Categories
мэдээ цаг-үе

С.Эрдэнэ: Энэ цаг үед Их хурал тарвал маш том эрсдэл дагуулна

УИХ-ын гишүүн С.Эрдэнээс цаг үеийн асуудлаар тодруулга авлаа.


-Их хурлыг хугацаанаас нь өмнө тараах асуудал яригдаж, гишүүдийн гарын үсэг цуглуулж байна гэх мэдээлэл явж байна. Энэ хэр бодитой мэдээлэл вэ?

-Энэ талаар албан ёсоор мэдээлсэн нам, улстөрчид одоогоор алга. Албан бусаар ийм яриа яваад байгаа. УИХ-ын дарга Г.Занданшатар ч өөрөө Их хурлыг тараах яриа явж байгааг яриад байгаа хэрнээ албан ёсны байр суурь илэрхийлэхгүй байна.

-Нэлээд олон гишүүд гарын үсэг зурсан гэх мэдээлэл явж байсан. Их хурлыг хугацаанаасаа өмнө тараах асуудлыг та дэмжих үү?

-Бид хоёр жилийн өмнө ёс зүйгүй, хариуцлагагүй энэ Их хурал тарах ёстой гэсэн мэдэгдэл хийж байсан. 10 гаруй хүний гарын үсэг зурсан процесс явагдаж л байсан. Өнөөдөр эрх баригчид сонгууль дөхөөд ирэхээр гэнэтхэн УИХ-ыг тараана гэх зүйл яригдаж байгаагийн цаад учир нь юу вэ. Нэгдүгээрт, эрх баригч нам хариуцлагаас зугтаасан үйлдэл гэж харж байгаа. Хоёрдугаарт, ЖДҮ-ийн сангаас зээл авсан хэрэг, 60 тэрбумын хэрэг, авлига албан тушаал, концесс гээд эрх барьж байгаа намд гялайж гялтайх зүйл юу ч байхгүй. Тэд энэ бүх хариуцлагаас зугтаахын тулд бүх л буруу зүйлээ парламентад нааж үлдээгээд парламентыг тарааж, өөрсдөө цэвэрхэн нэр дэвшинэ гэж тооцож байх шиг байна. Харин ч иргэд сонгогчид энэ тал дээр нэлээд нухацтай хандаж сонголтоо хийнэ. Парламент тараах гэж байгаа нь башир арга шүү дээ. Сайндаа ч Их хурлыг тараах гээд байгаа юм биш. Ард түмний тархийг угаах, төөрөгдүүлэх, тодорхой суудал хадгалж үлдэх гэсэн л зорилготой. Энэ цаг үед Их хурал тарвал маш том эрсдэл дагуулна. 2020 оны төсвийн хууль аравдугаар сард хэлэлцэгдэх гэж байна. Төсвийн хууль гэдэг Үндсэн хуультай дүйцэхүйц маш чухал хууль. Үндсэн хуулийн өөрчлөлт УИХ-ын хэлэлцүүлгээр дөрвөн удаа ордог. Ердийн хууль хоёр удаа чуулганаар ороод, гурав дах дээрээ батлагддаг. Төсвийн хууль тухайн улс орны ирэх жилийн нийгэм эдийн засгийн гол түлхүүр буюу айлаар бол өрхийн төсөв шүү дээ. Энэ хуулиа ч хэлэлцэж эхлээгүй. Түүнчлэн энэ мэт маш олон асуудлаас зугтааж байгаа хэрэг.

-УИХ-ыг тараах асуудал яригдаж байгаа нь парламентын засаглалыг Ерөнхийлөгчийн засаглал руу оруулах гэж байгаа үйлдэл ч гэж харж байна?

-Энэ ямар ч боломжгүй асуудал. Одоо манайд хүчин төгөлдөр мөрдөж байгаа Үндсэн хууль өөрөө парламентын засаглал, парламентын институци хоорондын засаглалтай үед төрийн байгууллагууд, парламентын засаглалтай улсын нөхцөл байдал, эрх зүйн харилцааг зохицуулахаар хийгдсэн хууль. Хэрвээ засаглалын эрхийг солино гэж байгаа бол цоо шинэ Үндсэн хууль санаачилж, баталж байж өөрчилнө.

-Засгийн газрыг кабинетаараа ажиллаж чадаж байгаа гэж та үзэж байна уу?

-Энэ Засгийн газар кабинатаараа ажиллаж байна уу, үгүй юу гэдэг нь гол асуудал биш. Энэ Засгийн газрын үйл ажиллагаа үр дүнтэй байж чадаж байна уу, олон түмэнд хүрч чадаж байна уу гэдэг нь чухал.

2016 оны сонгуулиар олонх болж, МАН-ын амлаж байсан мөрийн хөтөлбөрүүдээс нэг нь ч хэрэгжсэнгүй. Хэрэгжүүлэхгүй байна. Харин популизм хийсэн үйл ажиллагаа яваад байна. Ерөнхий сайд нь маш олон хүн загналаа. Загнаад байхаас хариуцлага тооцож байгаа үйлдэл алга.

-Үндсэн хуулийн хоёрдугаар хэлэлцүүлэг дуусч, ард нийтийн санал асуулга явуулахаар болсон. Ан-ын зүгээс ард нийтийн санал асуулга явуулах нь зүйтэй гэж үзэж байна уу?

-Манай нам Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хоёрдугаар хэлэлцүүлгийн шийдвэрийг дэмжихгүй. Яагаад гэхээр энэ төслийн хувьд анх 62 гишүүн өргөн барьсан төсөл дотор ганц нэг авах зүйл байсан. Гэтэл бүгдийг нь унагаачихсан. Хоёрдугаарт, Ерөнхийлөгчийн өргөн барьсан төслөөс зүйл заалт ороогүй юм шиг байна. АН-ын зүгээс 25 зүйл заалт бүхий дөрвөн гол санал өргөн барьсан ч нэг нь ч дэмжигдээгүй. Ийм нөхцөлд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслөөр ард нийтийн санал асуулга явуулна гэвэл манай нам дэмжих боломжгүй.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *