УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн нийслэлийн мандатыг дөрвөөр хумьж, нэг мандаттай Булган, Сүхбаатар, Дундговь аймаг, Багануур, Налайх дүүргийг нэг тойрог болгохоор МАН-ын бүлэг ярилцсан талаар УИХ-ын гишүүн С.Бямбацогт мэдэгдлээ.
Тэрбээр, “Энэ асуудлыг эцэслэн шийдээгүй байгаа. СЕХ-ны судалгааг үндэслэн УИХ хоёрдугаар сарын 1-нээс өмнө шийдэр гаргаж, мандат, тойргийн тоог тодорхой болгоно” гэв.
Харин УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдээс нийслэлийн тойргийг хумихаар ярилцаж байгаа асуудлыг тодрууллаа. Тэрбээр, “Сая баталсан Сонгуулийн тухай хуулиар, Мандатын тоог тогтоохдоо, газар нутгийн хэмжээ, хүн ам, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуваарийг харгалзана гэж зохицуулсан. Өөрөөр хэлбэл, их хүнтэй газар олон, цөөн хүнтэй газар цөөхөн мандаттай байна гэсэн хуучин зарчим байхгүй болсон. Монгол Улс тусгаар тогтносон улс. Газар нутаг бүрэн бүтэн байх ёстой. Алс хязгаар нутагт байгаа иргэдэд хөрөнгө оруулалт сайн байх тусам хүн суурьшина. Улаанбаатарт бөөгнөрөөд хил хязгаараа эзэнгүй хаях ёсгүй” хэмээсэн юм.
УИХ-ын 2020 оны сонгуулийн санал хураах өдрийг зургаадугаар сарын 24-нд зохион байгуулах хүсэлтээ СЕХ-ноос УИХ-д хүргүүлсэн байна. Хуульд санал авах өдрийг зургаадугаар сарын сүүлийн долоо хоногийн ням гарагт зохион байгуулахаар заасан байдаг. Санал болгосон дээрх хугацаа нь ажлын өдөртэй давхцаж байгаа тул бүх нийтийн амралтын өдөр болгон зохицуулж, иргэдийн санал өгөх боломжийг хангахаар болжээ.
УИХ-ын намрын чуулган хаахаас урьтаж буюу хоёрдугаар сарын 1-нээс өмнө УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн тойрог, мандатын асуудлыг эцэслэн батлах юм.