Categories
мэдээ цаг-үе

С.Амарсайхан: Улаанбаатар хотын хүн амын төвлөрлийг давуу тал болгон ашиглана

Нийслэл Улаанбаатар хотын түүхт 380 жилийн ойг тохиолдуулан өчигдөр төв талбайгаас сансрын бөмбөлгийг 38 мянган метрт хөөргөлөө. Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхантай ярилцсан юм.


-Улсын нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 380 жилийн ой тохиож байна. Таньд баярын мэнд хүргэе?

-Баярлалаа. Энэ ойн хүрээнд бид нэгэн түүхэн үйл явдлыг эхлүүлж байна. Тодруулбал, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот дэлхийн хотуудаас анх удаа төв талбайгаасаа сансрын бөмбөлөг, хүүхэд залуучуудын бүтээсэн бөмбөлөг болон Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг тоон үзүүлэлтээр хэмжих төхөөрөмж бүхий гурван цуврал бөмбөлгийг хөөргөлөө. Энэ нь нийслэлчүүд, Монголчууд бидний хувьд түүхэнд тэмдэглэгдэх үйл хэрэг болж байна. Хотын иргэд оршин суугчдын 65 хувь нь хүүхэд. Тиймээс бид нийслэлийнхээ ойг тэмдэглэхдээ илүү бүтээлч, оюунлаг, шинжлэх ухаанч хэлбэрээр зохион байгуулж байгаа юм.

-Нийслэл хот одоогийн бууриндаа суурьших гэж 28 удаа нүүсэн гэдэг. Богд хааны үеийн түүхийн дурсгалт хэд хэдэн ордон музей нийслэлд бий. Үүнийг хамгаалж, дахин сэргээж, шинэчлэх асуудал байгаа. Та бизнесмэн хүн. Түүхэн дурсгалт газруудыг хөрөнгө босгож, ойн хүрээнд сэргээх төлөвлөгөө бий юү?

-Богд хааны музейн 150 жилийн ой тохиож байна. Нийслэлийн 380 жилийг ойгоор түүхээ сурталчилан таниулах, хамгаалах, сэргээх хүрээнд Богд хааны ордон музейн цэцэрлэгт хүрээлэнг гурван тэрбум төгрөгөөр тохижуулж байгаа. Тохижуулалтыг ойрын хугацаанд дуусгахаар ажиллаж байна. Мөн аж ахуйн нэгжүүдийн нийгмийн хариуцлагын хүрээнд Чойжин ламын музей болон Гандан хийдээ шинэчлэн тохижуулж байна. Олон цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж, хөлбөмбөгийн талбайг бий болгож байна. Түүхийн дурсгалт олон сайхан газруудаа хадгалж, хамгаалах ажлуудыг өрнүүлж байна даа.

-Өдгөө нийтийн тээврийн асуудал тулгамдаад байгаа сэдэв. Таныг үлдсэн хугацаанд энэ салбарыг хөл дээр нь босгох байх гэж олон иргэд чих тавьж байгаа. Агаарын дүүжин тээврээс эхлээд нийтийн тээвэрт шинэчлэл хийх тухай асуудал бий. Энэ ажил хэзээнээс хэрэгжих боломжтой вэ. Мөн хэдэн төгрөг зарцуулах бол?

-Бусад оронд жагсаалаас гарсан нийтийн тээврийг оруулж ирж, эрсдэлтэй, аюултай үйлчилгээ үзүүлдэг баймааргүй байна. Нийтийн тээврийг зөвхөн автобусаар төсөөлж болохгүй. Нийтийн тээвэрт шинэ систем нэвтрүүлэх шаардлагатай. Агаарын дүүжин тээвэр, цахилгаан соронзон галт тэрэг, түргэн замын автобус зэргийг нийтийн тээвэрт нэвтрүүлэх төслийн техник, эдийн засгийн үнэлгээг хийсэн. Тус төслийг эхлүүлэхэд бэлэн болсон. Улаанбаатар хотын төв гудамжаар цахилгаан соронзон автобус гэхэд метротой харьцуулахад бага хөрөнгө, богино хугацаа шаардагдах ажил. Мөн Баянхошуу, Дэнжийн мянга, Толгойт орчмын гэр хорооллыг төв замтай холбосон агаарын дүүжин зам барих ТЭЗҮ нь бэлэн болсон. Нийтийн тээвэр гэхээр автобусаар л төсөөлдөг. Гэвч энэ автобуснууд чинь гэр хорооллын уул толгодод очихгүй шүү дээ. Ийм газруудын асуудлыг шийдэх гарц бол дүүжин тээвэр. Энэ төслийн ТЭЗҮ бэлэн болж санхүүжилтийн асуудал шийдэгдсэн. Одоо Засгийн газар, Сангийн яамтай ярилцаад зөвшөөрлөө авчихвал эхлүүлэхэд бэлэн. Нийтийн тээвэрт нэвтрүүлэх үйлчилгээ бүрт тус бүр өөр санхүүжилт шаардлагатай юм билээ. Багадаа 50, 60 сая ам.доллараас эхлээд 500 сая ам.долларын өртөгтэй байна. Нийтдээ хэдэн их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай учраас Сангийн яамнаас санхүүжилтийг батлаад өгвөл ирэх хавраас нийтийн тээвэрт шинэчлэлийг хэрэгжүүлэх боломжтой.

-Ирэх онд нийтийн тээвэрт явж байгаа 400 гаруй автобусны ашиглалтын хугацаа дуусах юм билээ…

-Эхний ээлжинд автобус-ныхаа парк шинэчлэлийг хийнэ. Нийтийн тээвэрт явж байгаа нийт автобусны 60 хувь нь энэ он дуусаад жагсаалаас гарна. Энэ хэрээр нийтийн тээврийн хүрэлцээ багасч, иргэдийн ая тухтай үйлчлүүлэх боломж хумигдана гэсэн үг. Тиймээс бид энэ асуудлыг 2020 оны нэгдүгээр улиралдаа багтаан шийдэхээр ажиллаж байна.

-Парк шинэчлэл хийгдэх гэж байгаа гэлээ. 1200 автобус гаднаас орж ирнэ. Үүнийг тантай холбоотой шахааны бизнес гэх юм…

-Энэ асуудал шийдэгдээгүй байгаа. Хаанаас авах нь тодорхойгүй байна. Төсөв хөрөнгө нь ч шийдэгдээгүй. УИХ-аар энэ асуудлыг ярилцаж байгаа. Ер нь парк шинэчлэл хийгдэнэ. Шинэчлэхэд ямар нэг шахааны зүйл байх ёсгүй. Нийслэлчүүд явгарахгүйн тулд хэн нэгэн нь хэзээ хийж бүтээх нь мэдэгдэхгүй юмыг хүлээж, эсвэл хэн нэгэн хүний аль нэг улсаас авчирсан гүйлт, хугацаа нь дуусчихсан автобусаар явсаар бид хангалттай золиослогдож байна. Тэгэхээр хэн чадаж, хэн чанартай богино хугацаанд нийлүүлж чадаж байна, тэр газраас л автобуснуудаа авна шүү дээ.

-Улаанбаатар хотыг 1950-аад онд анх төлөвлөхдөө 600 мянган оршин суугчтай байхаар төлөвлөсөн. Гэтэл одоо энэ хотод сая 500 мянган хүн амьдарч байна. Нийслэл хот ачааллаа дийлж байна уу?

-Өнөөдрийн хүн амын төвлөрөл, нягтаршил гээд олон хүндрэлтэй асуудал бий. Гэвч үүний хажуугаар бүтээлч ажил хэрэгч, хөгжиж дэвшиж буй олон сайхан гэгээлэг зүйлс бий. Анх хагас сая хүнд төлөвлөгдсөн хот хоёр, гурав дахин их хүн амтай болчихжээ. Нэг талаараа энэ хүндрэл ч гэсэн хүн нэмбэл хүнс нэмнэ гэдэг учраас хүн амын төвлөрлөө давуу тал болгож, зах зээлээ өргөжүүлж, хөгжүүлэх, хотоо тэлэх, дагуул хот бий болгох, эдийн засгаа хөгжүүлэх боломж болгож ашиглах ёстой. Ийм боломж бий. Гол нь иргэн бүр үүргээ биелүүлж, нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, хүн бүхэн хичээн ажиллаж чадвал хүн амын төвлөрлийг боломж гэж харагдаж байгаа.

-Иргэдийг орон сууцжуулах төлөвлөгөөтэй байгаа гэсэн. Энэ тухайд?

-Иргэдийн орлогод нь нийцүүлэн орон сууцжуулах ажил эхэлчихсэн. Хямд өртгөөр иргэдийг чанартай орон сууцаар хангах ажлыг богино хугацаанд хэрэгжүүлэх шаардлагатай байгаа. Ирэх онд энэ ажлыг эрчимжүүлнэ. Төсөв санхүүгийн асуудлыг ч шийдвэрлэсээр байгаа. Ингэснээр ирэх таван жилд багадаа 55 мянган өрхийг орон сууцжуулна.

-2020 оны улсын төсвөөр нийслэлд хэр их хөрөнгө оруулалт хийх вэ?

-Хотын амьдрал битгий хэл хорооны амьдрал мэдэхгүй хүмүүс хотын төсвийг ярьж батлаад байна. Онолын ширээнээс сангийн ширээний ард суучихсан амьдрал мэдэхгүй залуус яам, Тамгын газар оччихоод хотын амьдрал ахуйтай холбоотой төсвийг баталж ирсэн учраас хот олигтой төсөвгүй явж ирсэн. Хот орлогоо нэмэгдүүлэх, газар болон хөрөнгийнхөө үнэлгээг өсгөх, хувийн хэвшлийн оролцоотойгоор зарим аж ахуйн ажлуудыг хийх шаардлагатай байгаа. Үүний тулд хууль эрх зүйн орчноо сайжруулахаар Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцүүлэхээр ажиллаж байна. Хууль эрх зүйн орчноо сайжруулж байж хот чадамжтай, хараат бус, бие даасан болно. Мөн албан хаагчдынхаа хариуцлагыг сайжруулах шаардлагатай байна. Ингэж байж төсвийн хөрөнгө үр дүнтэй зарцуулагддаг болно.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *