Categories
мэдээ цаг-үе

С.Дулам: Монголын соёлын чанд дохио, кодыг бид үр хойчдоо, хүн төрөлхтөнд түгээх цаг нь иржээ

Монгол Улсын Ардын багш, шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, хэл бичгийн шинжлэх ухааны доктор, профессор Сэндэнжавын Дуламтай ярилцлаа.

-Ардаараа овоглодог, Ардын багш гэх энэ эрхэм хүндтэй цол хүртсэнд тань баяр хүргэе. Энэ цолыг авна гэсэн хүлээлт танд байв уу?

-Миний хувьд нэг их хүлээгээд байсан зүйл байхгүй. Харин миний өмнөөс хүмүүст их хүлээлт байж ээ гэсэн бодол төрсөн. Би нүүр номтой болоод нэг их удаагүй байна л даа. Нэг мэдсэн чинь л 5000 найзтай, мянга гаруй дагагчтай болчихсон. Тэд намайг Ардын багш болсны дараа баяр хүргэж, санал сэтгэгдлээ бичиж байна. “Нүдээ олсон, эзнээ олсон шагнал байлаа” гэсэн байгаа юм. Тэгэхээр олон түмний дунд хүлээлт байж ээ гэж бодсон.

-Та нүүр номдоо Цагаан сарын ёс заншил, өв уламжлалын тухай өргөн цар хүрээтэй мэдээлэл оруулж байгаа юм билээ. Хүмүүс маш их сонирхож, танаас асууж, лавлаж, талархан хүлээж авч байгаа харагдсан?

-Шинэ он гараад л Монголд Цагаан сарын уур амьсгал орчихдог шүү дээ. “Цагаан сарын бэлгэдэл” гэдэг номоо би 1992 онд гаргасан байгаа. Цагаан сарыг түүхэн талаас нь, ёс заншил бэлгэдэл талаас нь бичсэн байдаг. Тэр номоо сүүлийн хэдэн жилийн хугацаанд нэлээн баяжуулж, тэлснээ нүүр номын найзуудтайгаа хуваалцаж байна. Үүнээс хүмүүс өөрт хэрэгтэй зүйлээ мэдээд аваг, нэг мөр бодол санаатай болцгоог гэж бодсон юм. Болж өгвөл цагаан сарын шинийн нэгнээс өмнө багтаагаад оруулаад дуусгах санаатай байна.

-Нэмж баяжуулсан байдлаар нь дахин хэвлээд гаргавал хүмүүст их хэрэгтэй л юм байна даа?

-Хэвлүүлэх санаа их байна. Гэхдээ мөнгө цаасны зардлаас эхлээд асуудал бий. Манай МУИС-ийн профессорын баг миний урьд нь хэвлүүлсэн “Цагаан сарын бэлгэдэл” номыг англиар орчуулаад, монгол соёлын тайлбар толь болгоод гаргачихсан байна лээ. Орчин үеийн залуус хийгээд, гадаад хүмүүст нэлээн хэрэгтэй бүтээл болжээ гэж харсан.

-Та МУИСургууль гэдэг их айлд дөч гаруй жил багшилж, Монголын мянга мянган оюутныг оюунтан болгон гаргахад үнэтэй хувь нэмрээ оруулж ирсэн хүн. Тэр үеэ эргэн дурсахгүй юу?

-Би өөрөө уранзохиолын багш хүн болохоор уранзохиолын дугуйлангаар дамжуулж оюутнуудтай холбогддог байлаа. Тэр үед залуусын хамгийн их сонирхдог зүйл бол уранзохиол, яруу найраг. Манай МУИС-ийн уран зохиолын дугуйлангаас уранзохиолын таван үе гарч ирсэн гэж нүүр номд манай нэг шавь бичсэн байна лээ. Энэ ч үнэхээр үнэн. Өнөөдөр Монголын нийгмийг өнгөлж байгаа, гялайж, гялтайж байгаа хүмүүс чинь бүгд манай дугуйлангийн хүүхдүүд байна шүү дээ. Өгүүллэгийн нэрт мастер П.Баярсайхан, Далхаагийн Норов, Дамбын Төрбат, Б.Цэнддоо, яруу найрагч Бя. Энхтуяа гээд л олон хүнийг нэрлэж болно. Миний бодлоор жинхэнэ чөлөөт сэтгэлгээ хөгжих гал голомт тэнд байсан. Манай Га багш түүгээрээ их буруудсан. Төв хорооны тогтоолд нэр ус нь дурдагдаад л, уран зохиол чөлөөтэй байх ёстой гэж номлол их сургууль дээр үүссэн. Үүнээс болж марксизм, ленинзмээс гажсан, хөрөнгөтний гэмээр хэсэг бүлэг хүмүүс гарч ирж байна гэсэн утгатай Төв Хорооны тогтоол гарч байлаа. Энэ тухай Монголын түүхийн таван ботид хүртэл бичээтэй байдаг.

-Та ч мөн Ш.Гаадамба багшийн дугуйланд явж байсан. Тэр үеийн залуус уранзохиолд тэгтлээ их татагдаж, энэ дугуйланд идэвхтэй явдаг байсны нууц нь юунд байв аа?

-Би өөрөө уранзохиолын дугуйланд анх очсон өдрөө тод санадаг юм. Намар хичээл эхлээд нэг их удаагүй байсан болов уу. МУИС-ийн Төв байрны 119 тоот лекцийн танхимд уранзохиолын дугуйлан хичээллэх тухай зар сонсоод би хэдэн муу халтар шүлгээ өвөртөлчихөөд эв нь таарвал шүлгээ уншчихья гэж бодоод л яваад очлоо. Танхим дүүрэн хүүхэд байна. Ийм олон зохиолчтой байдаг юм бол “Би ч барахгүй юм байна” гэж бодоод л байж байлаа. Тэгж байтал нэг намхандуу халзан хүн ороод ирсэн. Хүн бүхэн Га багш, Га багш ирлээ гэлцээд л. Дугуйлангийн хичээл эхлээд л Га багш маань уранзохиолын тухай ярьж гарлаа. Нэлээн ярьснаа шүлгээ унших хүн байна уу гэсэн чинь Хэнтийгээс гаралтай Төмөртогоо гэдэг оюутан хоёр, гурван зузаан дэвтэр гаргаад ширээн дээр падхийтэл тавьж байна. Дүүрэн шүлэг. Би уншина аа л гэлээ. Түүний зориг зүрхийг би бахархаж байна гэж жигтэйхэн. Надаас ер нь тийм зориг гарахгүй нь ээ. Энэ зүрх чинь хагарах гэж байгаа юм шиг цохилоод, өвөртөлсөн цөөхөн юм аа гаргаж унших гэхээр зүрх хүрэхгүй. Тэгсэн нөгөөх чинь дуусдаггүй. Нэлээн хээгүй хувцасласан нөхөр, за бараг нус мус нь гоожсоннөхөр байсан санагдана. Хааяа нэг шударчихаад л уншаад байсан. Тэр мөн ч аварга санагдаж билээ. Тэгж л уранзохиолын дугуйланд хөл тавьж байлаа. Тэр үед утгазохиолын дугуйланг удирддаг хүмүүс чинь тавдугаар курсийн том ах нар. Зохиолч Д. Цэмбэл, Ломбын Нямаа гээд л мундагууд. Тэд нар дандаа л дэлхийн том яруу найрагчдын тухай, тухайн үеийн Оросын Евтушенко, Вознесенский нарын шүлэг яруу найргийг нь уншаад л, шүүмжлээд л лут юм аа. Яаж тэд нарын энд хүрдэг билээ гэж бодогдсон. Уранзохиолын сонирхол тэр цагийн оюутнуудад үнэхээр их байсан. Тэр дугуйлан чинь тардаггүй байлаа шүү дээ. Одоо манай дугуйланг миний гарын шавь Д.Нямдорж гээд маш онгод, мэдрэмжтэй, авьяастай хүү удирдаж байгаа.

-Та бол Бямбын Ринчен, Чой. Лувсанжав багш гээд Монголын оюун санааны оргил болсон нэрт эрдэмтдийн гараар орсон, тэдний хойч үе, залгамж болсон хүн шүү дээ. Багш нарынхаа тухай эргэн дурсаач?

-Тэгэлгүй яахав. Ахмад үеийн эрдэмтэн, мэргэн багш нар маань сэрүүн тунгалаг байсан цаг шүү дээ. Чой.Лувсанжав багштан, Б.Ринчен багштан маань байна. Тэр үеийн угсаатны зүйн мундагууд болох Нямбуу багш, Бадамхатан багш гээд олон хүмүүс бий. Тэдний судалгааны аргазүйгээс судалж, суралцсан. Сургуулиа төгсөөд Шинжлэх Ухааны Академийн Түүхийн хүрээлэнгийн Буддын судлалын секторт эрдэм шинжилгээний ажилтнаар очдог юм бил үү гэж бодож байлаа. Төвд судлал, Төвдийн утгазохиолоор явах бодолтой байсан юм. Намайг энэ замд оруулсан хүн бол Чой.Лувсанжав багш маань шүү дээ. Тэгээд л сургуульдаа багшаар үлдээд, судалгааны ажлаа үргэлжлүүлж хийх болсон. Тэр үед миний судалж байгаа зүйл нэг их айхтар үнэ цэнтэй зүйл байгаагүй. Монголын гэсэн юмыг нэг их дээш нь гаргах дургүй, монгол ёс заншлаас суралцах дургүй, хуучны хоцрогдсон зүйл гэж үздэг байлаа. Түүнийгээ оюутнуудад айхтар их сурталчилвал хуучин феодлын ёс сурталчиллаа, үндэсний үзэл гаргалаа гэж хэл аманд орж мэдэхээр үе шүү дээ. Тэр үед гэхдээ би ярьдаг юмаа ярьсаар л байсан. Гэхдээ одооныхоос арай аядуу байдлаар, хүмүүст илүү сонирхолтой хэлбэрээр ч юм уу, гарцаагүй ярих ёстой юм гэдэг үүднээс ярьж байлаа. Хамгийн гол нь би тэр үед өөрөө санаачлаад Монголын хязгаар нутгуудаар судалгаа, шинжилгээний ажлууд хийж явсан юм. Увс, Ховдын угсаатны бүлгүүд, тэдний дунд настайчуултай их уулзаж, янз бүрийн эх хэрэглэхүүн цуглуулсан. Нутгийн аялгууны үгсээс эхлээд л тэр бүхэн маань хожмын судалгааны ажилд их хэрэг болсон. Арай жаахан чөлөөтэй болоод ирэхээр Дорнод, Хөвсгөлөөр явсан даа.

-Та нэг ярилцлагадаа Италичууд итали хүүхдийг төлөвшүүлэхийн тулд Дантегийн “Тэнгэрлэг туульс”-ийг уншуулдаг гэж байсан. Монголчууд монгол хүүхдийг төлөвшүүлэхийн тулд юуг уншуулах ёстой вэ?

-“Монголын нууц товчоо”, “Гэсэр”, “Жангар”, “Эрийн сайн Хан Харангуй”-г уншуулах ёстой. Энэ зохиолуудыг хүүхэд уншаад, ойлгоход хүнд хэцүү гэж бодох хэрэггүй. Түүнийг хэрхэн яаж ойлгуулах нь уранзохиолын багшийн үүрэг. Үндэсний утгазохиолыг хүүхэд бүр багаасаа үзэж, судлах ёстой. Үүний ач холбогдлыг хэмжээд баршгүй юм.

-Та бол монгол хэл соёл, өв уламжлал, соёлын дархлааны талаар хамгийн их ярьж, жинтэй хувь нэмрээ оруулсан хүн. Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулга хэрэгжиж эхлээд багагүй хугацаа өнгөрч байна. Хэрэгжилт ямар түвшинд байгаа бол. Танд юу мэдрэгдэж байна?

-Хэрэгжилт ямар түвшинд байгааг нарийн сайн мэдэхгүй байна. Надад мэдрэгдэж байгаа нэг зүйл бол соёлын өв гэдэг бол давтагдашгүй үнэт зүйл, үүнийг хайрлаж, хамгаалах ёстой гэдгийг олон хүн мэддэг болжээ. Гадныханд алдаж болохгүй, өөрсдөө үүнийгээ хөгжүүлж, контент болгож, урлаг соёлын бүтээл болгох ёстой гэдгийг ойлгодог болсон. Тийм учраас соёлын аж үйлдвэр хөгжүүлэх тухай, хэд хэдэн томоохон хурал зөвлөгөөн болоод түрүүчээсээ хэрэгжээд явж байна.

-Та энэ ажилд манлайлан оролцож байгаа хүмүүсийн нэг?

-Чадлын хэрээр оролцож байна. Их сургуулиас тэтгэвэрт гарсны дараа СУИС-д ирсэн гол зорилгын нэг юм. Жишээлбэл, хадны зургийг судалж, монгол бэлгэдэл зүй, дүрсийн болоод дохио зангааны бэлгэдлийн кодуудаар тайлж, үүний үндсэн дээр эртний этно модерн бүжгэн жүжиг бүтээгээд байна. Хоёр ч бүжгэн жүжиг гаргаад, одоо гуравдахиа хийж байгаа. Энэ мэтээр соёл урлагийн инноваци бол иймэрхүү байх ёстой гэсэн чиг баримжаа бий болгоод байна.

-Энэ сайхан бүтээлүүдээ дэлхий нийтэд гаргахын тулд яах ёстой вэ?

-Энэ ажлыг хариуцах ганц мэргэжлийн биш хүн нь би байж байдаг. Энэ талаар гэвэл ноднин Боннын их сургуульд лекц уншиж, өвөлжлөө. Германы урлаг соёлыннэг агентлаг бидний бүжгэн жүжгийг сонирхоод Германд тоглуулъя гээд хамтран ажиллаж байгаа. Харин манай Сосорбарам дүү маань энэ талаар сонирхолтой санаанууд их хэлж байсан. Сосорбарам маань сүүлийн хэдэн жил монгол урлаг гэж юу байдгийг Японд үндсэндээ таниулж байна. Тэгэхээр энэ мэтчилэнгээр гадагш нь чиглүүлэх юм бол маш сонирхолтой бүтээл болох ирээдүй боломж харагдаж байгаа гэж боддог.

-Өнгөрсөн жил Д.Сосорбарам гуайн “Жамаас” дууг Япончууд худалдаж авсан гэдэг?

-Тийм байх. Тэр болгоныг нарийн мэдэхгүй байна. Лав л Монголын язгуур урлагийн хамтлаг, бүжиг, морин хуур зэргийг Тайвань, Хятад, Япон зэрэг улсууд айхтар сонирхох болсон. Энэ сонирхлыг нь дагуулаад бүжгэн жүжгийг тэнд яаж гаргах вэ гээд сонин сонин санаанууд хэлж байна лээ. Хүний бүтээлийн нууцыг энд задалмааргүй байна.

-Даяаршиж байгаа өнөөгийн нийгэмд бид яаж өөрсдийнхөө өв соёлыг авч үлдэх вэ. Бидний соёлын дархлаа юунд оршиж байна?

-Манай Монголын соёлын чанд дохио, код гэж нэг юм байна. Энэ бол зүгээр нэг хэдхэн жилийн настай зүйл биш. Энэ бол хэдэн зууны настай.Энэ зүйл маань өнөөдөр бидэнд хүрээд ирсэн гэж хардаг. Олон мянган жилийн түүхэн донсолгооныг даваад бидэнд ирээд байна. Тэгэхээр бид үүнийгээ цааш нь үр хойчдоо уламжлуулах, хүн төрөлхтөнд тархаах ийм нөхцөл бүрдсэн байна гэж харж байгаа. Хамгийн энгийн жишээ хэлье. Өнөөдөр дэлхийг дамнасан том нэгтгэл болсон лего тоглоом гэж бий. Энэ жишээгээр Монголын шинэ соёлыг бүтээх боломж байна. Манай хэдэн залуучууд нэгдээд монгол гэрээр яг ийм тоглоом хийгээд түүнийгээ надтай зөвлөж, Монголын соёлын бүх кодуудыг англи, монголоор жагсаасан байгаа. Тэр тоглоомоо “Наад бренд” гэж нэр өгөөд бүх салбаруудаар худалдаалж байна. Энэ бол монгол соёлыг дэлхий дахинд түгээх нэг сайхан боломж юм. Миний сонссоноор МҮХАҮТ-ын хамгийн шилдэг гарааны компани шагналыг манай Наад брэндийн залуучууд авсан байна лээ. Энэ бол ганцхан монгол гэрээр зогсохгүй зүйл юм. Ер нь би нэг зүйлд айхтар итгэлтэй байгаа.

-Юунд?

-Хүн төрөлхтөнд сонголтгүйгээр оноосон нэг л цэнхэр гариг бий. Энэ цэнхэр гаригийнхаа нөөцийг сүүлийн хэдэн жил бид тун харамгүй залгилжээ. Өнөөдөр дэлхий дээрх, байгаль ээжийн нөөц баялаг шавхагдаж байна. Бидний ойр хавьд хоёр дахь дэлхий гэж байхгүй. Бид хоёр, гурав дахь дэлхийг хайхаасаа өмнө энэ цэнхэр гаригаа хайрлаж хамгаалах хэрэгтэй юм. Үүнийг хайрлаж хамгаалах хамгийн гол гүн ухаан нь хэнд байдаг юм гэвэл нүүдэлчдэд байна. Яаж хамгийн бага зүйлээр хангалуун сайхан амьдарч болох тухай ухаан бидний өвөг дээдэст байжээ. Минималист гэж ярьдаг шүү дээ. Ний нуугүй хэлэхэд өрнө дахины соёл иргэншил үүнийг сүйтгэсэн гол зүйл. Үүнийг бүгд мэдэж, хүлээн зөвшөөрч байгаа. Яаж бага зүйлээр хангалуун сайхан амьдарч чадсан бэ гэдгийг дэлхий нийт сонирхож эхэлсэн. Энэ бол ирээдүйн хүн төрөлхтний байнгын анхаарч, сонирхох зүйл байх болно. Ингэхээр монгол соёл судлаачдын үүрэг маш их болно. Тийм болохоор би мэргэжлийнхээ ирээдүйд айхтар итгэлтэй байдаг даа.

-Таныг Францын Турын их сургуулийн профессор Бианки Изабел “Өрнөдийн шинжлэх ухааны хил зөрчсөн хүн” гэж онцлоод намтарчилсан ном бичсэн байгаа шүү дээ. Яагаад ингэж нэрлэсэн юм бол?

-Миний бичсэн зарим бүтээлүүд тухайлбал, бэлгэдэл зүй, монгол домог зүйн судалгааг би Монгол нутагт, их сургуульд ажиллаж байхдаа бичиж байлаа. Тэр үед өрнийн шинжлэх ухааны тухай ямар ч ойлголтгүй, Оросоос өөр газар явж үзээгүй байсан юм. Гэхдээ энэ номд бичигдсэн зүйлсийн нэлээд нь тэнд яригддаг, тэдэнд хэрэгтэй зүйлийг олж харсан гэдэг утгаар л тэгж хэлсэн болов уу. Жишээ нь тэмдэг зүй гэдэг ойлголт бол Америкийн сэтгэгч, эрдэмтэн Чарльз Пийрс гэдэг хүний гаргасан зүйл. Тэмдгийн соёл, тэмдгийн ухааны тухай юу ч олж үзээгүй байхдаа Чарльз Пийрсийн томьёолсон гурван зүйлийн нэг болох бэлгэдэл гэдэг зүйлийг монголынхоо соёл дээр, судалгааны явцдаа олж хараад дэвшүүлээд гаргасан байгаа юм. Тэдний бодсоноос арай өөр, гэхдээ гарцаагүй бодит зүйл дээр тулгуурлаж бичсэн байжээ гэж бодсон. Бэлгэдлийн кодууд, цогцолборууд гэх мэт зүйлс тэдэнд их сонирхолтой санагдсан байх л даа.

