Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өнөөдөр (2017.12.08) Ардчилсан хувьсгалын анхдагчдад төрөөс тусламж, хөнгөлөлт олгох тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн С.Эрдэнэ өргөн мэдүүлэв.
Үндэсний эрх чөлөөний болон ардын хувьсгал, 1939,1945 оны Халх голын байлдаан, чөлөөлөх дайнд оролцсон ахмад дайчдыг алдаршуулах, мөнгөн тэтгэмж, материаллаг урамшуулал олгох бодлогыг Монгол улсын төр баримталж хэрэгжүүлсээр байна.
Коммунист Бүгд Найрамдах Монгол Ард Улсын удирдлагыг огцруулж, Ардчилсан Монгол Улсын үндэс суурь, олон намын тогтолцооны үндэс суурийг тавьж, хүний эрхийг дээдлэх, ардчилсан сонгууль явуулах, хэлмэгдэгсдийг цагаатгах, хэвлэлийн эрх чөлөөг баталгаатай болгох, иргэд өмчтэй байх эрхийг нээж Монгол улс ардчиллын замаар замнах үндэс суурийг тавьсан ардчиллын анхдагчдын гавьяаг төр үнэлж, бодлогоор дэмжиж, зохих хэмжээний тусламж, хөнгөлөлт үзүүлэх шаардлагатай байна гэж УИХ-ын гишүүн С.Эрдэнэ энэ үеэр хэлэв.
Ардчилсан хувьсгалын анхдагчдын түүхэн гавьяаг төр засгийн зүгээс үргэлж дурсах учиртай тэдгээр баатруудын ачаар Монгол Улсад Ардчилсан хувьсгал мандсан.
Ардчилсан хувьсгалын үйл хэрэгт манлайлан оролцож, зохион байгуулалцаж явсан хот, хөдөөгийн олон мянган иргэн байснаас цөөнгүй нь төрөөс аливаа тусламж, дэмжлэг авч чадалгүй ертөнцийн мөнх бусыг үзүүлжээ.
Монгол Улсын Ардчилсан хувьсгалын анхдагчдад төрөөс тусламж, хөнгөлөлт үзүүлэх зайлшгүй шаардлагатай бөгөөд энэ харилцааг хуулиар зохицуулах зорилгоор энэхүү хуулийг төслийг боловсруулсан.
Хуулийн төсөл батлагдсанаар Монгол Улс Ардчилсан Улс болох замыг засаж өгсөн ахмадууддаа хүндэтгэл үзүүлэх, тэдний нийгмийн асуудалд дэмжлэг үзүүлэх, сэтгэл санааны болоод эдийн засгийн тусламж, хөнгөлөлт үзүүлнэ хэмээн хуулийн төсөлд дурджээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.