шаардлагатай. Ийм өөрчлөлт дүрмэнд орсон юм уу, үгүй юу гэдэг нь одоогоор тодорхойгүй байна.