-Бас таны яриад байгаа нүүдэлчдийн соёл уламжлал тэдэнд сонирхолтой санагдсан болов уу?

-Тийм байх. Турын их сургуульд нэг удаа лекц уншихаар очихдоо Леонарда Да Винчи амьдралынхаа сүүлийн хэдэн жилийг өнгөрөөсөн шилтгээнд орж үзсэн юм. Тэнд Да винчигийн бичсэн онч мэргэн үгнүүдийг ханан дээр сийлсэн байсан. Тэнд байсан нэг үг нь яг манай монгол өвгөдийн үзэл, сургаал, номлолтой адил утгатай байсныг тодхон санаж байна. Байгаль хэзээ ч худал хэлдэггүй, хуурдаггүй, хүн л худал хэлж, хуурдаг гэсэн байсан. Байгалийн жам гэдэг зүйл бол тогтмол байдаг. Үнэн зүйл. Энэ үнэн, тогтмол зүйлийг монголчууд хүндэтгэж, дагаж амьдрахыг өвгөд маань мэддэг байж. Энэ хоёр үг ялимгүй өөр болохоос цаад мөн чанар, санаа нь адилхан байсан.

-Энэ хорвоо дээр хүн болж төрнө гэдэг маш том хувь тавилан. Энэ их хувь заяанд эзэн болж, амьдарсан шиг амьдарна гэдэг том бахархал юм. Таны хувьд амьдралын утга учир, юунд оршдог вэ?

-Би Монгол нутагт төрсөн хувь заяандаа өглөө босох болгондоо баярладаг. Бидний өвөг дээдсийн агуу их байгальч үзэл, би байгальч үзэл гэж нэрлэе л дээ. Байгаль ертөнцийн жам ёсонд тааруулж, хэрэглээгээ зохицуулах ухаан. Энэ бол ний нуугүй хэлэхэд хүн төрөлхтний хамгийн удаан оршин тогтнох арга ухааны гол үндэс байсан байна. Үүнийг судална гэдэг бол ганц монголчууд биш бүх хүн төрөлхтөнд хамаатай хэрэгтэй зүйл юм. Орчин үеийн технологийн хөгжлийг бүрэн үгүйсгээгүй байна. Энэ хөгжил маань аль болохоор байгалийн жам ёсонд харгалзсан, зохицсон байвал бидэнд хэрэгтэй юм шүү гэдэг талаас нь ярьж байгаа юм. Үүнд бидний судалгаа, хийж байгаа зүйл их чухал үүрэгтэй. Үүгээрээ Монголын урлаг соёл чухалд тооцогдож байна. Хязгааргүй хэрэглээ гэдэг бол хамгийн балмад зүйл. Тун бага зүйлээр сэтгэл ханамжтай, аз жаргалтай амьдарч болох байтал бид хэтрүүлээд үрэн таран хийсэн, дэндүү үрэлгэн хэрэглээтэй байсан. Энэ нь эргээд хүн төрөлхтөнд цохилт болохоор байна. Өөр гариг дээр очсон ч цэнхэр гариг дээр байсан шиг жаргалтай амьдарч чадахгүй болов уу. Байгаа зүйлдээ сэтгэл ханах, байгаа зүйлдээ ханах нь аз жаргалын эх үүсвэр юм шүү дээ.

-Таны амьдралдаа хамгийн их баярладаг бас харамсдаг зүйл юу вэ?

-Аав ээж хоёртоо л маш их баярлаж явдаг. Манай Баянхонгор аймгийн Баянбулаг суманд Сэрүүн булаг гэж сайхан зуслангийн газар байдаг. Аав ээж хоёр минь тэр зуслангийн газраас тэмээгээ ачаалаад малаа туугаад хичнээн хоног нүүж, Байдрагийн дунд сургуульд намайг сургах гэж халуун нар, хүйтэн бороонд шавшуулан өөрийнхөө ганц эрх хүүхдээ сургуульд сургах гэж ирж байсан үе надад тодхон санагддаг. Энэ бол өөр хэн ч хийж чадахгүй, хэзээ ч чадахгүй тийм зүйл юм. Тэр хүмүүсийн буянаар би энэ дайтай явж байна.

-Таныг аав ээжийнхээ өргөмөл хүүхэд байсан гэдэг?

-Тэгэлгүй яахав. Тэр үед миний эрх танхи, ааш авир гэж тэсвэрлэхийн аргагүй байлаа. Манай нутгийнхан Сэндэнжавын хүүхэд хэзээ ч хүн болохгүй гэж ярьдаг байсан. Одоо ч гайхдаг. Харин миний ээж, аав хоёр “Миний хүү жаахан огцом ууртай болохоос ухаантай хүү шүү. Сайн хүн болноо гэдэг байсан. Тэр их хайрыг би юутай зүйрлэхээ мэддэггүй. Жаахан байхдаа бол ээжийг үнээнд нь гаргадаггүй байлаа. Тэгээд аав, ээж хоёр минь ганц хүүгийнхээ нулимсыг бараад яахав гээд үнээгээ зэлээр нь, хонио холбоотой нь зарсан нэртэй айлд зүгээр өгч байсан юм шүү дээ. Намайг уйлуулахгүй гэж л тэр. Тэр хоёрыгоо бодохоос илүү баяр баясгалан гэж надад байхгүй.

-Аав ээжийгээ хожим яаж баярлуулсан бэ?

-Их сургуулийн багш болоод аав ээж хоёрыгоо нэгдлийн ялтай малнаас нь салгаж, Чингэлтэйд авчирч хашаа байшинд амьдруулсан. Хоёр үнээ авч өгсөн. Гэхдээ энэ бол хүүхэд бүрийн хийдэг л зүйл.

-Харин танд амьдралдаа харамсаж явдаг зүйл бий юу?

-Айхтар харамсдаг зүйл байхгүй ээ. Монголынхоо олон газраар явж чадаагүй гэж боддог. Миний уулзах ёстой байсан, маш их үнэ цэнтэй мэдээлэл агуулж байдаг нэргүй мэргэдүүдтэй уулзаж чадалгүй, мөнх бусыг үзүүлснийх нь дараа очсондоо харамсдаг. Хуучин цагт, 1984 онд би Увс аймагт явж байлаа. Наранбулаг суманд Ямаан самган гэж нэг удган байдаг гэж сонсоод очиж уулзъя гээд очсон. Тогтохын шил гээд их олон адилхан аараг толгодтой газар давхисаар байгаад арай чамай олсон. Гурван аараг толгодын дунд ганц гэр байлаа. Яваад орсон чинь нэг залуухан бүсгүй гал түлээд сууж байна. Нэг настай эмгэн буурал үстэй цаашаа хараад хажуулаад унтаж байна. Сэрэхээр нь аминдаа л бөө мөргөлийн тухай сонин сайхан юм сонсох гээд нэг өдөржин юм асуугаад надад юу ч хэлж өгөөгүй. Дэвтэрийн тал хуудас юм тэмдэглэж авсан юм. Яагаад надад ярихгүй байсан учрыг нь би жилийн дараа олсон. Тэр хүн маань бөөгийнхөө ажлаас болоод аймгийн аюулаас хамгаалахад байцаагдаад хамаг хувцас хэрэглэлээ хураалгасан байсан юм билээ. Харин охиныг нь намд элсүүлээд ээжийгээ ийм зүйл яриулж, хийлгэж болохгүй гэдэг хориг тавиад байж. Ярьж чадахгүй, айж байхад нь би очсон юм билээ л дээ. Намайг туршуул гэж бодсон байх. Жишээ нь үүнд би маш их харамсдаг. Бөөгийн тухай ямар ч мэдээлэлгүй үед тийм сайхан мэдээллийн эх сурвалжтай уулзчихаад юу ч олж мэдэж чадаагүй.

-Гэхдээ энэ таны буруу биш шүү дээ?

-Тийм л дээ. Гэхдээ л харамсалтай. Тэр хүн юу ярих байсан бол гэж боддог. Энэ бол ганц надад хамаатай зүйл биш. Монголын соёлын өв уламжлалын нэг цул алтыг би гээгдүүлсэн гэж бодогддог.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *