УОК-ын тавдугаар өргөтгөсөн хуралдаан Төрийн ордонд болж байна. Хуралдаанаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд эрүүл мэндийн салбарын бэлэн байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр “2022 оны эцэс 2023 оны эхний улиралд цар тахлын шинэ давалгаа үүсэх, томуу, томуу төст өвчлөл нэмэгдэх эрсдэл байна. 2022 оны 46-р долоо хоногт коронавируст халдварын нийт 1,855 шинэ тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх долоо хоногтой харьцуулахад өссөн байна.
Улсын хэмжээнд covid-19 халдвараар хэвтэн эмчлүүлж буй 637 өвчтөн байгаагаас Улаанбаатар хотод 453, орон нутагт 184 иргэн байна. 2022 оны 46-р долоо хоногт Улаанбаатар хотод 885, аймаг орон нутагт 970 тохиолдол бүртгэгдсэн.
Томуу томуу төст өвчний нөхцөл байдалтай холбоотойгоор улсын хэмжээнд 3750 орыг дэлгэснээс 1925 ор нь Улаанбаатар хотод дэлгэн ажиллуулж байна. Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчин идэвхжлийн түвшинд байна. Тус өвчнийг улирал хооронд, идэвхжилийн түвшин, алаг цоог, аймгийн түвшин, цар тахлын түвшин гэж таван үе шатад ангилдаг. Идэвхжилтийн түвшинд 15 аймаг, улирал хоорондын түвшинд хоёр аймаг, алаг цоог дэгдэлтийн түвшинд дөрвөн аймаг тус тус байна. Өмнөх долоо хоногтой харьцуулахад Дархан-Уул аймаг идэвхжилийн түвшнээс улирал хоорондын түвшин, Хэнтий аймаг алаг цоог түвшнээс идэвхжилтийн түвшинрүү буурсан бол Дорнод аймаг идэвхжилийн түвшнээс алаг цоог түвшинрүү тус тус шилжсэн байна. Томуу, томуу төст өвчний ид дэгдэлтийн үе нь арванхоёр, нэгдүгээр сар байдаг.
Энэ үед бид БШУЯ-тай хамтран ЕБС-ийн хүүхдийн амралтыг 12 дугаар 16-аас эхлэн 2023 оны нэгдүгээр сарын 27-ны өдрийг хүртэл амрах зохицуулалт хийсэн. Томуу, томуу төст өвчний амбулаторын нийт үзлэгийн 9.1 хувийг эзэлж байгаа нь өмнөх долоо хоногтой харьцуулахад 0.5 хувиар бага байна.
Үүнээс гадна, зуд болох эрсдэлтэй аймгуудаар оторлож буй малчдын эмнэлгийн тусламж, үйлчилгээний хүртээмж алдагдах зэрэг хүндрэл үүсч болзошгүй байгаа тул эрүүл мэндийн байгууллагуудаас урьдчилсан мэдээллийг өгч, оторлож байгаа малчдын эрсдэлтэй иргэдийн мэдээллийг авч, тогтмол мэдээллээр хангаж ажиллаж байна.
Отроор өвөлжиж буй малчид, жирэмсэн эх, бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, архаг суурь өвчтэй иргэдийн эрсдэлт бүлэгт ангилан мэдээллийг авахад 2022 оны арванэгдүгээр сарын 11-17-ны өдрийн байдлаар 21 аймгийн хэмжээнд нийт 4503 иргэн отроор нүүдэллэж байгаагаас, жирэмсэн эх-54, 0-5 насны хүүхэд-918, өндөр настан-416, хөгжлийн бэрхшээлтэй-149 болон архаг суурь өвчтэй-367 иргэд тус тус отроор нүүдэлж байна.
Отор нүүдлээр явж буй малчдад эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх чиглэлээр Аймгийн Онцгой комисс, Онцгой байдлын газар, мал эмнэлэг, Хүнс хөдөө аж ахуйн газруудтай хамтран сумын ЗДТГ-тай тухайн онд отор нүүдлээр явах иргэдийн бүртгэл, тоон судалгааг 14 хоног тутам авч, сум хооронд аймагтаа, аймаг хооронд отор нүүдлээр яваа иргэдийн бүртгэлийг Эрүүл мэндийн байгууллагуудтай мэдээлэл солилцож, тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг ханган ажиллаж байна.
2022 онд 21 аймгийн нэгдсэн эмнэлгийг алсын дуудлагад явах иж бүрэн тоноглогдсон түргэний машины парк шинэчлэлийг хийсэн. Улсын хэмжээнд 2022 оны 11 дүгээр сарын 15-ны байдлаар эмнэлгийн түргэн тусламжийн үйлчилгээ үзүүлж байгаа автомашин нийт 1054 байгаагаас ашиглагдаж байгаа 790 буюу 74,1 хувь, эвдэрсэн буюу ашиглалтын шаардлага хангахгүй 273 буюу 25,9 хувь тус тус эзэлж байна.
Осол гэмтлийн тусламж, үйлчилгээг үзүүлдэг эмнэлгийн тоог нэмэгдүүлж, төвлөрлийг сааруулахад чиглэлээр Улаанбаатар хотын хэмжээнд УНТЭ, УХТЭ, УГТЭ, ЦТЭ, Монгол япон эмнэлгүүдэд гэмтлийн тусламж, үйлчилгээг үзүүлж байна. Яаралтай тусламжийн үйлчилгээг даатгалтай эсэхээс үл хамааран өмчийн хэлбэрийн бүх эмнэлгүүд үзүүлдэг. Мөн яаралтай тусламжийн санхүүжилтийг нэмэгдүүлсэн. Алслагдсан орон нутаг дахь алсын дуудлагын түлшний санхүүжилтийг олгож байна. Осол гэмтлээс урьдчилан сэргийлэх сургалт сурталчилгаа мэдээллийг иргэдэд тогтмол хүргэж хүргэж байна. Хотын зүүн талд шинээр ашиглалтад орсон түлэнхийн төвд гэмтлийн яаралтай тусламжийн тасгийг нээн тусламж, үйлчилгээ үзүүлж байна” гэлээ.