Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар 2016-2017 оны хичээлийн жилийн цэцэрлэгийн бүртгэл, өвөлжилтийн бэлтгэл ажил, нийслэлийн өмчит үйлдвэрийн газруудын захирлуудын хооронд 2016 онд байгуулсан контракт гэрээний хэрэгжилтэд хийсэн шалгалтын дүн зэрэг асуудлуудыг хэлэлцлээ.
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаас Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 37 дугаар тогтоолын дагуу нийслэлд концессоор хэрэгжиж байгаа, гэрээ нь хүчин төгөлдөр болоогүй төслүүдийг зогсоохоор шийдвэрлэлээ.
Хуралдаанд Цэцэрлэгийн бүртгэлийн асуудлаар Гэр хорооллын хөгжил, нийгмийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа танилцуулга хийлээ. Тэрээр “Цэцэрлэгийн бүртгэлийн элсэлтийн тасалбарыг 08 сарын 22-ноос эхлэн тарааж байгаа. Тараагдсан тасалбараар энэ сарын 26-нд сугалаа явуулна. Сугалгааг явуулахдаа ил тод, шилэн байх шаардлагыг Нийслэлийн засаг даргын захирамжаар хэрэгжүүлнэ гэдгээ хэллээ.
Өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр “2016-2017 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоол, нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу инженер хангамжийн байгууллагууд болон холбогдох дүүргүүдтэй хамтран өвөлжилтийн бэлтгэлийг хангах ажил график төлөвлөгөөний дагуу явж байна. АСЕМ-тай холбогдуулж, зарим газрын шугам сүлжээг өргөтгөх, шинэчлэх ажил хойшилж, хичээлийн шинэ жилтэй давхацсанаас автозамын ачаалал, иргэдийн аюулгүй байдалд хүндрэл гарч байгаа. Гэхдээ бид ажлаа аль болох хурдан амжуулах, иргэдийн аюулгүй байдлыг хангах үүднээс шөнийн цагаар ажиллаж байна. Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд нөөцөд цас хайлуулах 400 тонн давс, тусгай бодис байгаа, дүүргүүдэд нөөц байхгүй. Хамгийн багадаа 1000 орчим тонн тусгай бодис бэлдэхгүй бол өвлийн хальтиргаа гулгааг давахад бэрх болно. Тиймээс төсвийн өөрчлөлт хийхдээ энэ талаар анхаарахыг зөвлөлийн гишүүдэд дуулгалаа.
О.ӨНӨР