Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл улс-төр

С.Бямбацогт: Улс орон, бүс нутгийн хөгжлийн газрын зургаа томоор харж хөгжих цаг нь болсон DNN.mn

УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогттой цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Сар шинийн босгон дээр хоёулаа ярилцаж байна. Өнгөрсөн туулай жил танай салбарын хувьд ямар ахиц дэвшилттэй жил болов гэдгээс яриагаа эхэлье?

-Юуны өмнө “Хилэнт эх” хэмээх модон луу жилийн сар шинийн баярын мэндийг нийт ард иргэддээ өргөн дэвшүүлье. Улиран одож буй туулай жил Монгол Улсын хувьд эдийн засаг сэргэсэн, ажил хөдөлмөр буцалсан он жил байлаа гэж товчхондоо хэлмээр байна. Өнгөрсөн жил Монгол Улсын эдийн засаг долоон хувиар өслөө. Тэр дундаа улс орны эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх гол судас болсон Зам, тээврийн салбар 75 хувийн өсөлт үзүүллээ. Энэ мэт олон олон түүхэн дээд үзүүлэлт тогтоож чадсан бүтээмжтэй жил боллоо.

Товчхон дурдвал, бүх төрлийн тээврээр 110 сая тонн ачаа тээвэрлэлээ. Дэлхийн 42 улсын 115 цэг рүү нисэх боломжтой боллоо. Нислэгийн тийзний үнэ 2-3 дахин хямдарлаа. Орон нутгийн найман чиглэлд нислэг сэргэлээ. Гуравхан аймагт онгоц нисдэг байсан бол одоо есөн аймаг нислэгтэй боллоо. Улсын хэмжээнд 560 км хатуу хучилттай авто зам ашиглалтад хүлээн авлаа гэх мэт олон зүйлийг нэрлэж болохоор байна.

Намайг ажил хүлээж авч байх үе буюу 2022 онд 60 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж байсан УБТЗ энэ онд 70 тэрбум төгрөгийн ашигтай гарч байна. 75 жилийн түүхэндээ байхгүй их буюу 32 сая тонн ачаа тээвэрлэх хүлээлттэй байна. Төмөр замчдын цалин хөлс 15-аас 20 хувь нэмэгдлээ. Энэ бол манай салбарт ажиллаж буй 50 гаруй мянган ажилтан албан хаагчдын хамтын амжилт гэдгийг онцлон хэлье. Бид иймэрхүү амжилтаар луу жилтэй золгож байна.

-Зам, тээврийн салбар гэдэг улс орны эдийн засгийн өсөлтийн маш том суурь бүтэц. Тэр утгаараа таны удирдсан салбарын өсөлтүүдэд олон нийт ам сайтай байх шиг байна. Тухайлбал, авто замын салбарт өнгөрсөн жилүүдэд ямар томоохон ажил өрнөв?

-Зам дагаж хөгжил гэж ярьдаг. Бид юутай ч нийслэл Улаанбаатар хоттой Монгол орныхоо 21 аймгийг хатуу хучилтай авто замаар холбож дууссан. Одоо аймаг, орон нутгийн авто замуудын холболтын ажил үргэлжилж байна. Ирэх жил Завхан аймгийн Говь-Алтай аймагтай холбоно. Олон жил удааширсан УБ-Дархан чиглэлийн хоёр урсгал дөрвөн эгнээ авто замын хөдөлгөөнийг бүрэн нээлээ. “Шинэ сэргэлтийн таван цагариг” зорилт дэвшүүлж Монгол Улс урд хойд хөрш Ази Европыг холбосон авто замын босоо-5, хэвтээ-2 коридортой болохоор ажиллаж байна. Ингэснээр Монгол Улс бүх аймгийн төвүүдээ хооронд нь хатуу хучилттай авто замаар холбох Мянганы замын хоёр дахь довтолгоог эхлүүлж байна. Тухайлбал Хэнтийн Дадалаас Ховдын Булган, Дорнодын Халхголоос Баян-Өлгийн Цагааннуур хүртэл, Увс, Завхан, Хөвсгөл, Булган, Хэнтий, Дорнодоос БНХАУ руу, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь, Дорноговь, Сүхбаатараас ОХУ руу холбогдох авто замын долоон коридортой болох юм.

-Аймаг, хот хоорондын авто зам шинээр холбогдож байгаа нь сайн. Гэхдээ хуучин тавигдсан замуудын эвдрэл зарим хэсэгтээ аюултай болж ирсэн байна. Зам засварын ажилд салбар яам хэрхэн анхаарч байгаа вэ?

-Юуны өмнө энэ онд эвдрэлтэй замуудын их засварт эргэлт гаргана гэдгийг хэлье. Монгол Улс, Дэлхийн банкны Олон Улсын сэргээн босголт, хөгжлийн банк болон Олон улсын хөгжлийн ассоциацитай хамтран хэрэгжүүлэх “Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрийн төслийг УИХ-д өргөн барьсан. Зээлийн хэлэлцээрийг УИХ-аар соёрхон баталснаар Дундговь, Хэнтий, Дорнод, Өвөрхангай, Баянонгор, Архангай, Булган, Хөвсгөл зэрэг аймгийн хамгийн их эвдрэлтэй нийт 361 км улсын чанартай автозамын ээлжит болон их засварын ажлыг 77 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар хийх боломж бүрдсэн. Мөн Хэнтий аймгийн Хэрлэн гол, Өвөрхангай аймгийн Орхон гол, Архангай аймгийн Тамир, Гичгэн, Хануй, Бэлх, Төв аймгийн Лүн, Түргэний төмөр бетон гүүрийн засварын ажлыг 4.2 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар хийхээр төлөвлөөд байна. Түүнчлэн “Нутгийн зам төсөл”-д орсон сумдыг хатуу хучилттай авто замаар холбох ажилд 16.9 сая ам.долларын хөрөнгө оруулахаар төлөвлөсөн байгаа. Төслийг Дэлхийн банкны Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банкнаас олгох 100 сая ам.доллар, Олон улсын хөгжлийн ассоциациас олгох 7.3 сая зээлжих тусгай эрх буюу нийт 110.0 сая ам.долларын санхүүжилтээр хэрэгжүүлэх юм.

-Иргэд машинтайгаа урд хөршид зорчих асуудал ямар түвшинд явж байна вэ?

-БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Мюнжантай саяхан уулзсан. Уулзалтын үеэр дараах тодорхой асуудлуудын хүрээнд ярилцлаа. Тухайлбал, ОХУ-Монгол-Хятад гурван улсын транзит тээврийг бодлогын түвшинд дэмжиж эрчимжүүлэх. Хятад улстай байгуулсан Автотээврийн хэлэлцээрийн дагуу Монгол, Хятад хоёр улсын нутаг дэвсгэрээр зорчигчийн тогтмол бус тээвэрлэлт болон Монгол тээврчид Хятад улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх тээвэрлэлтийг эхлүүлэх ажлыг хурдасгах үүднээс хамтарсан ажлын хэсэг байгуулж ажиллах талаар тохиролцлоо. Булган боомт болон бусад боомтуудаар ард иргэд суудлын автомашинтай зорчих боломжийг бүрдүүлэх боломжтой гэж харж байгаа. Мөн Булган боомтоор малын гаралтай түүхий эдийг чөлөөтэй нэвтрүүлдэг болгох асуудлыг хөндсөн. Монгол Улс БНХАУ-ын Засгийн газар хоорондын автотээврийн хэлэлцээрийг шинэчлэн баталсанаар Монгол тээвэрчид БНХАУ руу болон тус улсын нутгаар дамжин гуравдагч улс руу тухайлбал Төв Азийн орнууд болон Европ руу тээвэр хийх боломж бүрдсэн.

-Цагаан сарын босгон дээр Ерөнхийлөгчийн урилгаар Германы ерөнхийлөгчийн айлчлал боллоо шүү дээ?

-Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Холбооны бүгд найрамдах Герман улсын ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэр гэргий Элке Бюденбендэрийн хамт Монгол Улсад төрийн айлчлал хийж байна. Бидний хувьд Германтай авто тээврийн болон агаарын харилцааны хэлэлцээр байгуулах талаар тус улсаас Монгол Улсад суух Элчин сайд ноён Хэльмут Кулитцтай уулзсан. Энэ онд Монгол, Германы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож байгаа. Герман нь тээвэр логистикийн салбарын хөгжлөөр дэлхийд дээгүүрт ордог улс. Тиймээс авто замаар зорчигч, ачаа тээвэрлэх тухай хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг 2024 оны эхээр байгуулахаар тохирлоо. Үүний үр дүнд өнөөдөр ердөө 200 сая ам.доллар байгаа хоёр улсын худалдааны эргэлтийг нэмэгдүүлнэ гэж үзэж байна. Мөн “Open Sky” агаарын харилцааны хэлэлцээр байгуулах санал тавилаа. Өнөөдөр манай улс БНСУ-руу долоо хоногт 80, Бээжин рүү 42, Турк руу 34 гэх мэт олон давтамжтай нислэг үйлдэж байгаа бол Европ руу ганцхан Франкфурт хот руу долоо хоногт тавхан удаа нисч байна. Тиймээс Агаарын харилцааны хэлэлцээр байгуулж, ХБНГУ-ын Франкфурт, Берлин, Мюнхен гэсэн гурван хот руу ямар нэгэн хязгаарлалтгүй, олон давтамжтай нислэг үйлдэхийг чухалчилж байна.

-АНУ руу шууд нислэг үйлдэл боломжтой болсон. Агаарын тээврийн салбарт өөр ямар өөрчлөлт, боломжууд бий болж байгаа вэ?

-Агаарын тээврийн салбарт ч олон түүхэн амжилт гарч агаарын тээврээр зорчигчийн тоо нэг сая 750 мянга болж олон улсын нислэгээр зорчигчийн тоо 2.2 дахин нэмэгдсэн. 2023 онд Агаарын харилцааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийг АНУ, Катар, Грек, Лаос улстай тус тус байгуулснаар Монгол Улс дэлхийн 42 улсын 115 цэг рүү нислэг үйлдэх боломжтой боллоо. Мөн олон улсын нислэгийн чиглэл, давтамж нэмэгдлээ. Иргэний нисэхийн үйл ажиллагаа эрхлэх байгууллагуудад зөвшөөрөл олгох үйл явцыг ил тод хурдан шуурхай болгож Монгол Улс шинээр том оврын дөрвөн агаарын хөлгөөр парк шинэчлэлтээ нэмэгдүүлсэн. Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК нь Өлгий, Ховд чиглэлд нислэгийн тийз хоёр талдаа 1.5-1.7 сая төгрөг байсныг 810-900 мянган төгрөг, Улаангом, Улиастай руу 1.3-1.4 сая төгрөг байсныг 492-852 мянган төгрөг болгож 2-2.5 дахин хямдрууллаа.

-Ерөнхий сайдын АНУ-д хийсэн айлчлалаар хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг баталсан. Энэхүү хэлэлцээрийн гол ач холбогдол юу байв?

-Уг хэлэлцээр байгуулагдсанаар 2024 онд багтаан МИАТ ТӨХК нь АНУ-руу шууд нислэг үйлдэх бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. МИАТ компани 2023 оны тавдугаар сард хоёр ширхэг 787-9 /DREAMLINER/ төрлийн агаарын хөлгийг үйл ажиллагааны урт хугацааны түрээсээр ашиглах гэрээ байгуулсаны дагуу эхний 787-9 агаарын хөлгөө өнгөрсөн оны наймдугаар сард хүлээн авсан бол хоёр дахь 787-9 агаарын хөлгийг 2024 оны эхний улиралд хүлээн авахаар төлөвлөөд байна. Тус агаарын хөлгөөр Истанбул, Франкфурт, Сөүл чиглэлд нислэг үйлдэж байгаа. 2024 оноос АНУ, цаашид Сингапур, Австрали улс руу нислэг үйлдэх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа юм.

-2023-2025 оныг “Монгол зочлох жил” болгон зарласан. Энэ хүрээнд зам, тээврийн салбар ямар байдлаар оролцож байгаа вэ?

-Үүнтэй холбогдуулан аялал жуулчлалыг дэмжих үүднээс өвлийн улиралд дөрөв болон түүнээс дээш хүнд 19-44 хувь, зуны улиралд 10 ба түүнээс дээш хүнд 12-30 хувь хүртэл хямд үйлчлэх тусгай тариф гаргалаа. 2023 онд Аяллын дугаар хамтран эзэмших чиглэл нэмэгдэж, 6-р эрхийн транзит зорчигч тээвэрлэлтийг нэмэгдүүллээ. Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ компани Бүгд найрамдах өмнөд Судан улсад явагдаж буй НҮБ-ын мандаттай энхийг сахиулах “Unmiss” ажиллагаанд үүрэг гүйцэтгэх Монгол Улсын зэвсэгт хүчний 13-р ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүнийг анх удаа өөрийн агаарын хөлгөөр тээвэрлэн хүргэлээ.

-Зам, тээврийн салбар дотроо төмөр замын салбар бол Монгол Улсын эдийн засгийн гол хүчин зүйл мөн. Тэр утгаараа өнгөрсөн жилүүдэд Төмөр замын салбарт хийгдсэн ажил юу байна вэ?

-Мэдээж хэрэг төмөр замын салбар гэдэг бол улс орны ачаа тээвэр, эдийн засгийн гол тулгуур. Юуны өмнө энэ салбарт олон жил яригдсан зээл, их өрийн асуудлыг онцлон хэлмээр байна. УБТЗ” ХНН 1949 оны хэлэлцээрт өөрчлөлт оруулж дүрмийн санг нэмэгдүүллээ. Уг шийдвэр гарснаар “УБТЗ” ХНН-ийн хувьд МОН-П1, МОН-П2 зээлийн хугацаа хэтэрсэн өр төлбөргүй болж, хуримтлагдсан их өр тэглэгдсэнээр УБТЗ-ыг 2030 он хүртэл хөгжүүлэх болон бусад төсөл хөтөлбөрүүд хэрэгжих бололцоо нээгдэж байгаа юм. 2022 онд Замын-Үүд-Эрээн өртөөд хооронд хоног тутам өргөн царигаар 14 хос галт тэрэг, нарийн царигаар зургаан хос галт тэрэг солилцож байсан бол өнгөрсөн онд Хятадын талтай өргөн царигаар 15 хос галт тэрэг, нарийн царигаар найман хос галт тэрэг солилцдог боллоо. УБТЗ 2023 онд ачаа тээврээс нийт нэг их наяд төгрөгийн орлого оллоо.

-Өнгөрсөн жилүүдэд олон төмөр зам шинээр баригдаж, холбогдлоо л доо…?

-Монгол Улс Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416.1 км төмөр замыг байнгын ашиглалтад хүлээн авлаа. Энэ замаар өнгөрсөн онд нийт 50.000 тонн нефтийн бүтээгдэхүүн тээвэрлэсэн. Улаанбаатар хотыг утаагүй түлшний түүхий эдээр хангах сайжруулсан шахмал түлшний эдийг 100 хувь төмөр замаар тээвэрлэж, 2023 онд 360 мянган тонн мидлинг тээвэрлэлтийг зохион байгуулаад байна. Мөн Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг байнгын ашиглалтад хүлээн аваад байна. Боомтын сэргэлтийн хүрээнд төмөр замын төслүүдийг цогцоор хэрэгжүүлж, Монгол Улс хилийн экспортын төмөр замын таван гарцтай болохоор зорьж, бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлээд байгаа. Тухайлбал Шивээхүрэн боомтыг БНХАУ-ын Сэхэ боомттой 19.3 км дэлгэмэл урттай төмөр замаар холбох Шивээхүрэн-Сэхэ боомтын төмөр замын төслийн бүтээн байгуулалт дуусах шатандаа ороод байна. Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын ТЭЗҮ-г хэлэлцэж дэмжсэнээр 2024 оны хавар бүтээн байгуулалтын ажил эхлэхэд бэлэн болсон байгаа.

-Сонгууль хаяанд ирлээ. УИХ-ын гишүүний хувьд энэхүү бүсчилсэн тойргийн талаар ямар байр суурьтай явдаг вэ?

-Ерөөсөө хөгжлийн олон татах хүчтэй болох жор нь тойрог томсгох гэж боддог. Ингэж байж Улаанбаатар хотын төвлөрөл түгжрэл, утаа шийдэгдэнэ. Нөгөөтэйгүүр Монгол хүн бүр төрж өссөн нутагтаа сайхан амьдрах боломж бүрдэнэ. Монгол Улс урт хугацааны хөгжлийн бодлоготой болсон. Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулиа ч баталсан. Тиймээс улс орны, бүс нутгийн хөгжлийн газрын зургаа томоор нь, цогцоор нь харж хөгжих цаг нь болсон. Өнгөрсөн хугацаанд сум, багийн хэмжээний асуудал хөрөнгө оруулалтад бид түлхүү анхаарсан. Харин одоо эрчим хүч, түлш шатахууны хувьд хараат бус болох том төслүүдээ хөдөлгөх нь илүү чухал байна. Тэр дундаа малын гаралтай түүхий эдээ боловсруулах, байгалийн баялгаа боловсруулах, үйлдвэржих бодит шаардлага байна гэж харж байгаа. Асуудлаа томоор харж, хөгжлөө цогцоор нь хэрэгжүүлэхэд сонгуулийн тойрог томсгох явдал гол хөшүүрэг болно. Бид нэг Монгол гэсэн нүдээр хэн хүнгүй харах цаг ирсэн.

-Бүс бүсээрээ хөгжсөн улс орнуудын жишээ олон бий. Таны хувьд баруун бүсийн хөгжлийг ямар байдлаар харж байна вэ?

-Саяхан Ховд нутагт маань Увс, Ховд, Завхан, Говь-Алтай аймгуудын манлайлагч 200 орчим залуус цугларсан. Залуусынхаа ирээдүйд зориулж, баруун бүс нутгийнхаа иргэдийн амьжиргааг дээшлүүлж орлогыг нь нэмэгдүүлэхээр санаачлан дэвшүүлсэн томоохон төслүүд маань эхнээсээ бодитой ажил хэрэг болоод явж байгаа нь бахархууштай санагдаж байна. Мэдээж баруун бүсийн хөгжлийн гол тулгуур бол үйлдвэрлэл. Тэр утгаараа “Ховд Эко Цемент” үйлдвэр ашиглалтад орж баруун аймгийнхан Улаанбаатартай адил үнээр цементээ авч эхэлсэн. Хотод ч тэр орон нутагт ч гэр хороололд халуун, хүйтэн устай, утаа гаргахгүй, ил жорлонгүй амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилготой “Хашаандаа сайхан амьдаръя” төсөл амжилттай хэрэгжиж байна. Ховд-Улаангом, Алтай-Улиастайг хатуу хучилттай авто замаар холбох ажил энэ онд эхэлнэ. Баруун бүсийн эрчим хүчний найдвартай эх үүсвэр болох Эрдэнэбүрэнийн усан цахилгаан станц гараанаасаа хөдөлж төсөл урагштай явж байгаа. Малчид, тариаланчдынхаа орлогыг нэмэгдүүлэх “Шинэ Ховд” үйлдвэр технологийн парк, агро парк зэрэг төслүүдийн дэд бүтцийн ажлууд амжилттай хийгдэж байна. Энэ том төслүүдийг амжилттай хийж дуусгахад залуус, иргэдийн оролцоо хамгийн чухал гэдгийг онцлон хэлье.

-Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төсөл яг хэзээ дуусах вэ. Хэзээ цахилгаан үйлдвэрлэж эхлэх вэ. Одоо тулгамдаад байгаа асуудал юу байна вэ?

-Бараг 60 жил яригдсан Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төсөл гараанаас хөдөлсөн. Өнгөрсөн оны зургадугаар сард Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийсэн айлчлалын үр дүнд гацаатай байсан асуудлууд эцэслэн шийдэгдсэн. Сая Ерөнхий сайд Ховд аймагт ажиллахдаа энэ оны сүүлээр юм уу ирэх оны эх гэхэд гэрээ контрактын зарим асуудлыг бүрэн эцэслэж, бүтээн байгуулалтын ажил эхэлнэ гэдгийг дуулгасан. Нэг бүтээн байгуулалтын ажил эхэлчихвэл 5-6 жилийн дотор баригдаад, ашиглалтад орчих юм билээ. Өдрөөс өдөрт эрчим хүчний, тэр дундаа УЦС-ын техник технологи хөгжиж шинэчлэгдэж буй учраас түүнээс ч бага хугацаанд ажил хэрэг болох боломж бий. Ямар ч байсан энэ УЦС ашиглалтад орсноор импортын эрчим хүчний төлбөрт хойд урд хөршид өгч байгаа валютын урсгал татарч, эрчим хүчний тусгаар тогтнол баруун бүсэд батжина. Ирэх жилүүдэд Эрдэнэбүрэнгийн 90МВт-ын УЦС, 35 МВт-ын нарны дөрвөн эх үүсвэр ашиглалтад орвол баруун бүсийн эрчим хүчний эх үүсвэр 125 МВт болж нэмэгдэнэ. Ингэснээр бид БНХАУ-ын импортын эрчим хүчнээс даруй 10 дахин хямд эрчим хүчийг өөрсдөө үйлдвэрлэх боломжтой болно. Чухам үүнийг л эрчим хүчнийтусгаар тогтнол Эрдэнэбүрэнгээс эхэлнэ гэж хэлээд байгаа юм аа.

-Та Ховдоос сонгогдсон УИХ-ын гишүүн. Тэр утгаараа ховдчуудын цаашдын хөгжлийг хэрхэн харж байна вэ?

-Маш гэрэлтэйгээр харж байна. Манай аймаг сүүлийн 13 жилд 1300 км хатуу хучилттай авто замтай болсон. Хойд, урд хөрштэй хатуу хучилттай авто замаар холбогдлоо. Монгол Улсын Ерөнхий сайд бүх сумаа хатуу хучилттай авто замаар холбосон анхны аймаг Ховд байх болно гэдгийг онцоллоо. Ирэх жил гэхэд Эрдэнэбүрэн, Ховд, Чандмань сумд хатуу хучилттай авто замтай болж Дөргөн, Цэцэг сумыг замтай болгох ажил эхэлнэ. Ховд-Улаангомыг хатуу хучилттай авто замаар холбох бүтээн байгуулалтын ажил хийгдэнэ. Байтаг боомтын замын ажил хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хийгдэнэ. Энэ бүхний үр дүнд Ховд аймаг урдуураа ч хоёр боомттой, хойгуураа ч хоёр боомттой хатуу хучилттай замаар холбогдоно. Улаанбаатартай урдуураа хатуу хучилттай авто замаар холбогдсон бол хойгуураа ч бас холбогдоно. Гэр хорооллын 5700 айл өрхөө бүгдийг нь цэвэр бохирын шугамд холбож, Хашаандаа сайхан амьдрах боломжийг бодитоор бүрдүүлнэ. Одоогоор 400 шахам айлыг инженерийн шугамд холбож, 3000 айл өрхийн гудамжинд цэвэр бохирын шугамыг нь оруулаад байна. Ингэхээр анхны бүх сум нь замтай, бас анхны аймгийн төв нь агаар хөрсний бохирдолгүй ая тухтай аймаг болох боломж ойрхон байна. 3000 га-д усалгаатай газар тариалан хөгжүүлж, ойрын үед энэ хэмжээг 10 дахин өсгөх бодлого баримталж байна. Арван аймаг одоо л дулааны цахилгаан станцтай болох тухай яригдаж байхад бид аль хэдийнээ дулааны хос цахилгаан станцтай болж, одоо дулааны цахилгаан станцаа улам өргөтгөх тухай ярьж байна.

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *