Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

С.Энхболд: Коронавирусийн эсрэг энэ вакциныг заавал хийлгэх хэрэгтэй гэж зөвлөмөөр байна

Эрүүл мэндийн сайд С.Энхболдтой ярилцлаа.


-Юуны өмнө танд Эрүүл мэндийн сайдаар томилогдсонд баяр хүргэе. Дэлхий дахинд цар тахал тархсан энэ хүнд цаг үед Эрүүл мэндийн салбар хамгийн ачаалалтай, хариуцлагатай хүнд цаг үетэй нүүр тулж байна. Тэгэхээр таны хувьд ажлаа хүлээж аваад юунаас эхлээд явж байна вэ. Ямар ажилд төвлөрч ажиллаж байна гэдгээс ярилцлагаа эхэлье?

-Баярлалаа. Мэдээж эрүүл мэндийн салбарт төдийгүй Монгол Улсад цар тахлыг хумьж авах ажил хамгийн тулгамдсан чухал асуудал юм. Цар тахлыг хумьж авах зорилгоор “Нэг хаалга-Нэг шинжилгээ” аяныг зохион байгуулж дуусах шатандаа орж байна. Шинжилгээ, сорьц авах, лабораторийн дүгнэлт гаргах зэрэгт төвлөрөн ажиллаж байна. Энэ аяныг зохион байгуулснаар далд нууц үед байгаа, шинж тэмдэггүй хөнгөн хэлбэрээр вирус тээгч өвчтөнүүдийг илрүүлэх зорилготой. Энэ нь үр дүнгээ өгч олон тохиолдол нэмж илэрч байна. Мөн вакцинжуулалтын бэлтгэл ажил болгож энэ ажлыг хийж байна. “Ковид -19” вирусийн хувьд мэдээж огт алга болохгүй, оршсоор байна гэж эрдэмтэд ярьж буй. Дэлхий нийтэд халдварын тархалтыг хумьж авах, дарах хамгийн сайн шийдэл нь вакцинжуулах. Тиймээс ард иргэдээ бүрэн вакцинжуулах нь чухал юм.

-Коронавирусийн эсрэг вакцины талаарх нэгдсэн мэдээлэл иргэдийн дунд өндөр хүлээлттэй байна. Тэгэхээр, та вакцины тухай сүүлийн үеийн мэдээллийг багцлаад ярихгүй юу?

-Манай улс энэ сарын 23-наас иргэдээ вакцинжуулахаар төлөвлөөд бэлтгэл ажлыг хангаад ажиллаж байна. Энэ долоо хоногийн сүүлээр ДЭМБ-ын COVAX хөтөлбөрийн хүрээнд хүн амын 20 хувийг вакцинжуулах тунг татан авна. Бэлтгэл ажил хангагдсан.

-Вакцин нь баталгаатай, аюулгүй эсэх, гаж нөлөө нь юу вэ гэх зэргээр иргэдийн дунд эргэлзээ, санаа зовнил бий болоод байна. Та энэ тухайд дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юү. Мөн вакцин хийлгэхгүй гэсэн иргэд нэлээд байх шиг байна. Энэ хүмүүст хандаж юу хэлэх вэ?

-Вакциныг сайн дурын үндсэн дээр хийнэ. Гэхдээ энэ вакциныг заавал хийлгэх хэрэгтэй гэж зөвлөмөөр байна. Учир нь вакцин хийлгэснээр таныг “Ковид-19”-өөр өвдөхөөс хамгаална. Вакцин хийлгэсний дараа халдвар авсан ч өвчин хүндрэхээс хамгаалах ач холбогдолтой. Мөн вакцин хийлгэснээр ойр дотны хүмүүсээ халдвар авахаас сэргийлж чадна.

Коронавирусийн вакцин аюулгүй юу гэдэгт, вакцины судалгааг олон улсад олон төвт эрдэм шинжилгээ судалгааны төвүүд хийж байгаа бөгөөд аюулгүй байдлын олон стандарт шаардлагыг хангасан вакциныг л хүнд хийхийг зөвшөөрдөг. Иймд Монгол Улсад орж ирж байгаа коранавирусийн эсрэг вакцинууд бүгд баталгаажсан, ДЭМБ-ын стандарт шаардлагуудыг хангасан. Бид зөвхөн ДЭМБ-аас эмнэл зүйн туршилт судалгаагаар аюулгүй болох нь батлагдан, зөвшөөрөл олгогдсон вакцин л хэрэглэнэ. Одоогоор хүн амд хэрэглэхээр баталгаажсан вакцинууд нь амьд вирус агуулаагүй тул вакцин хийлгэснээр халдвар авахгүй. Вакцин хийлгээд дархлаа тогтож амжаагүй байхад халдвар авч болох уу гэж хүмүүс асуугаад байгаа. Вакцин хийлгэснээс хойш дархлаа 14 хоногийн дараагаас үүсч тогтоно гэж үзэж байгаа. Тиймээс вакцин хийлгэхийн өмнөхөн, эсвэл дөнгөж хийлгэсний дараа дархлаа тогтох хүртэлх хугацаанд вирусийн халдвар авах боломжтой. Иймд ард иргэд маань вакцины эхний тунг тариулснаас хойш ч гэсэн дархлаа бүрэн тогтох хугацаа хүртэл халдвар, хамгааллын дэглэмээ чанд сахин өөрийгөө болон ойр дотны хүмүүсээ хамгаалж байх нь чухал юм.

-Хэрэв Халдвар аваад эдгэрсэн бол заавал вакцин хийлгэх ёстой юу?

-Тийм. Халдвар аваад эдгэрсэн хүн дахиад халдварлах магадлалтай тул вакцин хийлгэх нь зөв. Халдвар аваад эдгэрсний дараахь дархлаа хэр удаан хугацаанд хамгаалдаг тухай одоогоор мэдээлэл байхгүй, судлагдаагүй байна. Мөн хүүхдэд “Ковид-19”-ийн эсрэг вакциныг хийх үү гэх мэт түгээмэл асуулт олон нийтийн дунд байна. Хүүхдүүд вакцин хийлгэхгүй. ДЭМБ-аас баталгаажсан “Ковид-19”-ийн эсрэг вакцин нь зөвхөн насанд хүрсэн хүнд туршигдсан тул насанд хүрээгүй иргэдэд вакцин хийгдэхгүй. Одоогоор хүүхдэд вакциныг хэрхэн хийх талаар эмнэл зүйн туршилт судалгаанууд хийгдэж эхэлж байна.

Мөн вакцин хийлгэж дархлаа тогтоосноос халдвар аваад дархлаа тогтоосон нь илүү сайн биш үү гэсэн яриа байна. Халдвар аваад эдгэрсний дараа хүний биед тодорхой хэмжээний эсрэг бие үүсэх бөгөөд энэ дархлаа хэр удаан хугацаанд тогтвортой хамгаалах нь тодорхой биш байна. Харин вакцинаар үүсэх дархлаа нь илүү найдвартай, аюулгүй. Мөн халдвар аваад хүмүүс хүндээр өвдөх, өвчин тусаад эдгэрсний дараа зарим шинж тэмдэг удаан хугацаанд үргэлжилдэг зэрэг хор уршигтай.

Мөн вакцин хийлгэсний дараа хэсэг газрын урвалууд болох гар хөндүүрлэх, толгой өвдөх, халуурах, бие тавгүйрхэх шинжүүд илэрч болно. Эдгээр нь 1-2 өдөрт өөрөө аяндаа зүгээр болно. Ийм шинжүүд илрэх нь та өвчний халдварыг авсан гэсэн үг биш. Харин эдгээр шинж тэмдэг нь таны биед халдвараас сэргийлэх дархлаа бий болж байгааг илтгэнэ. Хэрэв танд эдгээр шинж тэмдэг арилахгүй олон хоног үргэлжилбэл эмчид хандах хэрэгтэй гэх мэт зөвлөмжүүд байгаа. Мөн шинэ вакцин учраас одоогоор урт хугацаанд илрэх гаж нөлөөний талаар бүртгэгдсэн мэдээлэл алга байна. Маш ховор тохиолдолд урвал хүндрэл үүсэхийг үгүйсгэхгүй.

-“Ковид-19”-ийн халдвар аваад эдгэрсний дараахь дархлаа болон вакцин хийлгэсний дараа үүсэх дархлаа хоёрын аль нь илүү удаан хугацаанд хамгаалах вэ?

-Өвчин бүрийн хувьд ялгаатай байдаг бөгөөд мөн хүн бүрийн хувьд харилцан адилгүй. Тиймээс коронавирус нь шинэ төрлийн вирус тул байгалийн дархлаа хэр удаан үргэлжлэх нь одоогоор тодорхойгүй байна. Сүүлийн үеийн судалгаагаар халдвар аваад эдгэрсэн хүн 90 хоногийн хугацаанд дахин халдвар авах магадлал маш бага байна гэж үзэж байна.

Вакцин хийлгэсний дараа хэр удаан халдвараас хамгаалах вэ гэдэг одоогоор бас хэлэх боломжгүй байна.

-Мөн иргэд хамгийн их асууж байгаа зүйл нь вакцин хийлгэснээр таны ДНХ буюу генд ямар нэг өөрчлөлт орох уу хэмээж байгаа?

-мРНХ (mRNA) нь уургийн жижигхэн хэсгийг хэрхэн үйлдвэрлэх вэ гэдгийг заагч юм. Тиймээс мРНХ нь хүний генийн материал болох ДНХ-г өөрчлөх боломжгүй юм. “Ковид-19”-ийн вакцинд байгаа мРНХ нь хүний генийн материал болох ДНХ байрладаг эсийн нуклеотидад нэвтэрч ордоггүй. Иймээс мРНХ нь ДНХ-г гэмтээх, нөлөөлөх боломжгүй юм.

-ХХБ харилцагчдаа вакцинд хамруулах талаар мэдэгдсэн. Хувийн аж ахуйн нэгжүүд төрийн байгууллагатай хэрхэн хамтарч ажиллаж байна вэ. Аж ахуйн нэгжүүдийн хувьд вакцин оруулж ирэх нь нээлттэй байна уу?

-Вакцин оруулж ирэх асуудлыг хаа хаанаа л хөөцөлдөж байна. Монгол Улсын Засгийн газраас гадна хувийн хэвшлүүд ч мөн вакцин оруулж ирэхээр хөөцөлдөж байгаа юм байна. Хувийн хэвшилийн ахуйн нэгж, эмнэлгүүд вакцин оруулж ирэх боломж нь нээлттэй. Коронавирусийн эсрэг вакциныг Эрүүл мэндийн яам бүртгэчихсэн. Нэгэнт манай улсад хэрэглэж болно гээд бүртгэсэн вакциныг эмийн компаниуд эм оруулж ирдэг шигээ л оруулж ирэх нь нээлттэй. Дэлхий даяар вакцины эрэлт хэрэгцээ их, вакцин үйлдвэрлэж байгаа үйлдвэрлэл маань ачаалал ихтэй байгаа учраас олдоц тааруу байгаа байх. Тийм учраас хувийн хэвшлүүд маань одоогоор хараахан оруулж ирээгүй байна. Монгол Улсын Засгийн газар аль болох вакциныг түрүүлж оруулж ирэхийн төлөө, иргэдээ сайн дурын дархлаажуулалтад хамруулахын төлөө ажиллаж байна. Төлөвлөгөө ёсоор хоёрдугаар сарын 23-наас вакцинжуулалт эхлэхээр бэлтгэл ажил эхэлж байна. Вакцин энэ долоо хоногийн сүүлээр ирнэ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, бусад олны танил хүмүүс вакцинжуулалтыг уриалж аюулгүй, эрсдэлгүй гэдгийг баталж хамгийн эхний тунг хийлгэхээр зарлаад байна.

-Монгол Улс хүн амаа коронавирусийн эсрэг вакцинд хамруулж, дархлаажуулсны дараа ямар үр дүнг Эрүүл мэндийн яам хүлээж байгаа вэ. Вакцин хийсний дараа бүрэн хамгаалагдчихсан гэсэн үг үү. Сургууль, цэцэрлэгүүд ажиллаж, хэвийн амьдралдаа орно гэж ойлгож болох уу?

-Засгийн газар “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө” боловсруулсан байгаа. Энэхүү цогц төлөвлөгөөний хүрээнд иргэдээ дархлаажуулах ажил орж байна. Вакцинжуулалт дуусаад эдийн засгаа сэргээх үүднээс бүх аж ахуйн нэгжүүдийнхээ үйл ажиллагааг нээж, хэвийн үйл ажиллагаанд нь оруулж, эдийн засгаа хөгжүүлнэ гэсэн хүлээлттэй байгаа. Гэхдээ хоёрдугаар сарын 23-нд вакцин хийлгээд шууд дархлаа үүснэ гэж ойлгож болохгүй. Энэ вакциныг хоёр удаагийн тунгаар хийнэ. Эхний тунг хийсний дараа ойролцоогоор 21-28 хоногийн дараа давтан тунг хийнэ. Давтан тунг хийсний дараа дунджаар 14 хоногийн дараа тогтвортой байнгын дархлаа үүсэх ёстой. Тэгэхээр ойролцоогоор 4-5 долоо хоногийн дараа тархлаа үүсэх учраас ард иргэд маань вакцин тариулаад бүх юм нээгдэнэ гэж шууд ойлгож болохгүй. Энэ хугацаанд халдвар хамгаалал, ариун цэврийн сахилга дэглэмээ үргэлжлүүлэх ёстой. Үндсэндээ хаваржингаа, зунжингаа өнөөдрийн энэ ариун цэврийн сахилга дэглэм үргэлжлэх юм. Тэрний дараа үр дүн ирнэ гэж итгэж байна.

-Вакцин худалдан авах хөрөнгө санхүүгийн байдалд мөн мэдээлэл өгөхгүй юү. Вакцин авах ажилд Монгол Улс санхүүжилтээ оройтуулж хийснээс болоод ДЭМБ-ын COVAX вакцинаас өөр вакцин олдсонгүй гэх шүүмжлэл гарч байна. Энэ талаар тайлбар өгөөч?

-Дэлхий дахинд COVAX гэдэг хөтөлбөр явж байна. Энэ хөтөлбөрийн гол бодлого нь, өндөр хөгжилтэй орнууд нь вакцинаа өөрсдөө худалдаад ав. Харин санхүүгийн бэрхшээлтэй байгаа улсуудыг энэ хөтөлбөрийн хүрээнд үнэгүй вакцинаар хангаж байна. COVAX хөтөлбөр нь үнэ төлбөргүй вакцинжуулах хөтөлбөр юм. ДЭМБ-ын шалгуурыг манай улс хангасан учраас нийт хүн амын 20 хувийг вакцинжуулах үнэ төлбөргүй вакцин орж ирнэ. Дараагийн ээлжинд орж ирэх вакцины төсөв хөрөнгийг Сангийн яамнаас авах нь зүйтэй байх. Вакцин худалдаж авах ажлын хэсгийг Шадар сайдаар ахлуулсан баг ажиллаж байгаа учраас тухайн хариуцсан хүмүүс нь илүү тодорхой мэдээлэл өгөх байх.

– Эрүүл мэндийн салбарт цаашдаа ямар бодлого баримталж ажиллах вэ. Сайд болгон өөрийн өөрийн өнгө аяс, арга барилаар ажилладаг. Таны хувьд энэ салбарт засч сайжруулах зүйлүүд юу байна, ямар бодлого баримталж ажиллах вэ?

-Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, төрөөс Эрүүл мэндийн талаар баримтлах бодлогын хүрээнд хэд хэдэн ажил хийнэ. Эрүүл мэндийн байгууллагуудад гүйцэтгэлд суурилсан санхүүжилтийг нэвтрүүлэхээр ажиллаж байна. Энэ нь үндсэндээ гуравдугаар сарын 1-нээс эхлээд хэрэгжиж эхэлнэ. Хуучин Эрүүл мэндийн байгууллагууд улсын төсвөөс санхүүжилт аваад дараа нь эрүүл мэндийн даатгалаас бас санхүүжилт авч үйл ажиллагаандаа зарцуулдаг байсан. Одоо энэ тогтолцоо өөрчлөгдөж, эрүүл мэндийн даатгалын санд бүгдийг нь төвлөрүүлээд улсын төсөв гэж батлахгүйгээр, нэг худалдан авалтын тогтолцоонд шилжиж байна. Зөвхөн эрүүл мэндийн даатгалаас гүйцэтгэлээр нь санхүүжилтийг Эрүүл мэндийн байгууллагуудад олгодог болно. Үүнийгээ Нэг худалдан авалтын тогтолцоо буюу “Гүйцэтгэлд суурилсан санхүүжилтийн тогтолцоо” гэж нэрлээд байна. Энэ ажлыг нэвтрүүлнэ. Одоо хууль нь батлагдсан, гуравдугаар сарын 1-нээс бүх эрүүл мэндийн байгууллага энэ тогтолцоогоор явах гэж байна. Мөн цаашлаад Эрсдэлийн сан байгуулах, мөн Олон улсын эмнэл зүйн цахим санг нэвтрүүлэх гээд олон ажил бий. Нэг чухал ажил бол Эрүүл мэндийн салбар бүрэн цахим болно. Үүний тулд эхлээд Эрүүл мэндийн үндэсний төвийг байгуулахаар ажиллаж байна. Монгол Улсын аль ч сум, аймаг алслагдсан бүсэд байгаа эмнэлгүүд бүгд нэгдсэн мэдээллийн санд холбогдоно. Сарын өмнө нэг иргэн шинжилгээ өгөөд дараагийн өөр шатны эмнэлэгт очиход цахимаар тэр өвчний бүх түүхийг тухайн эмч мэддэг, ийм л болно. Мөн эмнэл зүйн хувьд сэргийлж болох нас баралтыг бууруулах зорилгоор халдварт болон халдарт бус эмнэлгийн үндэсний төвүүдийг өргөжүүлнэ. Хавдар судлалын үндэсний төв 2, ХӨСҮТ -2, Зүрх судасны төв, Түлэнхийн төвүүдийн хоёр дахь төвүүдийг нээж ажиллагаанд оруулна. Мөн эрүүл мэндийн салбарт оруулах хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, тоног төхөөрөмжийг чадавхжуулахад анхаарч ажиллана. Жишээлбэл, энэ хүрээнд 2021 онд 16 аймгийн нэгдсэн эмнэлэг, бүсийн оношилгоо эмчилгээний төвүүдийн хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэртэй болгоно. Хүн амын суурьшил ихтэй аймгуудын эмнэлгүүдийг томографи зэрэг тоног төхөөрөмж, аппаратаар хангана гэх мэт олон ажил хийгдэнэ.

-Эмнэлгүүдийг цахим болгоход тоног төхөөрөмж хангалттай юу. Бэлтгэл ажил хэр хангагдсан бэ?

-Бүх эмнэлгүүдийг компьютерээр бүрэн хангана. Бүрэн цахим системд нэвтрэхийн тулд ойролцоогоор нэмж 3000 орчим компьютер нийлүүлж, бүх эмнэлгүүд нэгдсэн сүлжээнд холбогдох юм. Үзлэг авах цаг авахдаа хүртэл цахимаар авна. Нэг эмнэлэгт үзүүлсэн цээжний зураг, рентген зураг, нөгөө эмнэлэгт очиход хүчин төгөлдөр байж, дахиж нэмж хийлгэхгүй юм. Эрүүл мэндийн байгууллагаас иргэдэд ирэх ачаалал, хүнд суртал буурна гэж ойлгох хэрэгтэй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *