ЗХТЗИГ-ын дарга, НОК-ын гишүүн С.Энхтөр тээврийн хэрэгслийн QR кодоор зорчих тухай мэдээллийг хүргэж байна.
ЗХТЗИГ-ын дарга, НОК-ын гишүүн С.Энхтөр “13 чиг үүргийн алба хаагчид өөрсдийн хувийн унаагаар зорчих асуудал үүсэж байна. Мөн түгээлт, бараа татахдаа хувийн машинаар явдаг асуудлыг маш олон хүн тавьсан. Маргаашаас эхлээд 13 чиг үүргийн байгууллагын ажилтан албан хаагчдад тодорхой тоон хязгаарлалт тогтоон хувийн машинд нь QR код өгөхөөр төлөвлөж байна. Үүнд эрүүл мэндийн салбар, жижиг дунд үйлдвэр эрхэлдэг газраас хувийн машинд QR код авах хүсэлтүүд ирсээр байна. Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлыг зарласнаас хойш 22357 тээврийн хэрэгсэл QR код авч хөдөлгөөнд оролцож байна.
Үйл ажиллагааг нь хязгаарлаагүй 13 салбарын албаны машин QR код авч, хөдөлгөөнд оролцох боломжтой. Үүнд дараах байгууллагууд орж байна.
-Хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, шуудан
-Цахилгаан, дулаан, усан хангамж, ариутга татуурга
-Газрын тосны бүтээгдэхүүн, түлшний хангамж
-Хүнсний үйлдвэрлэл, худалдаа, тээвэрлэлт, түгээлт, ханган нийлүүлэлт /хайпермаркет, супермаркет, минимаркет, хүнсний дэлгүүр, бөөний төв, агуулах, хүнсний зах, мал, амьтны тэжээл/
-Эрүүл мэндийн байгууллага, эмийн сан, эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх байгууллага
-Хог хаягдлын цэвэрлэгээ, ачилт, цуглуулалт, тээвэрлэлт, устгал, золбин нохой, муурын устгал
-Ариутгал, халдваргүйжүүлэлт, нийтийн бие засах газар
-Банк
-Оршуулга
-Өвс, тэжээлийн нөөц бүрдүүлэлт, сайжруулсан болон баяжуулсан түлшний үйлдвэрлэл, нийлүүлэлт, түгээлт, тусгай зөвшөөрөл бүхий байгууллагын түлш тээвэрлэлт
-Шүүх, прокурор
-Тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллага /гамшгаас хамгаалах, мэргэжлийн хяналт, цагдаа, зэвсэгт хүчин, гааль, татвар, байгаль орчныг хамгаалах, улсын бүртгэл, гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх, дипломат болон тусгай алба/
-Улсын онц чухал болон стратегийн ач холбогдол бүхий обьект, байгууллага /Гадаадын дипломат төлөөлөгчийн газар, НҮБ-ын суурин төлөөлөгчийн газар, Нийслэлийн замын хөдөлгөөний удирдлагын төв, “Улаанбаатар төмөр зам” ХНН, “Чингис хаан” олон улсын нисэх буудал, “Биокомбинат” төрийн өмчит үйлдвэрийн газар, Стандарт, хэмжил зүйн газар болон Үнэт металлын сорьцын хяналтын газрын байр, Үндэсний дата төвийн нөөц төв/