Зохиолч, хэл бичгийн ухааны доктор Сономжамцын Бат-Эрдэнийн шинэ бүтээлүүд хэвлэгдэн гарлаа. Сономжамцын Бат-Эрдэнэ нь ОХУ-ын Москвагийн Багшийн их сургуульд хэл шинжлэлийн ухааны докторын зэрэг хамгаалж, эдүгээ ШУА-ийн Хэл Зохиолын Хүрээлэнд ажиллаж байна. Хүүхэд ахуй, оюутан цагаасаа уран бүтээлээ эхэлсэн тэрээр энэ удаад Москвад сурч ажиллаж байх үедээ туурвисан шүлэг найргаасаа дээжлэн “Сэтгэлийн танхим” номоо өргөн барьж байна.
Сономжамцын Бат-Эрдэнэ нь ШУА-ийн Хэл Зохиолын Хүрээлэнгийн Хэрэглээний хэл шинжлэлийн салбарт ажиллаж, хэлний соёл, хэлний боловсролын талаар эрдэм шинжилгээний олон өгүүлэл бичиж нийтэлсэн авьяаслаг эрдэмтэн юм. Хэл шинжлэлийн ухааны мэргэжилтэн хүний хувьд хөөрхөн үрсийнхээ өхөөрдөм яриаг гярхай ажиглаж сонирхолтой нэгэн ном бүтээжээ. Түүний “Аав-нар” бүтээл нь хүүхдийн ертөнц, тэдний гайхам ухааныг хэлтэй нь холбож хөгжилтэй, зугаатай илэрхийлснээрээ онцлог бүтээл болно. Өдгөө “хүүхдийн хэл” бол хэл шинжлэлийн салбар дотроо сэтгэц хэл шинжлэлийн салбарын гол судлагдахуун болон хөгжиж байгаа билээ. Түүний яруу найргийн “Сэтгэлийн танхим”, хүүхдэд зориулсан “Аав-нар” хэмээх бүтээлүүдийн нээлт өнөөдөр 15.00 цагаас Интерном их дэлгүүрт болно.