Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

С.Энхнаран: Нүүдэлчин, суурин соёлд хоёуланд нь суралцах ёстой

Соёл урлаг судлалын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, музей соёлын өв судлаач, соёл судлалын докторант С.Энхнарантай ярилцлаа.


-Монголчуудын амьдралын соёлын талаар ярилцлагаа эхэлье. Хамгийн түгээмэл соёл нь юу вэ?

-Соёл гэдэг их ерөнхий ойлголт. Олон талаас харж, тайлбарлаж болно. Минийхээр түгээмэл соёл бол нийтийн соёл буюу тод жишээ хүний амьдралын хэв маяг. Хүний амьдарч байгаа, аж төрж буй байдлыг нь л нийтийн түгээмэл соёлоор тайлбарлаж болно. Тэгэхээр хүний өглөө босоод хэв, зан үйл, өдөр тутмын ажил, амралт, зугаа цэнгэл бүгд амьдралын хэв маягийг бүрдүүлж тэр нь нийтээрээ дагаж мөрдөх соёлыг бий болгож байна.

-Монголчууд урдаас харилцааны ямар соёлтой байв, одоо хэрхэн өөрчлөгдсөн бэ?

-Бидний дийлэнх нь нүүдлийн мал аж ахуй эрхэлж, аж ахуй амьдрал маань улирал, цаг уурын нөхцөл байдлаас хараат байсан. Тиймдээ нүүдэлчин ард бие биедээ их санаа тавьдаг, халамжилдаг, тус дэм болох харилцааны өндөр соёлтой байлаа. Адуундаа явахад “Унуузай, дээлээ өмс, малгайгаа сайн бүчлээрэй, цайгаа уугаад яв” гэх мэт нэгэндээ санаа тавьсан харилцааны соёл нийтлэг байсан. Мөн мал аж ахуйн холбогдолтой харилцан яриа, нэгнийхээ эрлийн малыг сураг гаргах, айл саахалтын тус дэмийг илэрхийлсэн харилцан яриа нийтлэг байх бөгөөд үүнтэй холбоотой зүйр цэцэн үг, хэлц үгнүүд ч олон байлаа. Гэр бүл дотор гэрийн эзнийг хүндэтгэсэн, ээж аав, ахмадаас үг сургааль сонсох, гэр бүлийн гишүүд тус тусынхаа үүрэгт ажлыг хийх, хоорондоо ярилцах, өдөр тутмын ажлаа дуусгаад орой хууч хөөрөх, домог ярих, эртний туульс хайлах, хөгжилдөх уламжлалтай байсан. Харин суурин соёлд шилжсэнээр өдөр тутмын хэмнэл маань давчуу цагийн хуваарьтай болсон. Үдээс өмнө, үдээс хойш гэж ярьдаг цагийн багцаа байсан бол тав, зургаан гэж цаг минутаар товлож ярьдаг болсон. Мөн цахим мэдээллийн хэрэгсэл технологи хөгжиж, энтертайнмэнт, мэдээллийн төрөл бүрийн хэрэгсэл ихтэй болж хоорондоо амьдаар харилцах цаг улам багасч, хүмүүсийн бие даасан байдал, хувийн орон зай, хувийн нууц чухал болсон. Үүнийг хүний цаг хугацаа багасаж, завгүй болсон гэж тайлбарлаж болно. Эндээс үүдэж хүмүүс хоорондын харилцаа илүү цахим зайных болж байна. Бид уугуул нүүдлийн болон суурин соёлтой гэдгээ хэзээ ч мартаж, орхигдуулж болохгүй. Суурин газар бид нийтийн соёлын дагаж, нэгнийгээ хүндэтгэж амьдардаг. Энэ хоёр соёл нэгэндээ өөрсдийн соёлыг тулгаж болохгүй. Аль ч соёлоо мэдэхгүй байгаа нь соёлын мөргөлдөөн, зөрчлийг бий болгодог. Хэл яриа, царай зүс, шашин шүтлэг адилхан боловч амьдралын хэв маяг буюу суурин эсвэл нүүдлийн амьдралын хэв маягаас болоод соёлын зөрчил үүсч болно. Тухайлбал, хотод оюутан болж ирээд ариун цэврийн өрөө хэрэглэж чадахгүй, цаг барихгүй байх гэх мэт нь хотод амьдарч хэвшсэн хүмүүст түвэг удах. Хотын хүн хөдөө очоод гол ус бохирдуулах, хог хаях гэх мэт. Нүүдэлчин, суурин гэх хоёр соёлыг ойлгож, харилцан суралцаж байх ёстой.

-Төрт ёсны соёл хэдийнээс эхэлсэн юм бэ. Яг ямар соёл байсан юм бол?

-Монголын төрт ёсны соёл бол 2000 гаруй жилийн түүхтэй, Хүннүгийн үеэс эхэлсэн. Наадам, үндсэн хуулийн өдөр мэт үндэсний баяр наадмын үеэр төрт ёсны соёл уламжлал хүчтэй илэрдэг. Мөн “Төрийн минь сүлд өршөө” эсвэл “Төр минь” хэмээн уулга алдаж байгаа нь ч бидний төрөө дээдэлж буй төрт ёстоны соёл юм. Төр минь түвшин байвал түмэн олон амгалан байгаасай гэх найдвар, хүсэл эрмэлзэл, бидний хэл яриа, амьдралын хэв маягт байдаг шүү дээ. Мөн ардын дуунуудаар илэрдэг. Ноёд хоорондоо ширвэлцээд ирвэл бидний явдал суудал, амьдрал хүндэрдэг шүү гэсэн утга агуулгатай дуу олон байдаг. Эгэл ард төрийн амгалан байдалд их санаа тавьж, “Төр төмбөгөр, ёс ёмбогор” гэх мэт. Энэ мэт төр, ардын соёл гээгдэж үгүй болоогүй. Соёл хөдөлж, хөгжиж, өөрчлөгдөж байж илүү боловсронгуй болдог.

-Хэдэн төрлийн ямар хоол иддэг байсан юм бэ?

-Нүүдлийн мал аж ахуйгаас гарсан хүнс бүтээгдэхүүн, уур амьсгалтайгаа зохицуулан ууж идэх идээ ундааны соёл түгээмэл байсан. Зундаа сүү, цагаан идээ, намартаа цагаан идээ, мах, намрын сүүл, өвлийн эхэн сараас идэш нөөцөлж, өвөл, хаваржин идэх сүү цагаан идээ, махан хүнсээ базаадаг. Зун, намаржин цагаан идээгээ хураадаг. Цагаан тос, ааруул, сүү, ээзгий гэх мэтийг уламжлалт хадгалалтын технологиор бэлдэж, жилийн турш хүнсэндээ хэрэглэнэ. Хаврыг цагийн хатуу цаг хэмээж, бие махбодидоо зориулж цагаан тосоо түлхүү хэрэглэж, хүнсийг байгаль цаг ууртайгаа зохицуулан шим тэжээлээ авдаг байлаа. Зун болохоор өвөлжин мах идсэн ходоодоо амрааж, дан цагаан идээ иддэг байсан. Одоо бид хэдий суурин соёлд амьдарч байгаа ч гэсэн бидний эрс тэс уур амьсгал өөрчлөгдөөгүй учир эдгээр хоолны соёлыг баримтлах, мартахгүй байх нь чухал.

-Цаашлаад дуу, хөгжмийн ямар соёлтой байсан бэ, “Тойрон” бүжиг, дуу хийдэг байсан уу?

-Биднийг дууч хуурч, дуу хөгжмөөр цэнгэх дуртай ард түмэн гэж гадны аялагч, судлаачид тэмдэглэсэн байдаг. “Гайхамшигтай дуу хөгжимтэй, өвөрмөц, урьд өмнө нь үзэж хараагүй энтертайнмэнт орчинд биднийг авч очдог байсан. Эх нутгаасаа хол явахад монгол ардын дуу, хөгжим яг л Чингис хааны үед ямар байсан тэр түүхэн үед аялуулж, түүх хүүрнэдэг, гайхалтай” хэмээн судлаачид олонтоо онцолсон байдаг. Аялгуу дийлэнхдээ намуухан, дууны үгний агуулгад эд мөнгөнд шунаж өөрийгөө зовоох хэрэггүй, нэг л амьдрах нас шүү дээ, тайван жаргалтай өнгөрөөе гэх мэт сэтгэлийн амар амгаланг илэрхийлсэн өнгө аяс их байдаг. Марзан, шооч ая дуу, эр нөхрийг нь цэргийн албанд татсан, хайртай хүнтэй нь суулгаагүй, үгүйлсэн, санасан, гансарч сөхөрсөн өнгө аястай дуу ч олон байсан юм билээ. Тойрон бүжгийн хувьд Буриад угсаатан яах аргагүй төлөөлж бүжиглэдэг. Сурган хүмүүжүүлэх байгууллагуудад ч тойрон бүжгийг бүжиглэдэг. Буриадын зэрэгцээ тойрон бүжгийг орчин үед нийтээр бүжиглэдэг гэж хэлж болно.

-Мал аж ахуйн соёлын хувьд малтайгаа хэрхэн харьцаж, хайрлаж өсгөдөг байсан юм бол. Өнөөгийн малчид тэр соёлыг хадгалж чадаж байгаа болов уу?

-Мал аж ахуйн соёл хэдэн зуун жилийн өмнө ямар байсан яг хэвээрээ л байгаа гэж харж байна. “Морь унадаг байсан малчид мотоциколоор явдаг болчихлоо, морь унах хүнгүй боллоо” гэж хүмүүс санаа зовдог. Технологийн хөгжил бол байх ёстой зүйл. Малчид бидэнд уламжлалаа хадгалж байна гэж харагдахын тулд морио унасаар л байна гэж байхгүй шүү дээ. Тэр технологийг хэрэглэснээр малчин хүн цагаа хэмнэж болно. Технологийн дэвшилд нэвтэрч соёл орших ёстой. Дижитал, цахим нүүдэлчин, нүүдэл байж болох эрин үе ирж байна.

-Монгол хэл, бичгийн соёл ямар байсан юм бол?

-Бид олон хэл, шашны зэрэгцэн оршин зүдэргээтэй соёлд хутгалдаагүй амар амгалан улс үндэстэн. Энэ нь олон давуу талтай. Бидний уугуул бичиг бол уйгаржин монгол бичиг шүү дээ. Ерэн оноос хойш монгол бичгээ сэргээх, олон удаагийн хичээл зүтгэлээр хандлага өөр болж байна. Дэлхий бидний бичгийг уйгаржин монгол бичигтэй ард түмэн гэж таньдаг, ойлгодог. Гадны музейд бидний мэдэхгүй, хараагүй зүйлсийг, монгол бичгийн өв соёлыг цуглуулчихсан, хадгалсан байдаг. Тэр музейд би монгол хүн гэж хэлээд ороход манайтай холбоотой цуглуулгыг танилцуулж, үзүүлэхдээ тэд тун таатай байдаг. Гэхдээ бичгийн дурсгалыг үзүүлэх болохдоо “Энэ хүн монгол бичгээ таних болов уу, уншиж чадах болов уу” гэсэн болгоомжлол харцнаас нь мэдэгддэг. Яагаад гэвэл тэд биднийг монгол бичгээсээ татгалзчихсан гэдгийг мэдэж байгаа. Хэрвээ би монгол бичиг уншиж, бичиж чадахгүй бол тэр музейн ажилтны хувьд өөрийн уугуул бичиг үсэгт тайлагдаагүй, монгол биш ч гэж хэлж болохоор хүн болно шүү дээ. Тэгэхээр хэн ч бай өөрийгөө монгол хүн гэж л байгаа бол монгол бичгээр уншдаг, бичдэг байх хэрэгтэй. Ингэж байж чи өөрийгөө “монгол хүн” гэж итгэл төгс хэлж чадна шүү дээ. 2016 онд “Гэр бүлийн орчин дахь үндэсний соёлын орчин” гэдэг судалгаа хийсэн. Тухайн үед монголчуудын 70 орчим хувь нь монгол бичгээрээ уншиж чаддаг гэсэн дүгнэлт гарсан. Энэ бол сайн зүйл.

-2025 оноос “Хос бичигтэн” болно гэсэн шүү дээ. Залуус босоо монгол бичгийг сайн мэдэхгүй байх. Энэ тал дээр та ямар бодолтой байна?

-Хос бичигтэн болно гэдэг нь англи, монголоор ярьж байгаагаас ялгаагүй хялбар зүйл. Энийг манай ард түмэн эзэмшиж чадна гэж бодож байна. Крилл бичгээ авч чадсан юм чинь монгол бичгээ авч чадна л гэж харж байна. Үүнээс гадна залуус эх хэлээ эрэмдэглэж байгааг хараад их эмзэглэдэг. Хүүхэд байхаасаа л англи хэлээр бол англиар, монгол хэлээр бол монголоор дан дангаар нь тансаг ярьж сурах хэрэгтэй. Үүнээс л орчин үеийн залуусын боловсрол мэдлэг өндөр болохыг харж болно шүү дээ.

-Нүүдэлчин монголчууд л гэдэг. Суурин соёлтой монголчуудын талаар та юу хэлэх вэ?

-Гар утас барьдаг, машин унадаг нүүдэлчид байж бололгүй яах вэ. Саяхан Дундговь аймагт явахад өөр хоорондоо арваад км-ын зайтай, цэлгэр талд вагончигтэй малчин айлууд байсан. Нүүдлийн соёл мэдэхгүй хүнд бол ойлгомжгүй, эзгүй хээр аймшигтай ч санагдаж болох дүр зураг шүү дээ. Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, цаг уурын нөхцөл байдлаас шалтгаалж, малын бэлчээрийн зайгаар нүүдэллэх хэрэгтэй болоод дугуйтай тэрэг хэрэглэж байна уу даа эмзэглэж харсан. Үүнээс үүдээд хаваржаа, намаржаа, өвөлжөөндөө монгол гэртэй малчдаа харахыг хүсвэл уур амьсгалын өөрчлөлтийг тогтворжуулах тал дээр хүн бүхэн анхаарлаа хандуулах шаардлагатай болж байна. Хэдэн жил үргэлжилсэн байгалийн давагдашгүй хүчин зүйлс буюу ган гачигт малчид зохицох гэж хичээж байж болно шүү дээ. Магадгүй бэлчээрийн бүтэц ч яригдаж болно. Монгол Улсад суурин соёл бат мөнхөд оршино. Цаашдаа ч улам хөгжинө, энэ бол бидний биеийн салшгүй эд эс болсон. Нүүдлийн соёл ч бас мал аж ахуйгаа дагаад салшгүй үргэлжлэх л соёл. Энэ хоёр соёлоо бид хэзээ мөнхөд уламжлуулан хөгжүүлж явна. Монгол хүн энэ хоёр соёлоо хоёуланг нь маш сайн эзэмших ёстой. Монгол гэрт орчихоод монгол ёсоор суухгүй, аягатай цайг буруу барих гэх мэт өөр жаягтай байвал тэр уугуул хүмүүстээ бүдүүлэг, байж боломгүй “Монголоо алдсан” харагдана. Хөдөө хээр явахдаа нутгийн уугуул соёлыг сайн судлах ёстой. Бид гадаадад очоод соёлыг нь дагаад ингэж болдоггүй юм байна гээд мөрдөж эхэлдэг шүү дээ. Яг түүн шиг хөдөө очоод соёлыг нь даган дуурайдаг, суралцдаг байгаасай.

-Орчин цагт бид шинэ соёл зохиож болох уу?

-Орчин цагийн соёл маш хурдтай өөрчлөгдөж байна. Цар тахлын орчин бидний соёлын орчин, харилцаа, уламжлал, баяр наадам, амьдралын хэв маяг гээд маш олон зүйлийг маш хурцаар өөрчилж байна. Тахлаас өмнө бид завгүй ажил гээд гэр бүлээ орхигдуулж байсан. Иймээс өнөөгийн соёлыг ярина гэвэл цар тахлын үеийн нийтийн түгээмэл, гэр бүлийн соёлын өөрчлөлтүүдийг анхаарч, судлах хэрэгтэй болж байна.

А.ГАНТУЯА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *