Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

С.Баярцогтоос өс авдаг шигээ ажилладаг сан бол Монгол хөгжлөө шүү

Ингэж л бодогдоод байх юм. Та нарт тэгж санагдаж байна уу. Төрийн гурван өндөрлөгийн маань нэг нь сая Швейцарь гараад шидчихсэн. Арваад гишүүн дагуулаад. Гол зорилго нь С.Баярцогтын дансны хуулгыг олж ирэх байж. Ийм ажилтай явсныг нь үнэндээ ард түмэн ирсэн хойно нь мэдлээ. Урьд өмнө бол “гурав”-ынхаа хаашаа айлчлал хийх гэж байгааг мэддэг байлаа. Одоо ч өнгөрчээ, Суданд цэргийн хувцастай давхиж явахыг нь хардаг боллоо. Швейцарьт шилэн дансны хууль хэрэгжүүлэх гэж явааг нь сонсдог боллоо. Их хурлын дарга маань Швейцарьт хичнээн ширхэг нууц данс байсныг олсон гэнэ вэ. Хэдэн ч сая доллар байсан гээд байгаа юм бэ дээ. Эдний үгээр бол С.Баярцогт сэхэхээргүй болж, улс төрд шар шувталж байгаа бололтой. С.Баярцогт өөрөө хэвлэлийн хурал хийж “Тэр материалууд миний зөвшөөрлөөр өмнө нь Швейцариас ирчихсэн байсан юм. АТГ-ынхан мэдэж байгаа” гэлээ. Т.Аюурсайхан гишүүн болохоор “Үгүй ээ, би авчирсан” гэж байна. Итгэхийн тухайд бол Их хурлын даргын айлчлалд албан ёсоор багтсан төрийн түшээгийн үгэнд итгэхээс өөр аргагүй юм. Айлчлалаар явсан гишүүд “С.Баярцогтын данс…” гэсэн хоёр үгний эргэн тойронд баахан ярилаа. Өөр ямар ажил амжуулснаа ярихгүй байхыг бодоход үнэхээр л дансны хуулганд явсан болж таарлаа. Тэрнээс биш тэр сайдтай тийм ажил ярилаа, гэрээ хэлцэл хийлээ гэмээр юм. Төрийн өндөрлөгүүд маань мөн ч авсаархан айлчлал хийдэг болжээ.

Төрийн гурван өндөрлөгийн гадаадад хийх айлчлал албан ёсоор ҮАБЗ-ийн хэмжээнд хэлэлцэгдэж шийддэг. Ойрын айлчлалуудаас харахад Монгол Улсын хэмжээнд аюул занал нүүрлэсэн үйл явдал боллоо гэхэд ард түмэн нөгөө гурвыгаа ирж хайж мэдэх нь байна шүү. Их хурлын дарга Швейцарьт, Ерөнхий сайд Суданд, Ерөнхийлөгч Оросод… гээд сууж байвал яана. Муугаар бодоход айхавтар өвчин гарлаа гэхэд хөрш зэргэлдээ орнууд нь оготно зурам ч оруулахгүйгээр хилээ яс тас хаах үүргийг Олон улсын өмнө хуулиар хүлээдэг. Гэтэл манай гурван дарга хоёр хөршийнхөө хил дээр ирчихсэн “Би наад улсын чинь парламентын дарга нь юм аа, би Ерөнхий сайд нь юм аа, ормоор байна” гээд зогсож байвал юу болох вэ. Гэхдээ энэ улс орон иймдээ ч арай хүрчихээгүй гэдэгт найдъя. Найдаж байгаа учраас Их хурлын дарга Швейцарь руу явахыг төрийн гурван өндөрлөг сууж байгаад хоорондоо ярьсан байх. “Бид гурвын аль нэг нь очвол цаад нөхрийн чинь дансны хуулгыг өгчих юм шиг байна” гэж. “Очоод С.Баярцогтын хуулгыг авчихаар мөнгө өгсөн Оюу толгой нь ил болно. Бидний гарт орно. Гэрээг өөрчилнө гээд дайрахад хэрэг болно” гэж ярьсан л юм биз дээ. Хар үгээр тоймлож ойлгуулахад л энэ шүү дээ. Эд нар маань тэгээд дэлхийн гигант компанийг дийлнэ гэж боджээ. Нөгөөдүүл нь эдний бодлоор бөхөлзөх болов уу. Тоохгүй дээ.

Харин дотоодын улс төрийн хувьд С.Баярцогт бол тэдний хамгийн том өрсөлдөгч мөн. Москвагийн улсын их сургууль, Германы Гумбольдийн нэрэмжит Берлиний их сургууль төгссөн, Вашингтоны их сургуулийн докторант, орос, англи, герман, франц хэлтэй. 23 насандаа АИХ-ын депутат, УБХ-ын гишүүн. 33 наснаасаа хойш гишүүн, сайдын албыг тасралтгүй хашсан, дөнгөж 50 нас гарч байгаа эр. Арван жилээ алтан медальтай төгссөн гэдэг. Ямар гэр бүлд төрсөн, ямар сургуулиар боловсрол эзэмшсэн, ямар ажил алба хашсан, ямар найз нөхөд, гэр бүлийн хүрээлэлд амьдардаг… гээд улстөрчийн төлөвшлийн үйл явцыг нь монголчууд алган дээрээ байгаа юм шиг мэддэг. Ойр тойрных нь эх сурвалжууд бол эхнэрийг нь С.Баярцогтоосоо ч илүү боловсролтой эдийн засагч гэж ярьдаг, ийм л хүн. Манай гурван өндөрлөг бол хойд насандаа ч ийм боловсрол эзэмших нь юу бол. Доромжлол гэж бодохгүй байна. Хэнийх нь ч төлөвшиж боловсорсон үйл явцыг монголчууд бүгдээрээ мэдэх учраас хүн бүрийн мэддэг, ярьдаг зүйлийг бичлээ.

Гэхдээ С.Баярцогтыг бол барах нь барах байх. Монгол юм чинь. Харин Оюу толгойг бол манай нөхдүүд барахгүй байх гэдгийг дахиад хэлчихье. Барлаа гэхэд Оюу толгой олон жилээр гацна. Оюу толгой ажиллахгүй байлаа гэхэд өлсөхгүй, ядрахгүй хүмүүс Оюу толгойгоор оролдоод байгаа юм. Харин ард түмэн бол өлсөнө, ядарна. Нөгөө талаас нь харахад ийм том гэрээг хийж чадсан хүмүүст энэ хэрийн шагналыг дэлхийн том корпорациуд ямар ч хуулиас айхгүйгээр өгдөг нь капиталист ертөнцөд байдаг үйл явц. Тухайн улс орон байтугай дэлхийн эдийн засагт нөлөө үзүүлдэг томчууд бол хуультай нийцүүлсэн шагнал урамшууллын дотоод системтэй. Тэр нь сая сая доллар яригдана. Үнэн хэрэгтээ монголчууд бид мөнгө барьж үзээгүй болохоор том сонсогдоод байгаагаас биш, Эрдэнэтийн 49 хувийг худалдаж авсан 400 сая ам.доллар гэдэг чинь хөрөнгөтэй нийгэмд гайхширч гангинах мөнгөн дүн биш шүү дээ. Дэлхийгээр л нэг 400 саяын наймаа хийгдэж байгаа. Үүгээрээ С.Баярцогтыг авлига авчихсан гэж байгаа юм биш. Хаацайлж байгаа ч юм биш. Зүгээр л олон улсын том компанийн тухайд сайн төсөл хэрэгжүүлэхэд хувь нэмэр оруулсан хүнийг шагнадаг, тэр нь том мөнгөн дүн байдаг гэдгийг л сонирхуулж байгаа юм. Жижиг эдийн засагтай, жижиг улсын иргэн бидний л зан. Тийм болохоор монголчууд бид хэрсүү баймаар байна аа. Бид хөгжих хэрэгтэй байна. Нарийн дээрээ дэлхийд хийгдэж буй эдийн засаг, санхүүгийн бүх гэрээнүүд алдаатай байдаг. Түүнийгээ явцын дунд хоёр талаасаа сайжруулаад л явдаг. Алдаа их үү, бага уу гэдэг л байна. Оюу толгойн гэрээн дээр ингэж л хандах ёстой. Улс төрийн хийрхэл, сэтгэлийн хөдөлгөөн, мэдэхгүй зүйлээрээ оролдох, хүнд илүү хүрэх, таалагдах талаас нь Оюу толгойтой зууралдаж болохгүй. Хэрүүл л хүнд хүрдэг учраас Оюу толгойг хэрүүл болгоод байна. Гэтэл Оюу толгой ашиглалтад орсноор Монголын нийгэмд ямар их өгөөжөө өгч буй талаарх мэдээлэл нийгэмд хүрэхгүй байна л даа. Түүний нэг золиос нь л С.Баярцогт.

Ер нь бол энд Оюу толгойг ярих ч гэсэн юм биш шүү. Гол нь манай ихэс дээдэс С.Баярцогтоос өс хонзон авдаг шигээ ажиллаж чаддаг бол Монгол Улс хөгжих нь ээ гэдгийг л хэлэх гэсэн юм. Ийм шуурхай, ийм ажил хэрэгч байдлаар гурван тийшээ ээлжлэн нисч, хөрөнгө оруулалтын гэрээ хэлцэл хийж, анхаарлыг нь хандуулж, Монгол Улсаа хөгжүүлэх гэж зүтгэдэг бол мөн сайхан аа. Жишээлбэл, Швейцарь орон цагаараа хамгийн алдартай. Нисч очоод тэр олон алдартай брэндүүдийнх нь үйлдвэрлэлийг Монголдоо оруулаад ир л дээ. Дэлхийн хоёр том зах зээлийн дунд байна шүү дээ. Швейцарийн дэлхийд алдартай Patek Philippe, Audemars Piguet, Vacheron Constantin… өөр ямар ч брэнд байдаг билээ, ядаж нэгийнх нь үйлдвэрийг Монголд байгуулж, давуу эрхийн гэрээгээр хаяанд байгаа хоёр том зах дээрээ зараад сууж байя л даа.

Ингэхийн оронд сая Салхитад салхилж очиж популизм хийсэн шигээ Швейцарьт салхилж очин данс хуулга төдийхөн ярьсан чинь шившиг биш үү. Өнөөдрийн улстөрчдийн нийтлэг дүр төрх ийм л байгаа. Ингэж л ажилладаг. Хонзонгийнхоо төлөө ямар их эрч хүч, потенциал, хөрөнгө хүч, цаг хугацаа зарцуулна вэ. Хонзондоо зориулж буй энэ их эрчим хүчээ улс орныхоо хөгжилд зориулавал мөн ч их хөгжинө дөө. С.Баярцогт гэж нэг сул иргэнд зориулан фронтын шугам нээж байхаар өөр газар нээгээч. Улс орны аж ахуйн салбарт зориулсан фронт нээгээч. Таван толгой нүүрсээ гайгүй зараад эхэллээ. Тариа будаагаа ард түмэн хангалттай бэлдлээ. Мал сүрэг ч өслөө. Ядарсан муу ард түмэн чинь басчиг хөдөлмөрлөж л байна. Та гурвын нэмэр оролцоо гэж энүүнд байсангүй. Хонзон хорсолд зориулсан их нервийнхээ талыг нь ч болтугай нефтийн үйлдвэрт зориул. Бензинийг 1000 төгрөгөөр зараад эхлэхэд л ард түмэн та гуравт алтаар хөшөө босгоно. Та гуравт эрх мэдэл хангалттай бий. Түүнийгээ амьдралд хэрэгтэй зүйлийн төлөө зориул. Ард түмний амьдралд ямар ч хэрэггүй зүйлд зориулаад байна. Интернэт ухахаас өөр эдгүй суугаа С.Баярцогттой ноцолдож яах гэсэн юм. Нэг ёсондоо та гурав өөрсдийгөө доош нь хийж байна шүү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *