Түрүүч №055, 056(6421, 6422) дугаарт
Би ч энэ шалгалт юм нь сайн хийгдээсэй гэж хүсч байсан… Олон жил хардаж сэрдүүлж, сэжиглэгдэж, адлуулж ирсэн гэрээг ингэж шалгаж, монголчууд бид энэ гэрээний талаар нэг ойлголттой болж авах нь хэрэгтэй байсан юм.
Өөрөөр хэлбэл, УИХ-ын 92 дугаар тогтоолын 1 дүгээр заалт нь 2009 оны ХөОГ, 2011 оны нэмэлт өөрчлөлт орсон Хувь нийлүүлэгчдийн гэрээ (ХНГ) нь Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлж, Монгол Улсад ашигтайгаар хийгдсэн гэдгийг дахин баталгаажуулсан.
-Та “Сайн гэрээг муу хэрэгжүүлсэн” гэдэг дүгнэлт хийж байна. Ямар ч гэрээг анх хийсэн хүн ингэж дүгнэж л таарна шүү дээ.
-Юу гэж бодох нь хувь хүний эрх. Гэхдээ нэг зүйлийг эргэцүүлье. 2009, 2011 онд хийгдсэн ХөОГ, ХНГ нь Монгол Улсын хууль тогтоомжид нийцэж, ашигтайгаар хийгдсэн. Сайн гэрээ байгуулчихаар л бүх юм болоод явчихдаггүй.
УИХ-ын хэлэлцүүлгийн явцад хуулийн дагуу Монгол Улсад ашигтай хийгдсэн гэрээний хэрэгжилтийг сайжруулах асуудлыг онцгойлон авч үзсэн. Улмаар, 2009 оны ХөОГ-г хэрэгжүүлэх явцад шинээр хийгдсэн зарим гэрээг, тухайлбал 2015 онд байгуулсан Далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөө (бидний хэлж сурснаар Дубайн гэрээ)-г Монгол Улсын эрх ашиг, хууль тогтоомжид нийцүүлэх хэрэгтэй гэж үзсэн нь дээрх тогтоолын 2 дугаар заалт болж орсон байдаг.
-Тэгээд Монгол Улсад одоо болтол ашиг өгөөгүй байгаа юм уу?
-Яалаа гэж дээ. “Оюу толгой” ХХК нь Оюу толгой төсөлдөө бараг л манай орны дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ)-тэй дүйх хэмжээний хөрөнгө оруулалт хийгээд, ил болон гүний уурхай ажиллаад, АМНАТ болон бүх төрлийн татвараа улсад төлөөд явж байгаа. 2010 оноос хойш 2019 оны эхний хагас жилийн байдлаар 2.6 тэрбум ам.долларыг албан татвар, төлбөр хураамжаар улсын төсөвт төлсөн байна. Харин ч манай улсаас нэг ч төгрөг гаргаагүй.
-Хоёр бүхэл, аравны зургаан тэрбум гэдгээ цифрээр бичээд харвал, бас сонин ч юмуу?
-2,600,000,000 орчим ам.доллар. Жил бүр төсөвт төлсөн бүх төрлийн татвар, шимтгэлийг төгрөгт шилжүүлэн тооцвол 5,000,000,000,000 буюу 5 их наяд орчим төгрөг болно.
-Нэгэнтээ мөнгөний тоо ярьсных, бас нэг зүйл сонирхъё. Оюу толгойн гэрээг анх эхлүүлсэн хүн та биш гэдгийг бид мэднэ. Харин түүнийг хийж гүйцээсэн үеийг тантай холбож үзэх нь зөв. Гэрээг боловсруулах явцад Монголын талын хүртэх ашигтай холбогдох тоон үзүүлэлтүүд өөрчлөгдсөн үү?
-Миний оролцож ахалсан ажлын хэсэг Оюу толгойн гэрээг хуульд нийцүүлж, боловсронгуй болгох явцад Монгол Улсын хүртэх үр өгөөжийг 3.2 тэрбум доллараар нэмэгдүүлсэн. Яаж гэдгийг дараа тайлбарлая.
-Манай зарим улсын үйлдвэрийн газарт, тухайлбал Эрдэнэтэд онцгой ашигтай гэрээ хэлцэл хийсэн ажилтныг ашгийн 5 хүртэл хувиар урамшуулдаг тогтолцоо бий. Хэрвээ таныг ингэж урамшуулсан бол…
-Юун урамшуулах, харин ч хилс хэрэг тулгаж, хэлмэгдүүлж байхад уу? Дашрамд дурдахад, 2009 оны ХөОГ-г боловсруулах, хэлэлцээр хийхэд оролцсон төрийн албан хаагчид, хүн бүр л “яавал, Монгол Улсад маань илүү ашигтай байх вэ” гэж өдөр шөнөгүй ухаан бодлоо уралдуулж, чин шударгаар ажилласныг зориуд тэмдэглэн хэлье. Өмнө ч хэлж байсан даа, энэ гэрээ “Монгол Улсын Засгийн газрын гэрээ” гэж. Тэгэхээр, Монгол Улсдаа ашигтай гэрээ хийсэн гавьяаг засгаараа хуваалцана гэсэн үг. Гэрээний ажлын хэсэг, дэд ажлын хэсэгт төсөв, санхүү, хууль эрх зүй, уул уурхай, байгаль орчин, зам тээвэр, гадаад харилцаа, хэл шинжлэл, орчуулга гээд олон чиглэлийн төрийн шилдэг албан хаагч, мэргэжилтэн залуучууд нийт 50 гаруй хүн оролцож ажилласан. Монголын төр зүтгэсэн хүндээ халтай гэсэн А.Амар сайдын үгийг давтаж хэлэх ч хаашаа юм, хэлэхгүй байх ч хаашаа юм.
-Амар сайд гэснээс, Монгол Улсад ашигтай байдал бий болгох нь хэн нэгэнд ашиггүй юм байна. Тэр талын ашиг сонирхол манай нийгэмд, улс төр, хууль эрх зүйн салбарт нөлөөтэй юм байна гэсэн “хар” бас байдаг.
-Ийм үг яриа сонсогддог. Гэхдээ бидэнд, Оюу толгойг тойрсон үлгэр домгуудыг няцаан, төслийн бодит байдлыг тайлбарлах нь чухал байна. Тэрнээс биш түүнийг тойруулж шинэ домог зохиож хэрэггүй.
“ГЭРЭЭНИЙ ХЭРЭГЖИЛТ, ХЭРЭГЖИЛТ, БАС ДАХИН ХЭРЭГЖИЛТ”
-Оюу толгой төслийг ашигтай байдлаар эхлүүлж. Эхлэх нэг хэрэг… Ямар ч юмыг эхлэлээр нь биш, явцаар нь, төгсгөлөөр нь үнэлж таарна.
-Харин гэрээ хийсэн цагаасаа хойш (гэрээнд Засгийн газраа төлөөлөн оролцсон хүний хувьд) байнга анхааруулж байсан зүйл маань “Гэрээний хэрэгжилт, хэрэгжилт, бас дахин хэрэгжилт” гэж хэлдэг. Оюу толгой төсөл дор хаяж 70 жил хэрэгжинэ, магадгүй цаашдаа 100 жил ч үргэлжлэхийг үгүйсгэхгүй. Тийм учраас хийсэн гэрээний дагуу Монголын талын үр өгөөжийг “бууруулахгүйгээр, тасралтгүй” хүртэж байхын тулд уг гэрээний хэрэгжилтийн үйл ажиллагаанд үе үеийн Засгийн газрууд хяналт тавьж ажиллах ёстой гэдгийг л байнга хэлдэг. Гэрээтэй холбоотой ямарваа нэг зөрчил гарвал цаг тухай бүрд нь засаж залруулж, Монгол Улсын эрх ашгийг хангаж байх учиртай. Оюу толгой тойрсон санаатай болон санаандгүй эндүүрэл, алдаа, дутагдал гэрээний сайн муугаас болоогүй. Харин бидний төрийн ой санамж муу, улстөрчид намчирхаж талцдаг, өмнөхөө үгүйсгэдэг явдлын илрэл болсон манай нийгмийн суурь өвчний хам шинжээс гаралтайг төслийн хэрэгжилтийн эхний арван жилийн түүх тод томруун харуулж байна.
-Ер нь Оюу толгойн гэрээг тойрсон хэрүүл маргааны нэг хэсэг нь мэдээлэл муутайгаас болсон шиг байна. Үлдсэн хэсэг нь зарим ойлголтуудыг зориуд будлиулж, хольж сольсноос үүдсэн улс төрийн тоглолт явжээ гэмээр юм уу?
-Бидний яриа яг л ийм дүгнэлт рүү хөтөлж байна. Юуны өмнө хоёр бүлэг асуудлыг салгаж ойлгох хэрэгтэй. Нэгдүгээрт, гэрээ ямар болсон бэ “Гэрээ Монгол Улсад ашигтай юу, үгүй юү” гэдэг нэг асуудал. Хоёрдугаарт, Нэгэнт байгуулсан гэрээний хэрэгжилт ямар байсан бэ гэдэг тусдаа бүлэг асуудал гарч байна.
-Монгол хүнд илүү ойлгомжтой болгохын тулд хонин дээр жишээ авмаар санагдлаа. Малжуулах зорилгоор төллөх 500 эм хонь худалдаж авах нэг хэрэг. Дараа нь 500 хонио толгой бүрэн маллаж, хээл авахуулж, мэнд төллүүлэх зорилт гардагтай адил ч юм уу?
-Зүйрлүүлж хэлбэл тийм байж болно. Эхний асуудал “гэрээ Монгол Улсад ашигтай юу, үгүй юү?” гэдгийн хувьд “энэ гэрээ Монгол Улсад ашигтай хийгдсэн” гэж би баттай хэлнэ. Таны зүйрлэлээр бол, шилдэг сайн 500 хээлтэгч хонь авч чадсан. Харин тэднийгээ толгой бүрэн маллах, төллүүлэх асуудал үргэлжилж байна гэж зүйрлэж болно.
Үүнийг зөвхөн би, тэр үеийн УИХ, Засгийн газарт хэлээд зогсоогүй 2016-2020 оны УИХ 2019 оны арваннэгдүгээр сарын 21-ний өдөр 92 дугаар тогтоолоороо 2009 оны ХөОГ, 2011 оны нэмэлт, өөрчлөлт орсон ХНГ нь Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлж, Монгол Улсад ашигтайгаар хийгдсэн гэдгийг дахин баталгаажуулсан.
Хоёр дахь асуудал “Гэрээг үе үеийн Засгийн газрууд яаж хэрэгжүүлж, хэрэгжилтэд хэрхэн хяналт тавьж ирсэн бэ?” гэдэгт зарчмын өөр асуудлууд яригдана.
Энэ зарчмын асуудлуудыг анхаарч ойлгосон хэнд ч “Оюу толгойн төсөл ашигтай, ашиггүй, ашигтай…” гэж маргах нь дэмий, утгагүй болоод, гэрээний хэрэгжилт дээрээ онцгой анхаарах ёстой юм байна гэдэг нь ойлгомжтой болох болов уу.
БАЯРЦОГТЫН ГЭРЭЭ БИШ, БАЯРЦОГТ ГЭДЭГ САНГИЙН САЙДТАЙ ЗАСГИЙН ГАЗРЫН ГЭРЭЭ
–Өнөөдөр “С.Баярцогт гэдэг хүн Оюу толгойн гэрээг хийсэн” гэх байдлаар их яригддаг. Та нар Засгийн газрынхаа танхимтай зөвлөсөн юм уу. Бусдадаа хэлэхгүй, харуулахгүй байж байгаад гарын үсэг зурчихаад, түүнийгээ тулгачихсан тал байна уу?
-Та нар ч намайг явуулаад байна аа даа. /инээв/ Би танд нэлээн дэлгэрэнгүй тайлбарлая. Манай улс 1990 онд зах зээлийн эдийн засагт шилжсэнээс хойших 30 жилийн хугацаанд гадаадын шууд хөрөнгө оруулалт татах зорилгоор төр засгаас бодлогын олон арга хэмжээ авч хэрэгжүүлсэн байдаг.
-Яасан холоос эхэлж байна аа…?
-Эндээс эхлэхгүй бол ойлгогдохгүй.
1. Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах хэлэлцээрийг манай орон 44 улстай байгуулсан.
2. Орлого ба хөрөнгийн татварыг давхардуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийг (бидний ярьж сурснаар Давхар татварын гэрээ) нийт 30 гаруй улстай байгуулснаас 4-ийг нь хүчингүй болгож, одоо 26 гэрээ хүчинтэй байгаа.
3. 1991 оны Газрын тосны тухай хуулийн дагуу Бүтээгдэхүүн хуваах 21 гэрээ байгуулсан.
4. 1997 оны Ашигт малтмалын тухай хуулийн дагуу Тогтвортой байдлын 2 гэрээ байгуулсан.
5. 2002 оны Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу Тогтвортой байдлын 7 гэрээ байгуулсан.
6. 2006 оны Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын дагуу зөвхөн Оюу толгойн Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсан.
7. 2013 оны Хөрөнгө оруулалтын тухай хуулийн дагуу нийт 5 Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан. Уг хуулийн дагуу хөрөнгө оруулалтын гэрээг Ерөнхий сайдаас эрх олгосон холбогдох нэг сайд л байгуулдаг болсон.
8. 2013 оны Хөрөнгө оруулалтын тухай хуулийн дагуу 14 тогтворжуулалтын гэрчилгээ олгосон. Тогтворжуулалтын гэрчилгээг хөрөнгө оруулалт хариуцсан агентлаг олгодог.
Зөвхөн Оюу толгойн гэрээний гурван ч төслийг УИХ-д өргөн барьсан. УИХ хоёр төслийг нь хэлэлцсэн байдаг.
-Нээрээ сүүлийн төслийг хэлэлцэхээр тусгайд нь чуулган зарлаж байсан нь санагдлаа шүү.
-Харин тийм. 2009 оны наймдугаар сарын 19-25-ны хооронд зөвхөн Оюу толгойн гэрээг, холбогдох хуулиудын төслийг хэлэлцэх зорилгоор ээлжит бус чуулган зарлан хуралдуулж, холбогдох хуулиудыг баталсан.
Ер нь УИХ-аас Оюу толгойн төсөлтэй холбоотойгоор 2008 оны арванхоёрдугаар сарын 4-ний өдөр “Оюу толгойн зэс-алтны ордыг хамтарч ашиглах хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах Үндсэн зарчим, удирдамж”-ийг баталсан 40 дүгээр тогтоол, 2009 оны долдугаар сарын 21-ний өдөр “Оюу толгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний тухай” 57 дугаар тогтоол, 2019 оны арванхоёрдугаар сарын 21-ний өдөр “Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” 92 дугаар тогтоол тус тус гаргасан.
Харин УИХ-аас Оюу толгой ордын далд уурхайн бүтээн байгуулалтын үйл ажиллагааг сэргээн түргэтгэх, уг төслийн хэрэгжилжилтэд Засгийн газраас бодлогын дэмжлэг үзүүлж, хөрөнгө оруулагч талтай хэлэлцээр хийж, хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэж, бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх талаар Засгийн газарт үүрэг, чиглэл өгсөн 2014 оны тавдугаар сарын 8-ны өдөр “Эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай” 34 дүгээр тогтоол, 2015 оны хоёрдугаар сарын 18-ны өдөр “Эдийн засгийн хүндрэлээс гарах арга хэмжээний хөтөлбөр батлах тухай” 41 дүгээр тогтоол тус тус гаргасан. ҮАБЗ-өөр 2007 оны хоёрдугаар сараас эхлэн удаа дараа хэлэлцэж, дэмжиж, зөвлөмж тэмдэглэл гаргасан. Засгийн газрын хуралдаанаар мөн маш олон удаа хэлэлцсэн. Ийнхүү Оюу толгойн гэрээ Монголын түүхэнд УИХ-аар хэлэлцэж дэмжигдсэн, хуулийн дагуу УИХ-ын тогтоол, ҮАБЗ-ийн зөвлөмж, Засгийн газрын тогтоолын дагуу гурван сайд гарын үсэг зурсан цорын ганц гэрээ болсон юм. Ийм олон дамжлагаар, төрийн дээд хэмжээнд маш олон удаа хэлэлцэгдсэн цорын ганц гэрээ.
Би 2009 оны долдугаар сарын 21-ний өдрөөс эхлэн ажлын хэсэгт ахлагчийн орлогчоор орж хэлэлцээрийг цааш нь ахалж ажилласнаас хойш Монгол Улсын хүртэх нийт үр өгөөжийг 3.2 тэрбум ам.доллараар нэмэгдүүлсэн гэдгийг түрүүнд хэлсэн.
-Түрүүнээс хойш нэмж тодруулахсан гэж бодсон сэдвийг хөндлөө. Монголын талд ногдох ашиг, өгөөжийг нэмээд өгөөч гэхээр л нэмээд яваагүй байх аа.
-2009 оны 7-8 дугаар сарын хооронд хийгдсэн хэлэлцээрийн үр дүнд:
1. Төслийн анхны хөрөнгө оруулалтын хэмжээг ойролцоогоор 4.4 тэрбум ам. доллар, энгийн хувьцааны санхүүжилт нийт хөрөнгө оруулалтын зардлын 60 хувиас хэтрэхгүйбайхаар тохиролцсон. Үүнийүр дүнд ашиг авах тооцоонд Монголын талын санхүүжилт 1.7 тэрбум ам.доллар байсныг ойролцоогоор 816 сая болгон, 884 сая ам.доллараар бууруулсан.
2. Хувь нийлүүлэгчдийн одоогийн зээлийн дүн буюу гэрээ хүчин төгөлдөр болохоос өмнө төсөлд хийгдсэн зардлын дүн 1.06 тэрбум доллар байсныг 382.5 саяар бууруулан 677.5 сая ам.доллар байхаар тохиролцсон.
3. Татварын орлогыг нийтдээ 1.3 тэрбум ам. доллараар нэмэгдүүлсэн. Үүнд:
• НӨАТ-ыг чөлөөлж, буцаан олголт өгөхгүй болсноор 1.2 тэрбум ам. доллар,
• Гаалийн албан татварыг хуулийн дагуу төлүүлэх болсноор 113.5 сая ам.доллар болсон.
4. Урьдчилгаа төлбөр хүүгүй25 сая ам. доллар, 9.9 хувийн хүүтэй100 сая ам. доллар, нийтдээ 8.1 хувийн хүүтэй 125 сая ам. доллар байсныг 250 сая ам. доллар болгон нэмэгдүүлж, жилийн хүүг нь 2.1 хувь болгон 6 пунктээр бууруулж чадсан. Ингэснээр урьдчилгаа төлбөрийн хүүгийн зардлаас 75 сая ам. доллар хэмнэсэн.
2011 оны зургадугаар сарын 8-ны хэлэлцээрийн үр дүнд ХНГ-ний нэмэлт, өөрчлөлтөөр төслийн хүрээнд хийгдэх санхүүжилтийн хүүг USCPI+ 9.9 хувь байсныг LIBOR + 6.5 хувь болгож өөрчилсөн. Энэ дагуу санхүүжилтийн хүүгийн зардлыг 535.3 сая ам.доллараар бууруулсан. Ийм алхмууд хийсний үр дүнд манай талын өгөөж ихээхэн нэмэгдсэн юм.
Хөрөнгө оруулагч талын хэлэлцээрийн багийнхан “Тантай хэлэлцээр хийж эхэлснээс хойш хөндсөн заалт болгон дээр бид өгөөжөө алдаад байна. Гэрээ маань аль аль талдаа ашигтай win-win байх ёстой биз дээ” гэж хэлдэг байсан.
–“Оюу толгой” ХХК манай хамгийн том экспортлогчийн нэг. Компанийн борлуулалтын орлогыг манай арилжааны банкуудаар дамжуулах асуудлыг гэрээнд тусгаж өгөөгүй гэж олон нийт шүүмжлэлтэй ханддаг. Борлуулалтын орлогыг манай банкуудаар оруулбал валютын ханш өсөхөөс сэргийлэхэд нэмэр болохгүй юу?
-Тэгэлгүй яахав ээ, тантай санал нэг байна. Гэхдээ хамгийн түрүүнд нэг зүйл онцолж хэлэхгүй бол болохгүй нь. ХөОГ-г Монгол Улсын хүчин төгөлдөр хуульд нийцүүлж хийсэн гэдгийг хамгийн эхэнд онцлон хэлье.
Тухайн үед буюу 2009 онд мөрдөгдөж байсан Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль, Ашигт малтмалын тухай хууль, Монгол Улсын гадаад улс орнуудтай байгуулсан хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай хэлэлцээрийн дагуу хөрөнгө оруулагч өөрийн олсон ашиг, орлогыг гадагш чөлөөтэй шилжүүлэх эрхтэйгээр хуульчилж, зохицуулсан байдаг.
Эдгээр хуулиудын дагуу “Оюу толгой” ХХК биш бусад бүх аж ахуйн нэгж, хөрөнгө оруулагчид өөрийн олсон орлогыг гадаад, дотоодод чөлөөтэй шилжүүлэх эрхтэй байдаг.
Ашигт малтмалын тухай хуулийн 29.1.1-29.1.9 дэх заалтууд ХөОГ-ний үндсэн зарчим, зохицуулалтуудыг маш тодорхой зааж өгсөн байдаг. Тодруулж хэлбэл, 29.1.3 дахь заалтад хөрөнгө оруулагч нь “олсон орлогоо захиран зарцуулах эрхийг нь баталгаажуулах” гэж заасан байдаг.
Эдгээр хуулийн зохицуулалтад нийцүүлэн хийсэн ХөОГ-ний төслийг ҮАБЗ, УИХ, Засгийн газар хэлэлцэж, дэмжсэний үндсэн дээр уг гэрээг байгуулсан.
Тэгэхээр энэ асуудал гэрээний биш, хуулийн асуудал байгаа биз.
Одоо ч хүчин төгөлдөр үйлчилж байгаа Хөрөнгө оруулалтын тухай хууль, Монгол Улсын гадаад улс орнуудтай байгуулсан хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай хэлэлцээрийн дагуу хөрөнгө оруулагч өөрийн олсон ашиг, орлогыг гадагш чөлөөтэй шилжүүлэх эрхтэй хэвээр байгаа.
Харин “Оюу толгой” ХХК-ийн борлуулалтыг Монгол Улсын арилжааны банкаар дамжуулах нь ханшийн тогтвортой байдлыг хангаж ажиллахад эерэг нөлөө үзүүлнэ гэдэгтэй санал нэг байлгүй яахав. Энэ асуудлыг хөрөнгө оруулагч тал, арилжааны банкуудтай хамтран шийдвэрлэх боломж байгаа юу гэвэл байгаа гэж бодож байна.
Манай арилжааны банкууд өөрсдийн найдвартай ажиллагаа, үйлчилгээг сайжруулсан тохиолдолд гадна дотны гэлтгүй бүх том компаниуд өөрсдөө хүсэлт тавиад үйлчлүүлнэ шүү дээ.
ХОРИН МЯНГАН “ХУВЬСАГЧ”
-Та Оюу толгойн гэрээнд “хорин мянган хувьсагч” байгаа тухай ярьсан. Хүмүүс гэрээг хараад “хувьсагч нь аль вэ” гэж сонирхож байгаа юм. Тэр ч байтугай “хорин мянган үл мэдэгдэгчтэй тэгшитгэл” маягаар төсөөлсөн хүн ч байна.
-2012 оны арваннэгдүгээр сард болсон УИХ-ын гишүүн С.Ганбаатар бид хоёрын мэтгэлцээн үнэхээр олон хүний анхаарлыг татаж, олон хүн үзсэн байх. Миний хувьд мэтгэлцээн их амжилттай болсон гэж боддог. Намайг зөвхөн 20 мянган хувьсагч гэж хэлсэн гэж буруутгадаг. 70-100 жил хэрэгжих энэ том төслийн эдийн засгийн тооцоолол, загварчлалыг төслийн ТЭЗҮ дээр үндэслэн хийсэн, олон арван хувьсагчтай байдаг.
Харин бидний ажилласан загвар 20 гаруй мянган өөрчлөлтийг тооцоолсон эдийн засгийн загвар байсан. Шууд мэтгэлцээний явцад энэ ойлголтыг хувьсагч гэж хэлснийг их онцолсон байдаг. Өөр шүүмжлэх зүйл гараагүйгээс бодоход мэтгэлцээн миний хувьд маш амжилттай болсон шиг байгаа юм.
Одоогийн нөхцөл байдал, Оюу толгой төслийн хэрэгжилт, явц, хэтийн төлөв ярилцаж байгаа үед энэ тийм ч ач холбогдолтой маргаан биш байж болох юм. Магадгүй өөр зорилго бүхий тодорхой хэсэг бүлэг этгээдэд энэ асуудал их мөлжүүртэй сэдэв болж.
-Эргээд л 500 хээлтэгч хонь руугаа орцгооё. Мөнөөх 500 хонио 30, цаашлаад 100 жил өсгөхөд тохиолдох ган зудын мөчлөг, ашиг шим, жил тутам 100 эхээс бойжуулах төл, тэр төлийн доторх хүйсийн дундаж төлөвийг тооцоолдог гэх маягаар бүдүүвчилж болох нь ээ. Маш олон хүнд тэгшитгэл, тэнцэтгэл биш, бүүр оньсого шиг ойлгогдоод байгаа зүйлийг жирийн жишээн дээр нэг тайлбарлаач.
-Тэгж бас болох нь. Ер нь бол дэлхийн зах зээл дээрх зэсийн үнийн хөдөлгөөн болон зайлшгүй ба санамсаргүй хүчин зүйлүүдийг тооцоолон загварчлахаас эхлээд Оюу толгой төслийн өгөөжид хэрхэн нөлөөлж болохыг олон хувилбараар симуляц хийн тооцоолж болно.
Төсөл хэрэгжих хугацааг 100 жил гэж үзэж, зэсийн дундаж үнэ 5000 ам.доллар байна гэж төсөөлж үзье. Тэгвэл төслийн хугацааны турш зэсийн дундаж үнэ 5000 ам.доллар байх хэдэн мянган хувилбарыг автоматаар үүсгэж болно. Энгийн нэг хувилбар нь эхний 50 жил 4000 ам.доллар, дараагийн 50 жил 6000 ам.доллар байхаар төсөөлөл хийж болно.
ОФФШОР БОЛ ТАТВАРЫН ТААЛАМЖТАЙ ОРЧИНТОЙ ЭДИЙН ЗАСГИЙН БҮС
-Та яаж яваад оффшортой холбогдчихов оо. Хүмүүс Оюу толгойн гэрээг хийснийг тань оффшортой шууд холбож хардаад байх шиг байдаг?
-Оффшор бүсэд 2008 оны тавдугаар сарын 27-ны өдөр компаниа бүртгүүлж Швейцарийн Credit Suisse банкинд данс нээлгэсэн. Энэ бол 2008 оны сонгуулиас хоёр сар гаруйн өмнө, Сангийн сайд болохоос дөрвөн сарын өмнө болсон үйл явдал. Оюу толгойн гэрээ байгуулахаас нэг жил дөрвөн сарын өмнө болсон үйл явц. “Хоёр сар”, “дөрвөн сар”, “нэг жил дөрвөн сар” гэсэн хугацааг санаад авчихна биз. Тодруулбал, сонгуульд орох эсэх нь тодорхойгүй, орсон ч ялах эсэх нь тодорхойгүй, манай нам ялж, Засгийн газар байгуулах эсэх нь тодорхойгүй, тэр тусмаа би Сангийн сайд болох тухай төсөөлөө ч үгүй, ялангуяа Оюу толгойн хэлэлцээрт орох тухай зүүдлээ ч үгүй байх үед шүү дээ. Тухайн үед оффшор бүстэй холбоотой хуулийн зохицуулалт байгаагүй. Энэ зохицуулалт 2017-2018 онд хуульд орсон. Өөрөөр хэлбэл, оффшорын асуудлыг хуулиар зохицуулахаас 10 жилийн өмнө болсон үйл явц юм. “10 жил” гээд бас саначихна биз. Бүх үйл явц хуулийн дагуу хийгдсэн. Хууль зөрчсөн үйлдэл огт байхгүй.
-Ардын үгээр бол “Муу нэртэй, луу данстай” оффшор бүс гэдгээ тодруулаад ярих уу. Манай зарим хүн “Зөвхөн хулгайн мөнгө л хүлээн авдаг нэгэн зүйл банк” байдаг аятай бодоод байдаг. Хэрвээ шударгаар олсон мөнгөө аваад очвол буцаагаад шиддэг маягтайгаар.
-Өнөөдөр манай нийгэмд “мангаа” гэдэгтэй ойролцоо сонсогдох болсон энэ ойлголтыг тайлбарлая. Оффшор гэдэг бол нөгөө “Али Баба ба дөчин дээрэмчин” гэдэг киноны Али Бабагийн агуй ч биш, далайн дээрэмчдийн эрдэнэ булсан арал ч биш. Хөрөнгө оруулалт татахын тулд татварын нэн таатай нөхцөл бүрдүүлсэн эдийн засгийн орчин. Тэнд бүх юм хууль номын дагуу л явагддаг. Улсаараа оффшор болсон, тэрүүгээрээ бахархдаг орон ч байна. Харин улс үндэстнийхээ өмнө тодорхой үүрэг хүлээсэн төрийн өндөр албан тушаалтнуудыг юунд буруутгадаг вэ гэхээр ийм юм. Эх орныхоо өмнө үүрэг хүлээсэн атлаа, татварын нэн таатай нөхцөл бүрдүүлсэн оффшор бүсэд мөнгө, хөрөнгөө байршуулж, эх орондоо татвар төлөхгүй байгаа үйлдлийг иргэд нь шүүмжилдэг.
Би эзэмшсэн мэргэжлээрээ хувьцааны бизнес эхлэхийн тулд татварын тааламжтай бүсэд санхүүгийн дэд бүтцээ бүрдүүлэх хэрэгцээ гарсан. Энэ нь миний хувьд энд олсон орлогоо оффшор бүсэд байршуулж татвараас зугтаах биш, эсрэгээрээ оффшор бүсийн давуу талыг ашиглаж орлого олж, олсон мөнгөө Монголдоо оруулж ирэх зорилгоор тэнд компани байгуулж мөнгөн хуримтлалаа байршуулсан.
-Монгол Улсын Ерөнхийлөгч оффшорт байгаа мөнгийг оруулж ирнэ гэж амласан. Шуудхан асуухад, Таны оффшор дансанд одоо хэдэн доллар байгаа вэ?
-Би оффшор бүсэд бүртгэлтэй компаниар хувьцааны бизнес хийгээд олсон бүх ашгаа 2010 онд буюу одоогоос 10 жилийн өмнө, Ерөнхийлөгчийг энэ талаар санал гаргахаас долоон жилийн өмнө оруулж ирсэн. Дахин хэлэхэд, 2013 оноос хойш миний хувьд оффшор бүсэд компани, данс аль аль нь байхгүй, мөнгө ч байхгүй, бүгдийг нь 2010 онд Монгол Улсдаа оруулаад ирсэн. Монголдоо орлогоо оруулж ирэхэд “мөнгө угаасан” гэсэн хэрэг хилсээр үүсгэсэн.
Монгол Улсын Ерөнхийлөгч хүртэл оффшорт байгаа мөнгөө оруулж ирье гэж санаачилж, уриалж байхад 10 жилийн өмнө оруулаад ирсэн мөнгийг хүртэл хэрэг болгож байгаа нь Ерөнхийлөгчийн санаачилгыг хууль хүчний байгууллагынхан эсэргүүцээд байгаа гэлтэй.
Бүгд баримт, нотолгоотой. Швейцарийн холбооны улсын ерөнхий прокурорын газар (ЕПГ)-аас бүх материалыг нь Монгол Улсын хууль, хүчний байгууллагуудад 2018 онд шилжүүлэн өгсөн. Швейцарийн ЕПГ-аас эдгээр материалын бүх хуулбарыг өмгөөлөгчөөр дамжуулж надад өгсөн байгаа.
-Долоон жилийн өмнө оффшор дахь бүх компани, данс чинь хаагдсан, 10 жилийн өмнө бүх ашгаа Монголд оруулж ирсэн, тэгээд бүх баримт материалуудыг Монгол Улсын хуулийн байгууллагад ирчихсэн байж. Гэтэл “Баярцогтын оффшор” гэдэг асуудал өнөөдөр ч шуугиулсаар байгаагийн учир юу байна?
-Энэ бүх дуулианыг нэр бүхий Монголын улстөрчид 2016 оны сонгуулийн өмнө зохион байгуулж, 9.2 сая ам. доллар миний дансанд ANZ банкнаас орж ирсэн гэсэн хуурамч материалыг бүрдүүлж, “Transparency Anonymous” хэмээх огт байхгүй байгууллагын нэр барьж хэвлэл, нийгмийн сүлжээгээр тарааж, миний эсрэг зохион байгуулалттай сөрөг сурталчилгаа явуулсан.
Улмаар уг хуурамч материалд үндэслэж Швейцарьт хэрэг үүсгүүлж, Монголд хаагдсан хэргийг дахин сэргээлгэсэн. Швейцарьт үүсгэсэн хэргийн дагуу надад мөнгө зээлсэн монгол бизнесүүдийн дансыг гурван жил царцааж, монголчуудаа хохироосон ийм хэрэг гарсан. Гурван жил гаруй монгол бизнесүүдийг Швейцарийн тал мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулаад, авлига авсан, мөнгө угаасан гэх хэргийг хэрэгсэхгүй болгож, эдгээр бизнес эрхлэгчдийн мөнгийг нь гаргаж өгч байна.
Энэ мөрдөн шалгах явцдаа “Transparency Anonymous” хэмээх байгууллага нь огт байхгүй, миний дансанд 9.2 сая доллар орсон гэх материал нь хуурамч болохыг нотолсон. Эдгээр бүх баримтуудыг Монголын холбогдох хуулийн байгууллагуудад ирүүлсэн байгаа. Дахин хэлье. Энэ бүх асуудлууд бүгд баримт, нотолгоотой. Швейцарийн Ерөнхий прокурорын газар энэ бүх материал, баримт, нотолгоог Монгол Улсын хууль, хүчний байгууллагуудад шилжүүлэн өгсөн.
-Таныг гэрээ байгуулахад нөгөө талд давуу байдал үүсгэсэн, “Рио Тинто”-оос хахууль авсан гэж хардаад байдаг. Том компанийн хахууль том л байж таарна гэх таамаг байгаа.
-Яг эсрэгээрээ, өнөөдөр компани том байхын хэрээр шударга бус үйлдэл хийх боломж багасдаг. Тэдний тайлан, баланс хувьцаа эзэмшигчдийн өмнө болоод олон нийтэд ил байдаг нь барууны бизнесийн гол дүрэм. Манайхан “төрийн байгууллагын шилэн данс” гэдэг зүйл санаачилсан нь тэднээс суралцсан хэрэг.
Юуны өмнө, үндэстэн дамнасан тэр том компаний зарчим, соёлыг дутуу үнэлж болохгүй байх. Тэд хэзээ ч, хэнд ч авлига өгч, хөрөнгө оруулалт хийхгүй л болов уу. Яг энэ асуудалтай холбогдуулан “Рио Тинто” групп “Бид аливаа гэрээ, хэлцлийг олон улсын стандарт, компанийн соёл, хариуцлагын дагуу гүйцэтгэдэг бөгөөд авлига, хээл хахуулийн эсрэг урт хугацааны маш хатуу бодлого, байр суурь баримталж ажилладаг” гэж мэдэгдсэн. Миний хувьд бага залуу наснаасаа сонгогч олны итгэлийг дааж улс төрд хөл тавьж, төрийн өндөр албан тушаалуудыг олонтаа хашсан. Би Монголын төрд зүтгэж ирснийгээ нэр төрийн хэрэг гэж бодож эрхэмлэдэг.
Олон жил төрд зүтгэхдээ авлига хээл хахууль, албан тушаал, тендерийн гэх мэт асуудалд огт холбогдож байгаагүй. Мөнгө бол мэдээж хүний амьдралд хэрэгтэй. Гэхдээ мөнгийг хүн толгойгоо ажиллуулж, шударгаар олж болдог, олж чадна гэдэгт би бат итгэдэг. Гадаадад олон газар сурсан бүх сургалтын зардал, тэтгэлгийг би толгойгоороо олж авсан төдийгүй төгсөж ирэхдээ хүртэл хувьдаа олон мянган доллартай дүйцэхүйц хэмжээний төслийн буцалтгүй санхүүжилт авчирч байсан. Ер нь бол гаднаас л мөнгө татаж, Монголдоо оруулж ирэх хэрэгтэй гэдэг бизнесийн философитой. Тэгээд ч хүн сайхан амьдрахад их мөнгө хэрэггүй шүү дээ.
-Оюу толгойн гэрээг байгуулахад оролцсондоо харамсаж байна уу?
-Оюу толгойн гэрээг байгуулснаараа янз бүрийн муу нэр дуулж, хардагдаж яваа нь үнэн үү гэвэл үнэн. Гэхдээ энийг би цаг зуурынх гэж боддог. Гэрээ хийсэнтэй холбогдуулж Оюу толгойгоос мөнгө авсан зүйл надад огт байхгүй. Харин би Оюу толгойн гэрээнээс юу авч үлдсэн бэ гэвэл эд, мөнгөөр үнэлж үл болох асар их мэдлэг, олон улсын том гэрээ, хэлцэл хийх том туршлага хуримтлуулж үлдсэн гэж болно. Монгол Улсын хөгжилд бодитой хувь нэмэр оруулж буй энэ том төслийн гэрээнд оролцсондоо харин ч баярладаг. Хийсэн энэ ажлынхаа төлөө өнөөдөр янз бүрээр хэлүүлж байгаа ч, хожмын өдөр бүх монголчууд ойлгоно гэдэгт итгэж явдаг. Мэдээж, улс орныг олон арван жил тэжээх том төсөл одоогоор ганц энэ байгаа тул өнөөдөр ард түмнээрээ хэлэлцэж шүүж байна. Зуун хувь санал нэгдэнэ гэж хэзээ ч байхгүй л дээ.
-Таныг бас албан тушаалын байдлаа ашиглан хувьцаа худалдаж авч, ашиг олсон гэж буруутгаж байсан?
-Тэгж буруутгаад надад хэрэг үүсгэсэн. Гэхдээ дэлхийн ямар ч хөрөнгийн зах зээл дээр албан тушаалын байдлаа ашиглаж хувьцаа худалдаж авна гэсэн ойлголт байхгүй. Би 2009 оны наймдугаар сард хувьцаа аваад 2010 оны дөрөвдүгээр сард зарж ашиг олсон. Энд албан тушаал ямар ч холбогдолгүй гэдгийг хөрөнгийн зах зээл дээр ажилладаг бүх хүн мэднэ. ХөОГ хийвэл тодорхой хугацааны дараа хувьцааны үнэ өсөх боломжтой гэдгийг эдийн засгийн анхан шатны мэдлэгтэй бүх хүн ойлгож байгаа. Хэзээ, хэдэн хувиар өсөх талаар, хэзээ үнэ нь буух талаар бол хэн ч мэдэхгүй. Хөрөнгийн зах зээлд хэн тооцоо судалгаанд үндэслэн эрсдэл хийж чадна, тэр ашиг олж чадна. Мэдээж алдагдал хүлээж ч болно.
Хувьцааны үнэ намайг худалдаж авснаас хойш хоёр дахин өсөхөд би өөрийн хувьцаагаа зарсан. Хэрэв би дахиад найман сар хүлээсэн бол хувьцааны үнээ дөрөв дахин нугалж ашиг олох боломжтой байсан юм билээ. Түүнээс хойш аажмаар өсөж, унасаар бараг 22.5 орчим ам. доллар байсан хувьцааны үнэ 40 цент болтлоо унасан.
Харин дотоод мэдээллийг ашиглан үнэт цаасны зах зээлд арилжаанд оролцох гэмт хэргийн асуудал бол хөрөнгийн зах зээл хөгжсөн бүх оронд байдаг.
-Тэгвэл үнэт цаасны зах зээлд дотоод мэдээллийг хууль бусаар ашиглаж, арилжаанд оролцож үнэт цаас худалдаж авсан, дараа нь зарсан гэсэн шалтгаанаар таныг хорьсон юм уу?
-Үгүй. Нэгдүгээрт, хууль хүчний байгууллагууд ийм гэмт хэрэг надад тулгаагүй. Яагаад гэвэл дотоодын мэдээлэл хууль бусаар ашиглах тухай заалт манай улсын Эрүүгийн хуульд 2014 онд орсон. Миний хувьцаа худалдаж авсан, зарсан явдал бол 2009-2010 онд болсон үйл явц. Тэр хууль гарахаас дөрөв, таван жилийн өмнөх явдал.
Тэр яриад байгаа “дотоодын мэдээлэл” гэдгийг нь ашигласан байлаа гэхэд энэ нь Монгол Улсад гэмт хэрэг гэж тооцогдохгүй байсан үе. “Ашигласан байлаа ч”, “тооцогдохгүй үе” гэсэн тодотголтой хэлж байна шүү. Тиймээс энэ заалтаар намайг яллах үндэслэл байхгүй.
Хоёрдугаарт, угаасаа энэ асуудал дээр “дотоод” эсвэл “олон нийтэд ил болоогүй албаны мэдээлэл” гэсэн зүйл огт байгаагүй. Гэрээ хийгдвэл хувьцааны үнэ өснө гэдгийг бүгд л ярьж, хүлээж байсан. Гэрээ хийх асуудал Засгийн газар, УИХ-ын түвшинд хэлэлцүүлж байсан. Олон нийт мэдэхгүй нууц мэдээ гэж огт байхгүй. Тэр бүү хэл 2009 оны наймдугаар сарын 19-25-ны өдрүүдэд хуралдсан УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдааны үеэр гишүүд энэ талаар таамаглаж, нээлттэй ярьж байсныг хуралдааны дэлгэрэнгүй тэмдэглэлээс бэлхнээ харж болно.
-Хувьцаагаа арай л яараад зарчихсандаа харамсдаг уу?
-Хувьцааны бизнес бол эрсдэл. Цааш өсөх үү, эсвэл буурах уу, өсвөл хэр ихээр, хэр удаан өсөхийг таамаглахад хэцүү. Ийм бизнес хийхийн тулд эрсдэл даах чадвартай, санхүүгийн эх үүсвэртэй байх ёстой. Санхүүгийн үйлчилгээ үзүүлэх дэд бүтэцтэйгээ холбогдсон байх ёстой. Ийм нөхцөлийг хангаагүй хүн хувьцааны бизнес хийх боломжгүй юм. Би өөрийнхөө дааж чадах эрсдэлийн хүрээнд шийдвэрээ гаргасан. Хувьцаа авах, зарах нь өөрөө албан тушаалын байдлаа ашиглаж хийдэг бизнес биш гэдгийн тод жишээ.
Одоо ч бас “Оюу толгой” ХХК-ийн хувьцааг эзэмшигч TRQ компанийн хувьцаа маш сонирхолтой үедээ байна. Удаан хугацаанд эрсдэл хийх чадвартай, санхүүгийн нөөцтэй хүнд бол боломж харагдаад л байна.
-Хувьцааны бизнес хууль ёсных. Зарим монгол хүн хууль ёсны бизнес эрхлэхээр заримдаа хэрэгт ордог гэдгийг та мэддэг болсон. Харин шалтгаан нь хаана байгааг олж хардаг уу?
-Манай иргэд хөрөнгийн зах зээлийн талаарх мэдлэг одоогоор хангалттай биш байна. Хөрөнгийн зах зээлийн арилжаанд оролцоод ирэхийн хэрээр мэдлэг, туршлага хуримтлуулаад явах байх.
Хэрэв монгол хүн бүр “Оюу толгой” ХХК-ийн эзэмшигч TRQ компаний хувьцааг эзэмшдэг байсан бол улс төрийн популизм, эдийн засаг, улс төрийн тогтворгүй байдал ямар хор хөнөөлтэй болохыг маш хурдан ойлгож мэдэх болно. Өндөр хөгжсөн орны иргэд шууд болон шууд бусаар хөрөнгийн зах зээлтэй холбогдсон байдаг. Энэ нь өөрөө хөрөнгийн зах зээлээ дэмждэг, хүмүүс нь баталгаажсан орлоготой байдаг, ингэснээр улс төр, эдийн засгийн тогтвортой байдлаа ч хангадаг.
Арван жилийн өмнөх Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн дэд бүтэц сул хөгжсөн, ихээхэн бэлтгэл ажил шаарддаг гэдгийг өнөөдрийн хүмүүс төсөөлөхгүй байгаа байх. Хэн нэгэн монгол хүн энэ зах зээлийг маш их үзэж судлаад, байгаа нөхцөл байдлыг үнэлээд, өөрийнхөө бэлдсэн санхүүгийн дэд бүтцээ ашиглаад, өөрийн хуримтлалаараа эрсдэл хийсэн гэдгийг ухаарч ойлгохгүй байж болох юм. Манай улс жижиг эдийн засагтай, мөнгө багатай орон. Зөвхөн энэ тогоон дотроо сэтгэх хэрэггүй. Дэлхийгээр дүүрэн боломж, мөнгө эргэлдэж байна. Тиймээс тэр бүх боломжийг соргог ашиглаж, дэлхийн хөгжилтэй эн зэрэгцэж, гаднаас тэр боломж, мөнгө хөрөнгийг оруулж ирж, эх орондоо ашигтайгаар шингээх ёстой гэж боддог.
Өнөөдөр хөрөнгийн зах зээлийн тухай ойлголт, бизнес хийх боломж арван жилийн өмнөхөөс эрс сайжирсан байна. Залуучууд хөрөнгийн зах зээл дээр үнэхээр сайн ажиллаж байгаа жишээ цөөнгүй байна. Ийм монгол залуучууд олон болох тусам улс оронд хэрэгтэй.
–За хууль зөрчөөгүй ашиг хийсэн байлаа гэхэд өөрөө гэрээ хийхэд оролцож байсан мөртлөө толгой компанийнх нь хувьцааг худалдаж авах чинь ёс зүйн асуудал биш үү?
-Энэ талаар бодож байсан. Угаасаа толгой компани нь хувьцаагаа Нью-Йорк, Торонтод дэлхийн хамгийн баян эдийн засагтай улсад гаргасан компанийн хувьцаа эзэмшигч нь өндөр хөгжилтэй орны чинээлэг иргэд л байдаг. Хувьцааны үнэ өссөнөөр тэдний л хөрөнгө орлого энэ явцад улам нэмэгдэнэ.
Монголын орд газар дээр төсөл хэрэгжүүлэхийн тулд ХөОГ хийхэд толгой компанийн хувьцаа өснө, гэхдээ хэзээ, хэдэн хувиар гэдгийг мэдэхгүй ч эрсдэл хийж, тодорхой хугацаанд хуримтлалаа байршуулж удирдах чадвартай, мөн хувьцаа худалдаж авсан монгол бизнес эрхлэгч болгоныг би ёс зүйтэй, жинхэнэ мэдлэгтэй хөрөнгийн зах зээлийн мэргэжилтнүүд гэж үнэлнэ. Хөрөнгийн зах зээлийг бага ч гэсэн ажигладаг бүх монгол хүмүүс, дээр нь Монголд болж буй үйл явцыг ажигладаг гадны бүх хүмүүс Оюу толгойн хувьцааны үнэ өсөх боломж байгааг мэдэж байсан. Мөнгөө байршуулах гэж байгаа хүний хувьд хамгийн боломжтой үе байсан. Хаа нэгтээ байгаа гадны хөрөнгө оруулагчийн хувьд монголчууд гэрээгээ байгуулах нь ойртож байна гэдгийг мэдэхгүй байж болно л доо. Манайхны хувьд шинэ, санхүү, хөрөнгийн зах зээл дээр бидэнд баталгаатай байгаа энэ мэдээлэлд үндэслэн хөрөнгө, орлогоо нэмэгдүүлж байгаа монгол хүн бүр эх оронч гэж боддог.
Би энэ боломжийг ашиглаж олсон ашгаа тэр даруйдаа Монголд оруулж ирсэн. Дэлхий нийтийг хамарсан хамгийн том хямралд гүнзгий нэрвэгдсэн манай орноос хөрөнгө оруулагчид валютаа гадагш гаргаж байхад валют Монголд оруулж ирснийг эх оронч үйл ажиллагаа гэж үзнэ биз дээ.
ЭРЛИЙЗ БОЛ УЛС ТӨРИЙН ХОЧ
–Одоо, Монголд л хамгийн ноцтой гэгддэг асуултын нэг рүү орлоо. Таныг оффшортой холбоотой баримт бичиг дээр Хятадын Монгол гэж бичсэн байсан гэдэг. Зарим нь өөрөө Хятад, хятадын эрлийз болохоороо тэгж байгаа гэж дайрдаг.
-Юуны өмнө “хужаа”, “Хятадын эрлийз” гэдэг үг Хятад, Монгол хоёрын дундаас төрсөн хүний нэр биш, харин бол монголчуудын дургүй болгондоо зүүдэг хоч болсон. Тэр тусмаа улс төрийн өрсөлдөгчөө “хужаа, эрлийз” болгох сурталчилгаа хийдэг нь гэм биш зан болчихоод байсан.
-Гол нь өөрийгөө хятад гэж бүртгүүлсэн нь үнэн юм уу?
-Ямар ч монгол хүн солио туссан биш юу л боллоо гэж өөрийгөө “хятад” гэж бүртгүүлэх юм бэ? Харамсалтай нь намайг тэгээд бүртгэчихсэн байсныг сүүлд мэдсэн. “Нэг бүдрэхээр долоо бүдэрнэ” гэдэг шиг л юм болсон. Тухайн үедээ, оффшор компанийг 30 минутын дотор бүртгэдэг Хонконгт байдаг үйлчилгээ үзүүлдэг компани бүртгэлээ хийхдээ Mongolia, China гэчихсэн байсан. Маш олон баримт бичигт гарын үсэг зурахдаа тэр нэг хуудсыг үнэндээ анзаараагүй. Дараа нь 2013 онд Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн олон улсын консорциумоос материалыг хэвлэж гаргахад анзаарсан. Угаасаа Хонконгийн хятадууд Inner Mongolia, China гэж өөрсдөө олонтаа хэрэглэгддэг Өвөр Монголын нэрийг бичдэг сурсан дадлаараа биччихсэн юм билээ. Ингэж бүртгэл хийсэн компани нь 2013 онд алдаагаа хүлээж улмаар залруулга хийж, уучлал гуйсан захидал ирүүлсэн. Уг захидлын хувийг 2013 онд УИХ-ын Ёс зүйн хороонд өгсөн. Алдаа байсан. Залруулга хийгдсэн. Улс төрийн зорилгоор дайрч байгаа улсад энэ алдаа, залруулга даан ч “хамаагүй” юм даа.
-Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн олон улсын консорциум гэснээс, та чинь өөрөө тэдэнтэй очиж уулзаж ярьсан гэдэг байх аа. “Тэрүүгээр явсан гайг энүүгээр дуудав” гэгчээр…
-Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн олон улсын консорциумоос оффшор компани, данстай холбогдсон бүх хүмүүст хандаж захидал бичсэн юм шиг байгаа юм. Над руу АНУ-ын Вашингтон хот дахь Элчин сайдын яамаар дамжиж холбогдсон. Ер нь энэ консорциумын сэтгүүлчидтэй биеэрээ уулзаж ярилцсан бараг ганц хүн нь би байх аа. Тэр үед би албан томилолтоор Вашингтон хотод ажиллаж таарсан болохоор консорциумын төв байранд очиж тус байгууллагын захирал Жералд Райл, орлогч захирал эмэгтэй Марина Уолкер Гуевара нартай уулзаж ярилцсан.
Надад нуух зүйл, гэмт хэрэг үйлдсэн зүйл байгаагүй учраас яагаад оффшор компани бүртгүүлсэн, юу хийх зорилготой байсан, юу хийсэн талаараа дэлгэрэнгүй тайлбарласан. “Амар байна уу гэсэн биш гай болов” гэгчээр төдөлгүй энэ асуудал “Өөрөө очиж хэргээ хүлээсэн” байдлаар сонин хэвлэл дээр гарсан даа.
-Тэгээд та чинь нуух зүйл байхгүй, гэмт хэрэг үйлдээгүй гэх. Тэгсэн мөртлөө УИХ-ын дэд даргын ажлаа яагаад сайн дураараа өгсөн байдаг юм. Цаанаа л нэг гэмээ хүлээсэн, наманчилсан ч юм шиг…
-Энэ бол цэвэр ёс зүйн асуудал. Яагаад гэвэл би оффшор компаниа хөрөнгө, орлогын мэдүүлэгтээ мэдүүлээгүй байсан учраас хуульд зааснаас илүүтэйгээр хариуцлага хүлээх ёстой гээд сайн дураараа ажлаа өгсөн. Уг нь тухайн үеийн хуулийн дагуу хөрөнгө, орлогын мэдүүлэгтээ мэдээллийг дутуу мэдүүлсэн байвал сануулах, цалингийн хувиар торгох зэрэг арга хэмжээ авдаг байсан. Нэлээд олон албан тушаалтанд ийм арга хэмжээ авч, хөрөнгө, орлогын мэдүүлгийг нь шинэчлэн авсан байсан. Миний хувьд төрийн өндөр албан тушаал хашиж байсны хувьд уг шийтгэлүүдээс илүү өндөр хариуцлага хүлээх ёстой гэж үзээд, ажлаа өгсөн.
-Д.Сүхбаатар, Х.Чойбалсан, Ж.Самбуу нарын шарилыг нүүлгэн, Монгол ёсоор нутаглуулах, Их эзэн Чингис хааны хөшөөг Төрийн ордны өмнө залах амаргүй, бас түвэгтэй ажлыг та хариуцан хийсэн байдаг. Эндээс ямар нэгэн “эх орноо худалдсан” асуудал гараагүй юу. Яах гэж ийм лай ланчигтай юмыг өөртөө үүрч байдаг юм бэ!
-Амаргүй л ажил байсан. 2004-2006 онд Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга байхдаа Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойг тэмдэглэх үндэсний хорооны дэд даргаар ажилласан. Их ой тэмдэглэх нөр их ажлын хүрээнд Төрийн ёслол, хүндэтгэлийн өргөө, Төрийн түүхийн музейг байгуулах, Төрийн ордны өнгийг шинэчлэх, Алтан-Өлгийг тохижуулах, Д.Сүхбаатар, Х.Чойбалсан нарын бунхныг зөөж, шинэчлэн байгуулах, Төрийн ордны арын цэцэрлэгт Төрийн тамганы хөшөө босгох, Ж.Самбуу болон Ж.Батмөнх нарын хөшөө барих хөрөнгө, газар, нэрэмжит болгох зэрэг олон асуудлыг нэг дор цогцоор нь шийдэж байсан.
Улсынхаа төв талбай дээр, төрийн ордноо тойроод баахан шарил бунхантай, түүнийг нүүлгэж шилжүүлэх асуудал зарим улстөрчдийн эсэргүүцэлтэй тулгарч, өвгөд хөгшдийнхөө ясыг өндөлзүүлсэн гээд тухайн үед их л ад үзэгдэж байсан. Ялангуяа бунхныг нүүлгэх тал дээр бурхан бологчдын төрөл төрөгсөдтэй ойлголцох, нийгэмд байгаа хэвшмэл сэтгэлгээг өөрчлөх, хүний ёсоор хүндэтгэл үзүүлэх, чандарлах зан үйлийг Гандантэгчилэн хийдийн Хамба лам Д.Чойжамц гуай, Бурханч лам Г.Пүрэвбат гуай нарын зөвлөгөө, шууд оролцоотойгоор гардан зохион байгуулж, Монголын түүхээ дээдлэх нарийн асуудлыг уялдуулан зохицуулан, амаргүй сорилтуудыг амжилттай даван туулж шийдвэрлэсэн.
Хамгийн эрхэм дээд үйл маань Их эзэн Чингис хааны хөшөөг мөнхөд оршихын бэлгэдэл гурван цагийн хэлхээнд Төрийн ордны өмнө хүндэтгэлтэйгээр залах, Төрийн ёслол, хүндэтгэлийн өргөө цогцолборыг босгох ажлыг удирдан зохион байгуулсан явдал юм. Монгол хүн болж төрөөд, энэ түүхэн үйл явцыг биечлэн удирдсан ховор хувь заяандаа талархдаг.
-Та ОХУ-д Зөвлөлтийн их өрийн үлдэгдэл 180 сая ам.долларын өрийг хүчингүй болгох хэлэлцээрийг Монгол Улсдаа ашигтай байдлаар хийсэн. Улмаар, оросууд сонирхлоо илэрхийлж байсан Оюу толгой төслийг “гуравдагч хөрш”-тэй хамтарч хэрэгжүүлсэн. Танд Оросын тал “гомдсон” юм биш биз. Гучаадхан жилийн өмнө “Монгол-Зөвлөлтийн найрамдлын эсрэг” гэмт хэрэг гэж байлаа шүү дээ.
-Үгүй дээ… ЗХУ-ын Ломоносовын нэрэмжит Москвагийн их сургуульд 17 настай очиж дэлхийг харах нүдээ нээж байсан би Оросын ард түмэнд сайнаар ханддаг. Хашиж байсан албаныхаа дагуу би ОХУ-ын Сангийн сайдтай жил гаруй хугацаанд хэлэлцээр хийж, ҮАБЗ-өөс уг өрийг 70 хувиар буулгаад ирвэл сайн байна гэсэн удирдамжаа давуулж, өрийг 97.8 хувиар хөнгөлж 3.5 сая ам. доллар төлөөд Монгол Улсаа ОХУ-ын өмнө өргүй болгох эцсийн хэлэлцээрийг хийж чадсанаараа бахархаж явдаг. Уг хэлэлцээрийг 2010 онд хийсэн боловч зургаан жилийн дараа 2016 оны эхээр гэрээг ОХУ-ын Думаар хэлэлцэн баталж, Ерөнхийлөгч Путин хуульд гарын үсэг зурсан.
ЭЗЭН ХИЧЭЭВЭЛ ОЮУ ТОЛГОЙ ХИЧЭЭНЭ
-Нарийндаа, хоёр хөршийн хөрөнгө оруулалтаас давсан гуравдагч орны хөрөнгө оруулалтыг татах Оюу толгойн хэлэлцээрийг хийгээд хэлмэгдэж яваа “эрлийз” юм аа даа?
-Бараг л тэгэх гээд байна. Харин хоёр удаа хилс хэрэгт яллагдаж 461 дүгээр хорих ангид 86 хоног суугаад гарч ирсний дараа гудамжинд таарсан олон хүн гар барьж, сэтгэл санааны дэмжлэг үзүүлж байсан шүү. Тэр ч байтугай “ганц удаа ган хийж, гомдол өгүүлэл тавиагүй” туулаад гарсан, үнэхээр монгол хүн байна лээ гээд огт танихгүй хүмүүс баяр хүргэж хэлж байсан нь их сонин санагдсан.
-Асуудал Оюу толгойд байна уу, Баярцогтод байна уу. Оюу толгойн гэрээнд үсэг зурсан учраас Баярцогт буруудаад байна уу. Оффшороос болоод Баярцогт буруудаж түүнд нь Оюу толгой чирэгдсэн юм уу. Ойлгогдохоо байлаа?
-Энэ асуудлыг энгийнээр тайлбарлахад түвэгтэй. Олон үйл явц, хүчин зүйл, сонирхол давхцаад, ганц талаас нь тайлбарлах боломжгүй нөхцөл байдал бий болсон. Миний харж буйгаар хэд хэдэн хүчин зүйл үйлчлээд байна.
Нэгдүгээрт, Оюу толгойн гэрээ бол монголчууд анх удаа бие дааж хийсэн түүхэн хамгийн том гэрээ. Монголчууд бие биенээ хүлээн зөвшөөрдөггүй, магадгүй энэ занг нь гадны сонирхогч улс, этгээдүүд зорилготойгоор ашиглаж байж магадгүй. Үүнийг үгүйсгэх боломжгүй юм.
Хоёрдугаарт, гэрээ байгуулснаас хойш Засгийн газрууд нь ойр ойрхон солигдож, төрийн институцийн ой санамж алдагдаж, хэрэгжүүлэлтэд тавих хяналт суларч, ямар нэгэн үл ойлголцол, маргаан гарвал өмнөх Засгийн газрууд руугаа асуудлыг (бурууг) “чихдэг”, шийдвэрлэхгүйгээр хуримтлуулан, хүндэрсэн асуудлуудаа дараагийн Засгийн газарт дамжуулдаг буруу зүй тогтол нь явсаар байгаад гэрээний хэрэгжилтийг биш, харин гэрээг хийсэн хүмүүсийг буруутгадаг сонгодог жишээ болоод байна. Гэрээний зүйл заалтыг болон гэрээтэй холбоотой аливаа үл ойлголцол, маргаан гарахад тайлбарыг Засгийн газар институцийн хувьд биш гэрээг байгуулсан албан тушаалтан хувь хүнийхээ хувьд хийдэг байсан нь олон түмэнд хувь хүний гэрээ мэтээр ойлголтыг төрүүлж ирсэн.
Гуравдугаарт, гэрээ байгуулсны дараахь тухайн цаг хугацаанд дэлхий нийтэд баялгийн үндсэрхэг үзэл (resource nationalism) газар авч, идэвхжсэн үетэй давхацсан. Тийм учраас хэдийгээр уг гэрээний үр дүнд хийгдэж буй бүтээн байгуулалт Монгол Улсын хөгжил дэвшил, ард түмний аж амьдралыг дээшлүүлэхэд бодитой шийдвэрлэх хувь нэмэр оруулж байгааг мэдсээр байж гэрээг тодорхой улс төрийн нам, хувь улстөрчид популист маягаар шүүмжилснийхээ “ачаар” удаа дараа сонгогдох, улс төрийн амьдрах насаа нь уртасгах боломжтой болсон. Энэ нь нийгэмд баялгийн үндсэрхэг үзэлд суурилсан популизмыг улам бүр дэврээж, эдийн засгийн бүтээн байгуулалтад саад болж байна.
Дөрөвдүгээрт, ийм их хэмжээний үнийн дүнтэй гэрээг авлига авахгүйгээр хийх боломжгүй гэсэн сонирхогч этгээдүүдийн зүгээс удаан хугацааны турш зохион байгуулалттай хийгдсэн сурталчилгаа нь явсаар олон нийт, улстөрчид болон хууль хүчний байгууллагынхны дунд “гэрээг хийсэн хүмүүс авлига авсан л байж таараа” гэсэн “гаж” ойлголт, итгэл үнэмшил болон тогтсон.
Тавдугаарт, тодорхой сонирхол бүхий улстөрчид болон хууль хүчний байгууллагынхны зүгээс “гэрээг хийсэн хүмүүс нь авлига авсан л байж таараа” гэсэн нийгмийн бэлтгэгдсэн энэ сэтгэл зүйг ашиглан гэрээ хийсэн хүмүүст хилс хэрэг тулгаж шийтгэл оногдуулах, улмаар энэ шалтгийг ашиглан энэ гэрээг хүчингүй болгох, хөрөнгө оруулагчдыг үргээн хөөх, өөр хөрөнгө оруулагчидтай тохирч оруулж ирэх “улстөрчид-хууль хүчний байгууллага-бизнес” гэсэн зохион байгуулалттай бүлэглэлийн сонирхол хүчтэй үйлчилж байна уу даа гэж харагдаад байна.
Уг нь хоёр хөршийн хөрөнгө оруулалтаас давсан гуравдагч хөршийн хөрөнгө оруулалт Оюу толгой төсөлд орж ирснээр түүхэнд байгаагүй мега бүтээн байгуулалт хийгдэж байгаа төдийгүй, Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг эдийн засгийн аргаар баталгаажуулах үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал бодитойгоор хэрэгжиж байгаа билээ.
Эцэст нь хэлэхэд, Оюу толгойн гэрээ байгуулагдахаас нэг жил таван сарын өмнө оффшор бүсэд компани бүртгүүлсэн миний асуудлыг таван жилийн дараа Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн олон улсын консорциум гаргаж тавьсан нь Оюу толгойн гэрээ байгуулагдахтай огт холбоогүй ч гэсэн тодорхой улс төрийн хүчин, улстөрчдөөс “гэрээг хийсэн хүмүүс нь авлига авсан л байж таараа” гэсэн нийгмийн бэлтгэгдсэн энэ сэтгэл зүйг ашиглан хувь хүн рүү болон ХөОГ-рүү дайрах “аятайхан” боломжийг харамсалтайгаар олгосон.
“Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ” гэдгээр гэрээ байгуулснаас хойш 10 жилийн дараа гэрээ хийсэн хүмүүс авлига хээл хахууль аваагүй гэдгийг зөвхөн Монголын биш холбогдох гадаад улсуудын хууль хүчний байгууллагуудын удаан хугацааны хамтарсан болон тус тусдаа хийсэн мөрдөн шалгах ажиллагааны үр дүнд тодорхой болсон.
Мөн гэрээ байгуулснаас хойш 10 жилийн дараа гэрээ, гэрээний хэрэгжилтийн талаар холбогдох яамд, Засгийн газар, Үндэсний аудитын газар, АТГ-ын гаргасан тайлан, танилцуулга, дүгнэлтийг УИХ-аас байгуулсан Ажлын хэсэг нэгтгэн дүгнээд, 2019 оны арваннэгдүгээр сарын 21-нд УИХ-ын 92 дугаар тогтоолыг баталж гаргасан.
Энэ тогтоолын нэгдүгээр заалт нь 2009 оны ХөОГ, 2011 оны нэмэлт, өөрчлөлт орсон ХНГ нь Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлж, Монгол Улсад ашигтайгаар хийгдсэн гэдгийг баталгаажуулж, энэ талаар арван жил үргэлжилсэн хардлага сэрдлэг, маргаанд нэг мөр цэг тавьсан.
Үргэлжлэл бий