Хөдөлмөрийн сайд асан С.Чинзоригтой ярилцлаа.
-МАН-ын зургаан сайдыг сайн ажилласан гэдэг дүгнэлтийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт өгч байсан. Гэвч эвсээд үр дүн гараагүй хэмээн АН-ын Гүйцэтгэх зөвлөл үзсэнээр хамтын ажиллагааны гэрээгээ цуцалж байгаагаа мэдэгдсэн. Таны хувьд Хөдөлмөрийн сайдаар ажиллах хугацаандаа ямар ямар ажлуудыг хийж, ямар ажлуудын ард гарч чадалгүй огцорсон гэж үзэж байгаа вэ?
-МАН-ыг Засгийн газарт орж ажиллахыг Ардчилсан нам тэр дундаа Ерөнхий сайд өөрөө урьсан. Харамсалтай нь АН-ын удирдах дээд байгууллагын шийдвэр гарснаар МАН-ыг Засгаас гаргасан. МАН-ын сайд нар муу ажилласан, хариуцлагагүйгээс болж гарсан юм биш. Намуудын хооронд байгуулсан улс төрийн гэрээ цуцлагдаж, сайд нараа эргүүлэн татсан ийм л асуудал. Ер нь МАН Засагт орохдоо Төрийн албанд ажиллаж байсан дадлага туршлагатай гэсэн дөрвөн хүнээ парламентын гаднаас оруулж ирсэн. Энэ нь богино хугацаанд төрийн ажлыг амжуулахад дөхөмтэй байсан гэж ойлгож болно. Тэр утгаараа миний бие Хөдөлмөрийн сайдаар найман сарын хугацаанд ажиллахдаа хөдөлмөрийн салбарын хууль эрх зүйн орчинг бий болгоход анхаарч ажилласан.
Нэг зүйлийг шууд хэлэхэд өмнөх Засгийн газар 2.5 жилийн хугацаанд ажиллахдаа хөдөлмөрийн салбарын чиглэлд хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх тал дээр Их хуралд асуудал оруулан шийдүүлсэн зүйл байгаагүй. Тиймээс богино хугацаанд ч гэсэн хөдөлмөрийн салбарын хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгохтой холбоотой тулгамдсан асуудлыг шийдвэрлэх нь зөв гэсэн өнцгөөс асуудалд хандсан. Цаашид ажиллах хугацаа байсан бол гадаадаас ажиллах хүч авах, гадаадад ажиллах хүчин бэлтгэх асуудлыг боловсронгуй болгох, Хөдөлмөрлөлтийг дэмжих тухай хуулийг боловсронгуй болгох тал дээр анхаарч ажиллах байлаа.
-Гаднаас ажиллах хүч оруулж ирэх явдал нь бизнес болчихлоо гээд байгаа?
-Гадаадаас ажиллах хүч оруулах асуудал бизнес болчихсон гэдэг зүйл яригдаж байгаа. Тиймээс би Хөдөлмөрийн яаманд ирэнгүүтээ энэ асуудлыг судлаад тухайн компани гаднаас ажиллах хүч авсан бол гэрээ дууссан, хөрөнгө оруулалт орж ирээгүй гэдэг нэрээр ажиллах хүчний квотыг өөр байгууллагад өгдөг явдал нь бизнесийн гол суваг байна гэж үзсэн. Тиймээс өөрийнхөө байгууллагын нэр дээр ажиллах хүч аваад ажил нь дууссан бол бусдад шилжүүлэхийг хуулиар хориглосон. Ажиллах хүч авах гэж байгаа бол шинээр материалаа бүрдүүлээд ав гэж байгаа юм.
-Засгийн газарт хамтраад ажиллаж байхад бусад нам эвслийн бүлгүүдээс шахаа, хаалт зэрэг зүйлийг хийж байв уу?
-Кабинетад ажиллаж байхад хугацаа бага үлдсэн тул эдийн засгийн хямралыг даван туулах үүднээс иргэдийн орлогыг бууруулахгүй, ажлын байрыг цөөрүүлэхгүй, харин ч ажлын байрыг нэмэгдүүлэх үүднээс ажилласан. Засгийн газарт байхад бие биеэ ойлгохгүй, би, чи-дээ тулдаг асуудал байгаагүй. МАН-ын зургаан сайд хурал хаяж хаалга саваад гарч байсан удаа байхгүй. Үнэнийг хэлэхэд Засгийн газарт парламентын буюу улс төрийн дэмжлэг бага байсныг хэлэх хэрэгтэй. УИХ дахь АН-ын бүлэг Засгийн газрыг анхнаас нь дэмжээгүй.
-Танай намынхан ч гэсэн хамтарсан Засгийн газраа эсэргүүцсэн зүйлийг ярьдаг байсан шүү дээ?
-Манай намынхан дундаас Засгийн газраас орж ирсэн асуудлыг буцаагаад байсан зүйл байхгүй. Ганц нэг хувь гишүүн өөрийн итгэл үнэмшлээр асуудалд хандаж байсныг үгүйсгэхгүй. Нэгэнт өөрсдийн зургаан сайдыг оруулсан тул манай намын бүлэг дэмжээд явъя гэсэн. Хоёр намын хамтарсан гэрээг цуцалж Ардын намыг Засгаас гаргаж байгаа асуудал нь Засгийн газрын кабинетын зарчимтай холбоогүй. Нөгөө талаас Ардын намын сайд нар ажлаа хийж чадахгүй, хууль зөрчөөд байсан юм байхгүй. Ардчилсан намын улс төрийн шийдэл байсан. Цаашид улс төрийн намууд хэлсэн ярьсандаа байдаг улс төрийн соёлд суралцмаар байна. АН-ынхан гэрээгээ цуцлах асуудал яривал яах юм гээд нэг талын санаачилгаар гэрээг цуцлахгүй гэж гэрээнд тусгаж өгсөн. Гэтэл харамсалтай нь АН өөрсдийн санаачилгаар гэрээг цуцалсан. Энэ нь улс төрийн намд соёл гээч нь дутагдаж байгааг харуулж байгаа хэлбэр.
Эдийн засаг ийм хүнд байгаа үед нийгэмд ойлголцол бий болгох нь чухал гэж үзээд Засгийн газарт орох саналыг би хүлээж авч байсан. Тогтвортой байдлыг хангаж байж, зөвшилцлийг бий болгосноор эдийн засгийн хүндрэлээс богино хугацаанд хохирол багатай гарах байлаа. Нийгэмд зөвшилцлийг бий болгож чадахгүй бол эдийн засгийн хүндрэл улам даамжирна.
-МАН-ын зургаан сайд сонгууль хүртэл ажиллах сонирхолтой байсан гэж ойлгож болох уу?
-Засагт хэн орж ажиллах вэ гэдэг чинь хувь хүний асуудал биш. Намын улс төрийн шийдэл. Нэг хүний хүсэл сонирхлоос үл хамаараад намын улс төрийн шийдэл явж байгаа тул тэгж ажиллах байсан юм, тийм хугацаагаар ажиллах байсан гэсэн хүсэл байсан гэхэд хэцүү.
Богино хугацаанд хийж хэрэгжүүлье гэсэн ажлуудаа бүгдийг нь хийж чадаагүйд хувь хүний талаас жаахан харамсах зүйл байсан.
-Урин дулааны цагт барилга дээр ажиллаж байгаа иргэд осол аваарт өртөж тэр бүү хэл дэргэдүүр нь яваа хүмүүс амь насаа алдсаар байна. Энэ тал дээр арга хэмжээ авсан юм уу?
-Ялангуяа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хувьд бодлогыг нь цэгцэлж боловсруулах шаардлагатай байгаа. Ажлын байран дээрээ ажиллаж байгаа хүн янз бүрийн осолд орж амь насаа алдахын зэрэгцээ баригдаж буй барилгын гадуур явж байгаа жирийн иргэний дээрээс төмөр гэх мэт зүйлс унаж амь насаа алдах байдал нэмэгдэх хандлагатай байна. Юуны өмнө үйлдвэрийн осол гаргаж буй ажил олгогч нарын хариуцлагыг чангатгах талын хуульд өөрчлөлт орууллаа.
Үйлдвэрлэлийн ажлын байран дээрээ байгаа ажилтан үйлдвэрлэлийн осолд өртөн хөдөлмөрийн чадвараа алдахаас гадна баригдаж буй барилгын орчимд явж буй иргэний дээрээс кран унах ч байдаг юм уу ямар нэгэн байдлаар эрүүл мэндэд нь хохирол учраад байгаа хэдий ч хэн ч хариуцлага хүлээхгүй байгаа. Тэгвэл бидний оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр үйлдвэрлэлийн гаднах талбайн орчимд осол гарвал тухайн ажил олгогч хариуцдаг байхаар тусгаж өгсөн.
-Гэхдээ барилга барьж буй компани дам дамаа туслан гүйцэтгэгч компаниуд оруулдаг. Тэр ч утгаараа осол гарвал хариуцлагаас мултрахын тулд бие бие рүүгээ тохдог байдал бий шүү дээ?
-Энэ яах аргагүй үнэн. Нэг барилга болон үйлдвэрлэл, үйлчилгээ явуулахад түүнд оролцогч компани олон болсон. Нэг барилга бариуллаа гэхэд ерөнхий захиалагч гээд нэг субъект байхад ерөнхий гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгч гээд явдаг.
Тиймээс энэ олон субъектын хэн нь үйлдвэрлэлийн ослын үед хариуцлага хүлээх вэ гэдэг нь оновчтой биш тул гол эзэд нь хариуцлагаас бултдаг байлаа. Ийм тохиолдолд хөрөнгө мөнгө багатай туслан гүйцэтгэгч компани хариуцлага хүлээдэг байсан. Тийм болохоор уг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа захиалагч, ерөнхий гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгч нь ямар хариуцлага хүлээх вэ гэдгийг тодорхой болгосон.
-Хөдөлмөрийн хуульд өөрчлөлт оруулах гээд төслөө Их хуралд өргөн бариад хэлэлцэх эсэхийг дэмжчихсэн байгаа билүү?
-Хөдөлмөрийн хуулийн шинэчилсэн найруулгаар олон зүйлийг зохицуулж өгч байна. Ялангуяа хамрах хүрээг нь өргөжүүлж өгсөн. Өмнөх хуулиар хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан бол хөдөлмөрийн харилцаа үүссэн гэж үзээд маргаантай асуудлыг шийддэг байсан. Энэ нь нэг талаасаа маш олон ажиллагсдын эрх ашгийг хөнддөг тул зарим тохиолдолд шийдүүлж чадахгүй явдал их байсан юм. Учир нь манайхан туршилтын хугацаагаар ажилтан ажиллуулахдаа хөдөлмөрийн гэрээ байгуулдаггүй. Гэтэл маргаантай асуудал гарахаар хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй тул хөдөлмөрийн харилцаа үүсээгүй гэж үзээд зохицуулж чадахгүй явж ирсэн. Бидний оруулсан энэ хуулиар хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй ч гэсэн ажилтан ажиллуулж эхэлсэн бол хөдөлмөрийн хэв шинж үүссэн гэж үзээд маргаантай асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулахаар болсон. Ялангуяа албан бусаар ажиллаж буй ажилчид, малчидтай холбоотой маргаантай асуудлыг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой.
-Хөдөлмөрийн хуулиар өмнө нь зохицуулагдаж чадахгүй байсан ямар асуудлуудыг оруулж өгсөн юм бэ?
-Уул уурхайн салбар хөгжсөн, гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдсэнтэй холбоотойгоор өмнөх Хөдөлмөрийн хуулиар зохицуулагдаж чадахгүй олон харилцаа бий болчихоод байгаа юм. Уул уурхайн салбарт гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэж байгаатай холбоотойгоор гэрээсээ алслагдмал байдлаар ажиллаж буй ажилчдын ажил, амралтыг зохицуулахаар болсон. “Петро чайна дачин тамсаг” гэхэд ажилчдыг гэрээс нь алс хол 41 хоног ажиллуулаад 20 хоног амраадаг, зарим компаниуд 28 хоног ажиллуулаад 14 хоног амраадаг гээд нэг ижил зохицуулалтгүй явж ирсэн. Үүнээс болж залуус хамгийн их хохирсон.
-Тэгвэл ажил амралтын хугацаа нь ямар байх вэ?
-Гэрээсээ алслагдмал байдлаар ажиллаж буй хүмүүс 21 хоног ажиллаад 10 хоног амардаг байхаар тусгагдсан. Зарим компаниуд ажил олгогч атлаа ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулж, ажилтныг ажилд авах асуудлыг шууд гүйцэтгэхгүй хөндлөнгийн буюу хүний нөөцийн үйлчилгээ үзүүлдэг компаниудтай гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлж байгаа харилцаа бий болж. Гэтэл үүнийг одоогийн хуулиар мөн л зохицуулж чадахгүй байгаа.
Тэгвэл өргөн баригдсан хуулиар гэрээний үндсэн дээр хүний нөөцийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудыг гэрээний үндсэн дээр түр ажлын байрны 30 хүртэлх хувийг гүйцэтгэж болно гэж хуулиар зохицуулж өгсөн. Одоогийн мөрдөгдөж буй Хөдөлмөрийн хуульд нэг дутагдалтай асуудал байгаа нь хөдөлмөрийн түвшинтэйгээ цалин хөлс нь уялдахгүй байгаа явдал юм.
-Оюутнууд хичээлийн чөлөөт цагаараа ажил хийдэг. Уг асуудлыг хуульд зохицуулж өгсөн үү?
-Оюутнуудын хувьд хичээлийн хажуугаар богино цагаар ажиллах зайлшгүй шаардлага байдаг. Тиймээс оюутан, залуучуудын ажлын цагийг зохицуулах журам орж ирж байгаа. Ямартай ч сурахад нь саад болохгүйгээр өдөрт дөрвөн цаг ажиллахыг зөвшөөрч байгаа юм.
-Цалин хөлс нь яаж тогтоогдох юм бол?
-Хэвийн цагаар ажиллаж буй ажилтнуудын нэг өдрийн цалингийн нэг цагийн цалинтай тэнцүү байхаар хуульчилж өгч байна. Тухайн оюутан өдөрт хэчнээн цаг ажилласан байна түүнийг нь олгодог байхаар зохицуулж өгсөн.
-Хөдөлмөрийн маргааны асуудлаас болж шүүх цагдаагаар явдаг тохиолдол цөөнгүй гардаг. Энэ бүхэн Хөдөлмөрийн хуульд яаж туссан юм бэ?
-Хөдөлмөрийн маргаантай асуудлыг зөвхөн шүүхийн журмаар шийддэг. Үүнд маш их хугацаа шаарддаг. Ер нь зургаан сараас хоёр жилийн хугацаанд шүүхээр явж байж шийдэгддэг. Тиймээс энэ хугацаанд ажилтан маш ихээр хохирч байгаа юм. Тийм болохоор хөдөлмөрийн маргаантай асуудлыг аль болох шүүхийн журмаар шийдэхгүйгээр гурван талт механизм дээрээ ярьж ойлголцдог зохицуулалт хийж өгч байна. Гэхдээ шүүхэд хандах эрх нь ажилтанд нээлттэй хэвээр үлдэж байгааг хэлэх нь зөв байх. Хаврын чуулганаар Хөдөлмөрийн хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдсэн тул дараагийн сайд нь намрын чуулганаар хэлэлцүүлж батлуулах боломжтой.
-Мэргэжлийн боловсрол сургалтын тухай хууль гээд нэг хууль яригдаад байгаа. Тэр нь ямар учиртай юм бэ?
-Мэргэжлийн боловсрол сургалтын тухай хуулийн төслийг БСШУЯ, Хууль зүйн яамтай хамтраад боловсруулаад Засгийн газарт өргөн барьсан. Удахгүй Засгийн газар хэлэлцээд явах байх. Өнөөдөр ажилгүйчүүдийн нэлээд хувийг дээд боловсролтой хүмүүс эзэлж байна. Гэтэл МСҮТ-д сураад ур чадвар эзэмшсэн залуус ажилгүйчүүдийн эгнээнд элсээд байгаа. Тэгэхээр өнөөдөр дээд боловсрол болон мэргэжлийн боловсрол эзэмшсэн залуучууд эрэлттэйгээ нийцэхгүй байгааг харуулж байгаа юм. Тиймээс бидний энэ хуулиар МСҮТ-д сураад ур чадвар эзэмших хүүхдүүдийн элсэлтийг авахдаа эрэлттэй байгаа мэргэжлийн судалгаанд үндэслэн элсэлт авдаг байхаар тусгалаа.
МСҮТ-д сурч байгаа оюутнууд тодорхой хэмжээний ажил үйлчилгээ явуулаад орлого олох боломжтой. Үүнийг нь бид нээж өгөх ёстой. Хөдөлмөрийн үнэ цэнийг мэдрүүлэх үүднээс хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай. МСҮТ-д 2.5 жил суралцаад инженерийн боловсролтой болсон залуус мэргэжлээрээ 2-3 жил ажиллачихвал мэргэжлийн их, дээд сургуульд элсэн суралцахад заавал нэгдүгээр курсээс оруулдаг байдлыг больё гэж байгаа юм. Тухайн инженерийн сурч мэдсэн боловсролыг тухайн сургуулийн хөтөлбөртэй дүйцүүлээд тухайн курст нь оруулдаг болох юм.
-Нэг хэсэг олны анхаарлын төвд ороод байсан зүйл бол төрийн албанд ажиллаж байгаад тэтгэвэрт гарахад нь хэдэн сарын тэтгэмжийг олгох вэ гэдэг асуудал байсан. Энэ бүхэн тодорхой болсон уу?
-Төрд ажилласан төрийн албан хаагчдад тэгш шударга хандах ёстой. Энэ хүрээнд төрийн захиргаанд жинхэнэ албан хаагчаар ажилласан хүнд нэг удаагийн буцалтгүй тусламжийг ажилласан жилээс нь үл хамаараад тэгшитгэж оруулъя гэж Ерөнхий сайд хэлсэн. Засгийн газрын хуралдаан дээр ярьж байгаад төрд ажилласан хүмүүстээ шударга хандах үүднээс төрийн албанд хэдий хэмжээний хугацаагаар ажилласан байна тэр жилтэйгээ тэнцүү сарын тэтгэмжийг олгодог байх нь хамгийн шударга гэж үзэн төрийн захиргааны жинхэнэ албан хаагчдад буцалтгүй тусламж олгодог журмыг Засгийн газрын хуралдаанаар батлуулж чадсан. Үндсэндээ эрүүл мэнд, боловсролын салбарын байгууллагуудад ч гэсэн буцалтгүй тусламж олгодог зарчим үйлчлээд явж байна. Төрдөө зүтгэсэн хүндээ төрийн зүгээс тэгш шударга хандаж байгаа нэг бодлого юм. Одоогийн хуулиар 8-84 мянган төгрөгийг хүн амын орлогын албан татварт төлж байгаа. Засгийн газрын дэмжсэн хуулиар 207 мянган төгрөг хүртэлх орлогыг хувь хүний орлогын албан татвараас чөлөөлнө. Ингэж чадвал хөдөлмөрийн зах зээлд ажиллаж байгаа 1.1 сая хүний орлого тэр хэмжээгээр нэмэгдэнэ. Хөнгөлөлт чөлөөлөлтийг 207 мянган төгрөг болж нэмэгдүүлснээр тухайн хүний гар дээр 12 мянган төгрөг бодит орлого болж үлдэхээр байгаа.
Э.ЭНХБОЛД
One reply on “С.Чинзориг: Хугацаа богино байсан учраас төлөвлөсөн ажлуудаа бүгдийг хийж амжсангүй”
Арматура диаметром 32 мм, изготовленная из стали марки А500С, является одним из самых востребованных видов металлопроката в строительстве. Она применяется при возведении фундаментов, армировании стен и перемычек. https://armatura32.ru