УИХ-ын гишүүн асан, “Наран трейд” ХХК-ийн ТУЗийн дарга С.Болдхэттэй ярилцлаа.
-Улс оронд “Ковид-19” вирусийн тархалт нэмэгдэж, нөхцөл байдал улам хүндэрч, мөн эдийн засаг нэлээд уналттай байна. Бизнесүүдийн үйл ажиллагаа хүндэрч байна. Таны хувьд эдийн засгийн нөхцөл байдлыг хэрхэн харж байна?
-Улс орны нөхцөл байдал амаргүй байна, эдийн засаг хүнд байна. Цар тахлын улмаас өнгөрөгч хугацаанд тогтоож байсан хөл хориотой холбоотойгоор 2020 онд гэхэд 27 мянган аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа зогсож, 100 мянга гаруй иргэн ажлын байргүй болсон гэсэн судалгааг Монгол Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхимаас хийсэн судалгаанд байна. Энэ бол том тоо. Нэг хүний ажлын байрны ард дунджаар дөрвөн ам бүл бий гэж тооцоход 400 мянган хүний орлого тасалдсан тухай тоо баримт юм. Үүний улмаас хамгийн хор уршигтай үр дагавар бол ядуурал ихэсч байна. Хөл хорионд хамгийн ихээр нэрвэгдэж байгаа салбар бол худалдаа үйлчилгээний салбар юм. Гэтэл энэ салбар нь ажлын байрны 50,5 хувь, днБ-д 42,2 хувийг эзэлдэг онцлогтой салбар. Эдийн засгийг нуруун дээрээ үүрч яваа салбараа төр бодлогоор дэмжих нь зөв алхам болно. Цар тахлын эрсдэлийг нэг гараар хумих хэрэгтэй ч нөгөө гараараа эдийн засгаа хэтэрхий урт хугацаанд боомилж болохгүй. Дахин хөл хорио удаан хугацаагаар үргэлжилбэл 400 мянга орчим ажлын байр үгүй болж, улс орны эдийн засаг элгээрээ хэвтэх эрсдэл байна.
-Ер нь бизнесүүдээ хамгаалахын тулд төрөөс ямар зохицуулалт хийх хэрэгтэй байна вэ?
-Миний бодлоор эдийн засгаа, ААн-үүдээ хамгаалахын тулд авах арга хэмжээг аль эрт эхлүүлэх хэрэгтэй байсан. одоо ямартаа ч нэгт, арван их наядын хөтөлбөрийн 3 хувийн хөнгөлөлттэй зээлийн хэмжээг нэмэх шаардлага байна гэж харж байна. Эдийн засгийг сэргээхэд энэ зээл их ач холбогдолтой үед хүрэлцээ муутай байх нь хүссэн үр дүндээ хүрэхгүй байх талтай.
Төсвийн үрэлгэн байдлыг зогсоох, мөн Монголбанкны эх үүсвэрийг ашиглаж ажлын байраа дэмжих 2 их наядын зээлийн хэмжээг хоёр дахин нэмж 4 их наяд болговол илүү үр дүнтэй байна.
Хоёрт, иргэдийн гар дээр бэлэн мөнгө байхгүй, орлогогүй болсон байна. Олон улсад энэ цар тахлын үед иргэддээ бэлэн мөнгө өгч байгаа туршлагууд бий. Монгол Улсын Ерөнхийлөгчийн гаргасан өрх бүрд нэг сая төгрөг өгөх санал бол сайн санал байсан гэж бодож байна. Нэг сумаар хоёр туулай буудаж, нэг талаар үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, нөгөө талаар иргэд тодорхой хэмжээний бэлэн мөнгөтэй болох нь нүдээ олсон ажил байсан. Энэ асуудалд эрх баригчид Ерөнхийлөгчийн оруулсан санал гэхээс илүүтэй ард түмний эрэлт хэрэгцээ, шаардлагыг харж энэ шийдвэрийг дэмжих нь зөв байсан юм. Одоо энэ шийдвэрийг хэрэгжүүлэх хэрэгтэй гэж үзэж байна.
Гуравт, Монгол Улс өндөр татвартай орон. НӨАТ-ын татвар 10% гэдэг бол өндөр. Үүнийг яаралтай 5% болгох хэрэгтэй. Энэ нь иргэдийн худалдан авах чадварт шууд нөлөөлөх алхам болно. Бүх л бараа үйлчилгээн дээр төрийн нэмэлт татвараас шалтгаалан 10%-ийн үнийн дүн шууд нэмэгдэж байна. НӨАТ бол төсөв төвлөрүүлэх зорилгогүй, татварын бааз суурийг өргөтгөх зорилготой байдаг татвар.
Дөрөвт, Газрын татварыг хэт өсгөсөн нь өрөөсгөл алхам болсон. Газрын тухай хуулийн шинэчилсэн найруулга хэрэгжиж эхэлснээс хойш газрын татвар 3,5-10 дахин өссөн. Энэ нь ААН-үүдэд ихээхэн дарамт болж байна. Ингэж огцом өсгөх нь эрүүл бус үзэгдэл. Ядаж хоёр дахин өсгөсөн бол өөр хэрэг. Газрын татварыг өсгөснөөр дотоодын ААН-үүдийг шахаж,гадны мөнгөтэй компаниудад боломж олгох үйл явц болохыг ч үгүйсгэхгүй. Үл хөдлөх хөрөнгийн татвар мөн хэт өндөр байна. Үүнийг ядаж эдийн засгийн хүндрэлтэй үед 50% бууруулбал нүдээ олсон алхам болно.
Хэрэв одоо “тэг зогсолт” хийвэл НӨАТ-ын татвараа байнга төлсөн, ажлын байраа хадгалсан, нийгмийн даатгалаа тасалдуулаагүй ААН-үүдийн ажилчдад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр 420 мянган төгрөгийг олгоосой гэж маш олон ААН хүлээж байна.Ийм арга хэмжээнүүдийг зоригтой хийхгүй бол эдийн засаг урт хугацаандаа элгээрээ хэвтэх болчих гээд байгааг тооцоолох хэрэгтэй. Инфляциас илүү ноцтой асуудал үүсэх вий.
-Сүүлийн үед улс төрийн нөхцөл байдал олны анхаарлыг татаж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр нэр дэвших эрхтэй, эрхгүй тухай олон таамаг, байр сууриуд өнгөрсөн хугацаанд явж ирлээ. Энэ асуудал хэрхэх бол?
-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөс зөвхөн “нэг удаа дэвших эрхтэй” гэсэн үгийг сугалж авч дан түүнээ хэрэгжүүлэх гэж оролдох боломжгүй. Хэрэв тэгж дагаж мөрдөнө гэж үзвэл тус нэмэлт өөрчлөлтөд байгаа “Нэг удаа зургаан жилээр сонгогдох эрхтэй” гэсэн заалт ч мөн хүчин төгөлдөр үйлчилнэ. Гэтэл эрх баригчид Ерөнхийлөгчийн сонгууль болно гээд зарлачихсан байгаа шүү дээ. Тэгээд ч хуулийг дордуулж хэрэглэхгүй гэсэн зарчим байдаг. Хуульчид их тайлбарлаж байна лээ. Одоогийн Ерөнхийлөгч нэр дэвших боломжтойг Хэн ч нь ойлгохоор байна гэж харсан.
-Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуулийн Цэцийн гишүүнийг чөлөөлж томилох тухай УИХ-ын шийдвэрт хориг тавихаа мэдэгдсэн. Үндсэн хуулийн Цэц дээр болж буй асуудал анхаарал татаж байна. Нөхцөл байдлыг хэрхэн дүгнэж цэгнэж байна вэ?
-Аливаа асуудлыг үүсэхэд явцуу сонирхлын үүднээс шийдвэр гаргуулах, халаа солиог үндэслэлгүйгээр хийдэг хамгийн муу жишиг манай улсад байна. Энэ бол төрийн дархлааг муутгаж байгаа нэг жишээ. Нэр дэвших эрхтэй эсэхийг Үндсэн хуулийн Цэцээс дүгнэлт гаргахтай холбоотой улс төрийн томилгоо болох гэж байсан уу гэж харж байгаа. Иргэд илүү мэдлэгжиж, чих нь соргог болж байгаа. Улстөрчид улайм цайм үйлдлүүдээ танах хэрэгтэй.
-Үндэсний аюулгүй байдлын зөвлөл өнөөдрийг хүртэл хуралдсангүй. Улс орны нөхцөл байдал амаргүй байна. Гэтэл яагаад ҮАБЗ хуралдахгүй байна вэ?
-Манай улсад төдийгүй дэлхий дахинд ховорхон тохиолдох цаг үе, онцгой байдал үүсээд байна. Ийм үед ҮАБЗ хуралдахгүй байна гэдэг бол байж болохгүй зүйл. Энэ үед харин ч хуралдаж, улс орноо аврах, эдийн засгаа сэргээх оновчтой шийдвэрийг цаг алдалгүй гаргаж байх хэрэгтэй. ҮАБЗ-ийн гишүүн үүрэг, хариуцлагаа энэ цаг үед сайтар ухамсарлах шаардлагатай байна. Улс орны чухал асуудлыг хэлэлцэх хуралдаа очихгүй, ирц хүргэхгүй байна гэдэг хэн нэгний дур зоргын асуудал биш.
-Ерөнхийлөгч өмнө нь төсөвт бүхэлд нь хориг тавьсан ч хүлээж аваагүй. Ер нь Ерөнхийлөгч өмнө нь олон удаа улс оронд болж байгаа үйл явдалд хориг тавьсан хүлээж аваагүй. Ерөнхийлөгч албаар хүлээж авах боломжгүй хориг тавиад байдаг юм уу гэж иргэд асууж байсан. Жишээ нь, эдийн засгийн хямралын үед соёлын музей гэх мэт байшин барилга барих биш, ковидын вакцины мөнгийг төсөвт суулга гэж хориг тавьж байсан байна.
-Улсын төсвийн асуудлаар SBN телевизийн“Шийдэл” нэвтрүүлгээрээ УИХ-ын гишүүд, эдийн засагч, судлаачдыг урьж хэлэлцүүлж байсан. Монгол Улсын 2020, 2021 оны төсөв нь цар тахлын үеийн хүнд байдалд байгаа эдийн засагт нийцсэн төсөв яавч биш. Хэнд ч хэрэггүй хөшөө дурсгал, соёлын төвүүдийг барихаа болих хэрэгтэй. Татвар төлөгчдийн мөнгийг үрэн таран хийсэн төсөв болсон гэж шүүмжлэлтэй хардаг. Төсөв дээр тавьсан Ерөнхийлөгчийн хориг их зөв хориг байсан. УИХ хүлээж авах хэрэгтэй байсан. Энд намчирхал явцуу эрх ашиг байх ёсгүй. Улсын нийт эрх ашгийн төлөө төсвийн үрэлгэн байдал, нэн шаардлагатай биш барилгын хөрөнгө оруулалтуудыг царцаах хэрэгтэй байсан. Энэ онцгой цаг үеийн улсын төсөв бол хоёр зүйлд зарцуулах хэрэгтэй. Нэгт, эргээд эдийн засагтаа шинэ орлогын эх үүсвэрийг бий болгох, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэрлэлийг дэмжих, экспортыг нэмэгдүүлэх зүйлд зориулах. Хоёрт, цар тахлыг хязгаарлан барихын тулд бүх нийтийг нэг бүрчлэн шинжилгээнд хамруулах, нэмэлт эмнэлэг барих, орны тоог нэмэх, тоног төхөөрөмжөөр иж бүрэн хангах, вакцин худалдаж авах, нийт хүн амаа цаг алдалгүй вакцинжуулахад зориулах хэрэгтэй. Манай улс 2021 оны эхний улиралдаа багтааж бүх хүн амаа вакцинжуулах боломж байсан гэж харж байгаа. Одоо эрүүл мэндийн салбар ачааллаа даахаа больж байна. Вакцин авахад мөнгө зарцуулсангүй, цаг хугацаа алдсан.
-Та Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөхийн хувьд хэрхэн ажилласан бэ?
-Уул уурхайн бус бусад салбарын үр өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлд эдийн засгаа солонгоруулан хөгжүүлэх талаар Ерөнхийлөгчийн боловсруулсан олон төсөл хөтөлбөрүүдээс ганц нэгийг нь ч гэсэн ажил хэрэг болгох чиглэлээр ажилласан. Миний бие Монгол-Туркийн Худалдаа аж үйлдвэрийн танхимын даргаар сонгогдон ажиллаж, Ерөнхийлөгчийн санаачилсан Дархан хотод арьс ширний үйлдвэрийн цогцолбор байгуулах төсөлд Туркийн талаас хөрөнгө татах, мөн Турк Монголын хамтран хэрэгжүүлсэн Хөшөө цайдам музейг түшиглэн аялал жуулчлалын цогцолбор барьж байгуулах төслүүдийг дэмжин, ажил хэрэг болгон хоёр талын элчин сайдын яамдтай хамтран ажиллаж байна. Ерөнхийлөгчийн ширээн дээр Монгол Улсаа хөгжүүлэх, үйлдвэржүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх маш олон төсөл хөтөлбөрүүд өрөөстэй байдаг. Аль болох эдгээрийг ажил хэрэг болгоход нь дэмжин ажиллахыг л боддог доо.
-Цаашид Ерөнхийлөгчийг нэр дэвших эрхгүй гэдэг шийдвэр гаргавал ард түмэн хэрхэн хүлээн авах бол?
-Одоогийн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг 2017 онд иргэд ходоодоороо сонгоогүй, харин шударга ёсоор өлссөндөө сонгосон гэж боддог. Товчилж хэлэхэд нэгдүгээрт, олон жил ужиг болсон, хөгжлийн тушаа болсон, төрд аалзны тор шиг хэрсэн авлига хээл хахуулийг устгана гэж сонгосон. Энэ чиглэлээр Ерөнхийлөгчийг тодорхой арга хэмжээ авч, сайн ажилласан гэж харж байгаа. Шүүх прокурорыг шинэчлэх хүнд бэрх ажлыг эхлүүлсэн. Хоёрдугаарт, байгалийн баялгийн хуваарилалтын асуудлыг зөв болгох, тэгш хуваарилаач гэж сонгосон. Үүн дээр салхитын болон Хармагтайн Ордын үр шимийг ард иргэддээ тэгш хуваарилсан гэх мэт олон ажил бий. Гуравдугаарт, улс орноо үйлдвэржүүлж, баялаг бүтээгчдээ дэмжээсэй гэж сонгосон. Түүхий эдийн экспортлогч орноос эцсийн бүтээгдэхүүн экспортлогч орон болгохын тулд тодорхой ажлуудыг хийсэн. Дарханы арьс шир боловсруулах цогцолбор, Сайншандын хүнд үйлдвэрийн цогцолбор, төмөр зам, АНУ-д хийсэн төрийн айлчлалын хүрээнд ноолууран бүтээгдэхүүний импортын татварыг тэглэх хэлцэл хийсэн.
Хэрэв Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөс нэг заалтыг нь цохож авсан байдлаар нэр дэвших эрхийг нь түдгэлзүүлбэл нэг намын засаглал тогтоно. Бид ардчиллын ололт амжилтаасаа 30 жилээр ухарна. Ардчилал үгүй болбол Үндэсний аюулгүй байдалд хортой. Төв Азийн цээжинд орших Монгол Улсын ардчиллын хувь заяаг шийдэх асуудал болно.