Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, хэл бичгийн шинжлэх ухааны доктор С.Дуламтай ярилцлаа.
-Та гадагшаа яваад ирсэн гэв үү. Монголчууд хол яваад ирсэн хүнээс үг сонсдог. Явсан газрын сонин сайхан юу байв?
-Герман улсын Боннын их сургуульд гурван сарын хугацаатай, хамтарсан ном бичих, лекц унших, тэдний магистр, докторантуудад нь зөвлөгөө өгөх ажлаар яваад ирлээ. Монгол судлалын эртнээс уламжлалтай том төв нь Боннын их сургууль. Боннын их сургуульд би таван удаа очиж байна л даа.
-Ингэхэд Монгол судлаачдын хүрээ хумигдсан уу, аль эсвэл өргөжсөн гэж боддог уу?
-Өргөжиж байгаа гэж бодож байна. Судалгааны сэдэв хүрээ нь хуучнаас өргөжиж, олон шинэ эрдэмтэд гарч ирсэн. Өөртөө хамаатай ганц нэг хүнийг нэрлэе. Африкийн монгол судлаач гэж дуулсан уу?
-Монгол судлаачид дунд Африк хүн харагдсан шүү?
-Африкийн монгол судлаач Габи Бамана одоогийн Антоон Мостаэрт монгол судлалын төвийн гүйцэтгэх захирлын ажлаа өгөөд, надад монгол ёсоор хадаг барьж, Монголын соёлыг судалъя гэсэн юм. “Ямар сэдвээр судалбал дээр вэ” гэхээр нь би “Монголчуудын цайны соёл сонин юм байна, чи судал” гэсэн. Тэр хүн арав гаруй жил хөдөөгүүр явж, хээрийн шинжилгээ хийж, “Цайны зам” гэдэг ном англи хэлээр гаргасан. Дараа нь түүгээрээ Английн Уэльсийн их сургуульд докторын зэрэг хамгаалсан юм.
-Бид Японы цайны ёслолын тухай шагшаад байдаг, гэтэл монголчууд ч цайны соёлтой ард түмэн байх нь ээ?
-Түүнээс хамаагүй дэлгэрэнгүй, сонин, байгальтайгаа холбоотой, асар их соёл бий. Доктор хамгаалаад зогсоогүй. Сая намайг Боннын их сургуульд байхад Баманагаас шуудан ирлээ. Эхний хуудсан дээр нь “Бага бол ихийн эх, багш бол шавийн эх. Ду багш тандаа өргөн барив гэсэн Габи Баманагийн маань анхны ном, шинжлэх ухааны нэг сэдэвт зохиолынхоо анхны хувийг нь багшдаа явуулсан юм байна. Монголын цайны соёл судалдаг ийм нэг африк монголч эрдэмтэн бий.
-Цайны соёл гэснээс та унд цайтай холбоотой сонин сайхнаас хэлж болох уу?
-Бүгд мэддэг зүйл шүү дээ. Монгол айлын гэргий өглөө босоод цайгаа чанадаг. Цай чанана гэдэг ямар мундаг соёл гэж бодно. 1984 онд байх аа би Увс аймгийн Наранбулаг суманд явж байгаад Шархүү гэж айлд ороод гайхалтай сайхан цай уусан. “Яахаараа, ийм сайхан цай болдог байна аа” гэсэн чинь гэрийн эзэгтэй надад “32 сууж 32 босохоор ийм цай болдог юм аа” гэж хэлсэн.
-Сууж босно гэдэг нь юу гэсэн үг вэ?
-Галынхаа захад нэг суугаад, босч цайгаа нэг самрах гэх мэт тэр нь тоотой юмсанж. Манай Гэсэрийн туужид байдаг шүү дээ. Цай буцлахыг Бурман далай буцалж байна гэж бодоорой. Ус нь эх гэж бодоорой, сүү нь эцэг гэж бодоорой гээд цайны үйлдэл бүр бэлгэдэлтэй байдаг. Рогмо гуа хатан цайгаа чанах тухай л юм шүү дээ. Цайгаа чанахаас авахуулаад дүүрэн соёл. Цай аягалахдаа эхлээд гэрийн эзэнд дараа нь бусад зочдод насны эрэмбээр барина. Цайгаа аягалахдаа аяган дахь цай чинь нар зөв эргэж байгаа бол хүнд өгнө. Нар буруу эргэж байгаа бол дахин аягална гэх мэт олон юм байна л даа. Цайныхаа дээжийг хангай дэлхийдээ өргөх, цай, давсны уут, цайны сав… домбо, домбоны гурван бүслүүрээс авахуулаад дүүрэн юм бий. Тэр африк хүн хөдөө орон нутгаар арав гаруй жил яваад, настайчуудаас энэ тухай мэдээлэл цуглуулж судалсан юм. Ийм сайхан ном гаргасан байна, шавь маань.
Би бас Инес Штолпе гэж эмэгтэй профессорынхоо тухай хэдэн үг хэлчихье. Тэр хүнд хэдэн гайхалтай чанар байна. Монгол хэлээр монголчуудаас илүү ярьж байна шүү. Мэйлээр харьцдаг. Мань хүн завгүй гэж жигтэйхэн, гүйхээрээ явдаг. Нэг удаа атачментаа мартаад мэйл явуулчихсан юм. Би багш руу утасдаад та атачментаар явуулах юмаа мартчихсан шиг байх юм гэсэн чинь “За, харин тийм ээ, миний энэ толгой шүүр шанага шиг болчихоод байгаа юм” гэж байгаа юм. Энэ хүн Монголд ирэхээрээ зочид буудал, оюутны байранд суудаггүй. Баянхошууны захын хорооллын өнчин ядуу айлд очиж суудаг. Тэдэнтэй цуг амьдардаг. Амьдралд нь тусалдаг. Тийм 200 хүүхэд энэ хүн тэжээдэг, жижиг сургууль байгуулсан шиг байгаа юм. 20 жил ийм ажил хийж байна.
-Цагаан сар дөхлөө. Таны бага насны үеийн цагаан сар одоогийнхоос их өөр байсан болов уу. Таны бага нас гэхээр Баянхонгорын малчин айлын цагаан сарын тухай дурсамж ярих байх?
-Миний энэ насны хамгийн гэгээн дурсамжуудын нэг хэсэг нь хөдөө малчны цагаан сар юм даа. Багадаа шалтгаангүйгээр их баяртай явдаг байж дээ. Цагаан сар гээд хэлэнгүүт бөөн баяр төрөөд, тэр сайхан баярыг хурдан болоосой гэсэн хүсэл мөрөөдлөөр дүүрэн угтдаг. Тэр үед сайхан монгол ёсоороо хийдэг байсан даа. 1952 оны нэгдүгээр сарын 26-ны битүүнд маршал Х.Чойбалсан нас барсантай холбоотой хориглоод 1960-аад он хүртэл жаахан хориотой байсан шүү дээ. Жараад онд би бага сургуулийн сурагч байсан. Тэр үеэс дахиад эргэж сэргэхдээ жаахан өөрчлөгдсөн л дөө. Гол утга бэлгэдэл нь өөрчлөгдөөгүй. Хамгийн гол нь ураг удмын хүмүүс нэг дор цугладаг. Ахас ихсээ хүндэлдэг, нялхас дүү нараа асардаг. Хүмүүнлэг чанар нь хоногшиж үлдсэн байх юм. Ямар сайхан зантай хүмүүс байдаг юм гэж бодмоор хэд хоног өнгөрдөг байсан даа.
-Одоогийн хүмүүс цагаан сарыг нүсэр их ажил гэж хүлээж авдаг болж дээ. Хуучин хөдөө нутагт ул боов хийх, бууз чимхэх, ууцаа чанах гээд их л ажилтай байсан. Тэр их бэлтгэл ажил нь хөдөөгийн хүүхдүүдэд цагаан сар дөхөж байгааг илүү их мэдрүүлдэг байсан санагддаг?
-Баяр баясгалан байсан. Цагаан сар дөхөхөөр муу үгийг цээрлэж, дандаа ерөөл хэлдэг. Багадаа шинэ дээлээ өмсөх гэж яараад товч шилбэ хадахыг нь хүлээнэ. Тэр их ажлаа тээршаадаггүй, хүн бүр баясгалантай. Бууз, банш, боов хийх чинь нэг их баяртай. Хот айлаараа цуглаад, шаагиж шуугилдаад инээж хөгжилдөөд бэмбий нухахдаа “Хэн нь сайн нухаж байна” гээд өрсөлдөөд, хүүхдүүдийг чихэр боовоор шагнадаг. Хөгжилтэй яриа үүсэдэг л байсан.
-Та домог судалдаг хүн. Багадаа цагаан сартай холбоотой сонин хууч яриа сонсч байв уу?
-Байсан л даа. Цагаан сарын үүслийн тухай тэр домгийг би сүүлд бүрэн эх хувилбарыг нь олсон. Нэг ногоон дээлтэй бүсгүй байж гэнэ. (Үлгэрийн бүсгүйчүүд дандаа ногоон дээлтэй байдаг) Ногоон дээлтэй бүсгүй, сайхан сэтгэлтэй, саальчин бүсгүй байжээ. Тэр айлын орчим агуйд суудаг лам хүн байв. Агуйд сууж бясалгал хийн, түүндээ төвлөрсөөр байгаад турж эцэн, бараг л амьсгал хураахын наана тулаад ирэхэд нь олон хүн очоод “Сэхэх найдваргүй болсон” гэж ярихыг өнөө бүсгүй сонсчээ. Бүсгүй үнээнийхээ сүүгээр сайхан тараг бүрээд, мөнөөх лам дээр очиж, хатаж хорчийсон биеийг нь сайхан шинэ таргаар бүрхэж гэнэ. Тэгсэн чинь лам амь орж, өглөө нь лам, бүсгүй хоёр золгожээ. Бүсгүй нь Лхам бурхны хувилгаан байсан гэж ярьдаг байсан даа. Энэ домгийг цагаан сарын бэлгэдэл номондоо оруулсан. Бүрэн эх нь тэнд бий. Багадаа товч сонссон. Сүүлд шавиараа дамжуулж, нэлээд дэлгэрэнгүй хувилбарыг нь бичиж авч, номондоо оруулсан юм. Сурвалжлаад яваад байхаар учир нь олддог юм л даа.
-Биднийг багад өвөөгийн хийдэг байсан ул боов их л амттай болдог байсан. Цагаан сарын дараа сүүтэй цайнд хийгээд идэхэд хачин амттай санагддаг байж. Одоогийн үйлдвэрлэж байгаа ул боов дээр үед гараараа хийдэг байсныг гүйцдэггүй юм шиг?
-Технологи нь өөр байна. Өндөр гэгээн Занабазар л бараг энэ хэвийг гаргасан хүн шүү дээ. Өндөр гэгээний сийлсэн хэв нь Гандангийн гал тогоонд байдаг гэж сонссон. Тэр чинь уламжлалтай эд. Ууц ч ялгаагүй. Өндөр гэгээнийг таалал болохын урд шавь нар нь “Таны хөргийг бид яасхийж зурвал таарах вэ” гэхэд гэгээнтэн айлдахдаа “Монголын амны хишиг буян заяаг бэлгэдсэн хөрөг зурах хэрэгтэй дээ. Та нар намайг ууц таллаж байгаагаар зурвал дээр дээ” гэжээ. Өндөр гэгээний ууц таллаж байгаа, дал дөрвөн өндөр, хонтой шаант дороос нь цухуйчихсан зураг байдаг. Би сая Гумболдийн их сургуульд лекц уншихдаа тэрийг хэлж л байлаа. Түвд, Монголын шашин ялгаагүй шахуу гэж зарим нь ярьдаг. Үнэн хэрэгтээ ууц таллаж байдаг бурхан Түвдэд байдаг юм уу гэсэн. Өндөр гэгээний энэ хөрөг Монголын Буддизмын үнэхээр сонирхолтой бүтээл.
Гэхдээ энэ ууц тавих зүйлээ ямар их андуурч байгаагаа манайхан мэддэг болоосой. Их бүхэл, дунд бүхэл хоёрт л багтдаг зүйл шүү дээ. Төрийн ихэс дээдсийн идээ шүүсний нэг нь их бүхэл гээд ууц, таван түрүү махтайгаа, толгой шийртэйгээ бүрэн бүтэн байх учиртай. Дунд бүхэл гэдэг нь дал, ная шахсан настанууд тавьдаг, одоогийн тавьж байгаа ууц юм. Залуу гэр бүл дал дөрвөн өндөр, хонтой шаант, гургалдайтайгаа ( зарим газар үүн дээр хонины толгой, уураг сүүлтэй тавьдаг ёс бий) тавьчихаар нэг бүхэл мах болдог. Өөрөөр хэлбэл дал дөрвөн өндөр цээж махаа бүрэн төлөөлнө. Хонтой шаант гэдэг нь бөгс махаа төлөөлнө. Гургалдай дотор махаа төлөөлнө. Тэгээд л нэг бүдүүн хонь гэсэн үг. Ийм товчлол, бэлгэдлийнхээ хураангуйг мэдэхгүй учраас өөрсдийгөө зовоочихоод сүүлд нь цагаан сараа муулдаг будилуу улс байхгүй юу, бид.
-Хонины махны хэсэг бүр эзэнтэй гэсэн үү. Өвчүү бол гэрийн эзэгтэйн хувь гэж та хэлсэн байна лээ?
-Өвчүү бол ахмад насны эмэгтэй хүний зоог шүү дээ. Жишээ нь дал дөрвөн өндөр авга нагац, ахмад настны идээ. Ууц бол ахмад настны идээ. Богтос чөмөг боолын хоол гээд дорд хүндээ өгдөг. Хүүхдэд бол далны мөгөөрс авч өгдөг. Асуух нуруу гэхэд есөн янзын бэлгэдэлтэй, есөн янзын шинжтэй ганц яс. Хонины яс бүгд эзэнтэй, бэлгэдэлтэй, соёлтой.
-Цагаан сараар маш их мөнгө Эрээн рүү урсаж гардаг гэдэг. Хэнд ч хэрэггүй оймс, шампунь, эрээн мяраан зүйлст монголчууд багагүй хөрөнгө урсгадаг болжээ. Зүй нь ямар байх ёстой вэ?
-МУИС-ийн профессор Г.Нандинбилэг яг энэ асуудлыг судалсан. Хувь, бэлэг гэж хоёр ондоо зүйл байсан гэнэ. Нууц товчооноос эхлээд үзсэн чинь тэнд бэлэг гэдэг үг байхгүй, хувь гэдэг үг нь байжээ. Хувь гэдэг нь тэр профессорын судалснаар бол өөрийнхөө төрсөн үр хүүхэд, ахан дүүс хоорондоо өмч хөрөнгөөсөө өгдөг зүйл нь хувь. Түүнээс гадуурх хүмүүст өгдөг юм нь бэлэг. Ихэвчлэн харь гаралтай эд барааны зүйл өгдөг нь бэлэг. Өмчнөөсөө өгдөг зүйл нь хувь юм билээ. Хуучин цагт халуун ам бүлийн хүмүүстээ хувь өгдөг. Монголчуудын философи байжээ. Хүн хүний идэх хоол нь өмнөө. Мал малын идэх өвс нь өмнөө гэж. Амьд төрөлтөн идэх, эдлэх хувьтайгаа төрдөг. Намайг багад “Хүүхдийн хувийг өгөөрэй” гэж байснаас биш “Бэлэг өгөөрэй” гэж байгаагүй.
-Хүүхдэдээ юу өгвөл зохистой вэ?
-Гэр бүл дотроо амладаг зүйлс нь голдуу халзан цагаан хонь шүү дээ. Голдуу цагаан өнгийн гурван тоотой юм өгдөг байсан. Хүнийхээ хөрөнгө чинээгээр болно. Хуучнаар ёотон гэж байсан гурван ширхэг товхгор цагаан юм өгчихөд л янзын бэлэг болно. Тэр хүмүүсийн сэтгэлгээгээр нэг том хар жийп хүүдээ өгвөл мөн ч муухай юм болж байгаа хэрэг. Өнгө нь хар, тоо нь ганц.Тун бэлгэдэлгүй юм болно шүү. Ийм бэлгэдлийн шалгуураар хэр хэмжээндээ тааруулаад хувь өгнө. Тэрийг их, бага гэдэг хүн байгаагүй.
Их бага гэдэг ойлголт тооны болон өнгийн бэлгэдлээ мартсантай холбоотой. Манайхан өөрсдөдөө зовлон бэрхшээл хураахдаа мундаг улсууд шүү дээ. Айл болгон ууц тавина гэдэг XIX зууны сүүлээр их хүрээний баячуудын цээж өвчнөөс үүдэлтэй зүйл л дээ.
-Цагаан сарын идээ болгоныг тайлбарлавал маш олон юм ярих хэрэгтэй болно. Та цагаан сарын ширээн дээр мартаж болохгүй зүйлийг хэлж өгөөч?
-Цагаалга байхгүй бол ерөөсөө болохгүй. Цагаалгагүй цагаан сар гэж үгүй. Цагаалгын хамгийн гол зүйл аарц. Аарц яагаад чухал гэхээр олон жижиг мөхлөгтэй цагаан идээ. Олон жижиг мөхлөг нь өсч үржихийг бэлгэддэг. Үүнийгээ өсч үржихийн бэлгэдэлтэй тариа, будаагаар хачирлаад, чихэр бурмаар амтлаад, цагаалга болчихно. Энэ байхад хамгийн наад зах нь цагаан сар хийнэ шүү дээ. Цагаалга байхгүй бол мянган ууц хэрэггүй. Ууц гэдэг маань цагаалгын бус битүүлгийн идээ. Битүүлэг гэдэг нь битүү шүүс идээний нэр шүү дээ. Чанасан улаан идээний зүйлийг хэлдэг. Өнөөдөр бид цагаалгаа ярихгүй, битүүлгээ яриад сандраад байна. Цагаалга гэдэг юмыг аливаа их ёс, хуримд дутааж болдоггүй зүйл. Үржүүлж, олшруулахын бэлгэдэл, цагаан өнгөөрөө чухал идээнд тооцогддог. Орсон хүнд цагаалга амсуулаад байгаа хүнд “Ийм шинэ жил байдаг юм уу” гэх толгой байх ёсгүй. Тэгээд гурван үе идээ тавьчихсан байхад яг ёс нь гүйцэж байгаа нь тэр. Жаргал, зовлон жаргал гэсэн философи нь явж байна.
-Залуу хүмүүс гурван үе идээ засчихад болох юм байна?
-Залуу байтугай хүн тавьж болно. Жаргал зовлон, жаргал гэдгээ авч явбал болчихно. Дунд нь байгаа зовлон хавчигдаад алга болно.
-Тан шиг ёс заншил бэлгэдэл судалдаг хүн дээр очиж золгож байгаа хүн ёс алдах вий гэж эмээдэг байх даа?
-Миний шавь нар, ах дүү нар голдуу ирдэг. Айсан хүн үзээгүй шүү. Жирийн л айл. Юунаасаа ялгарах вэ. Нас ахиж байгаа болохоор таван үе идээ тавьчихна. Тэгээд үлдсэн юм нь бусадтай яг адилхан. Өрөх дэглэхдээ л ёсных нь дагуу өрнө. Жирийн айлаас ялгаагүй. Тараадаг бэлэг дотор ном их орно.
Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН