Categories
мэдээ цаг-үе

С.Баярбат: Хөгжлийн бэрхшээлийн эрт илрүүлгэд хамрагдах нь иргэн бүрийн үүрэг

Монгол Улс жил бүрийн тавдугаар сарын 13-ны өдрийг Хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлэх, оношлох өдөр болгон зарласан. Тэгвэл энэ жил уг өдрийг тохиолдуулан ямар ажлуудыг зохион байгуулж байгаа талаар болон эрт илрүүлэлтийн ач холбогдлын тухай иргэддээ мэдлэг олгох үүднээс Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын Хөгжил, нийгмийн оролцооны газрын дарга С.Баярбаттай ярилцлаа.


-Удахгүй Хөгжлийн бэрхшээлийн эрт илрүүлэлтийн өдөр болох гэж байгаа юм байна. Эрт илрүүлэг гэж яг юуг хэлээд байна вэ. Энэ талаар яриагаа эхлэх үү?

-Монгол Улсын Засгийн газраас жил бүрийн тавдугаар сарын 13-ны өдрийг эрт илрүүлэлтийн өдөр болгон зарласан. Хөгжлийн бэрхшээлийн эрт илрүүлэлт гэхээр л заавал хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд хамрагдах ёстой юм байна, тусгай сургуулийн хүүхдүүд л очиж үзүүлэх юм байна гэж ойлгоод байдаг. Гэтэл энэ нь тийм биш. Бүх хүүхдэд хамаатай асуудал. Хүүхдийг хөгжлийн хоцрогдолтой байна уу, үгүй юү гэдгийг эрт илрүүлснээр тухайн хүүхэд хөгжлийн бэрхшээлээс урьдчилан сэргийлэх, сэргээн засагдах нөхцөл бололцоотой болдог. Ингэснээр хөгжлийн бэрхшээлийг 30 хүртэлх хувиар бууруулах боломжтой гэсэн дэлхий нийтийн судалгаа ч бий.

-Эрт илрүүлгийн өдрийг хэзээнээс эхэлж тэмдэглэж ирсэн бэ?

-2009 оны тавдугаар сарын 13-нд Монгол Улс НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцид нэгдэн орсон. Энэ өдрийг тэмдэглэн Засгийн газрын 2013 оны тогтоолоор жил бүрийн энэ өдрийг Монгол Улсын хувьд эрт илрүүлэлтийн өдөр болгон тэмдэглэж байхаар баталсан. Өдгөө бид долоо дахь жилдээ энэ өдрийг тэмдэглэж байна. 2019 оны хувьд бид энэ өдрийг тохиолдуулан дөрөвдүгээр сарын 13-наас тавдугаар сарын 13-ныг хүртэл хөгжлийн бэрхшээлийн эрт илрүүлэлт, түүнээс урьдчилан сэргийлэх зорилготой сарын аяныг зохион байгуулж байна.

-Аяны хүрээнд ямар ямар арга хэмжээнүүдийг зохион байгуулж байна вэ?

-Аяны хүрээнд эрүүл мэндийн анхан шатны үйлчилгээ үзүүлдэг өрхийн эмч, ажилтнуудад болон хорооны нийгмийн ажилтнуудад зориулсан сургалт явуулж байгаа. Энэ сарын хувьд Нийслэлийн эрүүл мэндийн газартай хамтраад Чингэлтэй дүүргийн бүх хороо буюу нийт 19 хорооны өрхийн эмнэлгийн ажилтнуудыг сургалтанд хамруулаад байна. Мөн энэ өдрийн ач холбогдлыг нийгэмд хүргэхийн тулд цахим сүлжээгээр нэлээд их мэдээлэл түгээлээ. Өнгөрсөн бямба гариг буюу тавдугаар сарын 4-нд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн холбоо, Тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбоодтой хамтран Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд нээлттэй өдөрлөг зохион байгуулсан. Өдөрлөгийн хүрээнд сэргээн засах, хараа, шүд, сонсголын нарийн мэргэжлийн эмч нар газар дээр нь үзлэг оношлогоо хийж, протез, ортопедын үйлчилгээ, хууль зүйн болон сэтгэл зүйн зөвлөгөөг өгч ажилласан. Мөн энэ өдрийг олон нийтэд сурталчлах, салбар бүрийн алба хаагчдын хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор Онцгой байдлын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Дотоод хэргийн их сургууль, АШУҮИС-ийн Сувилахуйн сургууль, МУБИС-ийн сайн дурын клуб, Тэргэнцэртэй иргэдийн холбоо зэрэг төлөөллүүдийг хамруулан нийт 260 хүнийг хамарсан “Бид өөрчлөгчид” флаш моб-ыг зохион байгуулсан.

-Өөрийнхөө хүүхдийг хөгжлийн хоцрогдолтой байна уу, үгүй юу гэдгийг эрт илрүүлгээр мэдэх боломжтой гэсэн үг үү?

-Эрт илрүүлэлт бол хүн бүрийн, иргэн бүрийн оролцох ёстой асуудал. Эцэг эхчүүд үүнд хамрагдсанаар өөрийнхөө хүүхдийг эрүүл өсгөх, амьдралаа чанартай байлгах боломжийг л алдалгүй олж авч байна гэсэн үг. Эцэг эхчүүд маань мэдлэггүйгээсээ болж их алдаж байна л даа. Тиймээс энэ талаар нийгэмд мэдээлэл өгөх үүднээс эрт илрүүлэлтийн өдрийг зохион байгуулсаар байна.

Эцэг, эхчүүд хүүхдэдээ хөгжлийн ямар нэг хоцрогдлын шинж тэмдэг илрэх юм бол заавал шинжилгээ өгч, мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй. Нөгөөтэйгүүр, гэр бүлийн гишүүд, багш, өрхийн эмч нар, хорооны нийгмийн ажилтнууд зэрэг олон талын ажиглалтын үр дүнд хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлдэг. Дан ганц эмнэлгийн байгууллагын хийх ажил гэж даатгаж болохгүй гэсэн үг.

Б.НАРАНТУЯА: ЭЦЭГ, ЭХ НЬ АМЬДРАЛЫН ЗӨВ ХЭВШИЛТЭЙ БОЛ ХӨГЖЛИЙН ХОЦРОГДОЛГҮЙ ХҮҮХЭД ТӨРӨХ МАГАДЛАЛ ӨНДӨР БАЙДАГ

-Монголын тэргэнцэртэй иргэдийн холбооны зөвлөх, ДЭМБ-ын FDRG-ын гишүүн, НЭМС-ийн эрдмийн зөвлөлийн гишүүн, Aнагаахын шинжлэх ухааны доктор, профессор Б.Нарантуяагаас хөгжлийн бэрхшээлийн эрт илрүүлэлтийн талаар тодруулга авлаа.


-Манай улсын хувьд хөгжлийн бэрхшээлээс урьдчилан сэргийлэх тал дээр ямар ажлууд хийгдэж байна вэ?

-Хөгжлийн бэрхшээл гэхээр дандаа өвдсөнийх нь дараахь үеийн тухай яригдаж байдаг. Ийм өвчтэй хүнийг ямар эмнэлэгт хэвтүүлэх үү, ямар сэргээн засах тусламж үйлчилгээ үзүүлэх үү, ямар халамж тэтгэмж олгох вэ гэх зэргийн асуудалд түлхүү анхаараад урьдчилан сэргийлэх тал дээр арай бага анхаарал хандуулаад байдаг. Засгийн газрын баримталж буй бодлогын түвшинд эдгээр иргэдийн орчныг нь ямар байлгах вэ, харааны бэрхшээлтэй хүнд ямар орчин хэрэгтэй вэ зэрэг асуудлуудыг хөндөж ярьдаг л даа. Тодорхой хэмжээнд ажлууд хийгдээд явж байгаа ч бүрэн гүйцэд шийдэгдээгүй хэвээрээ л байна. Наад зах нь харааны бэрхшээлтэй хүний зам гэж байдаг бил үү, гэрлэн дохион дээр тусгай дуут дохио бий юу, сонсголын бэрхшээлтэй хүмүүст зориулсан дуугүй чиглүүлэгч гэх мэт зүйлс байна уу гээд олон асуудал бий.

-Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс маань гадагшаа гарч нийгмийн амьдралд оролцъё гэхэд заавал асран халамжлагчтай явах шаардлагатай болдог. Ингэснээр хөгжлийн бэрхшээл нь зөвхөн тухайн хүний биш, гэр бүлийн асуудал болж хувирдаг. Цаашлаад тэр гэр бүлийн амьдралын чанарын асуудал болж томорч байгаа юм. Манай байгууллагын зүгээс хөгжлийн бэрхшээлийг бууруулахын тулд ямар арга хэмжээ авах ёстой вэ гэдэг судалгааг хийсэн. Энэ судалгааны үр дүнд эрт илрүүлэлтийн үзлэгийг тогтмол хийж байя гэсэн шийдэлд хүрсэн.

-Эрт илрүүлэлтийн үр дүн бодитоор харагдаж эхэлсэн үү?

-Би өөрөө Анагаах ухааны докторын ажлаа эрт илрүүлэлтийн чиглэлээр хийсэн. Улаанбаатар хотын зургаан дүүргийн 10000 орчим хүүхдийг хамруулсан эрт илрүүлэлтийн судалгаа хийхэд хөгжлийн хоцрогдол 24.1 хувьтай гарсан. Дөрвөн хүүхэд тутмын нэг нь хөгжлийн хоцрогдолтой байна гэсэн үг. Энэ нь өөрөө маш өндөр үзүүлэлт юм.

-Эрт илрүүлэлтэд хэдээс хэдэн насны хүүхэд хамрагдах ёстой вэ?

-0-3 насны хүүхдүүд хамрагдана. Эрт илрүүлэлтийн үзлэг, оношлогоог олон улсад бол хуульчилсан байдаг. Жишээ нь, Японд гэхэд л 18 болон 36 сартай хүүхдийг эрт илрүүлэлтэд заавал хамруулах ёстой гээд хуульд заагаад өгчихсөн байдаг.

-Манай улсад Эрүүл мэндийн сайдын 2017 оны гуравдугаар сард батлагдсан тушаалаар 18 болон 36 сартай хүүхдийг эрт илрүүлэлтэд хамруулна гэсэн эрх зүйн бичиг баримтууд нь гарчихсан. Үүнтэй холбоотой эрт илрүүлэлтийн шалгуур хуудаснуудыг боловсруулах шатандаа явж байна.

-18, 36 сартайд оношлуулдаг дэлхийн жишиг байдаг гэлээ. Энэ нь мэдээж анагаахын шинжлэх ухааны үндэслэлтэй байх?

-АНУ-ын Хүүхдийн эмч нарын холбооноос хүүхдийг яг энэ насанд эрт илрүүлэлтэнд хамруулна гэж санал болгосны дагуу хуульчилсан байдаг. Энэ нь хүүхдийн насны онцлогтой шууд холбоотой. 18 сартай хүүхдийн чадвар тодорхой болсон байдаг. Юм түшээд зогсож чаддаг, ганц хоёр алхаж чаддаг, аав аа, ээж ээ гэх мэт ойр зуурын үг хэлж сурсан, дуудахад эргэж хардаг, юм барьж чаддаг байх гэх мэтчилэн тодорхой чадамжуудтай болсон байх ёстой. Цэцэрлэгийн өмнөх нас учраас тухайн хүүхдийг хөгжлийн бэрхшээлтэй байна гэдгийг эрт илрүүлчихвэл ямар цэцэрлэгт хамрагдах вэ, ямар асаргаа сувилгаа хэрэгтэй байна, хөгжлийг нь дэмжих, сэргээн засах ямар эмчилгээ хийлгэх вэ гэх зэрэг олон асуудлыг эрт шийдэх боломжтой болно гэсэн үг. 36 сартай хүүхдийн хувьд сэтгэл хөдлөлөө илэрхийлж чаддаг, хүнтэй харилцан ярилцаж чаддаг, гүйж, алхаж, шатаар явж чаддаг болсон байх ёстой. Хүүхдийн хөгжлийн тодорхой ийм үеүд дээр үндэслэж хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлэх боломж бүрддэг.

Судалгаанаас харахад хүүхэд хөгжлийн хоцрогдолтой болох гол хүчин зүйл нь юу байв?

Энэ судалгааныхаа хүрээнд эрсдэлт хүчин зүйлүүдийг авч үзсэн. Ингэхдээ эцэг, эхийн амьдралын хэв маяг, төрөхийн өмнөх, төрсний дараахь, төрөх үе гэсэн дөрвөн байдлаар тандалт явуулсан. Хөгжлийн хоцрогдлыг арилгах гэдэг маш энгийн зүйл юм байна гэдэг нь уг судалгаанаас харагдаж байсан. Ерөөсөө л эцэг, эх амьдралын зөв хэвшилтэй байхад л болдог. Архи, тамхи хэрэглэдэг эцэг, эхтэй хүүхдийн хөгжлийн хоцрогдол өндөр гарч байсан. Жирэмсний хугацаандаа эх архи тамхи хэрэглэхгүй байх, гэр бүл төлөвлөж байхдаа эцэг нь хорт зуршлаа хаяхад л энэ өндөр үзүүлэлт буурах боломжтой.

Эцэг, эхчүүд гэр бүл төлөвлөлтөө анхнаасаа маш зөв хийх хэрэгтэй. Нэгдүгээрт, хүүхэдтэй болъё гэж шийдсэн цагаасаа өөрийгөө бэлдэж эхлэх нь хөгжлийн бэрхшээлээс урьдчилан сэргийлэх маш том хүчин зүйл юм. Хоёрдугаарт, нэгэнт жирэмсэн болсон бол жирэмсний хяналтад яаралтай орох хэрэгтэй. Хяналтад ороход эх, хүүхдийн эрүүл мэндийн дэвтэр гээд ягаан дэвтэр өгдөг. Тэр дэвтэр тухайн гэр бүлийн үр хүүхдээ зөв хүмүүжүүлэх, чанартай амьдралаар амьдрах эх үүсвэр нь болдог. Хэдийд эмчдээ үзүүлэх вэ, ямар шинж тэмдэг илэрч байна вэ, ямар арга хэмжээ авах вэ гэх зэргийг тодорхой зааж өгсөн байдаг. Түүнээс гадна таны хүүхэд одоо хөгжлийн ямар шатанд явж байна вэ гэх зэрэг шинж тэмдгүүдийг хэлээд өгчихсөн байдаг. Ээж, аавууд тэр зааварчилгааны дагуу хүүхдээ ажиглаад явах боломжтой. Хэрвээ ямар нэг эмгэг, хоцрогдол ажиглагдвал мэргэжлийн эмчээс тэр дор нь зөвлөгөө аваад хөгжлийг нь дэмжиж чадвал хоцрогдлыг богино хугацаанд нөхөх боломжтой гэсэн үг.

А.МӨНХЗУЛ

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *