МУИС-ийн багш, олон улсын харилцаа судлаач С.Баясгалантай ярилцлаа.
-Коронавирусийн тархалтын үед дэлхийн улс орнууд ямар арга хэмжээг авч хэрэгжүүлж байна гэдгээс ярилцлагаа эхэлье. Манайх шиг хатуу хөл хорио тогтоосон улс хэр их байна вэ?
-Коронавирусийн тархалт улс орнуудын ард иргэдийнх нь соёл, амьдралын хэв маяг, эдийн засгийн чадамж болон хөгжлөөс шалтгаалж янз бүр байна. Үүнтэй холбогдуулан авч байгаа арга хэмжээ нь ч олон янз байна. Өөрөөр хэлбэл өндөр хөгжилтэй, эдийн засгийн чадамжтай, иргэд нь халдвар хамгааллын дэглэм сахиж буй орнууд хатуу хөл хорио тогтоохгүй байхыг хичээж байна.
Ер нь цар тахал эрчимтэй тархаж эхэлсэн 4-6 сард олон хүний амь нас эрсэдсэн учраас өндөр хөгжилтэй байсан ч хатуу хөл хорио тогтоож байсан тохиолдлууд байна. Тухайлбал, Хятад гэхэд л дэлхийн түүхэнд хамгийн олон хүнийг хөл хорионд оруулсан гэдгээрээ тэмдэглэгдэн үлдэж байх шиг байна. Испани, Франц, Герман, Их Британи зэрэг орнууд эхэн үедээ хэсэг хугацаанд хатуу хөл хорио тогтооход хүрсэн. Мөн ОХУ ч ялгаагүй хэсэг хугацаанд хатуу хөл хорио тогтоосон. Харин Япон, БНСУ хатуу хөл хорио тогтоохыг яараагүй, өвчин бүртгэгдсэн тухайн голомтод л хатуу хөл хорио тогтоосон. Өөрөөр хэлбэл, эдгээр орнууд хатуу хөл хорио тогтоохдоо биш эрсдэлээ тооцсоны үндсэн дээр ийм арга хэмжээ авч байна.
Улс орнууд нөхцөл байдалтай уялдуулан шат дараатай арга хэмжээнүүдийг авч байна. Бүрэн хөл хорио тогтоож гэрээсээ ажлаа хийх, сургуулиудыг цахим сургалтад хамруулах, хэсэгчилсэн хөл хорио тогтоох, хүн хоорондын зай бариулах, эсвэл бүр хөдөлгөөнийг тодорхой хэмжээнд хязгаарлах буюу олон нийтийн газар орж болох ч хорио цээрийн дэглэмийг сайн баримтлах гэх мэт олон арга хэмжээ авч байна. Ийм арга хэмжээнүүдийг дэлхий даяараа л хэрэгжүүлж байна. Хатуу хөл хорио тогтоогоогүй, үлгэрлэж байсан Швед улс хүртэл цар тахлын тархалтаас болж хөл хорио тогтоохоос өөр аргагүй болсон шүү дээ.
Монголчуудын хувьд хэдийгээр дэглэм сахиж байгаа ч хөгжлийн хувьд, өөрөөр хэлбэл өөрсдөө вакцин гаргаж чадахгүй, эрүүл мэндийн техник, багажийн хувьд дутмаг, өргөн цар хүрээг хамарвал эдийн засгийн хувьд асар хүнд цохилтонд орох учраас Монгол Улсын нөхцөл байдалд үнэлэлт өгсний үндсэн дээр хатуу хөл хорио тогтоож байгаа болов уу. Энэ арга хэмжээг төр засгаас хэрэгжүүлж байгаагийн зэрэгцээ ДЭМБ ч зөвлөж байна. Ер нь Европт тархаж эхлэхэд л ДЭМБ тахал гарсан улс орнууд хөл хорио тогтоохыг хүссэн. Ийм агуулгатай мэдэгдлийг ДЭМБ-ын удирдалага ч гаргаж байсан. Гэхдээ НҮБ-ын энэхүү төрөлжсөн байгууллага зөвлөмж гаргадаг учраас улс орнууд тус тусын онцлог нөхцөл байдлаас хамааран янз бүрийн хэмжээнд хөл хорио тогтоож байна. Манай улсын хувьд төрөөс хэрэгжүүлж байгаа арга хэмжээ хэр зөв зүйтэй зохион байгуулж байна гэдэг өөр асуудал л даа. Зарим улс орнуудад иргэд, ААН, байгууллагууддаа төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлж байгаа нь хатуу хөл хорио тогтоож, тэг зогсолт хийсэн ч хүндээр тусахгүй байна.
-Дэлхий нийтээр эдийн засгийн уналтад байгаа энэ үед бусад орнууд эдийн засгаа сэргээх чиглэлд ямар арга хэмжээ авч байна. Аж ахуйн нэгжээ хэрхэн дэмжиж байна вэ?
-Баян орнуудаар жишээ татаж яривал үйлдвэр, компани, ААН-ийн үйл ажиллагааг доголдуулахгүй байлгах зорилгоор хүүгүй зээл, нэмэлт санхүүжилт олгож, өмнө хэлсэнчлэн том компаниудаа тэтгэж байна. Үүнд, татвар хөнгөлөх буюу 0 болгох, эсвэл татвар авсан ч 80 хувийг эргүүлэн өгөх, эргэлтийн хөрөнгө болгож зээл олгох, ажилчдын цалингаас татвар авахгүй байх зэрэг арга хэмжээг авч байна.
Иргэдээ хамгийн их дэмжсэн улс нь Япон байна. Япон ДНБ-ын 23 хувийг зарцуулсан байдаг. Харин АНУ 14 хувь, Австрали 8,4 хувь, Канад 5 хувь, Англи 1,5 орчим хувийг тус тус зарцуулаад байна. АНУ, Япон, БНСУ, Герман зэрэг улсууд үйлдвэрүүдийг дампуурахаас хамгаалж, улмаар ажилгүйдэл ихсэхээс болгоомжилж, гол экспортын бүтээгдэхүүн гаргадаг үйлдвэрүүдээ тэтгэж байна. ОУВС-ын судалгаагаар шүү дээ.
Хэрвээ цөөн тооны ажилчидтай жижиг дунд үйлдвэр, ААН-үүд ажилчдын цалин, зээлийг төлж байгаа бол зээлийн хүүгээс чөлөөлж байна. АНУ-ын хувьд Холбооны нөөцөөс компаниудыг дэмжиж 4,5 их наядыг зарцуулжээ. Татварын 50 хувийн буцаан олголтыг хийж, ажилчид ч гэсэн татварын хөнгөлөлтөд хамрагдаж байна.
Азийн орнууд ч ялгаагүй ААН-ээ дампууруулахгүй байхад гол анхаарал чиглүүлж байна. Япон зэрэг орнуудад тодорхой хугацаанд эргүүлэн төлөх нөхцөлтэйгөөр хүүгүй зээл өгч байна. Мөн зарим зээлийн төлөлтийг түр зуур зогсоосон. Үүнээс гадна компаниуд ажилчдаа цомхотгохгүй бол санхүүжилт өгч байна. Япон улсын хувьд компаниуд дампуурах, эсвэл ажилгүйдэл ихсэх нь хамгийн аюулд тооцогдож байна. Тиймээс энэ чиглэлд ойролцоогоор 200 орчим их наяд иен төсөвлөжээ. Өмнөд Солонгос компаниудаа дэмжихийн тулд хөрөнгийн биржээр хувьцааг нь авах арга хүртэл олсон байна.
-Улс орнууд иргэддээ зориулсан ямар арга хэмжээг авч хэрэгжүүлж байна вэ?
-Цар тахал улс орнуудыг баян ядуугаар нь ялгаж байна. Баян орнууд их хэмжээний санхүүжилт төсөвлөх замаар иргэдээ дэмжиж байгаа бол харин ядуу орнууд өөрсдийгөө урьдчилан сэргийлэх замаар хамгаалах, Олон улсын байгууллага болон бусад сайн дурын байгууллагуудаас тусламж, хандив авах замаар асуудлыг шийдэх шаардлагатай болж байна.
Ер нь боломж, нөөц бололцоотой орнууд иргэдээ олон арга замаар дэмжиж байна. Тухайлбал, хүүхэд, иргэн бүрт тэтгэмж олгох, цалинтай чөлөө олгох, ажлын байрны цомхотгол хийхгүй байх, татварыг хөнгөлөх, татварын буцаан олголтыг 80 хүртэл хувиар хийх, зээлийн хүүгээс чөлөөлөх зэрэг олон аргууд хэрэглэж байна. Эдгээр арга хэмжээнүүд нь Европын орнууд болон Япон, Солонгост нийтлэг байна.
Манайд ч гэсэн цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан тэтгэмж, санхүүгийн дэмжлэг өгөх боломжгүй юм гэхэд зээл, татвар гэх мэт асуудалд янз бүрийн уян хатан арга хэмжээ авах боломжтой гэж бодож байна.
-Европ болон Азийн зарим улс орнууд энэ хүнд нөхцөлд иргэдээ дэмжих зорилгоор тэтгэмж, цалинтай чөлөө олгох зэрэг арга хэмжээг авч байна гэлээ. Үүнийг тодруулахгүй юу. Ямар орнууд аль давхаргын иргэдэд хичнээн төгрөгийн тэтгэмж, халамж өгч байна, нөхцөл нь юу вэ?
-Зарим эдийн засгийн чадамжтай улс орнууд боломж бололцооноосоо хамаарч түгээмэл авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ нь мөн л тухайн үүсээд байгаа нөхцөл байдлаас шалтгаалан тэтгэмж олгож байна. Тухайлбал, АНУ 1200 хүртэлх ам.долллар, Канад 2000 канад доллар, Коста Рика 200 ам.доллар, Хонконг 10,000 хонконг доллар, Япон 100,000 хүртэлх иен, Сингапур 600 сингапур доллар гэх мэт.
Төр засгаас нь мөнгөн тэтгэмж өгч байгаа нь халамж биш болов уу гэж бодож байна. Энэ нь тэтгэмж хэлбэрээр олгож байх шиг байна. Өөрөөр хэлбэл, иргэдээрээ дамжуулан мөнгөний эргэлтийг саатуулалгүй явуулснаар эдийн засгаа унагахгүй байлгах нэг арга байна. Өндөр хөгжилтэй, баян орнуудаар жишээ татъя. Тухайлбал, АНУ 2,3 их наяд ам.долларыг төсөвлөсөн байна. Ингэхдээ иргэн бүрт 1200 хүртэлх, хүүхдэд 500 ам.доллар гэжээ. Гэхдээ энэ бүгдэд нь биш бага орлоготой, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ажилгүйчүүдийн тэтгэмжинд зориулсан байна. Германы хувьд тодорхой хугацаанд НӨАТ-ыг тэглэх, гэр бүлийг тэтгэхийн тулд хүүхдэд тэтгэмж олгох, 60 доош хувь орлого нь буурсан компаниудад зээл олгох, энд ихэнхдээ үйлчилгээний салбар орж байна.
Харин ядуу орнууд Олон улсын байгууллага болон бусад хандивлагч нараас санхүүжилт авах хэрэгтэй болоод байна.
-Манай улсын эдийн засгийн чадамжтай төстэй улс орнууд улсын төсвөө аль салбарт, юунд голлож хуваарилж байна вэ?
-Улсын төсвийнхөө ихэнх хувийг цар тахлын эсрэг урьдчилан сэргийлэх алхамд зарцуулж байна. Учир нь урьдчилан сэргийлэх нь эдийн засгийн хувьд хамгийн хямд өртөгтэй. Урьдчилан сэргийлэхэд төсөв нь голдуу маск, шинжилгээ, оношилгооны багаж хэрэгсэл, хяналтын байр гэх мэтэд л зарцуулж байна. Энэ арга хэмжээ мөн л ДЭМБ-ын шугамаар улс бүрд хэрэгжиж байгаа.
Энэ тохиолдолд иргэдийн ухамсар, төрийн зөв менежмэнт хамгийн чухал гэдгийг бүгд л мэднэ.
-Цар тахлыг даван туулахад дэлхий нийтийн чиг хандлага хаашаа явж байна?
-Цар тахлыг даван туулахад улс орнууд эдийн засгаа сөхрүүлэхгүй байхад гол анхаарлаа хандуулж байгаагийн зэрэгцээ вакцинд их ач холбогдол өгч байна. Түүнчлэн хувийн эрүүл мэндийн дэглэм, хүн хоорондын зай барих зэрэг халдвар хамгааллын дэглэмд гол анхаарлаа хандуулж байна. Энэ нь цаашдаа хүн төрөлхтний амьдралын хэв маяг болох хандлагатай боллоо гэж бодож байна.
Р.ХИШИГЖАРГАЛ