УИХ-ын гишүүн С.Дэмбэрэлтэй ярилцлаа.
–Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг бизнес эрхлэгчдийн төлөөллийг хүлээн авч уулзлаа. Нэлээд дэлгэрэнгүй ярьцгаасан гэсэн. Бизнес эрхлэгчид ямар санаа оноотой байсан бэ?
-Ч.Сайханбилэг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдчихоод чуулганы индэр дээрээс хэлсэн үгийг бүгд мэдэж байгаа. Түүн дээр bell out гэж нэг томъёолол хэлсэн. Хувийн хэвшлийг түшиглэж, дэмжиж байж эдийн засгийн хүндрэл, хямралтай байдлаас гарна гэдгийг хэлж байсан. Тийм болохоор миний зүгээс 28 дахь Ерөнхий сайдыг бизнес эрхлэгчидтэй уулзуулъя гэсэн хүсэлт тавьж пүрэв гаригт уулзуулсан. Энэ нь ганц удаагийн уулзалт биш цаашид хэд хэдэн удаа уулзах байх. Эхний уулзалтад МҮХАҮТ-ын тэргүүлэгч 30 гаруй компани, зөвлөлийн 60 орчим компани болон бусад томоохон компани, банк санхүүгийн байгууллага, CEO клуб, Хувийн хэвшлийн үндэсний зөвлөл, Ажил олгогч эздийн холбооны төлөөлөл оролцсон. Компаниуд өөрсдөд нь тулгарсан хүндрэл гэхээсээ илүү Монгол Улсын эдийн засаг бизнесийн орчин, эдийн засгийн төлөв байдал, ирэх онд эдийн засаг ямар байх вэ, цаашид Засгийн газрын бүрэн эрхийн хугацаанд юу хийгдэх вэ гэдэг талаар гол яриа өрнөсөн.
Компанийн төлөөллүүд бизнесийн орчин дахь болохгүй байгаа зүйл, Засгийн газар яавал эдийн засгийн хямралаас гарах ёстой талаар ярьсан. Энэ бүхнийг бүлэглээд үзэхээр хамгийн нэгдүгээрт, хууль эрхзүйн орчны талаар хэлж байна. Зөвшөөрөл, лиценз, стандарт, хяналт шалгалт, гааль татвар гээд энэ бүхэнтэй холбоотой асуудлуудыг оруулж ирж байгаа ч гэсэн хууль эрхзүйн орчин бүрдүүлэх процесс УИХ дээр яагаад удаад байдаг юм гэдэг талаар хэлсэн. Үнэхээр хямралаас гаръя гэж байгаа бол эдийн засаг, бизнес санхүүтэй холбоотой хуулиудыг нэн тэргүүн ээлжинд батлаасай гэсэн нийтлэг хүслийг компаниуд илэрхийлсэн.
–Бизнес эрхлэгчид гүйцэтгэх засаглалын талаар ямар байр суурьтай байх юм?
-Гүйцэтгэх засаглал хуулийг нь батлаад өгдөг. Гэтэл дунд, доод түвшиндээ урьдын адил хяналт шалгалт, дарамт хэвээр байгаа. Үүнээс гарахын тулд гаргасан хууль тогтоомж шийдвэр мөрдөгддөг орчныг бүрдүүлэхгүй бол ямар ч гоё үг хэлж, сайхан амлалт өгөөд, хичнээн сайн төлөвлөгөө боловсруулаад хана мөргөөд байгаа гэдгийг сануулсан.
Муу муухай зүйл бат бэх оршин тогтнож байгаа тул үүнийг нурааж, аливаа байгууллага, яам, аймаг нийслэл бизнесийн орчинг хэрхэн бүрдүүлж байна гэдгийг анхаар. Бизнес эрхлэгчдэд нэг цонхны үйлчилгээ, хил гаалиар гарахад шаардаж буй бичиг баримтыг цөөрүүлэхээс эхлээд цаг хугацааг хэмнэх хэрэгтэй байна. Бизнесийнхний хувьд цаг бол алт байдаг. Гэхдээ алт гэж шууд ойлгож болохгүй. Замын түгжрэл, хяналт шалгалтын давтамжийг багасгах нь алт шүү гэдгийг Ерөнхий сайд ойлгоосой гэдэг талаас нь тодорхой жишээнүүдийг хэлсэн. МҮХАҮТ-аас хамгийн сүүлд гаргасан хоёр баримт бичгийн талаар ярьсан.
–Тэр хоёр баримт бичиг нь юу байсан юм бэ?
-Тухайлбал, бизнесийн итгэлийг яаж сэргээх вэ. Өнөөдөр бизнесийн итгэл алдагдчихаад байна. Аль ч бизнес хөрөнгө оруулагч байдаг гэдгийг мартаж болохгүй. Хөрөнгө оруулалт, бизнесийн орчин төрөөс явуулж буй бодлогын хувьд итгэл алдагдаад байгааг дараагийн хагас жилд цэгцлэх хэрэгтэй гэж байгаа юм. Бизнес эрхлэгчид шинэ Засгийн газраас маш их хүлээлттэй байна. Тэдэнд найдаж байна. Бизнесийнхний таатай орчин нөхцөл бүрдэнэ гэсэн найдлага тасраагүй байна.
Уул уурхай гэх мэт тодорхой салбарууд дээр төрийн өмчит компаниуд шударга өрсөлдөөн бий болгох хэрэгтэй гэдгийг бизнесийнхэн хэлж байлаа. Заавал төр эзэмших гээд байхаас илүүтэй компанийн хуулинд байгаа алтан хувьцааг ашиглах хэрэгтэй. Төрийн оролцоо хамгийн зохистой бөгөөд минимум хэмжээнд баймаар байна, тэгэхгүй бол миний компани, ижил төстэй үйл ажиллагаа эрхэлж буй компаниудын хооронд шударга өрсөлдөөн явуулахгүй төр нь хажуугаас бизнес болж өрсөлдөөд байдаг. Тиймээс худалдан авалтынхаа хуулийг хялбаршуулаад, шударга, хөндлөнгийн хяналттай болгож өгөхийг хүссэн.
–Санхүүгийн орчны талаар юу ярих юм. Зээл авах энэ тэр гээд асуудлууд бий байх?
-Мэдээж санхүүгийн орчны талаар ярьцгаасан. Ялангуяа бидний макро түвшинд ярьдаг Төвбанкны мөнгөний бодлого, төсвийн бодлого гэх мэт бизнесийн хэлээр зээлийн нөхцөл, санхүүгийн орчин муу байна. Үүнийг ганцхан Төвбанкны ажил гээд орхимооргүй байна, Төвбанктайгаа хамтраад зээлийн хүүгийн тал дээр 1.5 жилийн хугацаанд дорвитой ажил хийгээчээ. Хүмүүст итгэлийг нь сэргээгээд гадаад дотоодын томоохон компаниудаа дэмжсэн үндэсний хэмжээний хөтөлбөр боловсруулан гаргах хэрэгтэй. Энэ нь bell out-ийн үндсэн цөм нь болно шүү гэдгийг хэлсэн. Мөн бизнесийн салбарын олонх болсон жижиг дунд бизнес хийх орчныг сайжруулж өгөөч гэж байсан. Улаанбаатар хотын эдийн засаг, Монгол Улсын эдийн засаг бизнес орчин талаасаа тасарчихаад байна. Өнөөдөр Улаанбаатар хотын эдийн засаг, бизнесийн орчин нь нийт бизнесийн орчинг сайжруулж байгаатай тэр бүр уялдахгүй. Энэ талаасаа бодолцож нийслэлийн макро эдийн засаг Монгол Улсын макро эдийн засгийг уялдуулж, санхүүгийн орчныг сайжруулж өгөөч гэсэн.
Үл хөдлөх хөрөнгийн зах зээлд хөөс үүсээд байна. Барилгын салбарт ажиллаж буй компаниудад төрөөс тендерийн өрөө эхлээд өгчих. Хоёр жил мөнгөө авч чадахгүй байгаа өр авлагаа авмаар байна гэдгийг ярьж байлаа. Төр хувийн хэвшлийн түншлэл концессын үзэл санааг гутаагаад байна. Тиймээс гэрээнийхээ сахилга батыг компаниудаас шаардах биш, төр өөрөөсөө шаардах хэрэгтэй.
–Таван толгой, Оюу толгойн талаар яриа хөндөгдсөн гэсэн…
-Оюутолгой, Тавантолгойн асуудлыг шийдээч ээ. Оюутолгойг дагаж бизнес орж ирдэг. Ингэснээр ажлын байр бий болж, гэрээ хийгддэг юм. Энэ талаас анхаараачээ. Тэгэхгүйгээр 34 хувь талаасаа яриад байна. Нийт эффект талаас нь ярьж, асуудлыг бүтээлчээр харилцан ойлголцлын хэмжээнд хийх хэрэгтэй. Томоохон стратегийн обьектууд дээр тодорхой хүмүүсийн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг бүхий бүтцийг бий болгоё гэж байгаа юм. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Үндэсний эдийн засгийн зөвлөлийг байгуулахдаа бизнесийнхнээс бүрдсэн хүмүүсээр тусгай дэд зөвлөл байгуулах хэрэгтэй. Ингээд холбоод өгчихвөл эдийн засгийн прагматик талаас нь харж хэрхэн ажлын байрыг хадгалах юм, яаж ашиг орлогыг нэмэгдүүлэх юм гээд санаа оноогоо хэлээд явах боломжтой.
–Оюу толгой, Таван толгойг хувьчлах хэрэгтэй гэсэн саналууд гарч байна. Та энэ тал дээр ямар байр суурьтай байгаа вэ. Энержи Ресурсийн үйл ажиллагаанаас харахад боломжийн гэх юм…
-Оюутолгойг хувьчилна гэж юу байхав. 34 хувийн асуудлыг ярьж байгаа байх. Бид Оюутолгойг Монгол Улсад хэрэгжиж байгаа нэг том төсөл гэж ойлгох хэрэгтэй. Энэ төсөл бол бизнесийнх. Гэхдээ үр өгөөжийг нь ард түмэн хүртэж байх ёстой. Үүнийг газрын доорх баялгийг ард түмний мэдэлд байна гээд Үндсэн хуульд заачихсан. Ард түмэндээ 1072 хувьцаа тараах аргыг сонгож авсан. Миний бодлоор дээд зэргийн үр өгөөжийг нь авах ёстой. Тиймээс Оюутолгойн хувьд хоёрдугаар шатны ажлыг нь даруйхан эхлүүлэх шаардлагатай. Шинээр санамж бичиг байгуулах нь үйл явцын менежмент тул үйл явцыг зогсоож асуудлаа шийднэ гэсэн хандлага байж болохгүй. Харин үйл явцынхаа дунд менежментээ сайжруулаад, удирдах хоёр талын ойлголцол, мэдээллийн солилцоог сайн хийж өгөх хэрэгтэй. Хувийн хэвшлийнхнийг энэ тал дээр оролцуулан санаа оноог нь авч байгаач ээ. Тавантолгой гэхээр хүмүүс 3-4 компани ярих гээд байдаг юм. Энэ бол биш.
Менежментийн төрийн өмчит үйлдвэрийн газруудыг тимосек шиг болгоно гээд байгаа шиг Хөрөнгийн биржийг сайн ашигла. Монголын компаниудын оролцоо, консерциумуудын оролцоог хангасан байдлаар гадаад дотоодын хөрөнгө оруулагчдын сонирхлыг татсан байх хэрэгтэй. Төр бол зөвхөн стратегийн талаас нь оролцохын тулд алтан хувьцааг хоёр төрлөөр ашиглах боломжтой. Эхнийх нь хувьчлалын арга хэрэгсэл болгох боломжтой. Нөгөө талаас менежментийн арга хэрэгсэл болго. Үүнийгээ ил тод, оролцоог хангасан байх шаардлагатай. Төр үнэхээр стратегийн орд гэж үзэж байгаа бол хориг тавьдаг эрхээ өөртөө үлдээгээд нэг ширхэг нэрлэсэн хувьцаа эзэмшин, хамгийн гол нь буруу шийдвэр гаргахад нь хориглодог байх юм. Дотоод гадаадын хөрөнгө оруулагчид нь бизнесийн төсөл гэдгээр нь аваад явдаг байх хэрэгтэй. Оюутолгой дээр ч гэсэн бид 60 жилийн хугацаа ярьж, Монголын тал тэд байх ёстой гэх юм. Өмнө нь байгуулсан гэрээгээ огт хөдлөхгүй баримт бичиг юм шиг бодохоосоо илүү хөрөнгө оруулалт гэж харах хэрэгтэй. Хөрөнгө оруулалт явагдаж байгаа үед нэг үе буюу цикл байдаг. Циклүүд нь дотроо фаз буюу дэд үеүдэд хуваагдаж байгаа. Фаз бүр нь дээд ажлаа хийж, доод ажлынхаа бэлтгэлийг хангаж байх юм. Ерөнхий баримт буюу ТЭЗҮ баяжин өөрчлөгдөж талуудын хамтын ажиллагаагаар үүнийгээ яриад явдаг. Үүний дүнд ажил зогсдоггүй үргэлж урагшилж байдаг. Ингэхийн тулд хувийн хэвшлээ оролцуул. Тухайн үед Тавантолгой асуудал хөндөгдөж эхлэхэд МҮХАҮТ-аас “Эцэг ба хүүгийн үлгэр” гээд цаашид хэрхэн явуулах талаар бичсэн нийтлэл бий. Монгол 999 гээд компаниудын нэгдэл гарч л байсан. Энэ бүхнийг харгалзан үзэж тухайн үед МҮХАҮТ-ын саналаар явчихсан бол төрийн өмчит компани байгуулаад тэр нь бараа шахаж, шахуулаад, үр ашиггүй явахгүй байлаа. Нээлттэй хувьцаат компаниас гадна нээлттэй нэгдлүүд аваад явах, үүнээс нь хамгийн ашигтай уул уурхайн операцийг явуулаад хамгийн их үр дүнтэйгээр татвар хураамжийг нь зохицуулаад өрсөлдөх чадварыг дээшлүүлэх замаар явж болох байсан.
Ч.Сайханбилэгийн Засгийн газар жижиг дунд бизнесийн хөтөлбөрийг сайжруулаад шууд хэрэгжүүлээд явах баримт бичиг бэлэн байна. Мөн Үндэсний манлай аж ахуй нэгжүүдийг дэмжмээр байгаа юм. Хүнд хэцүү байгаа үед нь эдгээр нь жижиг дундаа хөтлөөд явах зохион байгуулалтад орж чадвал заавал татвар хөнгөлөлт гэлтгүй явах боломж байна.
–Бизнесийнхэн ам.долларын ханшийн зөрүүн дээрээс нэлээдгүй алдагдал хүлээсэн. Ирэх оны төсөвт 1750 төгрөгөөр долларын ханшийг тооцсон байгаа. Гэтэл эдийн засаг судлаачид дунджаар 1862 төгрөг байна гэсэн судалгаа хийжээ. Ирэх онд валютын ханшийн өөрчлөлт бизнест хэр нөлөөлөх бол?
-2015 онд валютыг чангаруулахаар зүйл харагдахгүй байна. Зээл аваад явъя гэхээр том асуудал болчихоод байна. Энэ шийдэгдтэлээ удна. Гэхдээ шийдэхээс өөр аргагүй. Монгол Улс эхлээд өрийн удирдлагын хуультай болох хэрэгтэй. Зөвхөн хоёр нам, хүмүүс ДНБ-ий 40 хувиас хэтэрчихлээ гээд ярьдаг асуудал биш. Удирдлагын асуудал. Төлбөрийн тэнцэл, хөрөнгө оруулалтын данс улайчихсан. Урсгал данс 0-оос арай дээр гарч ирж байна. Энэ тохиолдолд төлбөрийн балансын хүндрэл хэвээр үргэлжилнэ. Зөвхөн Засгийн газрын өр биш хувийн хэвшлийн өр нийлээд 2015, 2016 онуудад дарамт үзүүлэх хэмжээнд байна. Бусад салбаруудын эдийн засгийн идэвхижлийн үзүүлэлтүүдийг нэмэхээр валютын ханшийн сулрал тодорхой хэмжээнд үргэлжилнэ. Улс гэж байгаа учраас, УИХ, Засгийн газар, Төвбанк гэж байгаа учраас 1750 төгрөгөөр төсөөлчихсөн дүнг засч таарна. Ам.долларын ханш 1895 төгрөг хүрчихсэн. Психологийн түвшинд хүмүүс тэдэн төгрөгт хүрэх байхдаа гээд хүлээж байдаг. Энэ хүлээлтийг хиймлээр бий болгож болохгүй. Тэр тусмаа төрийн удирдлагад ажиллаж байгаа хүмүүс тэд болно гэж мэдэмхийрэх шаардлагагүй. Энэ нь өөрөө маш аюултай. Хүлээлтээс болоод дамын хүчин зүйл нөлөөлөөд эхэлдэг тул валютын ханшийн талаар хамаагүй дуугарч болохгүй. Тэглээ гээд ханшийг огт удирдлагагүй орхино гэсэн үг биш. 2015 оны мөнгөний бодлого дээр тодорхой зорилгуудыг тавьсан. Тэр нь валютын ханшийг удирдах. Удирдана гэхээр зөвхөн интервенци боддог. Гэтэл дуудлага худалдаагаар валют авна гэсэн арилжааны банкууд, нийлүүлье гэсэн хоёрын дүн зөрөөд байгаа биз. Тиймээс Монголбанк бага хэмжээгээр зарж байна.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нэг их наядаар танахаас өөр аргагүй боллоо гэж байсан. Өмнө нь Эдийн засгийн байнгын хороон дээр хэлсэн боловч анхаараагүй. Тиймээс төсвийг тодотгоно. Энэ бүх байдал нь дефолт буюу улс орон төлбөрийн чадваргүй болохоос сэргийлж байгаа юм. Энэ талаас нь бодож валютын ханшийн тал дээр анхааран хандах ёстой. Ерөнхий сайд хувийн хэвшилтэйгээ хамтран энэ бүхнээс гаръя гэснээс мөнгөний бодлогыг хатууруулъя гэж хэлэхгүй байгаа биз.
–Их хурал эдийн засгийн тал дээр онцгой байдлаар ажиллах ёстой гэдгийг та хэлж байсан. Хэр удаан тэгж явах ёстой вэ?
-Төсөв дээр тэвчиж болох зардал гэж байдаг даа. Түүн шиг тэвчиж болох хууль гэж байна. Эдийн засгаа, эдийн засгийн орчноо сайжруулах, хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээх хэрэгтэй. Ил тод байдлын тухай хууль өмнө нь цагаан захтнуудын нуусан хулгайлсан мөнгийг өршөөсөн хууль болох гэж байна гээд хойшилсон. Уг хууль өнөө маргаашгүй орж ирнэ. Ил тод байдлаар компаниуд, том жижиггүй аж ахуйн нэгжийн саналыг аваад үүнийг хийх ёстой. Энэ Засгийн газар 2015 оны эцэст хэрэгжинэ гэж бодоод НӨАТ, Аж ахуй нэгжийн орлогын албан татвар хоёрыг батлах ёстой. Манайхан өнөөдөр татварын иж бүрэн реформ хийгээсэй гэж байна. Татвар төлөгч, татвар төлөгчдийн хооронд тэгш бус харилцааг үүсгэсэн. Татвар төлөгчдийн төлсөн мөнгөөр татварын байцаагч нар нь шагнагдаад эсхүл ИТХ-ынхан нь гадаадад очиж амардаг тэгш бус харилцааны эрх зүйн орчин нь хаана нуугдаж байна вэ гэхээр Татварын ерөнхий хуулин дээр байна. Татварын ерөнхий хуулиндаа төр ба татвар төлөгчдийн харьцааг харилцан итгэлцсэн, тэгш байх хэрэгтэй. Татвар төлж байгаа учраас би дээрэлхүүлдэггүй байх ёстой. Төрөөс шаардах ёстой юмаа шаардаж, хэлэх үгээ хэлж, маргаанаа шударгаар зөв шийдүүлдэг харилцааг үүсгэдэг хууль нь Татварын ерөнхий хууль байгаа юм. Эдийн засагт нуугдсан эдийн засгийг гаргаж ирсэн, сүүдрийн болон албан бус эдийн засгийг ил тод гаргасан Ил тод байдлын тухай хуулиа батлах хэрэгтэй. Бодлогын логик үргэлжлэл болгон 2015 оны хагас жилээс хойш энэ асуудлын хүрээнд иж бүрэн реформ хийгээд 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжихээр хийх хэрэгтэй. Тэгэхгүй бол улс төр бизнесийн цикл эхэлчихнэ. Энэ нь улс төрийн сонгууль л даа. Хараад байгаарай одоо нийгмийн чанартай хуулиуд их батлагдаж магадгүй. Үүнийг хязгаарлан сонгуулийн циклд тааруулсан хууль батлах биш эдийн засгийн хямралаас гаргах хуулиа батлах ёстой.
–Ирэх онд бизнес эрхлэгчдийн 10 хувь нь л ашигтай ажиллана гэх юм. Хөрөнгө оруулагчид ирэх болов уу. Хэдэн сайд нараа сольвол асуудал арилна гээд л байсан?
-Асуудал нь Н.Алтанхуягтаа байсан юм биш. Хөрөнгө оруулагчид өргөн хүрээнд хардаг. Дотоодын хөрөнгө оруулагчид “Битгий илүү дутуу шалгаад байгаач ээ. Юм л бол цагдаа, шүүх гээд байдгаа болиоч ээ. Битгий миний эрхийг зөрчөөч ээ, би хүн” гэж байна. Хөрөнгө оруулагчдын хамгийн эхэнд хардаг зүйл нь энэ улс хүний эрх зөрчиж байна уу, хуулийн засаглал шударгаар хэрэгждэг улс мөн үү гэдгийг хардаг. Түүнээс биш хөрөнгө оруулалтын хуулиа шинээр баталсан, Хонконгт гоё хурал хийж байна гээд ирдэггүй. Тэр болгон хүмүүсийн хэлээд байдаггүй амьдрах орчин нь хэр юм. Гудамжаар нь чөлөөтэй явж болох уу гэдэг зүйлийг боддог. Итгэлийг өгөх, найдлагыг өгөх Ерөнхий сайд, Ерөнхийлөгчийн үг маш чухал. Би долоо хоногийн өмнө Францийн хөрөнгө оруулагчидтай уулзаад эдийн засаг ийм байна, ирэх онд тийм арга хэмжээ авна гэсэн чинь нүд нь сэргээд ирж байгаа юм. Би тэдэнд тодорхой хэмжээнд итгэл найдлагыг нь өгчихөөд байна. Яагаад гэхээр би төрийн хүн. Оюутолгой ч гэсэн үүнтэй адил зүйлийг л хүсч байгаа.
–Оюутолгойн хувьцааг гадныханд худалдах гэж байна гэсэн мэдээлэл гарсан. Та юу гэж бодож байна?
-Мэдэхгүй. С.Ганбаатар долоо хоногийн өмнө телевиз болгоноор гараад байсан. Би чуулганы дээр түүнд “Чи гадагшаа гараад байх юм. Дотогшоо гараач” гэж хэлсэн. “Надад материалаа өг” гэхэд “Тэгье. Баярлалаа Дэмбэрэл ах аа” гээд өгсөн. Би уншиж байна. Ерөнхий сайд асуудлыг шийднэ гэдгээ хэлсэн. Бизнес эрхлэгчидтэй уулзахад “Биднээс асууж бай. Ямар нэгэн прагматик зөвлөгөө өгье” гэж байсан. Энэ байдлаар цаашаа явах ёстой.
Э.ЭНХБОЛД