Categories
мэдээ улс-төр

С.Эрдэнэ: АН-ыг гүтгэх замаар хариуцлагаас зугтах гэсэн явуургүй оролдлогоо болих хэрэгтэй

Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Х.Баттулга, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ нар мэдээлэл хийлээ. Тус намын нэр дэвшигч богино хугацаанд Монгол орноо тойрч ирснийг мэдээллийн эхэнд онцлов.

Намын дарга С.Эрдэнэ мэдээллийн үеэр хэлэхдээ “Эрх баригчдын зүгээс АН-ын сурталчилгааг бүхий л талаар хааж, боогдуулах ажиллагааг явуулж байгаа, мөн АН-ын сурталчилгааг нийтэлсэн хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийг дарамтлах, торгох, сүрдүүлэх үйлдэл хэрээс хэтэрч байна” гэв.

Ардчилсан намын сурталчилгааг цацсан гэх үндэслэлээр 30 гаруй хэвлэл мэдээллийн хэрэгслийг цагдаад дуудаж, байцаалт авах зэрэг дарамтыг янз бүрийн хэлбэрээр үзүүлж байна. Ерөнхийлөгчийн сонгуулийн луйврыг илчилсэн иргэнийг цагдаагийн хамгаалалт нэрээр бүсэлж, сэтгэлзүйн дарамт үзүүлж, үндэслэлгүйгээр эрүүгийн хэрэг үүсгэх зэрэг бүхий л талын дарамтыг үзүүлж байна. Цагдаа, хүчний байгууллагууд Ардчилсан намын сонгуулийн штаб, хороо дүүргийн ухуулах байраар явж сурталчилгааны хэвлэл материалыг хураах, ажиглах зэргээр дарамт учруулж байна. Цагдаа, хууль хүчний байгууллага эрх баригчдын гар хөл болсныг харуулж байна. Ийм хүнд нөхцөлд ажиллаж байгаа АН-ын нэр дэвшигч маш олон судалгааг тэргүүлсээр байна” гэлээ.

АН-ынхан дээрх үйдлүүдийг зохих хуулийн байгууллагад хандсан ч хариу өгөхгүй байгаа аж. Нэр дэвшигч Х.Баттулга 60 тэрбумын бичлэгийг шалгаж өгөхийг хүсэж хуулийн байгууллагад хандсан ч шалгаж байна гэсэн мэдээлэл өгөөгүй байна.

“МАН-ынхан 2014 онд төлөвлөөд 2016 оны сонгуулиар ашигласан бохир технологио энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулиар дахин ашиглахыг зорьж байна. Мөн сонгуулийн дараа СЕХ-ны удирдлагуудыг хүлээн авч, баяраа тэмдэглэж байгаа видео бичлэг цацагдлаа. Эвлүүлэг гэж мэлзэхгүй байлгүй. Дүрстэйгээ, дуутайгаа, оролцогчидтойгоо ил тод бичлэгийг олон түмэн үзлээ. Ийм цагаандаа гарсан үйлдлийг хууль хяналтын байгууллагынхан анхааралдаа авах ёстой. Энэ уулзалтын бичлэг дээр МАН-ын дарга М.Энхболд СЕХ-ны нарийн бичгийн дарга Болдсайхан нарын сонгуулийг луйвардсан байж болзошгүй яриа өрнөж байгаа. Энэ бүх үйлдэлдээ МАН-ын зүгээс тайлбар хийхийг шаардаж байна. Албан шаардлагаа бичгээр хүргүүлнэ. АН-ыг гүтгэх замаар хариуцлагаас зугтах гэсэн явуургүй оролдлогоо болих хэрэгтэй” гэж мэдээллийн үеэр хэллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *