Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

С.Чинзориг: АХБ-ны зөвлөх үйлчилгээний материалыг манай залуучууд аваад хууль болгочихоод байгаа юм

УИХ-ын гишүүн С.Чинзоригтой ярилцлаа.


-Хувийн тэтгэврийн тухай хуулийн төслийн ач холбогдлыг та юу гэж харж байна вэ?

-Манай Улсад мөрдөгдөж байгаа одоогийн хууль 1995 онд батлагдсан. Түүнээс хойш 25 жилийн турш хэрэгжиж байна. Өмнө нь шинэчилсэн найруулгаар өөрчлөлт орж байгаагүй ч нэмэлт өөрчлөлт хэд хэдэн удаа орсон. Ер нь дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлагыг харахад Хувийн тэтгэврийн тогтолцоог бусад хөгжсөн орнуудад ч нэвтрүүлсэн. Тэтгэврийн шинэчлэл хийе. Тэр дундаа Хувийн тэтгэврийн тогтолцоог нэвтрүүлье гэсэн байр суурьтай байдаг. Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байхдаа буюу өнгөрсөн гуравдугаар сард тэтгэврийн шинэчлэлийг хийх ажлын хүрээнд Хувийн тэтгэврийн тогтолцоог оруулж ирэх хуулийн төслийн үзэл баримтлалыг батлуулж, бэлэн болгосон ч УИХ-д өргөн барьж амжилгүй засаг солигдсон.

Хувийн тэтгэврийн тогтолцооны хуулийн заримыг дэмжиж байгаа. Гэхдээ хэлэлцэх цаг нь болсон эсэх нь эргэлзээтэй байна. Ер нь аливаа тогтолцоо, шинэчлэлтэй холбоотой асуудлыг хувь гишүүн бус мэргэжлийн яам, Засгийн газраас өргөн барьж хэлэлцүүлэх нь илүү зөв гэж боддог. Тиймээс тэтгэврийн шинэчлэлийн асуудалтай уялдуулах хэрэгтэй.

Манайд хуваарилалтын тогтолцоотой хууль хэрэгжиж байна. Тэтгэврийн шинэчлэлийг хийвэл хуваарилалтын тогтолцоо хэвээрээ байх уу, эсвэл хуримтлалын тогтолцоонд шилжих үү, хагас хуримтлалын тогтолцоог сонгох уу, бүрэн хуримтлалын тогтолцоонд шилжих үү.

Цаашлаад Хувийн тэтгэврийн тогтолцоог оруулж ирэх үү. Тэгвэл нэмэлт даатгалын хэлбэрээр байх уу, гишүүдийн өргөн бариад байгаа шиг албан журмын, хуримтлалын байх зэрэг тогтолцоотой холбоотой олон шийдэх асуудал байна. Тиймээс тэтгэврийн асуудлыг цогцоор нь харахгүй бол Хувийн тэтгэврийн, албан журмын тогтолцоо л хэрэгтэй байна гэхээр маргаан дагуулаад байгаа юм. Хууль санаачлах эрхтэй үндсэн субьект бол УИХ, Ерөнхийлөгч, Засгийн газар.

УИХ, Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийг тодорхой эрхээр хязгаарлана гэсэн зохицуулалтыг Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд оруулсан. Үүний учир нь татвар, нийгмийн даатгал гэдэг ч юм уу томоохон шинэчлэл, тогтолцоотой холбоотой асуудлыг Засгийн газар, мэргэжлийн яам нь хийж байх ёстой гэсэн агуулгаар оруулсан. Тиймээс хувийн тэтгэврийн тогтолцоог дангаар нь хэлэлцээд явах боломжгүй гэж үзэж байна.

-Хувийн тэтгэврийн тогтолцоог нэвтрүүлэхдээ хуримтлалын сан бий болгоно гэж хууль санаачлагчид мэдэгдсэн. Үүнд “Ашиг сонирхлын зөрчил үүсч байна” гэж зарим гишүүд чуулганы хурлаар ярьж байсан. Учир нь юу вэ?

-Нэр бүхий гишүүдийн өргөн барьсан Хувийн тэтгэврийн тухай хуулиар тэтгэврийн даатгал нь ажил олгогчийн төлж буй хоёр хувь, ажилтны төлж байгаа хоёр хувь гээд нийт дөрвөн хувийг Хувийн тэтгэврийн санд төвлөрүүлж санхүү, арилжааны, даатгалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд үүнийг нь арвижуулах харилцааг зохицуулна гэсэн агуулгатай хууль өргөн барьсан байгаа юм. Тэтгэврийн даатгалын шимтгэлийн дөрвөн хувиар хувийн тэтгэврийн тогтолцоог бий болгож байна гээд хуримтлалын санд шилжүүлбэл одоогоор миний тооцоолсноор жилд 350 тэрбум төгрөгөөс доошгүй хөрөнгө хувийн тэтгэврийн санд төвлөрөх нь. Бид сард 100 орчим тэрбум төгрөгийн эх үүсвэр гаргаж байж одоогийн тэтгэвэр авагчдын тэтгэврийг олгодог. Гэтэл 350 тэрбум төгрөгийг хувийн тэтгэврийн санд төвлөрүүлж хуримтлал бий болгоно гэвэл одоогийн тэтгэвэр авагчдынхаа тэтгэврийг нэмэгдүүлэх нь битгий хэл, цаг хугацаанд нь тэтгэврээ тогтмол тавьж чадахгүй байх эрсдэл үүсчих асуудал байна. Хувийн тэтгэврийн даатгалын тогтолцоог бий болгож болно. Гэхдээ одоогийн мөрдөгдөж байгаа тэтгэврийн даатгалын тогтолцоог эвдэж болохгүй гэсэн зарчмын байр суурьтай байна.

Нөгөө талаас Хувийн тэтгэврийн санд төвлөрч байгаа мөнгийг хэн арвижуулж, хуримтлал бий болгох вэ гэхээр санхүүгийн байгууллагууд байхаар зохицуулсан юм байна лээ. Тиймээс энэ нь тодорхой хэмжээгээр санхүү даатгалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын эрх ашиг, ард нь нуугдаж байна гэх зарим гишүүдийн хардлагыг үгүйсгэж болохгүй байна.

-Хуулийн төслийн учир дутагдалтай тал нь юу байна. Үүнээс гадна энэхүү хуулийн төсөл өнөөгийн тэтгэвэр авч байгаа ахмадуудад хамаарах уу?

-Хувийн тэтгэврийн хуульд учир дутагдалтай хэд хэдэн асуудал бий. Нэгдүгээрт, одоогийн тэтгэвэр авагчдад хувийн тэтгэврийн даатгалын тухай хууль хамаарахгүй. Өөрөөр хэлбэл, шимтгэл төлж байгаа иргэдэд хамаарах зохицуулалт оруулсан учраас тэтгэвэрт гарсан иргэдийн тэтгэврийг нэмэгдүүлэх асуудал энэ хуулийн төслөөр үйлчлэхгүй.

Хоёрдугаарт, тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлэх ёстой гэсэн шаардлагыг тавих нь ихэссэн. Өнөөдөр тэтгэвэр авч байгаа иргэдэд үйлчлэх учраас одоогийн тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлэхэд энэ хууль үйлчлэхгүй. Энэхүү хуулийн төсөлд болгоомжтой хандах хэд хэдэн зүйл байна. Одоогийн мөрдөгдөж байгаа Тэтгэврийн тухай хуулиар 20-иос доошгүй жил шимтгэл төлсөн иргэн цалин хөлснийхөө 45 хувиар тэтгэврээ тогтоолгох, 20-иос дээш жил шимтгэл төлсөн бол 45 хувь дээр нэмэгдэж 20-иос хойших жил тутамд нь 1.5 хувийн нэмэгдэл бодогддог. Тиймээс Хувийн тэтгэврийн даатгалын хуулийг үзэхээр 20, 30 жилийн дараа тэтгэвэр яаж бодогдож олгох аргачлал болоод ямар хэмжээнд тэтгэвэр авах вэ гэдэг нь тодорхойгүй байна. Хоёрдугаарт, одоогийн тэтгэврийн тухай хуулиар зөвхөн өндөр настан тэтгэвэр авдаггүй. Хөдөлмөрийн чадвараа алдсан бол тахир дутуугийн тэтгэвэр, тэжээгч нь нас барьсан бол тэжээгчээ алдсаны тэтгэвэр авдаг. Хувийн тэтгэврийн тухай хуулийг харахаар тахир дутуугийн тэтгэвэр авах харилцааг зохицуулсан зүйл байхгүй байна. Тэжээгчээ алдсаны тэтгэврийг авах асуудлыг зохицуулсан зүйл байхгүй байна. Ерөөсөө 20, 30 жилийн дараа өндөр тэтгэвэр авах юм шиг л учир дутагдалтай зүйлүүд байна гэж харж байна.

Одоо үйлчилж байгаа Нийгмийн даатгалын хуулиар эрсдэлийг Засгийн газар хариуцаж явдаг. Хувийн тэтгэврийн даатгалын тухай хуулиар эрсдэлийг хэн хариуцах вэ гэсэн зохицуулалтууд байхгүй байна. Нөгөө талаас нийгмийн даатгалын тухай хуулиар нийгмийн тэтгэвэр тэтгэмжийг олгохтой холбоотой харилцааг хуулиар нарийн (хатуу) зохицуулж өгсөн байдаг. Хувийн тэтгэврийн тухай хуулийг харахаар тэтгэвэр бодохтой холбоотой харилцааг зөвхөн Санхүүгийн зохицуулах хорооноос гаргасан журмаар зохицуулна гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл, тэтгэврийн олгохдоо харилцааг зохицуулж байгаа хууль эрх зүйн чадамжийг нэлээн бууруулсан гэж харж байна. Энэ мэт учир дутагдалтай асуудал байна. Нөгөө талаас тэтгэврийн шинэчлэлтэй уялдуулах шаардлагатай, одоогийн мөрдөгдөж байгаа тэтгэврийн тогтолцоог эвдэж болохгүй гэсэн зарчмын байр суурьтай байгаас учраас дангаар нь хэлэлцэх боломжгүй гэж үзээд байгаа юм.

-Сайд байхдаа боловсруулсан хуульд одоогийн тогтолцоог эвдэлгүй Хувийн тэтгэврийн тухай хуулийг яаж шингээж оруулсан бэ. Сая дурдсан учир дутагдалтай асуудлыг яаж зохицуулсан бэ?

-ХНХЯ-наас боловсруулж бэлэн болгосон Тэтгэврийн тухай шинэчлэлийн хуулиар олон давхаргад тэтгэврийн тогтолцоонд оруулахаар хуулийг боловсруулсан. Өөрөөр хэлбэл, өндөр настан ахмад болсныхоо хувьд хүн бүр гарааны тэтгэвэр авна. Хэдэн жил ажилласнаас үл хамаарч хүн бүрт ижил хэмжээний суурь тэтгэвэр олгоно гэсэн үг. Энэ нь тухайн хүний ажилласан жилээс үл хамаарч өндөр настан болсон тохиолдолд төрөөс анхаарч суурь тэтгэвэр олгож байгаа юм.

Хоёр дахь үе шат нь өөрийн улсад ажилласан жил, авч байсан цалин төлсөн шимтгэлээс үл хамаарч одоогийн авч байгаа тэтгэврээ авна гэсэн үг. Гурав дахь давхарга нь, хувийн тэтгэврийн тогтолцоо. Хувийн тэтгэврийн тогтолцоог оруулахдаа бид нэмэлт тэтгэврийн тогтолцоо хэлбэрээр оруулах нь зүйтэй гэсэн гурван үе шаттай Тэтгэврийн шинэчлэлийн хуулийг боловсруулж бэлэн болгосон. Сая сайд солигдсон учраас үзэл баримтлалыг шинээр батлуулъя гээд Хууль зүйн яамнаас санал авахаар явуулсан байна. Ингээд хугацаа жаахан хойшилсон байна лээ. Тиймээс энэ хуулийг Тэтгэврийн шинэчлэлийн тухай хуультай хамтатгаад ярья. Авах юмыг нь аваад авъя гэсэн бодолтой байгаа юм.

УИХ-ын гишүүн Н.Учрал тэргүүтэй гишүүд чуулганы хурлаар “Тогтолцоотой холбоотой асуудал нь зөрж байгаа юм. Өөр асуудалтай зүйл байхгүй” гэж хэлж харагдсан. Энэ нь ямар учиртай юм бэ гэхээр намайг сайдаар ажиллаж байх үед “Бид тэтгэврийн шинэчлэл хийх гэж байгаа юм. Тэтгэврийн шинэчлэл хийвэл тогтолцоо нь ямар байх юм бэ. Энд зөвлөх үйлчилгээ үзүүлнэ үү” гэж Азийн хөгжлийн банкинд санал хүргүүлсэн. Өөрөөр хэлбэл, “Хувийн тэтгэврийг тогтолцоог оруулах шаардлагатай байна. Хувийн тэтгэврийн тогтолцоог Монголд нэвтрүүлбэл ямар тогтолцоо нь илүү оновчтой байх талаар дотоод, гадаадын баг авч ажиллуулж, зөвлөх үйлчилгээ үзүүлээч” гэсэн санал хүргүүлсэн. Үүний дагуу АХБ зөвлөх үйлчилгээ үзүүлсэн. Зөвлөх үйлчилгээний материалыг нь манай залуучууд аваад хууль болгочихоод байгаа юм. АХБ-наас манайд зөвлөхдөө “Танайд хувийн тэтгэврийн тогтолцоог нэмэлт даатгалын хэлбэрээр хийвэл оновчтой байна гэсэн зөвлөмжийг өгсөн. Түүнийг нь өөрчилж албан журмын, хуримтлалын тогтолцоо хэлбэрээр болгож оруулж ирсэн байна лээ. Тогтолцоог нь өөрчилчихсөн болохоос манайд өгсөн бусад зөвлөгөөнүүд нь хэвээр байгаа юм. Тиймээс тогтолцооноос бусад зүйл нь зөрөхгүй гэж яриад байгаа нь ийм учиртай.

-АН-аас ахмадуудын тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөг болгоно гэж мэдээлсэн. Боломжтой юу?

-Хэвлэл мэдээллийн хэрэгслээс харсан. Гэхдээ албан ёсоор Ерөнхийлөгчийн зүгээс ч юм уу, АН-ын гишүүдээс тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөгт хүргэх хуулийн төслийг одоогоор УИХ-д өргөн бариагүй байна. Одоогийн мөрдөж байгаагаа хуулиар тэтгэврийг жил тутам индексжүүлэн нэмэгдүүлж байна гэсэн хуультай. Үүний дагуу Засгийн газар инфляцийн түвшинтэй уялдуулж тэтгэврийг жил бүр нэмж ирсэн. Бүрэн тэтгэврийн доод хэмжээ одоогоор 350 мянган төгрөг байна. Гэхдээ бүрэн тэтгэврийн доод хэмжээ бага байна, үүнийг нэмэгдүүлэх ёстой гэсэн шаардлага зүй ёсных гэж миний зүгээс үздэг. Гэхдээ нэг удаагийн арга хэмжээгээр тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөгт хүргэчих боломжгүй. Хоёр учир шалтгаан байна. Нэгдүгээрт, нэг удаагийн арга хэмжээгээр тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөгт хүргэвэл улсын төсөвт 450-500 орчим тэрбум төгрөгийн нэмэлт ачаалал ирнэ гэсэн тооцоо бий. Тиймээс төсөв санхүүгийн хязгаарлагдмал байдалтай үед 500 мянга болгох санхүүгийн боломж байх уу, үгүй юү гэдэг асуудал нэг талаас гарна. Нөгөө талаас тэтгэвэр бодуулж авна гэдэг нь улсад ажилласан жил, авч байсан цалин, шимтгэл төлсөн хугацаанаас тэтгэврээ бодуулж авдаг. Гэтэл хүн бүрийн тэтгэврийг 500 мянган төгрөг болгочихвол тэтгэвэр бодох үндсэн зарчим алдагдана. Нөгөө талаас тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөгт хүргэвэл өнөөдөр 350-500 мянган төгрөгийн хооронд тэтгэвэр авч байгаа иргэдийн тэтгэврийг дахин нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай болно.

Ингээд нэмэлтээр ихээхэн хөрөнгө шаардагдана. Учир нь 350 мянган төгрөгийн тэтгэврийг 500 мянга болгочихвол 350-500 мянган төгрөгийн хооронд тэтгэвэр авч байсан иргэдийн тэтгэвэр адилхан болж, хөдөлмөрийн үнэлэмжийг байхгүй болгох аюултай. Ийм хоёр асуудал тулгарч байгаа учраас нэг удаагийн арга хэмжээгээр 500 мянган төгрөг болгож болохгүй гэсэн байр суурьтай байна.

Сүүлийн жилүүдэд барааны үнэ ханш өсч байна. Инфляци ч тэр хэрээр өндөр байна. Нөгөө талаас Засгийн газраас авч байгаа арга хэмжээний үр дүн нь хувийн хэвшил болоод төрийн албан хаагчдын цалин сүүлийн жилүүдэд багагүй хэмжээгээр нэмэгдсэн. Үүнийг дагаад тэтгэвэрт гарч байгаа оноос хамаарч ижил хэмжээний ажил, албан тушаал хашиж байсан иргэдийн хооронд тэтгэврийн зөрүү гарна. Тиймээс тэтгэврийн итгэлцүүрийг хэрэглэх замаар тэтгэврийн зөрүүг арилгах арга хэмжээ авах нь чухал гэж бодож байна. Ер нь тэтгэврийн зөрүү гэдэг нь хүн бүрийн тэтгэврийг ижил, нэг түвшинд аваачина гэсэн үг биш. Тэтгэвэрт гарч байгаа хугацаанаас үл хамаарч ижил албан тушаал хашиж байсан иргэдийн тэтгэвэр, тэтгэвэрт гарсан хугацаанаас үл хамаарч ойролцоо түвшинд хүргэх асуудлыг тэтгэврийн зөрүү гэж яриад байгаа юм. Тиймээс тэтгэврийн зөрүүг арилгах бодлого хэрэгжүүлэх нь илүү оновчтой гэсэн үзэж байна.

-Нийгмийн халамж хавтгайрлаа гэж их ярих боллоо. Таныг сайдаар ажиллаж байх үед ямар байсан бэ. Гишүүдийн хэлж байгаа шиг нэг сумын иргэдийн 90 хувь нь нийгмийн халамжид хамрагдаж, ажил хийхгүй амьдраад байна уу?

-Энэ салбарт би олон жил ажиллаж байгаа хүний хувьд нийгмийн халамж хавтгайрсан гэж үздэггүй. Харин хүн амын өсөлтийг дэмжсэн, хүн амын бодлогын зарим асуудлыг Хүн амын бодлогыг дэмжсэн зохицуулалт гэж тусад нь хуулиар зохицуулах хэрэгтэй. Тэгвэл хүүхдийн мөнгө, насны хишиг, хүүхдээ хоёр нас хүртэл нь хардаг ээжүүдэд олгодог тэтгэмжтэй холбоотой асуудлуудыг тусад нь хуулиар зохицуулдаг болох хэрэгтэй. Хүн амын өсөлт, төрөлтийг дэмжсэн бодлого, халамжийн бодлого хоёрыг нэг хуулиар зохицуулж байгаа учраас нийтэд нь халамжийн бодлого гэж яриад байна. Ийм ойлголтын зөрүүтэй асуудал байна.

Хоёрдугаарт, Үндэсний статистикийн газар, Дэлхийн банкнаас 2017 онд хийсэн судалгаагаар Монгол Улсын гурван сая хүн амын 29 хувь нь буюу 1/3 гуравны нэг нь ядуу байна гэсэн судалгаа гарсан. Ядуу амьдарч байгаа нэг сая хүний ядуурлын түвшинг доош нь унагачихгүй байхад муу хэлэгдээд байгаа халамжийн бодлого том хувь нэмэр оруулж байна. Халамжийн бодлого ядуурлыг бууруулах бодлого биш. Энэ бол ядуу байгаа амьжиргааны түвшин доогуур иргэдийг бүр доод түвшинд оруулчихгүй, тогтоон барьж байгаа төрийн том бодлого гэж үзэж байна. Дотор нь халамжийн зарим нэр төрлийн давхардлыг арилгах арга хэмжээ авах хэрэгтэй. Нөгөө талаас зорилтот бүлэг рүү чиглүүлэхэд авч үзэх асуудал ч бий. Халамжийн сангаас олгож байгаа тэтгэвэр тэтгэмжийн хэмжээ нь нийт дүнгээрээ том дүн харагдаад байгаа атлаа нэг хүнд өгч байгаа тэтгэвэр тэтгэмжийн хэмжээ нь бага шүү дээ. Үндэсний статистикийн газраас гаргасан амьжиргааны доод түвшинг харахаар 230 мянган төгрөг байна. Гэтэл Халамжийн сангаас олгодог халамжийн тэтгэвэр нь 188 мянган төгрөг байна. Амьжиргааны түвшнээс доогуур хэмжээний тэтгэвэр тэтгэмж өгчихөөд халамж хавтгайрлаа, халамж их байна гэж ярих нь тийм ч оновчтой биш.

Өмнөх Засгийн газарт ажиллаж байхад Ерөнхий сайд У.Хүрэлсүх халамжийн бодлогыг маш сайн ойлгосны хүчинд 2019 онд халамжийн тэтгэмжийг анх удаагаа амьжиргааны түвшинд хүргэж нэмэгдүүлж байсан юм. 2020 оны амьжиргааны түвшин шинэчлэгдчихээр буцаад доогуур түвшинд орчихоод байгаа юм. Цаашид халамжийн давхардлыг арилгаж зарим нэг хэсгийг зорилтот бүлэг рүү чиглүүлэх, ингэхдээ нэг хүнд оногдох тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг амьжиргаагаа хэвийн хэмжээнд авч явах тэр түвшинд хүргэж нэмэгдүүлэх шаардлага бий нь бий. Халамжийн бодлогод өөрчлөлт оруулснаар халамжийн сангаас хөрөнгө, мөнгө хэмнэхгүй. Учир нь амьжиргааны түвшнээс доогуур хэмжээний тэтгэвэр, тэтгэмж өгч байгаа учраас тэтгэмж өгч буй иргэдийнхээ амьдралыг хэвийн хэмжээнд авч явах зайлшгүй шаардлага байна. Иймээс халамжийн бодлогод өөрчлөлт оруулж, зорилтот бүлэгт чиглүүлж, давхардлыг нь арилгалаа ч гэсэн хөрөнгө мөнгөний хэмнэлт гарахгүй гэж харж байна.

Р.ХИШИГЖАРГАЛ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *