АН-ын даргын сонгуульд ялалт байгуулсан С.Эрдэнэ мөнгө тараасан гэсэн мэдээлэл нийгмийн сүлжээгээр явсан. Харин шинэхэн дарга С.Эрдэнэ энэ мэдээллийг эрс үгүйсгэлээ. “Мөнгө тараасан нэг ширхэг ч үйлдэл байхгүй. Хэрэв мөнгө тараасан үйлдэл байдаг бол намын даргын албан тушаалд очихгүй байх ёс зүй надад бий. Тийм учраас би үүнийг хариуцлагатай хэлж байна. Ямар ч аргаар хамаагүй ялах, илүү оноо цуглуулах гэсэн оролдлого гарсан. Үүнийг хүлээн зөвшөөрөх ёстой. Энэ хүмүүсийн хэлж байгаа хууль бус гүтгэлгийн шинжтэй асуудлуудыг Сонгуулийн хороо хянаж үзсэн байх. Нүүр нь, нэр нь байхгүй. Хэн дуртай захын хүн гар утаснаасаа бичлэг хийдэг болчихсон шүү дээ. Зохиомлоор хоёр хүн зогсч байгаад бичлэг хийгээд баримт болгоод байх юм бол хэн ч чадна. Ер нь хуучин эмэгтэйчүүдийн холбооны гүйцэтгэх захирал байсан эмэгтэй мөнгө авсан өгсөн гэдэг гол дүрд тоглосон гэсэн мэдээлэл байгаа. Түүнийг зохион байгуулсан хүн нь гишүүн асан Ц.Оюунгэрэл гэдгийг хүн болгон мэдэж байгаа. Өнөөдөр нотлох баримтын хэмжээнд асуудлыг тавьж байгаа бол нэг өөр. Гүтгэлэгийн шинжтэй зохиомол асуудал тавьж байгаа бол нэг өөр. Үүнийг манай Сонгуулийн хороо ялгаж салгаж байгаа байх” гэж тэр хэллээ.