Categories
мэдээ цаг-үе

С.Чинзориг: ОУВС-тай байгуулсан гэрээгээ зөрчилгүйгээр цалин, тэтгэврийг нэмэгдүүлэх шаардлагатай

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд С.Чинзоригтой ярилцлаа.


-Таны сайдын ажил өнөөдрөөс эхэлж байна. Өмнө нь энэ салбарт ажиллаж байсан хүний хувьд бодлогын ямар шинэчлэл хийхээр зорьж байна вэ?

-Өмнөх Засгийн газрын үед хөдөлмөр, нийгмийн хамгааллын чиглэлээр үйл ажиллагааны хөтөлбөрт орсон зорилтуудыг хэрэгжүүлэхийн тулд багагүй ажил хийсэн гэж бодож байгаа. Ялангуяа нийгмийн хамгааллын чиглэлээр хэд хэдэн чухал шийдвэр гарч байсан. Тиймээс өмнөх үр дүнтэй, бодитой бодлогыг үргэлжлүүлээд явна. Мөн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт орсон, олон түмний хүсэн хүлээж буй асуудал бий. Эдгээрийг хэлэлцүүлж ажлаа эхлүүлнэ гэсэн бодолтой байгаа.

Өнөөдөр манай салбарт тулгамдаж буй асуудал гэвэл Ерөнхий сайдын захирамж гарсантай холбоотойгоор 2017, 2018 оны гурван талт хэлэлцээрт нэмэлт өөрчлөлт оруулах, Засгийн газрын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг батлуулах ажлыг яаравчлах хэрэгтэй байна. Энэ ажлыг өнөө, маргаашгүй эхлүүлэх ёстой. Ер нь иргэдийн ядуурал, ажилгүйдлийн түвшин нэмэгдсэн амаргүй цаг үед шинэ Засгийн газар байгуулагдаж байгаа. Нөгөө талаас багш, эмч нар цалин нэмэхийг шаардаж жагсаал цуглаан хийж байна. Тиймээс төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх шаардлага бий. Хоёр хоногийн өмнө Дэлхийн банк ядуурлын судалгааны дүнгээ зарласан. Манай улсын ядуурлын түвшин 29.6 хувь болж нэмэгдсэн байна лээ. Өөрөөр хэлбэл 904 мянган хүн ядуу амьдарч байна. Бас нэг асуудал бий. 2013 оноос хойш төрийн албан хаагчдын цалинг нэмээгүй. Энэ хугацаанд инфляцийн түвшин 20 орчим хувиар нэмэгдчихэж. Тиймээс төрийн албан хаагчдын цалинг нэмэх асуудлыг яаралтай судалж үзэж шийдэх ёстой.

-Гэхдээ ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсан учраас цалин, тэтгэвэр нэмэх боломжгүй байгаа биз дээ?

-Мэдээж хэрэг салбарт тулгамдаж буй хүндрэл бий. Орлогын боломж ямархуу байгаа билээ. Боломж байсан ч ОУВС-тай байгуулсан гэрээний дагуу 2017, 2018 онд төрийн албан хаагчдын цалинг нэмэхгүй гээд үүрэг хүлээчихсэн байгаа. Тиймээс цалин, тэтгэвэр нэмэхэд хүндрэлтэй. Нэгэнт эдийн засгийн хүндрэлээс гарахын тулд олон улсын байгууллагатай гэрээ хийсэн болохоор түүнийгээ хэрэгжүүлэх нь Засгийн газрын үүрэг. Нөгөө талаас нийгэмд бодитой үүссэн байгаа багш, эмч, төрийн албан хаагчдын цалинг нэмэх асуудалтай Засгийн газар нүүр тулж ямар нэгэн гарц хайх хэрэгтэй. Манай ард түмэн ярьдаг даа. Хонь бүрэн, чоно цатгалан гэж. Үүн шиг зарчим барьж асуудлыг шийдэхээс өөр аргагүй. Миний бодож буй хувилбар бол төрийн албан хаагчдын цалингийн санг нэмэгдүүлэхгүйгээр асуудлыг шийдэхэд хэцүү. Тиймээс нэмэгдэл, урамшуулал олгох замаар төрийн албан хаагчдын бодит орлогыг нэмэгдүүлэх арга хайна. Тодорхой шийдэлд хүрээд саналаа Засгийн газарт оруулна гэж бодож байгаа. Иймэрхүү тулгамдсан асуудлаас ажлаа эхлээд явна даа.

-904 мянган хүн ядуу амьдарч байна гэсэн судалгаа гарсан гэлээ. Нэг ёсондоо манай улсын гурван хүн тутмын нэг нь ядуу байна гэсэн үг үү. Ядуурлыг бууруулах тал дээр хэрхэн анхаарч ажиллах вэ?

-Нийт хүн амын гуравны нэг буюу 30 хувь ядуу амьдарч байна гэсэн үг. Тэгэхээр нэн тэргүүнд хэд хэдэн арга хэмжээ авах хэрэгтэй. Юуны өмнө ажлын байрыг бодитой нэмэгдүүлье. Засгийн газрын зүгээс иргэдийг орлоготой болгох бодлогын арга хэмжээ явуулах ёстой. Ер нь хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлого гэдэг дан ганц манай яамны асуудал биш. Салбар хоорондын зохицуулалт хийх макро эдийн засгийн асуудал. Тиймээс эдийн засгийг эрчимжүүлэх, өсөлтийг хангах бодлого явуулах ёстой. Бизнесийг дэмжих, таатай орчин бүрдүүлэх татвар, санхүүгийн бодлого явуулъя. Энэ хүрээнд гадаадын хөрөнгө оруулалтыг татах бодлоготой байж гэмээнэ томоохон төсөл, хөтөлбөрөө эдийн засгийн эргэлтэд оруулна. Ингэж чадвал бид ажлын байрыг дорвитой хэмжээгээр нэмэгдүүлэх боломж бүрдэнэ. Хоёр дахь асуудал нь амьдралаа аваад явчих хэмжээнд боловсорсон мөртлөө хөдөлмөр эрхлээгүй залуусыг ажлын байранд зуучилдаг тогтолцоог шинэчилж, сайжруулмаар байгаа юм. Бас залуус өөрөө өөртөө ажлын байр бий болгодог, аж ахуй эрхлэх, бизнес эрхлэх, жижиг дунд үйлдвэрлэгч болоход нь дэмжлэг үзүүлдэг болох ёстой. Наанадаж аж ахуй эрхлэхэд шаардлагатай багаж, тоног төхөөрөмжийг хүү багатай, урт хугацаатай зээлд хамруулдаг болъё. Гуравдугаарт, өнөөдөр манай улсын хөдөлмөрийн зах зээл маш эмзэг байна. Нийт аж ахуйн байгууллагын 85 хувь нь ес хүртэлх ажилтантай жижиг аж ахуйн нэгж байдаг. Гэтэл манай улсын нийт ажиллагсдын тоо 1.2 сая. Үүний тал хувь нь тогтвортой бус ажлын байранд ажиллаж байна. Хувиараа аж ахуй эрхлэгч, малчид нийлээд 500 мянга орчим хүн бий. Тэгэхээр тогтвортой бус ажлын байртай хүмүүс болох малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг дэмжиж орлогыг тогтвортой болгох бодлого явуулах ёстой. Олон талын цогц бодлого явуулж байж үүнийг шийднэ. Бас нэг зүйл бий. Түрүүн хэлсэнчлэн 2013 оноос хойш төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлээгүй болохоор ядуурлын түвшин нэмэгдэхэд шууд утгаараа нөлөөлсөн гэж бодож байгаа. Тиймээс тодорхой хэмжээгээр орлого бий болгоод ОУВС-тай байгуулсан гэрээгээ зөрчилгүйгээр цалин, тэтгэврийг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай. Хэрвээ төрийн албан хаагчдын цалинг эхний ээлжинд нэмэгдүүлэх боломж гарч ирвэл төрийн өндөр албан тушаалтан, шүүгч, прокурор гэсэн харьцангуй өндөр цалинтай хүмүүсийнхийг хөндөхгүй. Эхлээд бага цалинтай төрийн албан хаагчдын цалинг нэмнэ гэсэн бодолтой байгаа. Шинэ Засгийн газарт ажиллах сайд нарын асуудлыг УИХ-ын чуулган дээр хэлэлцэх үеэр гишүүд ярьж байна лээ. Жагсаал цуглаан хийж байгаа гээд зөвхөн багш, эмч нарын цалинг нэмж болохгүй шүү гэж. Би ч гэсэн тийм байр суурьтай байгаа. Багш, эмчээр хязгаарлахгүйгээр төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлье. Өнөөдөр тэдний дундаж цалин 758 мянган төгрөг байна. Тиймээс ийм хэмжээний цалинтай хүмүүсийн бодит орлогыг нэмэгдүүлэх арга хэмжээ авч эхэлнэ гэж үзэж байгаа.

-Таныг сайдаар томилогдохтой зэрэгцэн АНУ руу урт хугацаанд ажиллах хүчин гаргах тухай яриа өрнөж байна. Гадагшаа ажиллах хүчин гаргах тал дээр хэрхэн анхаарч ажиллах вэ?

-Гадаадад ажилтан гаргах, тэндээс оруулж ирэх тухай хууль намайг дэд сайдаар ажиллаж байх үед буюу 2003 онд батлагдсан. Үүнээс хойш 14 жил өнгөрчээ. Хуульд өөрчлөлт ороогүй байгаа. Тиймээс өнөөгийн нөхцөл байдалтай уялдуулан шинэчлэх шаардлагатай гэж үзэж байна. Ялангуяа бид дотоодод бэлдэж чадахгүй байгаа инженер, техникийн ажилтан, өндөр ур чадвар эзэмшсэн мэргэжилтэн урьж авчирдаг байх хэрэгтэй. Нөгөө талдаа монгол залуусыг гадаад руу биеийн хүчний буюу хүнд хөдөлмөр эрхлэхэд нь хяналт тавих хэрэгтэй. Харин өндөр технологи, ур чадвар эзэмших ажилд түлхүү явуулмаар байгаа юм. Ийм бодлого явуулна гэсэн бодол бий. Ер нь би өмнө нь энэ салбарт ажиллаж байхдаа гаднаас авч буй ажилтны тоог 50 хувиас доошгүй бууруулъя гэсэн зарчим баримталж байсан. Энэ бас болохгүй ч юм биш. Тодорхой хэмжээгээр эерэг үр дүн өгөхөөр харагдаж байлаа. Тиймээс уг бодлогыг үргэлжлүүлье гэсэн бодол бий. Яваандаа хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлогод өөрчлөлт оруулах ёстой. Ялангуяа улсын төсвөөс хөрөнгө эрхлэлтийг дэмжих чиглэлээр хөрөнгө хуваарилалт маш бага байдаг. Бидний нөгөө муу хэлээд байдаг гадаадаас авч буй ажиллах хүчний ажлын байрны төлбөрөөр л хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан бүрдэж байна. Уг сангийн хөрөнгөөр хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажилгүйдлийг бууруулах бодлогоо хэрэгжүүлдэг. Алийн болгон ингэж явах вэ дээ. Гадаадаас авах ажиллах хүчнээ багасгах бодлого баримталж байгаа болохоор хөдөлмөр эрхлэлтийн санг дэмжих хөрөнгийг улсын төсөвт суулгаж өгөх бодлого зайлшгүй хэрэгтэй.

-Сангийн орлогыг нэмэгдүүлэх ямар гарц байгаа вэ?

-Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хуулинд төсвийн 0.5 хувьтай тэнцэхүйц хэмжээний хөрөнгийг санд төвлөрүүлнэ гээд заачихсан байдаг. Түүгээр хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлнэ гэх хуультай. Сүүлийн 10-аад жил уг хуулийн заалт хэрэгжихгүй явж ирлээ. Тиймээс тодорхой хэмжээгээр ажилгүйдлийн түвшинг бууруулах асуудлыг улсын төсвөөс зарцуулах шаардлагатай. Энэ асуудлыг Засгийн газрын хуралдаан дээр ярьж төсвийн төсөлд тусгаж ажиллана.

-Өнгөрсөн жил та малчдын тэтгэврийн насыг таван жилээр урагшлуулах, олон хүүхэдтэй ээжүүдийн улсад ажилласан жилийг нэмэгдүүлэх гэхчлэн хэд хэдэн хууль батлуулсан. Уг хуулийн хэрэгжилтэд яаж анхааръя гэж бодож байгаа вэ?

-Өнгөрсөн жил УИХ-ын гишүүнийхээ хувьд хууль санаачилсан юм. Малчдын тэтгэврийн насыг таван жилээр наашлуулах, малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн төлж чадаагүй байгаа нийгмийн даатгалын шимтгэлийг нэг удаа нөхөн төлүүлэх, төрүүлсэн хүүхдийн тооноос хамаарч ээжүүдийн улсад ажилласан жилийн тоог нэмэгдүүлэх гэхчлэн хууль батлуулсан. Одоо өөрөө энэ салбарын сайдаар томилогдсон болохоор хуулийн хэрэгжилтэд анхаараад явна. Тодорхой бодитой алхам ч хийнэ. Удахгүй шинэ Засгийн газар ирэх оны төсвийн төслийг боловсруулж өргөн барина. Төсвийн төсөл боловруулах явцад саналаа нэгтгэж УИХ-д тодорхой санал оруулна гэсэн байр суурьтай байгаа. Нэг зүйлийг хэлэхэд ОУВС-тай байгуулсан гэрээ, хэлэлцээрт эдгээр хуультай холбоотойгоор үйлчлэлийг зогсоох, эсхүл хүчингүй болгох гэсэн заалт ороогүй. Тиймээс хэрэгжих нөхцөл боломж бүрдэнэ. УИХ-аас гурав хүртэлх насны хүүхдээ хараад гэртээ сууж буй ээжүүдэд тодорхой хэмжээний тэтгэмж олгодог байх тухай хууль баталсан. Хоёрдугаарт, олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг эхэд хүүхдээ асарч хамгаалах хугацаанд тэтгэмж олгох хууль бий. Эдгээрийг хэрэгжүүлэх талаар тодорхой саналыг ирэх оны төсвийн төсөлд суулгаад УИХ-аар хэлэлцүүлнэ гэсэн бодолтой байна. Ингэж чадвал иргэдийн мөнгөн орлого нэмэгдээд явна. Ер нь хөдөлмөрийн насны, ажил эрхлэх чадвартай иргэдийн ажлын байрыг нэмэгдүүлэх бодлого явуулна. Төр засгаас зайлшгүй халамжлах шаардлагатай өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй олгож буй олгож буй иргэдийн тэтгэвэр, тэтгэмжийг амьдралаа боломжийн авч явж буй хэмжээнд хүртэл нэмэгдүүлэхийг зорьж байгаа.

-Шинэ Засгийн газрын сайдууд бүгд давхар дээлтэй. Сайд болсон хүмүүс УИХ-ын гишүүний ажлаа орхигдуулах юм биш үү?

-УИХ-ын гишүүн хүн сайд болчихоор хууль тогтоох, гүйцэтгэх ажлыг давхар хийнэ. Тэгэхээр аль нэг ажил цалгардах болов уу гэх болгоомжлол иргэдийн дунд байгаа нь үнэн. Миний хувьд тийм байдал гаргахгүйгээр ажиллах боломж бий гэж харж байгаа. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын хувьд Засгийн газар дээр бодлогоо шийдүүлэх, дэмжүүлэх шаардлагатай. Нөгөө талаас сонгогчдоос хүлээн үндсэн үүргээ биелүүлж чуулган, байнгын хорооны хуралдаа сууж орон нутгийн өмнө тулгамдаж буй асуудлыг УИХ-аар хэлэлцүүлээд явна. Ачаалал өндөр байх нь мэдээжийн асуудал. Үндсэндээ хагас, бүтэн сайн өдөр яаман дээрээ суугаад Засгийн газрын үндсэн ажлаа нэлээн нугалж авах хэрэгтэй болох байх. Өглөө маш эрт ирж, орой шөнө дөл болтол сууж яамны ажлаа эмхэлнэ. Бусад үед УИХ-ын чуулган, байнгын хорооны хуралдаа суугаад явъя гэж бодож байна. Ингэж ажиллавал аль, аль ажлаа цалгардуулалгүй аваад явах боломжтой.

-Та салбарынхаа яам, агентлагт халаа сэлгээ хийх үү?

-Би УИХ-ын чуулган дээр ч хэлсэн. Хүн халах гэж сайд болоогүй. Асуудал шийдэх гэж, ажил хийж гэж энэ албан тушаалд очиж байгаа. Халаа, сэлгээ хийнэ гэдэг миний үндсэн зорилго биш. Гэхдээ ажил хийдэггүй, цалгардуулдаг, хариуцлагагүй, цаг хугацаандаа ажлаа хийдэггүй, иргэдэд түргэн шуурхай үйлчилж чадахгүй байгаа төрийн албан хаагчид байвал өөрчлөх асуудал гарахыг үгүйсгэхгүй. Ажилдаа эзэн болсон, төр түмний төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж буй хэнтэй ч болов хамтарч ажиллахад бэлэн.

-Ерөнхий сайд У.Хүрэлсүх сайдаар томилогдох хүмүүсийг УИХ-ын гишүүний юм уу сайдынхаа аль нэгийн цалинг аваарай гэсэн. Таны хувьд ямар шийд гаргасан бэ?

-Яамны сайдаар томилогдоод явж байгаа болохоор үндсэн цалингаа яамнаас авах байх. УИХ-ын гишүүний цалингаа авахгүй. Төрийн захиргааны албан хаагч ажил хавсарч гүйцэтгэж байгаа бол 40 хувийн нэмэгдэл авч ажилладаг Засгийн газрын тогтоол бий. Үүнд улс төрийн албан тушаалтан хамаардаггүй. Тиймээс би сайдынхаа цалинг авч ажиллана.

-Сайдын цалин хэдэн төгрөг байдаг юм бэ?

-УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн хоёрын цалин адилхан. Сард 1.4 сая төгрөгийн үндсэн цалин авч байгаа.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *