Categories
мэдээ нийгэм

С.Болд: Эдийн засгийн өсөлтийн төсөөлөл огцом өөрчлөгдлөө DNN.mn

С.Болд: Гурван улирал дараалан эдийн засаг өсөөгүй тул хямрал нүүрлэж байна

АХБ жил бүр эрхлэн гаргадаг “Азийн Хөгжлийн Төлөв” эдийн засгийн тайлангаа өнөөдөр 11.00 цагт Шангри-Ла зочид буудлын Парис-Бээжин хурлын танхимд танилцуулж байна.

Энэ үеэр Монгол Улсын эдийн засгийн өсөлтийн төсөөлөл, цаашдын төлөвийг нарийвчлан танилцуулах юм.

Өчигдөр (2022.04.05) Дэлхийн банк бүс нутгийн эдийн засгийн тайлангаа танилцуулсан юм. Энэ тайланд ДНБ энэ онд суурь төсөөллөөр 2.5 хувиар өсөх тооцоололтой, сул төсөөллөөр (нөхцөл байдал муудсан тохиолдолд) 0.7 хувь өснө гэсэн юм.

АХБ-ны Монгол Улс дахь дэд суурин төлөөлөгч Деклан Магий дараах мэдээллийг өглөө:
-Азийн орнуудад Засгийн газрын татварын орлого ковидоос өмнө өссөн ч эргээд буурсан. Иймд татварын орлогыг бүрэн цуглуулахад анхаарах, татварыг оновчтой болгох шаардлагатай. НӨАТ татварын гол эх үүсвэр тул энэ татварыг сайн ашиглах ёстой. Хувь хүний болон хөрөнгийн татварыг өндөр орлоготой иргэдэд тохируулан өсгөх боломжтой. Байгаль орчин, хатуу түлшний татварыг бүрэн хураах чадавх сул байна. Байгаль орчны төлбөр, татварт ногдуулах татварыг оновчлох шаардлагатай. Татвар төвлөрүүлэх шинэчлэл хийх нь амаргүй ч хэрэгжүүлэх боломжтой. Манлайлал, олон нийтийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж болно. Үүнд технологийн шинэчлэлийг ашиглаж болно.

Ахлах эдийн засагч С.Болд:
-Одоо та бүхэнд танилцуулах төсөөллийн мэдээллийг өнгөрсөн сарын 9-ний өдрийг хүртэлх мэдээллийг ашигласан. Эдийн засгийн өсөлтийн төсөөлөл огцом өөрчлөгдлөө. Урд хөршийн боомтууд хаагдсанаар барааны нийлүүлэлт тасалдсан хэвээр байна. Хил хаалттай үед бид амьдарч байна. Нүүрсний экспорт (биет хэмжээгээр) байнга буурлаа.

Геополотикийн эрсдэл Монгол төдийгүй бүх улсад нөлөөлж байна. 1985 оноос хойших хоёр дахь удаа ийм том эрсдэл бидэнд тулгарлаа. Өнгөрсөн онд бидэнд ийм эрсдэл байгаагүй. Бид яг нэг жилийн өмнө эдийн засгийн өсөлтийг 5 хувьд хүрнэ гэж таамагласан. Энэ оны эхний улирлыг өнгөрсөн оныхтой харьцуулав. Өнгөрсөн онд вакцинжуулалтаас их зүйл хамаарч, бүх нийтийн эрүүл мэндэд илүү анхаарч байв. Одоо цар тахлын хүрээ хумигдсан, вакцинжуулалт амжилттай хэрэгжив. Үйлчилгээний салбар тэлэх боломж бүрдэв. Засгийн газар эдийн засгийн бодлогоо эргэн харж, 10 их наяд төгрөгийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн. Энэ нь 1.4 хувиар эдийн засаг өсөхөд нөлөөлсөн.

Харин энэ онд өрхүүдэд үзүүлдэг дэмжлэгийг бууруулна.

Өнгөрсөн оны аравдугаар сараас хойш манай гадаад худалдаа томоохон сорилттой тулгарсаар байна. Иймд эдийн засгийн зөв бодлого явуулах ёстой. Экспорт өсөх, эсэх нь тодорхойгүй байна.

Дараагийн нэг асуудал нь инфляц 14 буюу маш өндөр байна. Төлбөрийн тэнцэл 570 сая ам.долларын алдагдалтай гарав. Валют их хэмжээгээр гадагшлав. Гадаад валютын нөөц 1.2 тэрбум ам.доллараар буурав. Валют дутагдахаар дотоод санхүүжилт өсдөг. Төсвийн орлогыг бүрдүүлэхэд хүндрэл үүсэхээр байгаа тул төсвийг эргэн харж, зардлаа танана. Эсвэл шинэ эх үүсвэр олох хувилбар бий.

Бидэнд судлах шаардлагатай олон хүчин зүйл бий боллоо. Эдийн засаг их адармаатай болов. ХАА-н салбар өнгөрсөн онд агшсан. Боловсруулах болон барилгын салбар мөн унасан тул 1.4 хувь буюу бага өсөлт гарахад нөлөөлсөн. Гурван улирал дараалан эдийн засгийн үзүүлэлтүүд хасах гарсан тул бид хямрал руу орж байна.

Инфляц өндөр байгаа тул иргэдийн хэрэглээ буурсаар байна. Тогтвортой, дундаж давхаргын хэрэглээ буурлаа. Инфляц өндөр байхад эдийн засгийн өсөлт хүлээх боломжгүй.

Одоогоор улсын төсвийг тодотгоно гэж мэдэгдээгүй байна. Энэ онд болон ирэх онд гадаадын хөрөнгө оруулалт өмнөх онуудтай ижил байна. Үүнд “Оюу толгой”-н хөрөнгө оруулалт дийлэнх хувийг эзэлнэ.

Гаднын банкууд зөөлөн бодлого явуулж байсан бол энэ онд бодлогын хүүгээ өсгөхөөр байна. Иймд ам.доллараар татах санхүүжилтийн өртөг өснө. Багцын хөрөнгө оруулалт БНХАУ-аас бусад улсад буурч байна. Хөдөлмөрийн зах зээл сэргээгүй байна, ажил эрхлэлт өссөнгүй.

Засгийн газар төсвийн зардлаа хумина гэж найдаж байна. Ингээд энэ онд 2, ирэх онд 5.6 хувиар эдийн засаг өснө гэж тооцооллоо. Ирэх онд хилийн гацаа саад, хилийн боомтын үйл ажиллагаа одоогийнхоос сайжирна, жигдэрнэ гэж эергээр үзсэн. Иймд экспорт өснө, төлбөрийн тэнцлийн алдагдал буурна. БНХАУ-ын “Тэг ковид” бодлого шууд нөлөөгөө үзүүлсээр байх болно.

Төв банк санхүүгийн зуучлал (зээл олголт), төлбөр тооцоог хэвийн явуулахад анхаарах ёстой. Манай улсад тулгарч болзошгүй өр төлбөр нэмэгдэх эрсдэл байна. Учир нь манай улсад санхүүгийн эх үүсвэр ихээхэн шаардлагатай. Энэ эх үүсвэрийг олон сувгаар шийдэж болно.

Хөгжлийн банк 900 сая ам.долларын гадаад эх үүсвэрээ эргэн төлөх үүрэгтэй. Энэ мөнгийг яаж төлөх нь тодорхойгүй байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *