Categories
мэдээ улс-төр

С.Бямбацогт гишүүн шатахууны үнийн нэмэгдэлтэй холбоотой асуулга хүргүүлэв

ЗурагУИХ-ын гишүүн С.Бямбацогт шатахууны хомсдол бий болгож иргэдэд хүндрэл учруулж байгаа, хөдөө орон нутаг татварыг тэглэсэн атал шатахууны үнийг нэмж байгаад анхаарал хандуулж ажиллахыг хүсч Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд асуулга тавьжээ.

Тэрбээр асуулгадаа “Миний бие 2010 оноос хойш төвийн бүс болон алслагдсан бүс нутгийн бензин шатахууны үнийг ижил түвшинд байлгах асуудлаар удаа дараа асуулга тавьж, шахаж шаардсаны үр дүнд 2015 онд баруун хилээр орж ирж буй автобензин, дизелийн түлшний гаалийн болон онцгой албан татварыг чөлөөлж тус бүс нутгийн шатахууны үнэ литр тутамд 180-400 төгрөгөөр буурч Улаанбаатарын үнэтэй ойролцоо болж байсан. 2015 оноос хойш Цагааннуур, Ярант, Гашуунсухайт, Шивээхүрэн зэрэг баруун бүсийн боомтуудаар импортоор орж ирж байгаа автобензин, дизелийн түлшний татварт өөрчлөлт ороогүй, 0 хувийн татвартай байсан. Харин Сүхбаатар, Замын-Үүд, Алтанбулаг, Эрээнцав зэрэг төвийн болон, зүүн бүсийн боомтоор орж ирж байгаа автобензин, дизелийн түлшний татвар 2016 онд 3 удаа буурч, 2017 онд хоёр удаа нэмэгдсэн байна. Гэтэл татварын өөрчлөлт ороогүй баруун бүсэд шатахууны үнэ нэмэгдэж, төвийн бүстэй харьцуулахад үнийн зөрүү ихэссээр байна. Төрийн бодлогын залгамж чанар үргэлжлэх учиртай. Цаашид нефть бүтээгдэхүүний үнийг нэмэгдүүлэхгүй байх, улсын хэмжээнд ижил үнэтэй байлгах талаар дорвитой арга хэмжээ авахгүй бол эдийн засаг дөнгөж сэргэж байгаа энэ үед ард иргэдийн амьдралд хүнд дарамт болох нөхцөл үүслээ” гэсэн байна.

Мөн Монгол Улсад төр хүчтэй байгаа бол үндэслэлгүйгээр үнээ нэмж байгаа шатахуун импортлогчидтой хариуцлага тооцох, үндэслэлтэйгээр үнэ нэмж байгаа бол үр дүнтэй хамтран ажиллах, яаралтай хэлэлцээрт орох, гарц шийдэл олох шаардлагатай хэмээн онцолжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *