Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

С.Батболд: Ямар ч байсан сургууль цэцэрлэгийн дээвэр дээр үүрэн холбооны антенн байрлуулахгүй

Өнгөрөгч дөрөв дүгээр сард Нийслэлийн Засаг дарга С.Батболд Нийслэлийн хүүхдийн төлөө зөвлөлийн хурлаар цэцэрлэг, сургуулийн дээвэр дээр байрлуулсан үүрэн холбооны антенуудыг үе шаттай буулгах талаар үүрэг даалгавар өгсөн. Тэгвэл өнөөдөр Нийслэлийн Засаг дарга, нийслэлийн хүүхдийн төлөө зөвлөлийн дарга С.Батболд Мэдээлэл холбооны операторуудын ассоциаци болон үүрэн холбооны байгууллагуудын төлөөлөгчдийн хүсэлтийн дагуу уулзсан юм. Үүрэн операторуудын зүгээс сургууль цэцэрлэгийн дээвэр дээр буй антенныг нүүлгэн шилжүүлэхийн эсрэг байгаа аж.

Уулзалтын эхэнд Нийслэлийн Засаг дарга С.Батболд “Бидэнд эцэг эхчүүдийн зүгээс гомдол ирсэн. Гар утасны долгион хүүхдийн тархинд сөрөг нөлөөлдөг тухай мэдээлэл их байна. Сургууль цэцэрлэгийн дээвэр дээр үүрэн телефоны операторуудын хэдэн арван антенн байна. Тэрний доор хичээл хийж, унтаж байгаа хүүхдүүдэд ямар нөлөө үзүүлэх вэ?. Тэдгээр сургууль цэцэрлэгийн дээвэр дээр хэний зөвшөөрлөөр антенн сууриулах болсон талаар холбогдох эзэн байхгүй. Хоёр хүн хоорондоо ярилцаад шийдвэрлээд байсан бололтой. Та бүхний санал хүсэлтийг сонсъё гэсэн юм.

ХХЗХ-ны Радио давтамжийн зохицуулалт хяналтын газрын дарга З.Амгалан хэлэхдээ “Сургууль, эмнэлгийн дээр байрлуулсан антенуудын соронзон орны хүнд үзүүлэх нөлөөний аюулгүй түвшин Монголын болон олон улсын стандартад зөвшөөрөгдсөн хэмжээнээс 78-3,500 дахин бага байна” гэв.

Харин Жи Мобайл” компанийн тэргүүн дэд захирал С.Баярсайхан ярихдаа “Бид санаатайгаар сургууль, цэцэрлэгийн барилгын дээвэр дээр төхөөрөмжөө байрлуулаагүй. Нийслэлийн гэр хороололд байгаа хамгийн өндөрлөг цэг нь сургууль, цэцэрлэг байсан тул байрлуулсан. Магадгүй гэр хороолол хөгжөөд өндөр өндөр байшин баригдвал нүүчихнэ. Хортой хоргүйн хувьд анх телевиз гарч байхад л дэлхий даяар хортой гэсэн яриа гарч байсан. Харин одоо телевиз улам боловсронгуй болж байна. Гар утсыг хортой л гээд байна. Тэгвэл улс даяар гар утаснаасаа татгалзчихъя л даа. Антенныг хортой гэсэн мессэж хүмүүст хүрээд байна. Үүн дээр тоглолт хийгээд байгаа хүмүүс ч байна. Антенны утсыг нүүлгэн шилжүүлэх ажлыг хойшлуулж өгөхийг хүсье гэв.

Мөн Юнител болон Скайтел компанийн удирдлагуудын зүгээс ч өөрсдийн санаа бодлыг илэрхийлсэн юм. Тэрбээр шинжлэх ухааны үндсэн дээр тулгуурлан шийдвэр гаргахыг хүсэхийн сацуу сургууль цэцэрлэгийн дээвэр дээр байрлаж буй антенны нүүлгэлтийг ирэх сарын 1 хэмээн заасныг хойшлуулж өгөхийг хүссэн юм.

Үүрэн телефоны удирдлагуудын саналыг сонссоны дараа Нийслэлийн Засаг дарга С.Батболд “Дэлхий нийтээр маргаж байгаа энэ сэдэв дээр та бүхэн хүүхдүүдэд ямар ч хоргүй гэж хэлэх эрх байхгүй. Би жирийн эцэг хүний хувьд хүүхдүүдээ гар утаснаас хол байлгахыг хичээдэг. Миний бодлого, байр суурь бол ямар ч байсан сургууль, цэцэрлэгийн дээвэр дээр үүрэн холбооны антенн байрлуулахгүй. Та бүхэн хэдэн метр утсаа сунгаад өөр өндөрлөг газар байрлуулах боломжтой. Харин ажлын хэсэг байгуулж өгье. Хүсэлтээ гаргаад гэр хороололд цамхгаа барьж болно гэсэн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *